Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/00750

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/00750

 

 

 

МТ петролиум ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/00369 дүгээр шийдвэртэй МТ петролиум ХХК-ий нэхэмжлэлтэй Их мандах үйлст ХХК-д холбогдох, газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 45 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: МТ петролиум ХХК нь Их мандах үйлст ХХК-тай 2016 онд шатахуун нийлүүлэх, зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд 24 000 литр дизель түлш шийлжүүлэхээр тохиролцсон. Үүний үнэ нь 32 400 000 төгрөг болсон. 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нийлүүлээд Их мандах үйлст ХХК дизель түлш авсан өдрөөс хойш сураг тасарсан. Анх манай компанийн нягтлангийн найз гэж дамжин гэрээ байгуулсан байдаг. Төлбөрийг нэхэмжлэхэд 2016 оны 9 дүгээр сард 2 000 000 төгрөгийг төлбөрөөсөө төлсөн бөгөөд үлдэгдэл 30 400 000 төгрөгийг бид Их мандах үйлст ХХК-ийн захирал М.Цогтоогоос нэхэмжилсэн. Түүнчлэн М.Цогтоо, н.Батбаяр нараас төлбөр нэхэмжилж уулзахад 2016 оны 12 дугаа сараас өмнө төлбөрөө төлнө, шүүхэд өгөхгүйгээр хүлээж байгаач гэж байсан боловч тухайн оны 11 дүгээр сар хүртэл төлбөрөө төлөх шинжгүй хаана байгаа нь тогтоогдохгүй, гар утас нь холбогдохгүй байсан учраас бид арга буюу 2016 оны 11 сард анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлд тухайн 3816 тоот гэрээний дагуу нэхэмжлэл гаргаж, алданги нь уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлээр нийт 45 600 000 төгрөгийг Их мандах үйлст ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани МТ петролиум ХХК-тай түлш худалдах худалдан авах гэрээг 2016 оны 4 дүгээр сард байгуулсан. Гэрээний дагуу нийлүүлсэн гэх шатахууныг манай компани хүлээн аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Баатар нь Их мандах үйлст ХХК-ийн нэрээр 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 24 000 литр түлшийг өөрийн тээврийн хэрэгслээр хүлээн аваад явсан. Энэ 24 000 литр түлшийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тооцоо нийлсэн актад зурсан гарын үсэг нь манай эрх бүхий албан тушаалтаны гарын үсэг биш, өөр хүн гарын үсэг зурсан нь шүүхийн ажиллагааны явцад тогтоогдсон. Компанийн тамга ямар замаар дарагдсан байгааг бид мэдэхгүй, тодорхой тайлбар гаргах боломжгүй. Иймд МТ петролиум ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Их мандах үйлст ХХК-иас бүгд 45 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МТ петролиум ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч МТ петролиум ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Их мандах үйлст ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 385 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МТ петролиум ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Хариуцагчийн 24 000 литр дизель түлшийг аваагүй гэх тайлбар нь Хаан банк ХХК-ийн 5028129620 дугаар төгрөгийн дансны хуулгаар үгүйсгэгдэж байна, ... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас дизель түлшний үлдэгдэл төлбөрт 30 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй, ...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид нийт 15 200 000 төгрөгийг, бүгд 45 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй... гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн ашиг сонирхлыг хөндсөн, хууль зөрчсөн шийдвэр болсон. Учир нь давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй. МТ петролиум ХХК болон Их мандах үйлст ХХК нарын хооронд Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч тухайн гэрээний дагуу нийлүүлэх ёстой түлшийг Д.Баатар гэх хүн Их мандах үйлст ХХК-ны ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр МТ петролеум ХХК-иас хүлээн авсан тухай үйл баримт хэрэгт байсаар байхад энэхүү баримтад дүгнэлт хийгээгүй, мөн Д.Баатараас гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, зөвхөн Хаан банк ХХК дахь 5028129620 дугаар төгрөгийн дансны хуулгыг үндэс болгон Их мандах үйлст ХХК-ийг дизелийн түлш авсан гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд хэргийг зөвхөн нэг талд шийдвэрлэсэн байна гэж үзэхэд хүргэж байна. Мөн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-д зааснаар болон хуульд зааснаар гэрээнд заасан бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, хүлээн авсан тохиолдолд худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ болон алдангийг төлөх үүрэгтэй байхад шүүх үндсэн төлбөр болон алдангийг хамтад нь хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох болон мэтгэлцэх, төлөөлүүлэх зэрэг эрхийг зөрчиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулгын хувьд Их мандах үйлст ХХК-иас итгэмжлэлийг албан ёсоор авсан, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан, хэргийн материалтай танилцаагүй, шүүх хурал товлогдсон тухайн үеийн цаг хугацаанд Завхан аймгийн Улиастай суманд томилолтоор ажиллаж байсан, энэ нөхцөл байдлаа нотолж баримтыг шүүхэд гаргаж өгсөн атал хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд оролцох, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг зөрчиж, мэтгэлцэх боломжийг хангалгүйгээр шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийсэн нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Шүүхэд гаргасан хүсэлтдээ ...шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх боломжоор хангуулах тухайгаа илэрхийлсээр байтал уг эрхийг нь хангаагүй. Тус шүүх хуралдаанд оролцсон бол сөрөг нэхэмжлэл гаргаж, шинжээчийн дүгнэлт гаргуулах, хавтаст хэрэгт авагдсан зарим баримтаас татгалзах, өөр бусад гэрч оролцуулах гэх зэргээр өөрийгөө буруугүйг нотлох баримтыг цуглуулах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн. Мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар ...шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна... гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлэх боломжийг олгож анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч МТ петровис ХХК нь хариуцагч Их мандах үйлст ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 45 600 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

