Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2020/01513

 

 

2020 05   05

184/ШШ2020/01513

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Ө-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г ТӨААТҮГ -т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, түүний өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Номинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г ТӨҮГ-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Би тус байгууллагад анх 2001 онд програмисст хэмжилзүйн инженерээр ажилд орж, 2005 оноос хойш харилцагчийн үйлчилгээ, маркетингийн хэлтэст харилцагчийн үйлчилгээний менежерээр ажиллаж тус байгууллагад нийт 18 жил ажилласан. Геологийн төв лабораторид зохион бүтээдэг стандарт загваруудын статистик тооцоо, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан борлуулах, борлуулалтын ажлыг 7 дистрибьютерээр дамжуулан хийх, шаардлагатай урвалж бодисыг дистрибьютрээр дамжуулан авах, байгууллагын 100 гаран компьютертэй дотоод сүлжээний хэвийн ажиллагааг сүлжээний инженерийн өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралтаа авах үед хавсран орлон хийх, захиалагч байгууллагаас ирүүлсэн ажлыг зөвлөгөө өгч хүлээн авах, хүлээн авсан сорьцын анхдагч бүртгэлийг Мэдээллийн нэгдсэн систем /ЛИМС/-д оруулах, бүртгэл хөтлөлт хийх, шинжилгээний үнийг тооцоолон бодож санхүүгийн асуудлыг шийдэх, тасаг нэгжид захиалгыг хүлээлгэн өгөх, хариу гарсан захиалгыг тасаг нэгжээс авах, шинжилгээний явцыг захиалагчид мэдээллэх, захиалагчтай эргэх холбоотой байж шинжилгээний үр дүнг захиалагчид хүлээлгэн эх хувиар болон цахим шуудангаар илгээх ажлуудыг хариуцан гүйцэтгэдэг. 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Төрийн өмчит бодлого, зохицуулалтын газрын 467 тоот тогтоолоор Г-ТӨҮГ-ын захирлаар ёс зүйгүй, хариуцлагагүй, 160 ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн татварын хуримтлалаас 5.721.184 төгрөгийг Монголын эрчим хүч, Геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоонд шилжүүлэх, Төв үйлдвэрчинд татвар нэрийдлээр бэлэн аваад хувьдаа завшсан, данснаас 1.000.000 төгрөг, 2.000.000 төгрөгийг дуртай үедээ авч ашигласан үйлдлүүдээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа Э.Т-ыгтомилсныг эсэргүүцэн тэмцсэний улмаас Г ТӨҮГ-ынЭ.Т нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль-ийн 20 дугаар зүйлийн 20.1, 4.1, 10 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 4.18 дугаар зүйлийн Д хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.2 дахь заалтыг үндэслэн, Б.Ө миний биеийг үндсэн ажлаас чөлөөлөх тухай Г ТӨҮГ-ын2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/21 дугаар тушаалаар намайг ажлаас халсан. Тус тушаалыг үндэслэлгүй, хууль бус тушаал гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 3.4.2 дахь заалтад тус тус дурдсан алдаа дутагдлыг тус лабораторид ажиллаж байх 18 жилийн хугацаанд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн зөрчлөөр шийтгүүлж байгаагүй, ажил мэргэжлийн хувьд алдаа дутагдал гаргасан гэж арга хэмжээ авагдаж байгаагүй байхад ойлгомжгүй, үндэслэлгүй ажлаас чөлөөлөх тушаал гаргажээ. Миний бие уг тушаалыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ нэр төртэй, сэтгэлээсээ хандаж хийдгийг хамт болон ба Геологийн төв лабораторид дээжээ байнга шинжлүүлдэг харилцагч төрийн болон хувийн хэвшлийн 600-аад байгууллагын төлөөллүүд гэрчилнэ. Ажиллаж байх хугацаандаа миний нэр дээр нэг ч удаа гомдол ирж байгаагүй. Мөн Г ТӨҮГ-ын2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/45 тоот Мэргэжлийн комиссыг шинэчлэн батлах тухай, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/64 тоот Ёс зүйн хороо байгуулах, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/88 тоот Б.Өаар ажил хослон гүйцэтгүүлэх тухай, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/114 тоот Стандартчилсан загварын борлуулалтын хувь тооцох тухай тушаалуудаар сонгуульт ажил, хавсран хийж байсан нь тус лабораторид хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ нэр төртэй хийж байсныг гэрчилнэ. Ажлаас халсан үндэслэлд zarig.mn сайтаар байгууллагын нэр хүндийг гутаасан гэсэн. Гэтэл тус сайтад миний бие Э.Т гэж хувь хүний талаар ярьсан. Мөн тус тушаал дээр байгууллагын нууцыг зөрчсөн гэх үндэслэлийг дурдсан. Иймд үйлдэл гаргаагүй. Байгууллагын ямар нууцыг задруулсан болохоо нотолж чадахгүй байгаа. Мөн 2019 оны Үйлдвэрчний эвлэлийн хурлыг зохион байгуулсан гэж байгаа. Гэтэл тухайн үед миний бие ээлжийн амралттай байсан тул тус хурлыг зохион байгуулаагүй. Харин хуралд ирж суусан. Иймд намайг урьд ажиллаж байсан харилцагчийн үйлчилгээний менежер албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ө нь 2019 оны .. дүгээр сарын ..-ны өдөр zarig.mn сайтад Г ТӨҮГ-ын-ын захирлаар ёс зүйгүй хүнийг томилсон мэтээр байгууллагын нэр хүндийг унагаасан. Мөн тэрээр 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр буюу баасан гарагт ажлын цагаар бүх ажилчдын хурлыг зарлан хуралдуулсан, улмаар байгууллагын удирдлагыг үндэслэлгүйгээр эсэргүүцсэн тул Б.Өыг Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.18/д/, 5.1 дэх хэсэг, мөн хөдөлмөрийн гэрээний 3.4.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь өөрөө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ zarig.mn сайтад ярилцлага өгсөн тухайгаа хэлсэн байна. Тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр батлагдаагүй, нотлогдоогүй мэдээлэл хийж тус байгууллагын нэр хүндэд халдсан. Мөн ажлын цагаар Үйлдвэрчний эвлэлийн хурлыг зохион байгуулсан нь өөрөө хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж байгаа үйлдэл юм. Ажилтан Б.Ө нь үүрэгт ажилдаа удаа дараа хариуцлагагүй хандаж, ажил олгогчийг үндэслэлгүйгээр эсэргүүцсэн. Эдгээр үйлдлүүд нь Б.Өыг ажлаас шууд халах үндэслэлд хамаарагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, үзлэгийн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч Г ТӨААТҮГ-т 2001 оноос ажиллаж байгаад, ажил олгогчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/21 дугаартай шийдвэрээр, харилцагчийн үйлчилгээний менежерийн үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.

 

Ажил олгогч нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/21 дугаартай шийдвэрээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа, ажилтан Б.Ө байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 4.18/д/-д заасныг зөрчиж, байгууллагын нэр хүндийг гутаасан мэдээ тараасан, 5.1 дэх хэсгийг зөрчиж ажлын цагаар үйлдвэрчний эвлэлийн хурал зохион байгуулсан буюу ажилтнууд үүрэгт ажлаа хийж гүйцэтгэхэд нь саад учруулсан, ажлын цагийг зохисгүй ашигласан, мөн хөдөлмөрийн гэрээний 3.4.2-т заасныг зөрчиж удирдлагыг үндэслэлгүйгээр эсэргүүцсэн гэж үзэж, эдгээр үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

Нэхэмжлэгч Г ТӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хурлыг зохион байгуулсан гэх 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажилтан Б.Ө нь ээлжийн амралт эдэлж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ажилтны цагийн бүртгэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Ээлжийн амралттай байсан ажилтныг үүрэгт ажлаа хийж гүйцэтгээгүй, ажлын цагийг зохистой ашиглаагүй гэж үзэх нь үндэслэлгүй юм.

 

Хариуцагч нь, ажлын цаг нь ажил олгогчийн мэдлийн цаг байна гэх Хөдөлмөрийн дотоод журмын 5.1 дэх хэсгийг тайлбарлахдаа ажлын цагаар үйлдвэрчний эвлэлийн хурлыг зохион байгуулж, ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэхэд саад учруулсан гэх агуулгаар мөн тайлбарласан. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэгч Б.Ө нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үйлдвэрчний эвлэлийн хурлыг зохион байгуулаагүй болох нь тогтоогдож байхаас гадна ажилтнуудыг ажил үүргээ гүйцэтгэхэд саад учруулсан гэх үндэслэлийг талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ноцтой зөрчилд тооцох талаар гэрээгээр харилцан тохиролцоогүй байна.

 

Түүнчлэн хариуцагч Г ТӨААТҮГ нь ажилтныг байгууллагын нэр хүндийг гутаасан мэдээ мэдээлэл тараасан, энэ нь хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ноцтой зөрчилд тооцогдоно гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Ажилтан Б.Ө нь 2019 оны .. дүгээр сарын ..-ны өдөр www.zarig.mn цахим хуудсанд: ...Өнөөдөр манай ажил дээр ажил цуглаад үймээн үүсчихлээ. Ажил цуглаад манай удирдлагыг шинээр сольж байгааг мэдлээ. Шинэ удирдлагыг бид хүлээж авах боломжгүй байна. Яагаад гэвэл энэ хүнийг хэрхэн сонгож авсан нь тодорхойгүй, биднээс санал аваагүй байна. Үнэхээр мэдлэг ур чадвар, ёс зүйн хувьд манлайлагч гэж үзэж сонгосон гэх шалгуураа танилцуулаагүй. Гэтэл энэ хүн нь хэрэгт холбогдож байсан, одоо шалгагдаж байгаа, Үйлдвэрчний эвлэлийн хуримтлалын 5.700.000 төгрөгийг хааш нь хийсэн нь мэдэгдэхгүй байгаа. Одоо цагдаа, сэргийлэх дээр байнга дуудагдаж байгаа. Хамгийн наад зах нь ийм хүн байгаа. Ийм ёс зүйгүй хүн байгууллагыг удирдах боломжгүй. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан шийдвэр нь ямар ч дүн шинжилгээгүй гэж бид нар үзэж байгаа. Манайх бол олон улсын итгэмжлэгдсэн лаборатори бөгөөд энэ хүний гарын үсгийг дистрибьютер байгууллагууд хүлээн авах болно. Зөвхөн дотоодод төдийгүй гадаадад бид нар харилцдаг. Тэр болгон дээр энэ хүн хэрэгтэй байхад энэ хүнийг түдгэлзүүлээд гарын үсэг зурах эрхгүй болгож, дараагийн хүнийг томилсныг бид нар хүлээж авах эрхгүй болчихоод байна... гэсэн агуулга бүхий ярилцлага өгсөн болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл баримтаар тогтоогдож байна.

 

Дээрх ярилцлага нь агуулгын хувьд Г ТӨААТҮГ-ын ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэхээргүй байна. Байгууллагын ажил хэргийн нэр хүнд гутаагдах явдал нь тухайн байгууллагын үйл ажиллагаа доголдсон, орлого буурсан зэрэг хэвийн үйл ажиллагаанд сөрөг доголдол үүсэх байдлаар илэрдэг бөгөөд ийнхүү байгууллагын ажил хэргийн нэр хүнд гутаагдаж, тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан болох нь баримтаар тогтоогдоогүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хуулийн энэ хэсэгт заасныг үндэслэл болгож хөдөлмөрийн харилцааг цуцалж болдог.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч нь, удирдлагын зүгээс ажилтан Б.Өд удаа дараа үүрэг даалгавар өгсөн боловч үүрэг даалгавар биелүүлээгүй, улмаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч удирдлагыг үндэслэлгүйгээр эсэргүүцсэн хэмээн хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид өөрсдийн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг боловч удаа дараа үүрэг даалгавар өгөхөд биелүүлээгүй гэх тайлбараа хариуцагч баримтаар нотолж чадаагүй.

 

Нөгөө талаас, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байх ба мөн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д: Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана. гэж заажээ. Хөдөлмөрийн гэрээний 3.4.2-т заасан үндэслэлгүйгээр эсэргүүцэх гэх ойлголт буюу гэрээний нөхцөл нь өргөн хүрээг хамарсан, ажилтан буюу гэрээний саналыг хүлээн авагч тал энэ нөхцөлийн утга санааг шууд тодорхойлох, ойлгох боломжгүй байна. Иймд маргааны энэ тохиолдолд, хариуцагчийн энэ хэрэг дээрх хариу тайлбарын хэмжээнд, ажилтан ажил олгогчийг үндэслэлгүйгээр эсэргүүцсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч буюу ажилтан Б.Ө нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40

дүгээр зүйлийн 40.1.4-т заасан нөгөө үндэслэл болох хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй, гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажлын 64 хоног хөдөлмөр эрхлээгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар энэ хугацааны нөхөх олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно. Ажилтны 1 өдрийн дундаж цалин, хөлс 78.279 төгрөг, ажилгүй байсан 64 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5.009.856 төгрөг болж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй байдаг байна.

 

Ажилтан дээрх хугацаанд хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж төлөгдөөгүй явдалд ажил олгогч буруутай байх тул нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангана.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Б.Өыг өмнө эрхэлж байсан ажил болох Г ТӨААТҮГ-ын харилцагчийн үйлчилгээний менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Г ТӨААТҮГ-аас 5.009.856 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Өд олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Б.Өын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Г ТӨААТҮГ-т даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ төрлийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Г ТӨААТҮГ-аас 95.107 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР