Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 94

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: З.Сүхбаяр,

Улсын яллагч: Д.Ганцэцэг,

Шүүгдэгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тээл овгийн Пүрэвчулууны Өлзийбаярт холбогдох эрүүгийн 201615000293 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1990 оны 11 дүгээр сарын 23-нд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бага  боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-3 ээж дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн “Боривт” гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Тээл овгийн Пүрэвчулууны Өлзийбаяр. РД: ЙИ90112313.  

Шүүгдэгч П.Өлзийбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн “Хүнс бараан” захын “Хангамж” худалдааны төвийн “Хас” банкны урд талаас иргэн Ч.Нарантогтохын эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “мустанг-5” маркийн мотоцикль хулгайлж, 1.400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч П.Өлзийбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Зах дотор “Хангамж” худалдааны төвийн үүднээс улаан өнгийн мотоцикль хулгайлаад захын баруун талын хаалгаар гараад Зүүнбаян-Улаан суманд байдаг гэртээ харьсан” гэв.

Хохирогч Ч.Нарантогтохын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн “Хүнс бараан” захын “Хангамж” худалдааны төвийн “Хас” банкны урд талд өөриин эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлсэн улсын дугааргүй улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклио хулгайд алдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Гэрч Т.Саранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Өлзийбаяр нь миний 2 дахь хүүхэд байгаа юм. Уг нь зан байдлын хувьд сайн хүүхэд байгаа юм. Ийм муухай юманд орж байгаагүй юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “ЛЭНДС ХХК”-ий 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №10/59 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “ЛЭНДС ХХК”-ий 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №10/55 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.Өлзийбаярын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 67-69 дүгээр хуудас/,

Шүүгдэгч П.Өлзийбаярын ял шалгах хуудас /хх-ийн 86 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.Өлзийбаярыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 57-63 дугаар хуудас/зэрэг болно.,

Шүүгдэгч П.Өлзийбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн “Хүнс бараан” захын “Хангамж” худалдааны төвийн “Хас” банкны урд талаас иргэн Ч.Нарантогтохын эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “мустанг-5” маркийн мотоцикль хулгайлж, 1.400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.Нарантогтохын “... 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн “Хүнс бараан” захын “Хангамж” худалдааны төвийн “Хас” банкны урд талаас  өөриин эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлсэн улсын дугааргүй улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклио хулгайд алдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/, Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 43-44/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “ЛЭНДС ХХК”-ий 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №10/59 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 38-40/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “ЛЭНДС ХХК”-ий 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №10/55 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 46-47/, шүүгдэгч П.Өлзийбаярыг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.,

Шүүгдэгч П.Өлзийбаярт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч П.Өлзийбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч П.Өлзийбаяр нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сайн дураараа шүүгдэгчтэй эвлэрсэн талаараа шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч П.Өлзийбаярыг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.Өлзийбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн болно.

Хэрэгт шүүгдэгч П.Өлзийбаярын эзэмшлийн NOKIA 2310 маркийн гар утас битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тээл овгийн Пүрэвчулууны Өлзийбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Тээл овгийн Пүрэвчулууны Өлзийбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар  зүйлийн 145.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч П.Өлзийбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хэрэгт шүүгдэгч П.Өлзийбаярын эзэмшлийн  NOKIA 2310 маркийн гар утас битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Өлзийбаярт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-д  зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл П.Өлзийбаярт   урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.МАНДАХБАЯР