Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 126

 

Иргэн Д.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаатар нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 961 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0095 дугаар магадлалтай, Д.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 961 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/222 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяаг урьд эрхэлж байсан Татварын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяагийн ажилгүй байсан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нийт 7 сар 19 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 10403508 төгрөгөөс хуульд заасан татвар хураамжийг суутгуулан Татварын ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар  сарын 01-ний өдрийн 221/МА2017/0095 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нэхэмжлэгч “Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/222 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч тал нэхэмжлэгчтэй эвлэрэх хүсэл зориг байсан боловч төрийн эрх бүхий 2 байгууллагаас ирсэн албан бичиг нь нэхэмжлэгчийн боловсролын байдалд эргэлзэх ноцтой эргэлзээ үүсгэсэн тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэхэд хүрсэн юм. Дээрх асуудлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хариу болгож хэлсэн бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 961 дүгээр шийдвэрийн Үндэслэх хэсэгт “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Д.Эрдэнэтуяагийн дээд боловсролын талаар гаргасан тайлбар, нотлох баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй бөгөөд хариуцагчид уг асуудлыг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн нь өрөөсгөл болжээ. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “... урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ....” гэсэн шаардлага байдаг. Нэхэмжлэгчийн шаардсан ажил, албан тушаал нь Монгол Улсын төрийн захиргааны албан тушаал, төрийн жинхэнэ албан байсан тул Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэж заасан боловсролын шаардлагыг нэхэмжлэгч хангаж буй дээр маргахаас өөр аргагүй юм. Улмаар Боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Монгол Улсад боловсролын тогтолцоо нь албан ба албан бус боловсролын нэгдэл байх бөгөөд сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол, дээд боловсролоос бүрдэнэ”, 9.1-д “Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн”, 9.2-т “Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх, диплом/-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална”, Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас доошгүй байна” гэж заасанчлан урьд эрхэлж байгаа албан тушаалдаа эгүүлэн томилуулахыг шаардаж буй нэхэмжлэгчийн хувьд төрийн албан тушаал болон тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан боловсролын шаардлагыг ярих ёстой. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.23-ны өдрийн 961 дүгээр шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж” гэдгээр албан тушаалд нь эгүүлэн томилох нь нэг шаардлага гэж үзсэн байдаг. Ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагатай холбоотой маргасан хариуцагчийн үндэслэлийг 2 шатны шүүх тухайлан жич маргах асуудал гэж хүлээн авахгүй байгааг зөвтгөх боломжгүй байна. Амьдрал баян хэрвээ хэн нэгэн хүн төрийн жинхэнэ албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор маргаж байх хугацаандаа Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд шүүх яаж шийдэх бэ энэхүү асуудал шиг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаад шийдэх үү эсхүл. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд шүүхийн эрхэм зорилгыг хуульчилсан байдаг ба мөн зүйлийн 4.1.3-т “хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх”, 4.1.4-т “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх” гэсэн зорилгод шүүхийн шийдвэр нийцсэн байх учиртай. Иймд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.23-ны өдрийн 961 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.02.01-ний өдрийн 221/МА2017/0095 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

                                                                                     ХЯНАВАЛ

Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/222 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн Төрийн захиргааны удирдлагын газрын “татварын улсын ахлах байцаагч” Д.Эрдэнэтуяаг үүрэгт ажлаас чөлөөлж, Нийслэлийн татварын газрын Орлогын хэлтэст улсын ахлах байцаагчаар томилсон байна.

Хариуцагч “Гааль, татварын ерөнхий газрын дарга 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газар-1 /дарга/ орон тоотой байхаар баталсан, улсын ахлах байцаагчийн орон тоо хасагдсан” гэж, нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяа “...Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтэст улсын ахлах байцаагчийн орон тоо хэвээр хадгалагдаж байгаа тул үргэлжлүүлэн ажиллах боломжтой” гэж тус тус маргажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолоор Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрыг нэгтгэн, Гааль, татварын ерөнхий газар болгон өөрчлөн байгуулж, Сангийн Сайдын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаар тушаалаар тус газрын зохион байгуулалтын бүтцийг батлахдаа Төрийн захиргааны удирдлагын газрыг “Хүний нөөцийн хэлтэс”, “Гадаад харилцааны хэлтэс”, “Олон нийттэй харилцах хэлтэс”-тэй байхаар заасан, өөрөөр хэлбэл, Гааль, Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газар дотоод чиг үүргээ хэрэгжүүлэх хэлтсүүдтэй, үүнээс Хүний нөөцийн хэлтэст Д.Эрдэнэтуяагийн урьд эрхэлж байсан улсын ахлах байцаагчийн /хүний нөөцийн асуудал хариуцсан/ орон тоо хэвээр хадгалагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

“Орон тоо хасагдсан” гэсэн хариуцагчийн үндэслэл нотлогдоогүй, Д.Эрдэнэтуяаг Төрийн захиргааны удирдлагын газрын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, Нийслэлийн татварын газрын Орлогын хэлтэст улсын ахлах байцаагчаар томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т “...төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан…эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасантай нийцээгүй байх тул шүүх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин анхан шатны шүүх “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдаж албан тушаалын орон тоо хасагдсан” эсэх үйл баримтыг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэг буюу ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсний улмаас захиргааны санаачлагаар албан тушаалаас бууруулах эрх зүйн зохицуулалтыг шийдвэрийн Тогтоох хэсэгт баримталж, хууль хэрэглээний алдаа гаргасан байхад давж заалдах шатны шүүхээс зөвтгөөгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/222 дугаар тушаалын эрх зүйн үндэслэл болоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц илэрсэн “Д.Эрдэнэтуяагийн дээд боловсролын гэрчилгээний зөрчил”-тэй холбогдох үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй бөгөөд маргаан бүхий захиргааны актын улмаас зөрчигдсөн нэхэмжлэгчийн эрхийг сэргээн, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “төрийн албанд ажиллах болзол, шаардлагыг хангахгүй байхад ажилд томилох боломжгүй” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 961 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2017/0095 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                     ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН