Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01516

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01516

 

 

 

Б.Ө -ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2020/01513 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ө ын хариуцагч Геологийн төв лаборатори ТӨААТҮГ-т холбогдуулан гаргасан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ө , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Очбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Геологийн төв лаборатори ТӨААТҮГ-т 2001 онд програмисст хэмжилзүйн инженерээр ажилд орж, 2005 оноос хойш Харилцагчийн үйлчилгээ, маркетингийн хэлтэст харилцагчийн үйлчилгээний менежерээр ажилласан. 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Төрийн өмчит бодлого, зохицуулалтын газрын 467 тоот тогтоолоор Геологийн төв лаборатори ТӨААТҮГ-ын захирлын 160 ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн татварын хуримтлалаас 5 721 184 төгрөгийг Монголын эрчим хүч, Геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоонд шилжүүлэх, Төв үйлдвэрчинд татвар нэрийдлээр бэлэн аваад хувьдаа завшсан, данснаас 1 000 000 төгрөг, 2 000 000 төгрөгийг дуртай үедээ авч ашигласан үйлдлүүдээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа Э.Тэгшжаргалыг томилсныг эсэргүүцсэн. Үүний улмаас Геологийн төв лаборатори ТӨААТҮГ-ын захирал Э.Тэгшжаргалын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/21 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 4.1, 10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 4.18 дугаар зүйлийн Д хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.2 заалтыг тус тус үндэслэн ажлаас халсан. Тус байгууллагад ажиллах 18 жилийн хугацаанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, надад нэг ч удаа гомдол ирж байгаагүй учир тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй. Ажлаас халсан үндэслэлд zarig.mn сайтаар байгууллагын нэр хүндийг гутаасан гэсэн боловч би Э.Тэгшжаргал гэж хувь хүний талаар ярьсан. Мөн тус тушаалд дурдсан байгууллагын нууцыг зөрчсөн гэх үйлдэл гаргаагүй. Байгууллагын ямар нууцыг задруулсан болохыг нотолж чадаагүй. Мөн 2019 оны Үйлдвэрчний эвлэлийн хурлыг зохион байгуулсан гэж байгаа боловч тухайн үед ээлжийн амралттай учир зохион байгуулаагүй, харин хуралд ирж суусан. Иймд өмнө эрхэлж байсан харилцагчийн үйлчилгээний менежер албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Э.Тэгшжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Ө нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр zarig.mn сайтад Геологийн төв лаборатори ТӨААТҮГ-ын захирлаар ёс зүйгүй хүнийг томилсон мэтээр байгууллагын нэр хүндийг унагаасан. Мөн тэрээр 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр буюу баасан гарагт ажлын цагаар бүх ажилчдын хурлыг зарлан хуралдуулсан, улмаар байгууллагын удирдлагыг үндэслэлгүйгээр эсэргүүцсэн тул Б.Ө ыг Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.18/д/, 5.1 дэх хэсэг, мөн хөдөлмөрийн гэрээний 3.4.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь өөрөө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ zarig.mn сайтад ярилцлага өгсөн тухайгаа хэлсэн байна. Тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр батлагдаагүй, нотлогдоогүй мэдээлэл хийж тус байгууллагын нэр хүндэд халдсан. Мөн ажлын цагаар Үйлдвэрчний эвлэлийн хурлыг зохион байгуулсан нь өөрөө хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж байгаа үйлдэл юм. Б.Ө нь үүрэгт ажилдаа удаа дараа хариуцлагагүй хандаж, ажил олгогчийг үндэслэлгүйгээр эсэргүүцсэн. Эдгээр үйлдлүүд нь Б.Ө ыг ажлаас шууд халах үндэслэлд хамаарагдаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Б.Ө ыг өмнө эрхэлж байсан ажил болох Геологийн төв лаборатори ТӨААТҮГ-ын харилцагчийн үйлчилгээний менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Геологийн төв лаборатори ТӨААТҮГ-аас 5 009 856 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ө д олгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Б.Ө ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Геологийн төв лаборатори ТӨААТҮГ-т даалган, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ төрлийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Геологийн төв лаборатори ТӨААТҮГ-аас 95 107 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Очбадрал давж заалдах гомдолдоо:

Б.Ө нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Зариг.мн сайтанд ямар ч ор үндэслэлгүйгээр эрх бүхий байгууллагаас томилогдож ирсэн захирлаа ур чадваргүй, гэмт хэрэгтэн гэх мэтээр ярьж, хэлж эсэргүүцэлд оролцсон нь хариуцагч байгууллагын удирдлага болон байгууллагын нэр төрд шууд халдсан, ёс зүйгүй үйлдэл бөгөөд энэхүү үйлдэл нь байгууллагын нэр хүндийг гутаасан гэж үзэх хангалттай үндэслэл болох юм.

