Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 246

 

Б.Ж-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1063 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 199 дүгээр магадлалтай, Б.Ж-т холбогдох 1909037351143 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболдын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 267 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 7 жил 1 сарын хугацаагаар тогтоосныг Улсын Дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 581 дүгээр тогтоолоор 5 жил болгон хөнгөрүүлсэн, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 85 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 26 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж суллагдсан Х овогт Б-н Ж нь

2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 16 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 35/А тоотод хүч хэрэглэн иргэн Н.Б-ы “Жи Мобайл” загварын гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Б.Ж-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Ж-ыг 3 /гурван/ жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Ж-т оногдуулсан 3 /гурван/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр” шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ж-ын өмгөөлөгч С.Соронзонболдын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1063 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 199 дугаартай магадлалыг өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг нотлоогүйн улмаас хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж ял оногдуулсан. Яллах дүгнэлтэд “Шүүгдэгч Б.Ж нь нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 35/А тоотод иргэн Н.Б-ы биед хүч хэрэглэж “Жи Мобайл” загварын гар утас дээрэмдсэн” гэж дурдсан бөгөөд хэргийг үйлдэх болсон шалтгаан, зорилго, яаж дээрэмдсэн эсэхийг тодорхой дурдаагүй байдаг. Б.Ж нь хохирогч Н.Б-ы төрсөн дүү Н.О-тэй уулзахаар гэрт нь очсон бөгөөд энэ хэрэг болохоос 5 хоногийн Н.О, н.Б нартай зочид буудалд байхдаа 1,680,000 төгрөгийн эд зүйлээ алдсан байдаг. Камерийн бичлэгээс харахад хохирогч чулуу бариад хөөж явсан байдаг. Гэтэл бичлэгт дутуу үзлэг хийж хэт нэг талыг барьж шалгасан. Мөн хохирогч нь өөрийн дүүтэй хамт ирсэн залууг сэжиглэж буй талаар мэдүүлсэн байдаг. Хохирогч “манай гэрт гурван ширхэг гар утас байсан” мэдүүлсэн шүүх хуралдааны тэмдэглэл туссан. Анхнаасаа дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх зорилгоор очсон бол 5,000 төгрөгийн үнэтэй “Жи мобайл” загварын утсыг авахгүй. Тухайн үед хохирогч өөрөө гар утсаа Б.Ж-т өгч дүүтэйгээр яриулсан. Тэгэхээр дүүгийнхээ үйлдсэн хэргийг булзайруулах зорилгоор худал мэдүүлэг өгсөн асуудал байхад зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэж шүүгдэгчийг ялласан. Мөн шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй болох нь тогтоогдсон. Давж заалдах шатны шүүхэд Б.Ж хохирогчоор тогтоогдон шалгагдаж буй хэргийн баримтыг гаргасан боловч хүлээж аваагүй. Иймд хэргийг дахин нягталснаар шударга ёсны зарчим хэрэгжиж, өөрөөр хэлбэл тухайн хэргийн бодит үнэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, гэмт буруугийн асуудлыг эргэлзээгүй тогтоох зорилгоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд тус тус өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хэргийн зүйлчлэл, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Х.Батчимэг хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгч нь Н.Отгонцэцэгийг гэртээ байхгүй гэдгийг мэдэж байсан. Мөн утсаар ярих зорилго байсныг үгүйсгэхгүй ч хашааг давж орсон, өвчтэй хэвтэж буй хүний толгой руу                         1 удаа, хэвлий хэсэгт 3 удаа цохисон үйл баримт бий. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболдын гаргасан гомдлыг үндэслэн Б.Жт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.Ж нь 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 16 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжны 35/А тоотод хүч хэрэглэн хохирогч Н.Б-ы “Жи Мобайл” загварын гар утсыг дээрэмдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Ж-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөн шүүх түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаардаг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд (өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээд гэх мэт) рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлийг ойлгодог.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох “хохирогч Н.Б-ы “...гаднаас үл таних эрэгтэй ганцаараа орж ирээд намайг баруун талын орон дээр хэвтэж байхад шууд миний толгойн зүүн дээд хэсэгт гараараа 1 удаа цохисон. Би орноос босоод ирсэн чинь миний гэдэс рүү 3-4 удаа гараа атгаж байгаад цохихид би газар унасан, тэр үед хажуу талын сандал дээр байсан “Жи мобайл”-ын гар утсыг аваад зугтаасан”, гэрч Б.М-н “... Б гаднаас хүн орж ирээд миний толгой, гэдэс рүү цохиод сандал дээр байсан “Жи мобайл”-ын гар утсыг аваад гарсан... гар хөл нь хүйтэй болчихсон, таталт өгч байхаар нь хөнжил нөмрүүлээд цагдаад дуудлага өгсөн”, Б.Ж-ын “...гэрийнх нь гадаа жаахан эргэлдэж байгаад хашааг нь даваад гэр рүү нь ороход Отгонцэцэгийн ах нь зурагт үзээд сууж байсан, утсаа өгч байгаач утсаар яриад өгье гэхэд надад утсаа өгөхөөр нь би хүнтэй ярьж байгаа дүр үзүүлээд гэрээс гараад гэрийнх нь гадаа “байна уу байна уу” гэж худлаа ярьж байгаад тухайн утсыг аваад зугтаасан” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч Б.Ж нь хохирогч Н.Б-ы эд хөрөнгө буюу гар утсыг авах зорилгоор хашааг даван орж, түүний толгой, хэвлий орчим гараараа цохиж дээрэмдсэн болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболдын гаргасан “... шийтгэх тогтоол, магадлалд хэргийн зүйлчлэл, хорих ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1063 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 199 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболдын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                         Ч.ХОСБАЯР