МТ петровис ХХК нь Их мандах үйлст ХХК -тай 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 37-16 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 38/16 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээний дагуу 24 000 литр шатахууныг худалдагч худалдан авагчид шилжүүлэх, үнийг 30 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон болох нь худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээ, түүний хавсралт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна. /1хх 16-21 дүгээр тал/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан авах болон барьцааны гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1, 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч МТ петролиум ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу Их мандах үйлст ХХК-д 1 литр нь 1350 төгрөгийн үнэ бүхий 24 000 литр, нийт 32 400 000 / төгрөгийн үнэтэй дизель түлшийг нийлүүлсэн болох нь 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шатахууны тооцоо нийлсэн акт, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №3215 Шатахуун тослох материалын зарлагын баримт болон №962 Шатахуун олгох зөвшөөрлийн хуулбар,Хаан банк ХХК дахь 5028129620 дугаар төгрөгийн дансны хуулга, гэрч Д.Баатарын Их мандах үйлст ХХК-ийн захирал н.Цогтоо гэдэг залуу гуйхаар нь дүүгээрээ 24 000 литр шатахууныг ачуулж өгсөн... гэх мэдүүлэг зэргээр нотлогдсон. /1хх-ийн 80, 130, 2хх-ийн 5-6, 152-155 дугаар тал/

Хариуцагч Их мандах үйлст ХХК нь ... гэрээний дагуу нийлүүлсэн гэх шатахууныг манай компани хүлээн аваагүй гэж тайлбарласан боловч өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.2-т ... худалдан авсан барааны төлбөрийг барааг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шилжүүлэх буюу худалдагчид бэлнээр төлнө, 4.2.2-т ... хүлээн авсан барааны үнийг гэрээний 3.2-т заасны дагуу хугацаанд нь төлөх бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 3.3-т заасан алдангийг төлнө. гэж зааснаар МТ петролиум ХХК нь Их мандах үйлст ХХК-иас төлбөрийг шаардах эрхтэй. /1хх-ийн 16-19 дүгээр тал/

Дээрх гэрээний 3.2, 3.3-т талууд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож төлөхөөр тохиролцсон, уг тохиролцооны дагуу тооцогдох алдангийн хэмжээ үндсэн үүргийн 50 хувиас хэтэрч байх тул хариуцагчаас алдангид 15 200 000 төгрөгийг гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

Хэргийн оролцогч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар оролцох боломжгүй тухайгаа хангалттай баримтаар нотлоогүй бөгөөд шүүх хуралдаанаар хэргийг түүний эзгүйд шийдвэрлэснийг буруутгахгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй. Учир нь хэргийн 2 дугаар хавтасны 160-164 дүгээр талд авагдсан хүсэлтэд хавсаргасан баримтаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга нь хяналтын шатны шүүх хуралдаанд оролцохоо нотолсон гэхэд учир дутагдалтай.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/00369 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуацгчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Б.НАРМАНДАХ