Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 961

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Д.Э*******,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дарга,

Гуравдагч этгээд: Б.Б*******, Ц.А*******, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхлэж байсан албан тушаалд хуулийн дагуу эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганзориг нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Д.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”....Д.Э******* миний бие Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газарт татварын улсын ахлах байцаагч буюу төрийн захиргааны ангиллын 8 дугаар зэрэглэлд агентлагийн ахлах байцаагчаар ажиллаж байсан. Хоёр агентлагийг нэгтгэсэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр харьяа газар буюу Нийслэлийн татварын газрын орлогын хэлтэст улсын ахлах байцаагчаар томилсон 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б******* дугаар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл болон Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 6 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан маргаан тул Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэсэн хариу өгсөн болно. Миний бие 2016 оны 2 дугаар сарын 05, 18-ны өдөр болон 3 дугаар сарын 09-ний өдрүүдэд Төрийн захиргаа удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга Б.З*******той удаа дараа уулзаж ярилцсаны эцэст Гааль, Татварын ерөнхий газрын хууль эрх зүйн газарт цалин хөлс бууруулахгүйгээр томилох шийдвэрээр зөвшилцөж тохироод 2016 оны 4 дүгээр сарын 04-ний Даваа гарагт ирэхэд Б.З******* дарга Нийслэлийн татварын газарт ахлах байцаагчаар томилсон гэснийг миний бие зөвшөөрөхгүй, мөн Б******* дугаар тушаалд дурдагдаагүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчин томилсныг зөвшөөрөхгүй тухай албан ёсоор амаар болон Б.З******* даргын гар утсанд нь захиагаар мэдэгдсэн байхад дээрх хууль тогтоомжийг зөрчин дүгнэлт гаргуулаагүй, албан тушаал, цалин хөлсийг оруулж дахин засаж тушаал гаргасанд гомдолтой байна. Үүнд:

1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д...”төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих” ... тухай хуульд тодорхой заасан заалтыг дурдсан атлаа өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдаагүй байхад тодорхой үндэслэлгүйгээр албан тушаал, цалин хөлсийг бууруулж өөр ажилд шилжүүлсэн. одоогийн байдлаар Төрийн захиргаа, удирдлагын газарт хоёр ахлах байцаагчийг томилон ажиллуулж байгаа нь тухайн ажлын байр албан тушаалын орон тоо хасагдаагүй гэдгийг илтгбайна.Өөрөөр хэлбэл салбар зөвлөлөөс ирүүлсэн бичигт дурдсан тус газрын Хүний нөөцийн хэлтэст нэг ахлах байцаагч ажиллаж байна гэсэн тухайд 2 байгууллагын төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлагын нэгж нэгдэхэд Гаалийн ерөнхий газрын төрийн захиргааны нэгжийн ахлах байцаагчийн өөрийн хүсэлтээр тус нэгжид ажиллахгүй гэдгээ хэлж байсан бөгөөд миний бие орон тоо хасагдсан, илүүдсэн ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байгаагүй билээ.

 Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 8 дугаар тогтоолын 15 дахь хэсэгт дээрх хуулийн заалтыг тодорхой тайлбарласан “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлынбайр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаал өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ гэж байна.

2. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан 8.3.4,8.3.5,8.4, Гааль, Татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дагуур зүйлийн 10.1.5, 10.1.15 дах заалтуудыг хууль тогтоомжид нийцсэн эрх зүйн акт, тушаал шийдвэрийг батлахад үндэслэх нь зүйтэй тул энэ хэрэглэсэн нь хууль бус гэж үзэж гомдолтой байна.

3. Монгол улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах арга хэмжээний тухай 1 дүгээр тогтоол, Гааль, татварын ерөнхий газрын даргын Зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай 2016 оны .... /тушаалын дугааргүй/ 1.1, 1.2 гэх заалт нь тухайн апбан хаагчийн ажлын байрны чиг үүрэг байхгүй болсон буюу албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд дээр дурдсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасантай нийцсэн тушаалд дээрх хуулийн зүйл заалтыг үндэслэх бөгөөд тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ...” гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ. Энэ хэсэгт заасан “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэдэгт эрх бүхий байгууллага, ал5ан тушаалтны шийдвэрээ  байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгахбусаднэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно.Энэ хэсэгт заасан орон тоо цөөрсөн...”, мөн зүйлийн 27.2.4-т заасан “...орон тоо хасагдсан ...” гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 он 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1,2-д зааснаар тус тус ойлгоно.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл  Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах. Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулахаар нэхэмжлэлийг гаргасан байгаа. Нэхэмжлэлд тухайн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б******* тушаалд нэхэмжлэл гаргах үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил мэдлэгийг нь харгалзан өөр ажил албан тушаалд томилохыг” заасны дагуу тухайн байгууллагын удирдлагууд надтай зөвшилцөөд өөр ажил, албан тушаалд тавихад би татгалзахгүй гэсэн боловч миний ажил, албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулж албан тушаалын ангилал зэрэглэл бууруулж томилсон. 

Миний бие Төрийн албанд 2006 оноос ажиллаж байна. Нийгмийн даатгалын тодорхойлолтын дагуу 14 дэх жилдээ ажиллаж байна. 1992 онд Дархан-Уул аймагт 10 жилийн сургууль төгсөөд тэндээ хувийн хэвшилд ажиллаж байгаад 2001 онд Дархан дээд сургуулийг Нягтлан бодогч мэргэжлээр төгсөөд 2006 онд Дархан-Уул аймагтаа Төрийн албаны шалгалт өгсний дагуу Алтанбулагийн чөлөөт бүсээс ажлын гараагаа эхэлсэн. Түүнээс өмнө хувийн хэвшилд ажиллаж байсан. Миний нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нь боловсролын бичиг баримт ярих үндэслэл биш гэж санагдаж байна. Хувь хүний үүднээс тухайн байгууллагатай зөвшилцөөд эвлэрлийг зөвшөөрсөн байгаа гэтэл өнөөдөр шүүх хурал дээр иймэрхүү баримттай асуудал дэлгэж байгаа нь тусдаа асуудал гэж ойлгож байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл дээр тайлбар өгөхөд тухайн ажлын байр, албан тушаалын чиг үүрэг тухайн байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр бүрэн өөрчлөгдөж үгүй болоогүй  тухайн ажлын байр хэвээрээ байдаг. Тэр ажлын чиг үүрэг өөр өөр албан тушаалтанд өөрчлөгдөөд очих процессын үйл ажиллагаа байгаа. Төрийн захиргаа удирдлагын газрын чиг үүрэг үндсээрээ байхгүй болоогүй. Дотоод зохион байгуулалттай дотроо нэгжтэй болоод зөвхөн захиргаа нь ахлахгүй болон батлагдсаныг миний ажил албан тушаалын чиг үүрэг огт байхгүй болсон юм шиг тайлбар ирүүлээд дурдаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Аливаа Төрийн алба хуулийнхаа дагуу чиг үүргээрээ цаашдаа зогсолтгүйгээр үргэлжилдэг. Төрийн захиргаа удирдлагын газрын чиг үүрэг хуулийн хэлтэст шилжээгүй ажил, албан тушаал нь хэвээр байх албан тушаалтны чиг үүрэгт нь хамааралтайгаар байгаа газар хэлтэст нь шилжүүлнэ гэсэн хуулийн хэсэгтээ нийцүүлээд тухайн албан тушаалтныг тэр ажилд нь томилох хууль байгаа гэж ойлгож байна.

Ерөнхий газрын дарга бүтэц орон тоогоо баталдаг байсан. Гэтэл одоо Б.Б******* даргын ярьж байгаагаар нэр зоосон гэж байгаа. Өмнөх хурал дээр нэр зоосон тушаалыг авчирч хэргийн материалд хавсаргая гэсэн хавсаргаагүй байгаа. Төрийн албаны зөвлөлөөс болон бусад улсын архиваас байгууллагын бүтэц орон тоо баталсан тушаалыг стандартын дагуу заавал нэхдэг. Яагаад ийм тушаал одоо болтол батлагдаагүй. Шүүхэд нотлох баримт нь байн  байн нэхэгдээд байгаад гайхаж байна. Бүтэц орон тоогоо баталж байж хэн нь авилгатай тэмцэх газарт урьдчилсан мэдүүлгээ өгөх нь тодорхой болсон байдаг. Ямар ч бүтэц орон тооны тушаал гараагүй хүмүүс нь томилогсон” гэв.

Хариуцагч Татварын ерөнхий газрын дарга С.П******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “.....Д.Э*******гийн тус шүүхэд гаргасан Гааль татварын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Үүнд: Засгийн Газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолын 1-д заасны дагуу Гаалийн ерөнхий газар болон татварын ерөнхий газрыг нэгтгэн Гааль, татварын ерөнхий газар болон өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол Улсын Сангийн Сайдын 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 9-н тоот тушаал зэргийг үндэслэн Гааль татварын ерөнхий газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/01-н тоот тушаалаар Зохион байгуулалтын бүтэц орон тоо батлах тухай тушаалын хавсралт 1-ийн 1.1-дэхь хэсэгт заасан бүтэц дээр Төрийн захиргааны удирдлагын газар нь дарга гэсэн 1 орон тооны албан тушаалтан байхаар батлагдсан - тус газарт ахлах гэсэн албан тушаал байхгүй болсон юм. Иймээс Д.Э*******г Гааль татварын ерөнхий газрын дарга миний бие өөрийн эрхийн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасанчлан төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих гэснийг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Б******* тоот тушаал гарган нэгэнт орон тоо нь шинэ бүтцээр хасагдаж орон тоогүй болсон учир Мэргэжил мэргэжлийнхэн дагуу Нийслэлийн татварын газрын Орлогын хэлтэст Улсын ахлах байцаагч гэсэн албан тушаалд томилон зохих албан тушаалтнуудад үүрэг өгсөн боловч тус албан ажлыг Д.Э******* нь хүлээн аваагүй байгаа нь төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж байна.

2. Шинэ бүтцээр орон тоо хасагдсан байхад төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-дахь заалтыг Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08-н тоот тогтоолын 15 хэсгийг зааж хуулийг буруу ойлгосон гэж үзэж байна. 

Тус тогтоолын 15 дахь хэсэгт Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан” гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ гэжээ. Иргэний хуулийн зохих заалтыг үзэхэд нэхэмжлэгч Д.Э*******гийн нэхэмжлэлдээ дурдаад байгаа “төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ гэжээ.

Энэ талаар тус хуулийн 31 дүгээр зүйлд ийм тайлбар байхгүй бөгөөд хуулийн зарчмын хувьд илүү нарийвчлалтай зохицуулалтыг буюу илүү ойлгомжтой тайлбарыг үндэслэн нь гэж үзвэл Дээд Шүүхийн тайлбарыг Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар ойлговол тус зүйлд дээр дурдагдаад байгаа зүйлээс нэг ч үг өгүүлбэр байхгүй байгаа болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 33-н тоот тогтоолын 15.1.1, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-Д заасан “оронтоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална. Мөн хэсэгт заасан “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”... Маргаан бүхий акт болох 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б******* дугаар тушаал гарах тухайн цаг үе нөхцөл байдалд тухайн орон тоо үнэхээр хасагдсан юм уу? Цөөрсөн юм уу? Гэдэг дээр шүүх дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай. Хэдийгээр өнөөдөр Татварын ерөнхий газар гээд шинэчлэн байгуулагдсан ахлах мэргэжилтний хоёр орон тоо байгаа боловч тухайн тушаал гарах нөхцөл байдалд энэ захиргааны акт хууль ёсны үндэслэл бүхий байсан гэдгийг шүүх анхаарч үзэх зайлшгүй шаардлагатай байна. Яагаад хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан тогтоолыг иш үндэс болоод байгаа вэ гэхээр Төрийн албаны тухай хуульд энэ хуулиар зохицуулагдаагүй нарийвчилсан харилцааг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэсэн байдаг. 

Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан тухай дээрх тогтоолыг хууль зүйн үндэслэлээр хэрэглэх үндэслэл нь сая дурдсан хуулийн зохицуулалт байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын ажил, албан тушаалд эгүүлэн томилогдох гэсэн шаардлагын хувьд Э*******г ажил, албан тушаалаар хангаад ажил, албан тушаалын зэрэглэл нь буурахгүйгээр шийдэж болох юм байна. Асуудлыг заавал шүүхийн журмаар шийдвэрлэх шаардлагагүй гэж үзээд эвлэрлийн процесс явагдаж байсан үүнийг Э******* болон миний бие гэрчилнэ. Гэтэл Э*******гийн боловсролын хувьд эргэлзээ үүссэн Төрийн албаны тухай хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуулинд заасанчлан Э*******гийн анхны дээд боловсрол болох Дархан дээд сургуулийг төгссөн диплом нь бүртгэлгүй гэдэг зүйл гардаг. Энэ нь Төрийн албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуурыг хангахгүй гэсэн ноцтой эргэлзээ үүсэх үндэслэл байна. Ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа Гааль, Татварын Ерөнхий газрын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан албан тушаалд хуулийн дагуу эгүүлэн тогтоолгох. Яагаад ахлахын албан тушаал байхгүй болов гэдгийг тайлбарлаад байгаа нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой. Ахлах гэсэн албан тушаал байхгүй болсон. Хэрэв ахлахын албан тушаал байхгүй бол мэргэжилтний үүрэг рүү чиглэсэн  нэхэмжлэлийн шаардлага миний урьд эрхэлж байсан ажилд томилж өгөөч гэж өөрчлөгдөнө. Нэхэмжлэлийн шаардлага ийм байгаа учир ахлахын албан тушаал тухайн цаг үед байхгүй байсан гэдгийн ярихаас аргагүй. Сая албан бичигтэй холбоотой ярилаа. Захиргааны хэргийн хурлын зар дээр ч байгаа, шүүхийн шийдвэр эмхтгэгдээд гарлаа гэхэд энэ  ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох гэдгээрээ Төрийн албаны маргаан гэсэн ангилал руу орно. Төрийн албанд тодорхой тавигддаг шаардлага байгаа. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд Төрийн албан тушаалд тавигдах шаардлага Төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй  тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн. Боловсролын асуудал дээр яагаад эргэлзээ үүсэхээр баримтууд гарч ирэв. Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д боловсролын төвшин гэж тухайн шатанд эзэмшвэл зохих сургуулийн өмнөх, бага дунд, дээд боловсролын агуулгын стандарт тогтоосон мэдлэгийн хэмжээг хэлнэ гэж заасан. Дээд боловсролын тухай хууль дээр бүр нарийвчлан зохицуулсан. Хэдэн багц цагийг хангаж байж бакалаврын, магистрын, дипломын боловсрол болзлыг хангах вэ гэдгийг зохицуулсан байгаа. Бакалаврын боловсрол 120 кредит цаг байна гэсэн хуулийн агуулга шаардлага байгаа. Бид Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг 150 багц цагийг хангаж байж төгсдөг. Шүүхэд гаргасан баримтын хүрээнд суурь боловсрол нь эргэлзээтэй байна гэсэн баримтыг үндэслэж их дээд сургууль Тагнуулын Академи төгссөн кредит нь үгүйсгэгдээд явах хуулийн агуулгатай. 

Тийм учраас эвлэрлийн асуудлыг шууд зогсоо гэсэн үүрэг өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан шаардлага болон боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг нэхэмжлэгч хангахгүй байна гэсэн үндэслэл бүхий баримт ирсэн учир хэргийг заавал шийдвэрлэх шаардлагатай байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагын албан тушаалд эгүүлэн тогтоох  шүүх тухайн хүнийг хуулийн шаардлага хангасан эсэхийг зайлшгүй анхаарах ёстой.

Эгүүлэн томилогдож байгаа хүний ажлын байрны тодорхойлолтын шаардлагад нийцэж байна уу гэдгийг шүүх анхаарч үзэх ёстой. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгуулахыг даалгасан байгаа. Хариуцагчийн зүгээс асуулаа та өөрийн санаачлагаар ажилгүй байсан юм биш үү? Ажил олгогч буюу хариуцагчийн зүгээс ажлаар хангасан байгаа. Татварын албанд маргаан гардаг. 1830 албан хаагч байдаг ерөнхий маргаан  цалингийн зөрүүг, тушаалыг хүчингүй болго гэсэн шаардлага тавьдаг. Д.Э*******гийн шаардлага  анх удаа гарч байгаа. Ажилгүй байгаа нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зориг байна шүүх үүнийг анхаарч үзээсэй. Ямар нэг байдлаар ажлаар хангаагүй, хангахгүй байх оролдлого хариуцагчийн зүгээс огт хийгээгүй. Нэхэмжлэгч өөрөө хэлж байна Тамир дарга цагаа бүртгүүл гэж ярьсан би өөрөө маргаж байгаа учир очихгүй гэсэн гэж. Маргаж байгаа гэж байж байгаад цалин хөлсийг авах нь шударга ёсонд нийцэхгүй. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болох хууль зүйн үндэслэл байна. Тухайн нөхцөл байдалд Э*******гийн ажил албан тушаал үнэхээр байхгүй болсон, хасагдсан. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэв.

Гуравдагч этгээд Б.Б******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “....Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 9364 дүгээр Гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай захирамжийг хүлээн авсан. 

Миний бие 1999-2001 онд Баянгол дүүргийн Татварын хэлтэст Татварын улсын байцаагч, 2001-2004 онд Татварын ерөнхий гарын Улсын төсвийн орлого, хяналтын газарт, татварын улсын байцаагч, 2004-2012 онд Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газрын  татварын улсын байцаагч, татварын улсын ахлах байцаагч, 2012-2016 онд Татварын ерөнхий газрын  Татвары төлөгчтэй харилцах хэлтэс, Татвар хураалт арга зүйн газар, Сургалтын төвд татварын улсын байцаагч, багшаар ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 13 ны өдрийн Татварын ерөнхий газрын даргын тушаалаар Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газарт татварын улсын ахлах байцаагчаар томилогдон ажиллаж байна.

Гуравдагч этгээд миний бие Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан Д.Э*******гийн нэхэмжлэлтэй шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул 2016 оны 11 дүгээр сарын 23 ны өдрийн хурлыг шүүх уралдааныг миний биеийг оролцуулахгүйгээр хийж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Ц.А******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 9364 дүгээр Гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай захирамжийг хүлээн авсан.

Миний бие 2005-2006 онд Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтэст даргын туслах татварын улсын байцаагч, 2008-2009 онд Татварын ерөнхий газрын Татвар хураалт үйлчилгээний хэлтэст татварын улсын байцаагч, 2009-2010 онд Татварын ерөнхий газрын татвар төлөгчтэй харилцах хэлтэст татварын улсын байцаагч 2010-2014 онд Татварын ерөнхий газрын Улсын төсөв орлого хяналтын газрын Татвар хураалтын хэлтэст татварын улсын байцаагч, 2014-2015 онд Татварын ерөнхий газрын Улсын төсөв орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтэст татварын улсын байцаагч, 2015-2016 онд Татварын ерөнхий газрын Улсын төсөв орлого хяналтын газрын эрсдэлийн удирдлагын хэлтэст татварын улсын байцаагч, 2016-оноос одоог хүртэл Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газарт татварын улсын ахлах байцаагчаар томилогдон ажиллаж байна. 

Гуравдагч этгээд миний бие Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан Д.Э*******гийн нэхэмжлэлтэй шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааныг миний биеийг оролцуулалгүйгээр хийж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Д.Э*******гийн гаргасан “Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд хуулийн дагуу эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчаас Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаар  тогтоолийн дагуу Гааль,Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/01 дүгээр  тушаалаар  Гааль, Татварын ерөнхий газрын бүтэц орон тоог баталсан бөгөөд нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Төрийн захиргаа удирдлагын газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаал хасагдсан тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, өөр албан тушаалд томилсон гэж тайлбарлаж байна. 

Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/07 дугаар  тушаалын дагуу нэхэмжлэгч Д.Э******* Төрийн захиргаа, удирдлагын газарт татварын улсын ахлах байцаагчийн орон тоонд ажиллаж,  уг албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод  заасан чиг үүргийг хэрэгжүүлж байсан.

Хариуцагчаас гаргасан тайлбарт нэхэмжлэгч Д.Э*******гийн эрхэлж байсан Төрийн захиргаа, удирдлагын газарт татварын улсын ахлах байцаагчийн орон тоо хасагдсан гэж тайлбарлах боловч Гааль татварын ерөний газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/01 дүгээр  тушаалаар батлагдсан бүтэц орон тоогоор Төрийн захиргааны удирдлагын газарт зөвхөн даргын орон тоог үлдээж, улсын ахлах байцаагчийн орон тоог Хүний нөөцийн хэлтэст хамааруулсан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Э*******гийн урьд эрхэлж байсан албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг хэвээр хадгалагдсан гэж үзэхээр байна.

Учир нь:  Гааль, татварын ерөнхий газрын даргын  2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Гааль, Татварын ерөнхий газрын бүтэц орон тоог баталсан А/01 дүгээр тушаалаар Гааль татварын ерөнхий газрын  Төрийн захиргаа удирдлагын газар нь Хүний нөөцийн хэлтэст улсын ахлах байцаагчийн орон тоог 1 байхаар баталсан боловч 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/182, Б/266 дугаар  тушаалаар Г.Д*******ыг, 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/52 дугаар  тушаалаар Ө.Тэгшээ нарыг Төрийн захиргаа удирдлагын газрын хүний нөөцийн хэлтэст улсын ахлах байцаагчаар,

Түүнчлэн Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Гааль, Татварын ерөнхий газрыг татан буулгаж, Татварын ерөнхий газар болон өөрчлөгдөж, Сангийн Сайдын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 301 дүгээр  тушаалаар тус газрын бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/57 дугаар  тушаалаар гуравдагч этгээд Ц.А*******, Б.Б******* нарыг урьд нь эрхэлж байсан албан тушаалаас нь чөлөөлж, Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газарт татварын улсын ахлах байцаагчаар тус тус томилсон бөгөөд эдгээр албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг Д.Э*******гийн эрхэлж байсан албан тушаалын ажлын байрны тодорхойлолттой харьцуулан үзэхэд чиг үүрэг нь давхардсан  байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”,  

          Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заажээ.

Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгч Д.Э*******гийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр үлдсэн байхад Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б******* дугаар  тушаалаар албан тушаалаас чөлөөлж, урьд эрхэлж байсан Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас  1 шатлалаар буюу ТЗ-7-05 болон бууруулж  Нийслэлийн Татварын газрын Орлогын хэлтэст улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг дүгнээд нэхэмжлэгч Д.Э*******гийн “...Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд хуулийн дагуу эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Э*******гийн ажилгүй байсан 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нийт 7 сар 19 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 10403508 төгрөгөөс хуульд заасан татвар хураамжийг суутгуулан хариуцагч Татварын ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хариуцагчаар нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Гааль, татварын ерөнхий газар нь Монгол Улсын Их хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар болон өөрчлөгдсөн тул тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 6552 дугаар захирамжаар Татварын ерөнхий газрын даргыг хариуцагчийн эрх залгамжлагчаар тогтоосон болно. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан  Д.Э*******гийн дээд боловсролын талаар гаргасан тайлбар, нотлох баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй бөгөөд хариуцагчид уг асуудлыг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах зүйтэй.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106,1, 106.3.1, 106.3.12  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б******* дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Э*******г урьд эрхэлж байсан Татварын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Э*******гийн ажилгүй байсан 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх нийт 7 сар 19 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 10403508 төгрөгөөс хуульд заасан татвар хураамжийг суутгуулан хариуцагч Татварын ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлсүгэй.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.АДЪЯАСҮРЭН