Б.Ө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөхгүй байж болох байсан боловч ярилцлага өгч байгууллагаа муулсан.Түүний энэхүү үйлдэл нь хэрэгт нотлох баримтаар авагдсан боловч шүүх зөв үнэлээгүй гэж үзэх үндэслэлтзй байна.

Мөн Хөдөлмөрийн гэрээнд 3.4 дүгээр зүйлд ноцтой зөрчлийг заасан бөгөөд 3.4.2-т үндэслэлгүйгээр эсэргүүцэх, ... гэж заасан нь энэ нь дээр дурдсан Зариг.мн сайтанд ярилцлага өгсөн үйлдлээр нотлох баримтаар тогтоож байгаа бөгөөд эрх бүхий байгууллагаас томилогдож ирсэн захирлыг эсэргүүцэж байгаа бол зохих журмын дагуу өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан боловч энэхүү аргыг хэрэглэлгүйгээр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглаж байгууллагын нэр хүндийг бодолгүй удирдлагаа эсэргүүцсэн нь хууль бус юм. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/21 дугаар тушаалаар Б.Ө ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч Геологийн төв лаборатори ТӨААТҮГ-т холбогдуулан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд хооронд 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэнд хэн аль нь маргаангүй.

Геологийн төв лаборатори ТӨААТҮГ-ын захирлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/21 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 4.18/д/, 5.1 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 3.4.2 дахь заалтуудыг баримтлан Б.Ө ыг байгууллагын нэр хүндийг гутаасан мэдээ тараасан, ажлын цагаар үйлдвэрчний эвлэлийн хурал зохион байгуулсан буюу ажилтнууд үүрэгт ажлаа хийж гүйцэтгэхэд нь саад учруулсан, ажлын цагийг зохисгүй ашигласан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх, удирдлагыг үндэслэлгүйгээр эсэргүүцсэн гэх үндэслэлээр түүнийг харилцагчийн үйлчилгээний менежерийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Зохигчид хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдсон эсэх талаар маргажээ.

Талууд хөдөлмөрийн гэрээний 3.4 дэх хэсэгт гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцлүүдийг тусгаж өгсөн байх ба гэрээний 3.4.2-т удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх, үндэслэлгүйгээр эсэргүүцсэн бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасанд тооцохоор заасан байна. Ажилтныг хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд уг зөрчил тогтоогдсон байхыг шаардана. Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний 3.4.2-т заасныг зөрчсөн гэж маргасан учир нэхэмжлэгчийн зөрчил гаргасан гэм буруутай үйлдлийг баримтаар нотлох үүргийг хүлээнэ.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн зөрчил гаргасан үйлдлийг нотлохоор хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын цагийн бүртгэл, тушаал зэрэг баримтыг шүүхэд гарган өгч, Зариг.мн сайтанд үзлэг хийлгэжээ. /хх-78-119, 156-157/ Уг үзлэгийн тэмдэглэлээс үзвэл Зариг.мн сайтанд тавигдсан нэхэмжлэгч Б.Ө ...шинэ удирдлагыг хүлээн авах боломжгүй, энэ хүнийг хэрхэн сонгож авсан нь тодорхойгүй..., ...энэ хүн нь хэрэгт холбогдож байсан, одоо шалгагдаж байгаа Үйлдвэрчний эвлэлийн хуримтлалын 5 700 000 төгрөгийг хааш нь хийсэн нь мэдэгдэхгүй байгаа... гэх агуулга бүхий ярилцлага өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын ноцтой зөрчилд хамаарахгүй тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагч байгууллагын нэхэмжлэгч Б.Ө ыг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх татгалзлын үндэслэлийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Улмаар нэхэмжлэгч Б.Ө ыг Геологийн төв лаборатори ТӨААТҮГ-ын харилцагчийн үйлчилгээний менежерийн ажилд эгүүлэн тогтоон, түүний үр дагаврыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2020/01513 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 95 107 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД