Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 94

 

 

 

                              Д.Мөнхзул, Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал нарт

                                   холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

 

                                            Прокурор              Н.Батмөнх

                                           Ялтны өмгөөлөгч П.Адъяасүрэн

                                                                         Б.Дашдорж,

                                                                         З.Хүрэлсүх

                                Нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нарыг оролцуулан,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, шүүгч Б.Сарантуяа, Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолд ялтан Д.Доржсүрэн, Д.Мөнхзул, Д.Тэгшжаргал, ялтан нарын өмгөөлөгч П.Адъяасүрэн, Б.Дашдорж, З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Мөнхзул, Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал нарт холбогдох эрүүгийн 201415010081 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол Улсын иргэн, 1961 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гидротехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 1-29 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Паа лам овогт Дэмчигдоржийн Доржсүрэн, /Регистрийн дугаар ЙМ61030611/,

Монгол Улсын иргэн, 1970 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрийн 18 дугаар хороо, 61-27 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Улаанбаатар хотын горнизоны Цэргийн тусгай шүүхийн 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 121 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар шийтгэгдсэн байсан, Боржигон овогт Дэмчигдоржийн Тэгшжаргал, /Регистрийн дугаар ТЕ70052273/,

Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 33а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Дэмчигдоржийн Мөнхзул, /Регистрийн дугаар ЙЭ75101915/

Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул, Д.Доржсүрэн нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, Ланд крузер-80 маркийн 77-28 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэзуу” музейн гурван зуугийн зүүн зууд хууль бусаар нэвтрэн орж,

- Дуйнхор бурхан /бурхан суурийн хамт алт шармал, суурь жавил хөөмөл, урт нь 32.6 см, өргөн 20.7 см, нийт өндөр 59.8см/

- Жүгдэрнамжил бурхан /гууль цутгамал, алт шармал, урт 14.2 см, өргөн 8.2 см, өндөр 17.3 см/ хосгүй үнэт зүйл

- Майдар бурхан /зэс хөөмөл, алт шармал, урт 20.8 см, өргөн 16.1 см, өндөр 40 см/

- Майдар бурхан /зэс хөөмөл, алт шармал, урт 15.6 см, өргөн 10.4 см, өндөр 34 см/

- Майдар бурхан /зэс хөөмөл, алт шармал, эрт 19.5 см, өргөн 15.6 см, өндөр 38.4 см/ хосгүй үнэт зүйл

- Майдар бурхан /зэс хөөмөл, алт шармал, эрт 19.2 см, өргөн 15.2 см, өндөр 38.5 см/

- Манзушир бурхан / гууль цутгамал, алт шармал, урт 12.6 см, өргөн 7.8 см, өндөр 15.6 см/ зэрэг бурхадыг хулгайлж 27.868.900 төгрөгийн шууд хохирол, бурхадыг сэргээн засварлахад шаардагдах 20.258.145 төгрөг, эвдэрсэн эд зүйлийн үнэлгээ 752.000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд тэдний үйлдлийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх, Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул нарыг бүлэглэж, шунахайн сэдэлтээр машин механизм хэрэглэж, онц их хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул тус бүрээс 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, тус бүр 10 жил 1 хоногийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул нарт оногдуулсан 10 жил 1 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Доржсүрэнгийн цагдан хоригдсон 596 хоног, Д.Тэгшжаргалын цагдан хоригдсон 765 хоног, Д.Мөнхзулын цагдан хоригдсон 152 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул нараас 6.752.715 төгрөгийг тус тус гаргуулж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Эрдэнэзуу музейд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Ланд крузер-80 маркийн 77-28 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, АЯ№0118705 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг машины хамт Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шилжүүлэхийг шүүгчийн туслах Ж.Мөнхтуяад даалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Д.Мөнхзулын эзэмшлийн 30-33 улсын дугаартай Ланд крузер маркийн тээврийн хэрэгсэл, Д.Тэгшжаргалын эзэмшлийн 23-44 УНА улсын дугартай Киа бонго ногоон өнгийн Ниссан террано маркийн тээврийн хэрэгсэл, Д.Доржсүрэнгийн эзэмшлийн хашаа, байшин зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан иштэй таслагч, төмөр лоом, гинжтэй цоож, 2 ширхэг цоож, 1 ширхэг гинж, цүүний тасарсан төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг уг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, ЕО194953 дугаартай гадаад паспортыг Д.Мөнхзулд, ЕО740306 дугаартай гадаад паспорт, №264863 дугаартай жолооны үнэмлэх зэргийг Д.Доржсүрэнд тус тус буцаан олгох, Д.Доржсүрэнг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсээс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 41а/23 тоот албан бичгээр хилийн хориг тавьсныг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2 дахь хэсэгт зааснаар Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул нараас шинжээчийн зардал 1.333.333 төгрөгийг тус тус гаргуулж, ЛЭНДС ХХК-д олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Доржсүрэнд өгсөн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, Д.Мөнхзулд өгсөн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, тэд нарыг цагдан хорьж, Д.Мөнхзулын эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ 10.000.000 төгрөгийг түүнд буцаан олгох, Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул нарын эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолох, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих журмыг дурдан, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

           Ялтан Д.Доржсүрэн гаргасан давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Д.Доржсүрэн надад Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсныг миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Юуны өмнө миний бие энэ хэрэгт огт оролцоогүй, хэргийн талаар юу ч мэдэхгүй гэдгээ хэлье. Намайг гэм буруутайд тооцсон нэг үндэслэлийг би энэ гомдолд баримт түшиж хэлэхийг хүсч байна.

Гэрч Батаа  2014 оны 05 дугаар сарын 24-нд өгсөн мэдүүлэгт жолооч нь саарал өнгийн куртик өмссөн, саравчтай малгайтай санагдаж байна. Жолоочийн хажууд бүдүүн хүн байсан, хойд талын суудалд нэг хүн байх шиг байсан гэж тухайн үед худал мэдүүлж байсан. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ жолоон дээр явж байсан хүн энэ мөн гээд намайг заасан нь арай хэтэрсэн гүтгэлэг болсныг тус шүүх хурлын тэмдэглэлээс бэлээхэн харж болно. Гэрч Батаа 2014 оны 05 дугаар сарын 24-нд аймгийн Цагдаагийн газар надтай коридорт болон байцаагчийн өрөөнд 2 удаа таарч бие биенээ маш сайн таних байтал 2015 оны 10 дугаар сарын 08-ны шүүх хурал дээр миний дүү Д.Мөнхзулыг Өвөрхангайд миний харсан энэ мөн гэж худлаа гүтгэхэд нь би шүүгчээс зөвшөөрөл хүсч Батаагийн мэдүүлэгт няцаалт хийснийг шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад ойлгоно. Тэгээд ч гэрч Батаагийн худал мэдүүлгийг эрх зүйн чадамжгүйг шүүх хурлаас дурдсан санагдана. Гэрч Батаагийн мэдүүлгүүд ийм зөрүүтэй цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр нарийн таньж 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны дараа бүр зурган дээр таньсан тухай байцаагч, хавтаст хэрэгт материал оруулж байгаа нь энэ хэрэгт огт оролцоогүй, миний бие үнэхээр гомдолтой байна. Би мөрдөн байцаалтын явцад үнэн мэдүүлгийг ухамсартайгаар өгсөн бөгөөд тухайн үед орсон дэлгүүр, хоносон газраа нэр хаягтай нь хэлсээр байтал нэг ч удаа дэлгүүрийн камер шалгаж өгөөгүйд маш их гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхээс Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 37 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон үндэслэлийг дахин нягталж миний гэм буруутай эсэхийг хуулийн хүрээнд үнэн зөв тогтоож өгөхийг хүсч гомдол гаргаж байна... гэжээ. 

Ялтан Д.Мөнхзул, Д.Тэгшжаргал нарын өмгөөлөгч Б.Дашдорж гаргасан давж заалдах гомдолдоо:

Миний бие Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд 2016 оны 06 сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн 201415010081 тоот хэргийн холбогдогч Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэж байгаа Д.Мөнхзул, Д.Тэгшжаргал нарын өмгөөлөгчөөр оролцсон.

2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 37 дугаар шийтгэх тогтоолоор бүлэглэж, шунахайн сэдэлтээр машин механизм хэрэглэж, онц их хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул нарт 10 жил 1 хоногийн хорих ялыг оногдуулсан.

Өмгөөлөгчийн зүгээс уг шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж заасныг хангаагүй, хэргийг хэт нэг талыг барьж таамаглалд үндэслэн шийдвэрлэсэн гэж үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасны дагуу доорх 4 үндэслэлийн хүрээнд уг гомдлыг гаргаж байна.

  1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын талаар:

Эрүүгийн 201415010081 тоот хавтаст хэргийн хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх нь: Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч Өсөхгэрэл, Батаа, Энхтөгс нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа, камерийн бичлэг, шинжээч нарын удаа дараагийн дүгнэлтүүд, мэдүүлэгт үндэслэсэн шүүгдэгч нарын гэм бурууг тогтоосон байна. Гэтэл доорх нотлох баримтуудад анхаарал хандуулаагүй.

          Хэргийн газрын үзлэгийн талаар: 1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дүгээр тал... Үзлэгээр сүмийн гадна зүүн хойд талаас олж авсан дэгээ хэлбэртэй шаргал өнгийн металл 1 ширхэг, навч хэлбэр бүхий шар ногоон улаан алагласан чимэглэл 2 ширхэг, навчин хэлбэрийн шар металл зүйл 1 ширхэг, бундан /чандмана хэлбэрийн/ шаргал өнгийн металл 1 ширхэг, 3 үзүүр бүхий навч бүхий ногоон өнгийн зүйл 1 ширхэг байв. Хэрмэн хашааны гадна талаас шаргал өнгөөр будсан модны хэлтэрхийнүүд 9 ширхэг, мөн ногоон шар дүрс бүхий навчин чимэглэл 1 ширхэг, бурханы хадган чимэглэл бүхий мушгирсан шар өнгийн металл 1 ширхэг, улаан ногоон өнгийн шигтгээ бүхий шаргал өнгийн чимэглэл 1 ширхэг, бурханы мөрний гэх шар өнгийн зүйл 1 ширхэг, хэлхээтэй 43 ширхэг цагаан өнгийн бөөрөнхий зүйлт зэрэг зүйлийг хурааж авлаа. Сүм дотор сүмийн шалан дээр ундуу сундуй хаягдсан 18 см-н өндөр бүхий 2/16 кодтой шар өнгийн ногоон дарь эх бурхан 1 ширхэг, 30 см-н өндөртэй шар өнгийн Лувсанжалбаа бурхан, уг бурханы суурь болох 65/1298 кодтой модон ёроолтой шармал өнгийн бад хээтэй металл 1 ширхэг, 65/1294 кодтой хэмжээ бүхий шармал өнгийн суурь 1 ширхэг, 65/1293 кодтой 4,4х19х15 см хэмжээ бүхий бурханы суурь 1 ширхэг, цэцгэн хэлбэртэй шаргал өнгийн зүйл 1 ширхэг, амьтны дүрс /хангарьд/ шаргал өнгийн зүйл 1 ширхэг, 65/1303 кодтой цагаан өнгийн хавтгай зүйл 1 ширхэг, навч цэцгэн хэлбэртэй шар өнгийн чимэглэл 2 ширхэг, бурханы хадган чимэглэл гэх цэнхэр өнгийн зүйл 1 ширхэг, бурханы чимэглэл гэх шаргал өнгийн 15,4 см урттай чимэглэл 1 ширхэг, 65/1696 кодтой хүрэн шар өнгийн даавуун зүйл наасан модон зүйл 1 ширхэг, цэцгэн навчин хэлбэртэй шар өнгийн металл 1 ширхэг, бурханы ээмэг 2 ширхэг, бурханы цэцгэн чимэглэл 1 ширхэг, 65/1292 кодтой Майдар бурхан 1 ширхэг, 65/1292 кодтой Майдар бурханы хөл суурь 1 ширхэг, Майдар бурханы сэнтий 1 ширхэг, бурханы сүншиг гэх бүдүүн нарийн шар өнгийн зүйл 2 ширхэг зэрэг зүйлийг хураан авлаа. Үзлэгийн явц үр дүнг нокиа маркийн апаратаар 64 кадр зураг авч бэхжүүлэн хөндлөнгийн гэрч оролцогч нарт уншиж танилцуулахад санал байхгүй гэв. Мөн уг ажиллагаанд прокурор оролцоогүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт онц хүнд гэмт хэргийн газрын үзлэгт прокурор заавал оролцоно гэсэн заалтыг зөрчсөн. Мөн хэргийн газраас бурханы эд зүйл хураан авсан гэж тэмдэглэлд тусгасан хирнээ хураан авсан тогтоол үйлдээгүй.

Гэрч Өсөхгэрэл, Батаа, Энхтөгс нарын мэдүүлгийн талаар: 2 дугаар хх-ийн 6 дугаар тал 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрч Өсөхгэрэлийг байцаасан тэмдэглэл: Би тэр машин дээр очоогүй болохоор яг ямар хувцастай ямар хуу хүн байсан талаар анзаарч хараагүй ямарч байсан урд суудал дээр нь суусан хоёр залуу нь дээгүүрээ цагаан өнгийн хувцастай байх шиг байсан. Тэр хүмүүс өөдөөс харахгүй байсан.  2 дугаар xx-ийн 7 дугааp тал 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дахин байцаасан тэмдэглэл: Би тэр машинд байсан хүмүүсийн зүс хараагүй.

 Асуулт: Та тэр машин болон машин дотор байсан хүмүүсийг одоо харвал танихуу. Хариулт: Би машин дээр очоогүй болохоор машин болон хүмүүсийг хараад танихгүй,

Асуулт: Таны харсан авто машин урд талдаа улсын дугаартай байсан уу? Нэмэлт гэрэл хаалт, хамгаалалт зэрэг тоноглол байсан уу? Хариулт: Би машины урд талын хэсгийг нь хараагүй болохоор мэдэхгүй байна. Би машины ар хэсгийг харж өнгөрсөн.

Асуулт: Таньд одоо автомашины гэрэл зураг, бичлэг зэргийг үзүүлбэл тэнд байсан автомашиныг мөн эсэхийг таньж олж чадах уу? Хариулт: Ёстой мэдэхгүй. Миний харснаар Ланд-80 маркийн машин байсан. Аль машин гэж танихав дээ. Таньж олж чадахгүй байхаа.

2 дугаар хх-ийн 11 дүгээр тал 2014 оны 05 дугаар сарын 20-ны  өдөр гэрч Батаагийн мэдүүлгийн заримаас:

Асуулт: Автомашин дотор хичнээн зорчигч явсан бэ? Хариулт: Жолоочийн хажуугийн хүн нилээн махлаг биетэй, хар ноосон гэхээр цамцтай байсан машин маш хурдтай явж байсан тул бусдыг нь харж чадаагүй.

 Асуулт: Жолооны үрүүлний бүрээс ямар өнгөтэй харагдаж байсан бэ. Мөн хянах нь байсан? Хариулт: Харж амжаагүй, сүүлийн үеийн шинэвтэр машин гэхээргүй байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй, миний ярьсан зүйл бүгд үнэн гэснээр байцаалтыг дуусгав.

2 дугаар хх-ийн 12 дугаар талд 2014 оны 05 дугаар сарын 24-ны өдөр гэрч Батааг байцаасан тэмдэглэл: Хойд хоёр цонх хар теньтэй, толь нь хар өнгийн, жолоочийн хажуу талд бүдүүн хүн байсан хар ногоон цамцтай урд хэсэгтээ цагаан өнгийн бичигтэй байсан. Жолооч нь саарал өнгийн куртик өмссөн саравчтай малгайтай байсан санагдаж байна. Өнгийг нь сайн харж чадаагүй. Асуулт: Та жолооны ард сууж явсан хүнийг одоо харвал таних уу? Хариулт: Танихгүй хажууд сууж явсан хүн нь бүдүүн хар хүн байсан.

Дээрх 3 гэрчийн мэдүүлэг таньж олуулах ажиллагаа нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, хэдийгээр зөрчлийг арилгасан хэдий ч дахин таниулах ажиллагаа хийлгэх нь ач холбогдлоо алдсан байсан. Гэрч нар нь хэрэг болох үед хараагүй мөртлөө таньж олуулах ажиллагаагаар таньж олоод байгаа явдал нь өөрөө хууль зөрчиж хүнийг гэмт хэрэгт гүтгэсэн, худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан үйлдлийг хийсэн байдаг.

Камерийн бичлэг: 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 06 цаг 22 минутын үед Лүн сумын замын цагдаагийн постын камерийн бичлэг байх ба уг бичлэг ногоон өнгийн машин явж өнгөрөх ба тухайн машин ялтан Д.Доржсүрэнгийн Ланд машинтай адилтгасан шинжээчийн дүгнэлт хийлгээгүй, улсын дугаар харагдахгүй, машин дотор хэдэн хүн яваа нь мэдэгдэхгүй чанарын шаардлага хангахгүй баримт болох нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлогдсон. Гэтэл гэрч Энхтөгс тухайн машинд сууж яваа хүмүүсийг нэг бүрийн шинжээр нь нэрлэн мэдүүлэг өгч байгаа нь тухайн камераас харагдах боломжгүй байхад худал мэдүүлсэн болохыг нь нотолж байна.

           Шинжээчийн дүгнэлт: 2 дугаар хх-ийн  248 дугаар тал 2014 оны 06 сарын 09-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт, гарын мөр хэргийн газрын мөрүүдтэй тохирохгүй байна.                                                        

           6 дугаар хх-ийн  234-245 дугаар тал “ЛЭНДС” хөрөнгийн үнэлгээний төвийн тогтоол              

2. Алдагдсан бурхад, учирсан хохирлын талаар:

       2014 оны 05 дугаар сарын 18-19-ний шөнө Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн зүүн зуугийн хийдээс:

            1.Дүйнхор бурхан /хосгүй үнэт/

            2.Жүгдэрнамжил бурхан /хосгүй үнэт/

            3.Майдар бурхан

            4.Майдар бурхан

            5.Майдар бурхан

            6.Майдар бурхан                                                                                                                                   ^т

            7.Манзушир бурхан

Алдагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар  хохирлын хэмжээг тодорхойлохоор хуульчлан заасан байна. Ингэж тодорхойлсноор зүйлчлэлийн асуудал шууд хамаарах бөгөөд мөрдөн байцаагчийн зүгээс шинжээч томилж үнэлгээг гаргуулсан байдаг.

                Лэндс ХХК-ны үнэлгээгээр 27.868.900 төгрөг

               Соёлын өв сэргээн засварлах төвөөс засврын нийт зардлыг 20.258.145 төгрөг гэж гаргасан. Гэтэл шүүхээс нийт 48.879.045 төгрөг гэж үзсэн байна.

Бурхад хүлээлгэн өгөгдсөн харин одоо засал чимэглэлтэй холбоотой зардлыг З ялтангаас хуваан гаргахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь дээрх бурхад өнөөдрийг хүртэл засварласан гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Бурхдын эвдрэл гэмтэл: Алдагдсан 7 бурхад нь хуучин гэмтэлтэй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Гэтэл Соёлын өвийн сэргээн засварлах төвийн гаргасан засврын зардал гаргасан тайлангаас үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хуучин гэмтлийг ялгалгүйгээр нийт хохирлыг гаргасан болох нь харагдаж байна. /хавсралт 1-д харьцуулан харуулсан болно/.

Бурхдын зарим эд зүйл салдаг байсан байна. Энэ нь Хэргийн газрын үзлэг, гэрч , хохирогч шинжээч нарын дүгнэлтээс тодорхой харагддаг. 1 дүгээр хх-ийн 12-29 дүгээр талд Хэргийн газрын үзлэгээр 29 эд зүйл хурааж авсан боловч уг эд зүйлсийг 1 дүгээр хх-ийн 146 дугаар талд уг зүйлсийг хүлээлгэж өгсөн боловч жагсаан бичихэд 19 төрлийн эд зүйл байх бөгөөд уг эд зүйлсээс дутуу байгаа нь харагдаж байна. /Хавсралт 2-д харуулав/.

3. Мөрдөн байцаах ажиллагаа дутуу хийгдсэн талаар:

         1. Хэргийн газрын үзлэг хуулийн хүрээнд явагдаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт заасны зөрчсөн.

         2. Хэргийн газраас олсон эд зүйлийг хураан авахдаа хураан авсан тогтоол үйлдээгүй тоо ширхэг нэг бүрийг нь гаргаагүй.

             3. Дээрх эд зүйлсийг хүлээлгэн өгөхдөө анх хэргийн газраас хураан авсан эд зүйл нэр нэршил тоо ширхэгийн зөрүүтэй байдаг.

                4. Хүлээлгэн өгсөн эд зүйлс ямар бурханы чимэглэл болохыг нэг бүрээр нь тулгаж тогтоогоогүй.

                5. Соёлын өв сэргээн засварлах төвөөс  бурхан нэг бүрээр гэмт хэрэг гарахаа өмнөх гэмтэл, гэмт хэргийн улмаас ямар гэмтэл учирсан талаар нарийвлан ялгаж тогтоогоогүй.

                6.Лэйндс хөрөнгийн үнэлгээний баримтаар Хосгүй үнэт зүйл болсон бурхад үнэт шинж чанараа өмнө нь алдсан болохыг бурхан нэг бүрээр нь шинжээч нарын нарийвчлан гаргасан байна энэ нь гэмт хэрэг гарахаас өмнө болсон байх бөгөөд уг бурхан яагаад үнэт чанараа алдсан, үүнд хэн буруутай болохыг тогтоож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн   166 дугаар зүйлийн 166.1.4 дахь хэсэгт  заасан  ажиллагааг хуулийн хүрээнд хийгээгүй. Дээрх ажиллагааг хийгээгүйн улмаас хохирлын үнэлгээ өнөөдрийг хүртэл маргаантай байна. /6 дугаар хх-ийн 234-245 дугаар тал, Лэндсийн үнэлгээний хэсгээс харах/

 

4. Гэмт хэргийн бүрэлдэхүүн, зүйлчлэлийн талаар:

              Шүүгдэгч Д.Мөнхзул, Д.Тэгшжаргал нарын Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан зүйл ангиар гэм буруутайд тооцсон явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.           

Уг гэмт хэргийн зүйчлэлийн асуудал учруулсан хохирлын үнэлгээнээс шууд хамааралтай байдаг. Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар Лэйндсийн үнэлгээгээр 27.868.900 төгрөг үнэлсэн нь тус заалтаар их хэмжээний хохиролд хамаарч Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт хамаарах зүйл ангиар хамаарах ёстой байхад прокурор Батмөнх 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар 02 ял өөрчлөн сонсгох тухай тогтоол гаргасан. Уг тогтоолд олсон нь хэсэгт: 7 Бурханыг хулгайлж 27.868.900 төгрөгийн шууд хохирол, бурхадын сэргээн засварлахад шаардагдах 20.258.145 төгрөг, эвдэрсэн үнэлгээ 752.000 төгрөг нийт 48.879.045 төгрөг буюу онц их хэмжээний хохирол гэж үзснийг шүүх шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тухайн бурхад засагдаагүй, засварлах зардалд бурхны урьд нь байсан хуучин гэмтлүүдийг багтаасан, яг гэмт хэргийн улмаас ямар бурхан яаж гэмтсэн талаар нарийн тогтоогоогүй маргаантай байхад хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ бурхны үнэлгээн дээр засварын үнийг нэгтгэн шийдсэн. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд эрүүгийн хэргийн хүрээнд шууд хохирол 27.868.900 төгрөг байхад Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар их хэмжээний хохиролд хамаарагдаж байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх ёстой байсан. Эрүүгийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь хүнлэг бус, хэрцгий хандах, нэр төр алдар хүндийг гутаах зорилго агуулж болохгүй, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт гэм буруутай этгээд үйлдсэн гэмт хэрэгтээ зөвхөн өөрөө эрүүгийн хариуцлага хулээнэ гэж хуульчлан заасан байна.

Ялтан Д.Мөнхзулын үйлдлийн тухайд

           Ялтан уг гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолсон баримт хэрэгт байхгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн сонсгосон ялыг нотлох үүргийг прокурор хүлээнэ гэж хуульчлан заасан байна. Уг гэмт хэрэг нотлох баримтаар авагдсан хэргийн газрын үзлэгээр авагдсан гарын хээ, гутлын мөр, мөн гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдохгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Гэрч Батаа, Өсөхгэрэл нар нь анх өгсөн мэдүүлэгтээ Тухайн машиныг сайн хараагүй дотор нь сууж байсан хүмүүсийг сайн хараагүй танихгүй гэж мэдүүлж байсан бөгөөд цаг хугацаа явахын хэрээр гэрч нар тухайн машины шинж чанарыг санаж бүр зааж, холбогдогч нарыг зүс царайгаар нь ялган нэг бүрээр нь заасан байдаг. Мөрдөн байцаагч нь тухайн хэргийг бүрэн дүүрэн нотолж чадаагүй байж, үндэслэлгүйгээр 6 cap цагдан хорьсон үйлдлийг шүүх шийтгэх тогтоолоороо хамгаалсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт шүүх нь тухайн  хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ, мөн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт шүүх нь хууль зүйн болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт шүүгдэгч гэм буруутай нь тогтоогдохгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгана гэж хуульчлан заасан байхад дээрх хуулийн шаардлагыг биелүүлээгүй.                                                                                                                                            

Ялтан Д.Мөнхзул нь уг гэмт хэргийг үйлдээгүй болохыг бусад нотлох баримтаар тогтоож чадаагүй учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208, 208.1.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Ялтан Д.Тэгшжаргалын үйлдлийн талаар

Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон уг зүйл ангиар гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үдэслэлгүй. Ялтны тухайд уг гэмт хэргийг үйлдсэн болохоо шударгаар мэдүүлдэг. Уг гэмт хэргийг үйлдэхдээ ганцаараа үйлдсэн Д.Мөнхзул болон Д.Доржсүрэн нарын үйлдэл оролцоо байхгүй гэж удаа дараагийн мэдүүлэг дээрээ мэдүүлдэг ч анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэл  харагдаж байгааг өмнө нь бичсэн.

Хохирогчийн зүгээс тухайн бурхадыг засуулах зардлаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад тооцоог бүрэн хийх боломжгүй бөгөөд энэ нь гэм бурууг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй бол эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлээ иргэний журмаар гаргахыг нэхэмжлэгчид мэдэгдэнэ гэж заасны дагуу иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй зааж өгөх.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 37 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ялтан Д.Мөнхзулыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох.

Ялтан Д.Тэгшжаргал нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад учруулсан бодит хохирлоо арилгасан зэрэг хөнгөрүүлэн үзэх шалтгаан нөхцлүүд байгааг хэлэх нь зүйтэй байна.

Ялтан Д.Тэгшжаргалын зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасныг мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүулэн өөрчилж ял шийтгэл оногдуулахдаа, дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлын харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү.

Ялтан Д.Тэгшжаргал нь нийт 765 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч өгөх хууль зүйн боломжтой байна.

Давж заалдах шатны шүүх мөрдөн байцаах ажиллагаа дутуу хийсэн гэж үзвэл тус тогтоолыг хүчингүй болгож, ялтан Д.Мөнхзул, Д.Тэгшжаргал нарыг бусдын батлан даалтад өгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү... гэжээ. 

 

            Ялтан нарын өмгөөлөгч З.Хүрэлсүх гаргасан давж заалдах гомдолдоо:

            Өмгөөлөгч З.Хүрэлсүх би Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

   Үйлчлүүлэгч Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул нар нь Д.Доржсүрэнтэй бүлэглэн шунахай сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэзуу музейд нэвтрэн орж 7 ширхэг бурхан хулгайлж, онц их хэмжээний буюу 48.879.048 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож хорих ялаар шийтгэсэн.

Гомдлын үндэслэл нь: Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.2, 317.1.4 дэх хэсэгт зааснаар хэргийн жинхэнэ байдалд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн учир шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн талаар нотолбол зохих асуудалд шүүх зөв дүгнэлт өгч чадаагүй төдийгүй хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлж чадсангүй. Д.Тэгшжаргал гэмт хэргийг дангаар үйлдсэн нь тогтоогдсон, харин бусадтай хамтран үйлдсэн нь нотлогдоогүй байхад бүлэглэн үйлдсэн гэж үзэж ял оногдуулсанд гомдолтой.

Хойшлуулшгүй ажиллагаа явуулж, мөрдөн байцаалт эхлэх үед удаа дараа байцаагдсан нэр бүхий гэрчүүд хэрэгт ач холбогдолтой мэдээлэл агуулсан, эх сурвалжаа заасан мэдүүлэг өгч чадаагүй байсан атлаа жилийн дараа 2015 оны 05 дугаар сараас эхлэн хэргийн талаар тодорхой мэдүүлэг өгч эхэлсэн нь туйлын сэжигтэй байна. Тухайн гэрчүүд нь Цагдаагийн байгууллагын ажилтан байгаа нь бүр эргэлзээ төрүүлж байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хуульд зааснаар тодорхойлж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож чадсангүй.

Прокурор яллах дүгнэлтэндээ шууд хохирол, сэргээн засварлах зардал, эвдэрсэн эд зүйлийн үнэлгээ гэж нэр заан ялган ангилж, эдгээрийн нийлбэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж нэгтгэн буруу тодорхойлсон байтал анхан шатны шүүх зөвтгөсөнгүй.

Иргэний хуулийн 229, 497, 510 дугаар зүйлд зааснаар бодит хохирлын хэмжээг хоёрдмол утгагүйгээр ойлгож, зөв тогтоох ёстой байхад шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 15 дугаар зүйл болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримталж шийдвэрлэсэнгүй.

Хохирлын хэмжээг буруу тодорхойлж буруу зүйлчилсэн учир анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд соёлын өвийн төвөөс хулгайлагдсан бурханыг сэргээн засварлах ажлын зардлыг тооцоолж гаргасан бичгийн баримтаар сэргээн засварлах ажилд зайлшгүй гарах зардлыг нотолсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байгаа учир нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын заалтыг хүчингүй болгуулж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар Д.Тэгшжаргал нь бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байгаа тул Д.Мөнхзулын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгуулах.

Д.Тэгшжаргалд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлүүлэхээр гаргасан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн 37 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгөхийг хүсье.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 311 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хуралдаанд заавал биечлэн оролцож, гомдлын үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлах хүсэлтэй тул товыг урьдчилан мэдэгдэнэ үү ...гэжээ.

 

Ялтан Д.Доржсүрэнгийн өмгөөлөгч П.Адъяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх энэ хэргийг буруу зүйлчилж шүүгдэгч нарт хүнд ял оногдуулсан.

Энэ хэрэгт Д.Доржсүрэн оролцоогүй байхад таамаглалд тулгуурлан хүнд ял оногдуулсан.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч нарын үйлдлийг бодит хохирлын хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Д.Доржсүрэн энэ хэрэгт оролцсон нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна ... гэжээ.

 

Ялтан Д.Мөнхзул гаргасан давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Миний бие уг хэрэгт ямар ч учир холбогдолгүй тул намайг гэрчлээд байгаа гүтгэлгийн чанартай мэдүүлгийг дахин шүүн хэлэлцүүлж өгнө үү.

Үүнд: Гэрч Батаагийн 2014 оны 05 дугаар сарын 20, 2014 оны 05 дугаар сарын 24-нд, үүнээс хойш 1 жил 5 сарын дараа буюу 2015 оны 10 сарын 08-ны шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, таниулах ажиллагаа буюу ах, дүү, гурав мөн гэсэн мэдүүлэг өгч намайг явсан мэтээр гүтгэн худал мэдүүлсэнд нь уг хэрэгт би холбогдолгүй учир дахин шалгаж өгнө үү гэсэн прокурорын шатанд бичгээр буюу амаар хүссэн хүсэлт, шүүх хурал бүрт би энэ хэрэгт хамааралгүй гэдгээ хэлсэн гэвч уг хэрэгт анхан шатны шүүх буруутай гэж үзэн шийдвэрлэсэн учир уг хэргийн үнэн зөвийг дахин хянан шийдвэрлэж өгнө үү. Энэ хэргийг давж заалдах хуралд би өөрийн биеэр оролцож гомдлоо тайлбарлаж өгөх хүсэлтэй байна ...гэжээ.      

Ялтан Д.Тэгшжаргал гаргасан давж заалдах гомдолдоо:

Миний бие Д.Тэгшжаргал нь 2016 оны 06 сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн  хорих ялаар шийтгэгдсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж үйлдсэн хэргээ үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Энэ хэрэгт миний төрсөн ах Д.Доржсүрэн, дүү Д.Мөнхзул нарыг яллаж байгаад гомдолтой байна. Энэ хэрэгт тэд ямар ч хамаагүй. Миний буруугаас учирсан хохиролыг би бүрэн төлж барагдуулах болно. Хохиролоо төлж барагдуулах нь миний хувьд иргэн хүний ухамсарлах үүрэг хэмээн ойлгож байна. Миний гэм буруугаа хүлээн ухамсарлаж байгааг харгалзан үзэж надад оноосон ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ. 

 

Прокурор Н.Батмөнхийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

          Д.Мөнхзул, Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр Ланд курзер-80 маркийн 77-28 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэзуу музейн Гурван зуугийн зүүн зууд хууль бусаар нэвтрэн орж  Дуйнхор, Жүгдэрнамжил, Манзушир, Майдар бурхадыг  хулгайлж 27.868.900 төгрөгийн шууд хохирол, бурхадыг сэргээн засварлахад шаардагдах 20.258.145 төгрөг, эвдэрсэн эд зүйлийн үнэлгээ 752.000 төгрөгийн шууд бус хохирол, нийт 48.879.045 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

          1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг. /хх-ийн 1 хавтасны 11-31 дүгээр хуудас/

          2. Автомашин байсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /хх-ийн 1 дүгээр хавтасны 32-37 дугаар хуудас/

          3. Төв аймгийн Лүн сумын постны камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтасны 47, 234 дүгээр хуудас/

          4. Ланд крузер-80 маркийн 77-28 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтасны 61 дүгээр хуудас/

          5. Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 71-46 тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /хх-ийн 1 дүгээр хавтасны 64-70 дугаар хуудас/

          6. Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 71-46 тоот хашаанаас хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /хх-ийн 1 дүгээр хавтасны 71-83 дугаар хуудас/

          7. Гэрч М.Батаагаас Ланд крузер-80 маркийн 77-28 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон сэжигтэн нарыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон фото зураг /хх-ийн 6 дугаар хавтасны 206-213 дугаар хуудас/

          8. Гэрч А.Өсөхгэрэлээр Ланд крузер-80 маркийн 77-28 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон сэжигтэн нарыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон фото зураг /хх-ийн 6 дугаар хавтасны 214-219 дүгээр хуудас/

          9. Хулгайд алдагдсан бурхадын хохирлын хэмжээг тогтоосон Лэндс ХХК-иас гаргасан шинжээчийн дүгнэлт 27.868.900 төгрөг /хх-ийн 6 дугаар хавтасны 232-249 дүгээр хуудас/

          10. Эрдэнэ зуу музейн эвдэрч сүйдсэн хөрөнгийн үнэлгэ 752.000 төгрөг /хх-ийн 4 дүгээр хавтасны 125 дугаар хуудас/

          11. бурхадыг сэргээн засварлахад шаардагдах хөрөнгийн үнэлгээ 20.258.145 төгрөг /хх-ийн 4 дүгээр хавтасны 128-139 дүгээр хуудас/

          12. Бурхадтай холбоотой баримтууд /хх-ийн 1 дүгээр хавтасны 159-233 дугаар хуудас/

          13. Яллагдагч нарын сэтгэцийн байдалд гаргасан шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 2 дугаар хавтасны 185, 192, 198 дугаар хуудас/

          14. Соёл, спорт, аялал жуучлалын яамны дэргэдэх түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тодорхойлох мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэл бурхадын хийцийн талаарх /хх-ийн 2 дугаар хавтасны 207-208 дугаар хуудас/

          15. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 1 дүгээр хавтасны 38-39, хх-ийн 2 дугаар хавтасны 166-176/

          16. Тээврийн хэрэгсэлийн лавлагаа /хх-ийн 6 дугаар хавтасны 133-137 дугаар хуудас/

          17. Хохирогч Ц.Содномсүрэнгийн 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шөнө 03 цаг 44 минутанд музейн захирал Н.Төмөрбаатар 91995191 дугаарын утсаар залгаж гурван зуугийн зүүн хийдийн хаалга онгорхой байна гэж харуул хэлсэн би очиж байна гэж хэлсэн. Удаагүй музейн захирал Н.Төмөрбаатар утсаар гурван зуугийн зүүн хийдээс 65-536 дугаартай гууль цутгамал алт шармал Дүйнхор хосгүй үнэт, 65-1292 дугаартай зэс хөөмөл алт шармал Майдар бурхан, 65-869 дугаартай гууль цутгамал алт шармал Жүгдэрнамжил хосгүй үнэт, 65-1295 дугаартай зэс хөөмөл алт шармал Майдар хосгүй үнэт, 65-1293 дугаартай зэс хөөмөл алт шаргал Майдар бурхан, 65-1294 дугаартай зэс хөөмөл алт шармал Майдар бурхан, 65-1303 дугаартай гууль цутгамал алт шармал Манзушир бурхадууд алга болсон гэж надад хэлсэн. /хх-ийн 240 дүгээр хуудас/ Хархорин сумын Эрдэнэзуу музейн гурван зуугаас алдагдсан 7 ширхэг бурхан мөн хэргийн газар унаж гэмтсэн 3 ширхэг бурхануудыг Соёл, спорт, аялал жуучлалын яамны соёлын өвийн төвөөр сэргээн засварлах шаардлагатай байсан тул соёлын өвийн төвөөр сэргээн засварлах үед гарах зардлыг гаргуулсан, мөн 4 ширхэг шилэн хорго 672.000 төгрөг, 4 ширхэг цоож 80.000 төгрөг нийт 21.010.145 төгрөгийн хохирол учирсан байна. Уг мөнгийг гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээс нэхэмжилнэ гэмтдолтой байна. /хх-ийн 4 дүгээр хавтасны 102 дугаар хуудас/

            18. Гэрч Д.Энхтөгсийн 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 20 минутанд Төв аймгийн Заамар сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Р.Ариунболд хяналтын камерийг шүүж, ногоон өнгийн Ланд-80 автомашины номер дугаарыг тодруулж хэдэн цагийн үед постоор өнгөрснийг тодруулаадах гэж үүрэг өгсөн. Өгсөн үүргийн дагуу камерт шүүгээд үзэхэд цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Батаа тухайн машины явж өнгөрсөн цагийг сайн мэдэхгүй байсан. Тэгээд шөнийн 00 цаг 40 минутанд камерт байгаа машиныг олж харсан. Камерт манай зохицуулагч шүгэлдэж дохиур модоор дохиж зогсоох гэхэд уг машин нилээн хурдтай зогсолгүй явж өнгөрч харагдаж байсныг нягтлаж шүүхэд уг тээврийн хэрэгсэл нь постоор баруунаас зүүн чиглэлд 2014 оны 05 сарын 19-ний өдрийн 06 цаг 22 минутанд дайрч өнгөрсөн ногоон өнгийн Тоёота ланд крузер-80 маркийн, дээрээ ачаагүй, лүктэй, урдаа никель хамгаалалттай, хамгаалалтан дундаа бөөрөнхий 2 шар гэрэлтэй, хайлшин цагаан обуднуудтай, урд 2 цонх теньгүй, бусад цонх теньтэй, хойноо шаттай, бүрээсгүй запас дугуйтай, урд номер нь урт хэлбэрийн сер нь мэдэгдэхгүй 17-77 гэсэн дугаартай арын номергүй харагдаж байсан. Жолооч нь дунд зэргийн гэхээр биетэй, цэнхэр футболк буюу цамцтай гадуураа хар куртиктэй байхаар, хажуугийн зорчигч нь нилээн махлагдуу биетэй, дотуураа бараан өнгийн цамц буюу футболктой дээр нь цагаан бичиг эсвэл зурагтай байхаар харагдаж байсан. Арын суудалд хүн явж байгаа юм шиг харагдаж байсан /хх-ийн 1 дүгээр хавтасны 250 дугаар хуудас/

19. Гэрч Ж.Бат-Очирын Би “Хөшөө цайдам” музейн сахиулаар ажилладаг юм. Тэгээд өнөөдөр өглөө эрт 04 цаг 20 минутын орчимд урдаасаа буюу засмалаараа бол Хархорин сумаас хойшоо чиглэлтэй явж байсан бараан өнгийн жийп маркийн машин явж өнгөрөхийг харсан юм. Урдаасаа өгсөж байгаа нь дуулдаад би сэрээд гэрээсээ гарсан юм. Дуу нь их тод дуутай, цагаан цэнхэр өнгийн тод гэрэлтэй машин их хурдтай яваад өнгөрсөн. Манай музейн урд руу бага зэрэг өгсүүр байдаг /хх-ийн 2 дугаар хавтасны 4-5 дугаар хуудас/

20. Гэрч А.Өсөхгэрэлийн манайх Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийн нуурын хойд захад оршин суудаг юм. 2014 оны 05 сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим манай гэрээс хойш нилээд зайтай хар ногоон өнгийн Ланд-80 маркийн автомашин зогсож байгаа харагдсан. Уг машины ойролцоо манай найз Цэрэндоржийн адуу байхаар нь би адууг нь гол руу оруулах гээд яваад очиход уг хар ногоон өнгийн Ланд-80 маркийн автомашины хажууд аргалаар гал түлчихсэн машин дотор гурван залуу унтаж байсан. Тэгээд би адуугаа туугаад гол руу оруулчихаад гэртээ ирээд харахад уг машин тэндээ зогсоод л байгаа харагдсан. Намайг гэртээ ирэхэд 19 цаг болж байсан. Ямар нэгэн номер дугааргүй хар ногоон өнгийн шинэвтэр Ланд-80 маркийн автомашин байсан. Уг машины урд суудал дээр нь нилээд том биетэй хоёр залуу тонгойгоод суучихсан, арын суудал дээр нь нэг залуу доошоо хараад хэвтчихсэн байгаа харагдсан. Би тэр машины ар талаар нь мотоцикльтой явж өнгөрсөн. Өнгөрөх үедээ харахад л арын дугааргүй машин байсан. Урд талын хаалга нь теньгүй байсан. Арын хаалга нь нээлттэй. Хойд суудал дээр нь нэг залуу доошоо хараад унтчихсан байсан. Унтаж байгаа юм байх л гэж надад бодогдсон. Ямар ч байсан доошоо хараад хэвтчихсэн байсан. Урд суудал дээр нь 2 залуу байсан. Хоёулаа махлагдуу дээгүүрээ цагаан хувцастай байсан. Тэр машин запас дугуйтай харагдаж байсан. /хх-ийн 2 дугаар хавтасны 6-8 дугаар хавтас/

21. Гэрч Ө.Эрдэнэбаатарын тэр өдрийн 14 цаг өнгөрч байх үед манай баазын харалдаа Өгийнуур сумаас хот явдаг төв шороон замын хойд талын шороон замын хажууд бараандуу жийп маркийн машин зогсож байгаа харагдсан. Манай энд байдаг Өсөхөө гэдэг залуу машин дээр нь очиж харсан гэсэн. Улсын дугааргүй, Ланд-80 маркийн машин байсан, машин дотор нь 3 хүн байсан, машин дотроо тонгойж унтсан байсан гэж Өсөхөө ярьж байсан. /хх-ийн 2 дугаар хавтасны 9-10 дугаар хуудас/

22. Гэрч М.Батаагийн хар ногоон өнгийн Ланд крузер маркийн урд талдаа цагаан өнгийн никель хамгаалалт манангийн 2 шар гэрэлтэй хүрээ нь мөн никель, хойд талдаа жолоочийн эсрэг талд гэсэн үг никель цагаан өнгийн шаттай, дээд талдаа онгойдог лүктэй улсын дугаар нь урд талдаа 17-77 серийг нь харж амжаагүй хойд талдаа улсын дугааргүй, хойд номер боогдох хэсэг нь шатны доод талдаа, запас дугуйтай энэ нь гадна талдаа бүрээсгүй никель обудтай байсан. үрүүлийн бүрээсийг камераар харахад саарал өнгөтэй саарал бор өнгийн, 4 дугуйны обуд нь никель нүүрэн талын шил теньгүй, урд хоёр хаалганы цонх теньгүй, хойд хоёр цонх хар теньтэй, машины урд хаалга мөн хар теньтэй, толь нь хар өнгийн, жолоочийн хажуу талд бүдүүн хүн байсан хар ноосон цамцтай урд хэсэгтээ цагаан өнгийн бичигтэй байсан. Жолооч нь саарал өнгийн куртик өмссөн саравчтай малгайтай байсан санагдаж байна өнгийг нь сайн харж чадаагүй. Хоёр талын хурд сааруулагчин дээр хурд хасаагүй нилээн хурдтай зам голлож явсан. Запас дугуйны доод талд данкрааддаг никель суурьтай байсан. Одоо харвал танина. Би тэр үед баруунаас зүүн тийш явж байсан ачааны машиныг шалгаад бичиг баримтыг нь постон дээр байсан цагдаадаа өгчихөөд эргээд гартал юу юугүй хурдтай орж ирсэн. Тэгээд постны шатан дээрээс буугаад шүгэлдээд дохисон чинь тэр чигээрээ явсан. /хх-ийн 2 дугаар хавтасны 11-12 дугаар хуудас/

23. Гэрч Г.Энхтуяагийн манай нөхөр Д.Мөнхзул нь 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өнгөрсөн баасан гарагт ах Д.Доржсүрэнгийн хамтаар Улаанбаатар хот руу 77-28 УНО улсын дугаартай Ланд-80 маркийн Д.Доржсүрэн ахын машинтай явцгаасан, гэрээсээ гарахдаа хоёулаа явсан. Тэгээд 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр Д.Мөнхзул нь даваа гарагт ах Д.Доржсүрэнгийн хамт хоёулаа Д.Доржсүрэн ахын машинтай ирсэн. /хх-ийн 2 дугаар хавтасны 121 дүгээр хуудас/

24. Яллагдагч Д.Доржсүрэнгийн сэжигтнээр өгсөн мэдүүлэгт: яг үнэнийг хэлэхэд манай дүү Д.Мөнхзул надаас миний машиныг авч явсан юм. Хотоос гарахаас өмнө Д.Мөнхзул ахаа та машины дугуйгаа соличихмоор юм даа гэхээр нь би ах нь боломж муутай байгаа гэхэд Д.Мөнхзул надаас мөнгө авчихгүй юу дараа өгнө биз гэхээр нь Д.Мөнхзулаас мөнгө авч дугуй авахаар болсон. Тэгтэл Д.Мөнхзул Д.Тэгшжаргалын бонго машиныг унаад явснаа удалгүй 4 шинэ дугуй авч ирсэн. Тэгээд доктороос баруун тийшээ яваад ойролцоо байрласан 2 дугуй засварын газрын баруун талын засвар дээр очиж 4 дугуйгаа солиулсан. /хх-ийн 3 дугаар хавтасны 107-110 дугаар хуудас/

25. Яллагдагч Д.Мөнхзулын сэжигтнээр өгсөн мэдүүлэгт: миний зүгээс хэлэхэд энэ хэргийг манай Д.Доржсүрэн болон Д.Тэгшжаргал ах нар л үйлдчихсэн юм шиг байна лээ. Учрыг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч л байсан Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу хийдээс саяхан алдагдсан бурханууд нь байгаа болохыг Тэгшээ ахаасаа сонссон. 2014 оны 05 сарын 19-ний өглөө таван шард Тэгшжаргал ахынд унтаж байгаад багцаагаар 10 цагийн үед сэрэхэд ах Доржсүрэн, Тэгшжаргал нар ирчихсэн унтаж байсан. /хх-ийн 3 дугаар хавтасны 116-117 дугаар хуудас/

26.Яллагдагч Д.Мөнхзулын: Миний хувьд 2014 оны 05 сарын 19-нд ах Тэгшжаргалын хамт Эрдэнэзуу хийдээс 7 ширхэг бурхан хулгайлан авсан юм. Тэгээд Хархорин руу 23 цаг 30 минутын үед орж шууд Эрдэнэзуу музейн хойд хаалган дээр очоод зогссон. Тэгээд тэндээс хашааны хойд хаалганы цоожийг тасдагч хайчаар таслаж онгойлгон орсон. Тэгээд хашаан дотор байдаг хэрмэн хашааны зүүн урд хаалганы цоожийг мөн л тасдагчаар онгойлгон орсон. Тэгээд шууд зүүн талын дуган луу орсон. Хаалганы цоожийг бас тасдагчаар онгойлгосон юм. Надад байсан асаагуурын гэрлээр гэрэлтүүлж ах түрүүлж орсон. Би ард нь ах урд нь орж яваад би араас нь гэрэлтүүлж явсаар дуганы баруун хойд талын шилэн хорготой бурханууд байсан. Би шууд шилэн хоргыг гараараа цохиж хагалаад эхний 2 ширхэг бурханыг аваад би ахад өгсөн. Ямар бурхан авснаа мэдэхгүй байна. Тэгээд үлдсэн 5 бурханыг би аваад дуганаас гарсан. Гарахдаа тасдагч хайч болон зааз төмрөө сандраад бүгдийг нь хаяад гарсан. /хх-ийн 3 дугаар хавтасны 119-120 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Уг хэргийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хархорин сум дахь Сум дундын шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул, Д.Доржсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрт нь 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж. 10 жил 1 хоногийн хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн 13А дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Доржсүрэнгээс гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй.

Иймд улсын яллагчийн зүгээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 305 дугаар зүйлийг удирдлага болгон улсын яллагчийн тайлбар бичив.

Шүүх хуралдаанд прокурор оролцоно ... гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Батмөнх гаргасан дүгнэлтдээ:

Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул, Д.Доржсүрэн нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна ... гэв.

              ХЯНАВАЛ:

Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул, Д.Доржсүрэн нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэзуу” музейн гурван зуугийн зүүн зууд хууль бусаар нэвтрэн орж, Дуйнхор, Жүгдэрнамжил, Манзушир болон 4 тооны Майдар  бурхадыг хулгайлж 27.868.900 төгрөгийн шууд хохирол, бурхадыг сэргээн засварлахад шаардагдах 20.258.145 төгрөг, эвдэрсэн эд зүйлийн үнэлгээ 752.000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул, Д.Доржсүрэн нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаж чадаагүй байна.

Анхан шатны шүүх, хулгайд алдагдсан гэх бурхадын үнэлгээг соёл шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын /Боловсрол соёл шинжлэх ухааны яам/ дэргэдэх мэргэжлийн зөвлөлөөр тогтоолголгүй,  Монгол улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчин, хөрөнгийн үнэлгээний “ЛЭНДС” ХХК-наар уг бурхадын зах зээлийн үнэлгээг гаргуулан гэмт хэргийн хохирлын хэмжээг тогтоосонг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу  болжээ.

 Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэзуу” музейн гурван зуугийн зүүн зуугаас бурхад хулгайд алдагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2001 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Монгол улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг холбогдох эрдэм шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн соёл шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх мэргэжлийн зөвлөл тодорхойлно” гэж заасны дагуу бурхадын үнэлгээг Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2010 оны 136 дугаар тушаалаар батлагдсан “Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тодорхойлох мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам” болон, Монгол улсын Сангийн сайдын 2013 оны 140 тоот тушаалын батлагдсан “Түүх соёлын дурсгал, үзмэр эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журам”-ын дагуу бурхадын зэрэглэл, үнэлгээг  тогтоох нь зүйтэй.

 Мөн хавтас хэрэгт авагдсан бурхадын сэргээн засварлах үнэлгээг тогтоосон үнэлгээг нь нийт бурхадыг засварлах ажиллагааны үнэлгээг ерөнхийлөн тогтоосон, чухам хулгайлагдсаны улмаас бурхадад үүссэн гэмтлийг сэргээн засварлахад гарах зардлыг нарийвчлан тогтоогоогүй байна.

Бурхадыг хулгайлсаны улмаас сэргээн засварлах үнэлгээг нарийвчлан тогтоох нь  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шударгаар нөхөн төлүүлэхээр шүүх шийдвэрлэхэд  ач холбогдолтой болно.

Дээр дурдсан үнэлгээг зохих байгууллагуудаар гаргуулсаны эцэст Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул, Д.Доржсүрэн нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иймд  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул, Д.Доржсүрэн нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Хархорин сум дахь Сум дундын прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул ялтан болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдолд эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 322 дугаар зүйлийн 322.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул, Д.Доржсүрэн нарт холбогдох эрүүгийн 201415010081 тоот хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газарт буцаасугай.

 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5, 68 дугаар зүйлийн 68.6 дахь хэсэгт зааснаар хэргийг Прокурорын газарт хүргэгдэн очтол Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул, Д.Доржсүрэн нарт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал нэн даруй заавал биелэгдэх шинжтэй бөгөөд хяналтын шатны журмаар гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЭРДЭНЭБИЛЭГ

    ШҮҮГЧИД                                  Т.ДАВААСҮРЭН   

                                                       М.МӨНХДАВАА