Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 212/МА2019/00026

 

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 130/ШШ2019/00242 дугаар шийдвэртэй, Өлгий сумын ... дүгээр багт байрлах тус аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэлтэй, Өлгий сумын .. дугаар багт оршин суух Төлек овогт Тий Ед холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Е, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У, Б.М , хариуцагч Т.Е, гуравдагч этгээд Ж.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэлийн шаардлага: 876 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх тухай.

 

Нэхэмжлэлд: Иргэн Т.Е нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэдлийн 12495 м.кв газраас 4000 м.кв газрыг хувьдаа өмчилж авсан байсан тул түүний одоогийн хашаа татаж эзэмшиж байгаа 4876 м.кв газрыг бүхэлд нь Онцгой байдлын газрын мэдэлд шилжүүлэн өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргаж улмаар Т.Ед газар эзэмшүүлсэн Өлгий сумын Засаг даргын 46 дугаар захирамж, аймгийн Засаг даргын 677 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс Т.Е нь төрийн байгууллагын газрыг хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шүүхэд хандаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргасан. Тийм учраас Т.Еы эзэмшиж буй 4876 м.кв газрыг бүхэлд нь нэхэмжилснийг өөрчилж, түүний хууль бус илүү эзэмшиж байгаа 876 м.кв газрыг Онцгой байдлын газрын мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргаж өгнө үү. Т.Еы Онцгой байдлын газрын мэдлийн 876 м.кв газрыг илүү эзэмшиж байгаа нь Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 110/Ш32016/0124 дугаартай шинжээч томилох захирамжаар гаргасан шинжээч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Х.Өы 01 дүгээр дүгнэлтээр давхар тогтоогдож байна. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 876 м.кв газрыг хариуцагч Т.Е миний бие 2002 оноос эзэмшиж байгаа бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1, 75.2.2-т заасныг тус тус зөрчиж нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 84 тоот тогтоолын хянавал хэсэгт Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2002 оны захиргааны актыг 2004 оноос хойш мэдэх боломжтой байсан атлаа эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзлээ. Анхан шатны шүүхээс "...ердийн харьяаллын шүүхэд газрын асуудлаар нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоологдохоор байна гэсэн дүгнэлт хийсэн нь буруу болжээ. гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасанчлан Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн гэж нотлох баримтаар үнэлсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэргийн шүүх дахин үнэлэхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Онцгой байдлын газар нь тухайн газрыг 15 жил ашиглаагүй учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу 2 жил дараалан ашиглаагүй нөхцөлд газар эзэмших эрх хүчингүй болох учир эзэмших эрх нь дуусгавар болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч Онцгой байдлын газар нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 01 шинжээчийн дүгнэлтийг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн боловч энэхүү шинжээчийн дүгнэлтийг Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 84 дүгээр тогтоолоор нотлох баримтаар үнэлсэн. Тухайн шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 37 шийдвэртэй захиргааны хэргээс хуулбарлан авсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа учир дахин нотлохгүй. Иймд шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Би даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.А шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд: 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Т.Е бид харилцан хүсэл зоригоо илэрхийлэн, тохиролцсоны үндсэн дээр түүний Баян-Өлгий аймгийн Засаг даргын 348 тоот захирамжийн дагуу эзэмшсэн 0198993 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 4000 м.кв талбай эзэмшил газраас 416 м.кв талбай газрыг нь нотариатаар гэрчлүүлсэн шилжүүлсэн. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай дугаар 677 тоот захирамжаар хүү Ж.Дастанд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 000476573 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон. Улмаар тэр газарт хашаа татаж, 2 давхар байшин барьсан ба 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 000201395 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь хүү Ж.Дастан бид хоёрын нэр дээр гарсан. Иймд манай эзэмшлийн 416 м.кв талбай газар нь аймгийн Онцгой байдлын хэлтсийн буюу нэхэмжлэгч талын газар нутагт огт хамаарагдахгүй болно. Тус хэргийн маргааны зүйл болж буй хариуцагчид хууль ёсоор эзэмшүүлсэн 4000 м.кв талбай газраас гадна нэхэмжлэгч талын буюу Онцгой байдлын хэлтсийн хууль ёсны эзэмшлийн гэх 1563 м.кв газрыг үндэслэлгүйгээр илүү эзэмшиж байгаа эсэхийг тогтоох нь хэргийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарахад ач холбогдолтой юм. Иймд нэхэмжлэгч Онцгой байдлын хэлтсийн албадан чөлөөлүүлэхийг хүссэн 1563 м.кв талбай газрын нэхэмжлэлийн шаардлагаас манай эзэмшлийн буюу хүү Ж.Дастаны нэр дээр бүртгэгдсэн 416 м.кв талбай газарт холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 130/ШШ2019/00242 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар, Төлек овогт Тий Еы хууль бус эзэмшлээс 876 м.кв газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Онцгой байдлын газрын давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэр нь зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн, ямар ч хууль зүйн үндэслэлгүй гаргасан нь дараах байдлаар тогтоогдож байна. Хариуцагч Т.Е нь 2002 онд Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байхад тус хэлтсийн 1999 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Өлгий сумын Засаг даргын 030100086 дугаартай гэрчилгээгээр 30 жилийн хугацаатай эзэмшиж байсан 12495 м.кв газраас албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн гарын үсэгтэй албан бичгийг Засаг даргад илгээж, Засаг даргын 46 дугаартай захирамж гаргуулан 4000 м.кв газар эзэмшиж авсан боловч 4876 м.кв газарт хашаа татаж илүү 876 м.кв газар эзэмшсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн нь Цагдаагийн байгууллагын шалгалтаар нотлогдож, улмаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан. Шүүхийн шийдвэр гаргахад үндэслэл болгосон 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2019//а1 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ...Өлгий сумын Засаг даргын 1999 онд Гал түймэртэй тэмцэх албанд 030100086 дугаартай гэрчилгээгээр 12495 м.кв газрыг эзэмшүүлсэн боловч тухайн үед хэмжилт, боловсруулалт хийгдээгүй, нэгж талбарын эргэлтийн цэг тавигдаагүй тодорхой бус, газрын мэдээллийн санд ороогүй, кадастрын зураг байхгүй учраас 12495 м.кв газрын байршил, хил заагийг тогтоох боломжгүй байна гэж дүгнэсэн нь Онцгой байдлын газрыг буруутгах үндэслэл болохгүй, нэгж талбарын эргэлтийн цэг тавих, газрын мэдээллийн санд, кадастрын зурагт оруулах нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын холбогдох албан тушаалтнуудын үүрэг. Энэ талаар холбогдох албан тушаалтнуудаас ямар нэгэн мэдүүлэг, тайлбар гаргуулан аваагүй. Онцгой байдлын газар нь 1999 онд 12495 м.кв газар эзэмшиж байхад уг газрыг бүхэлд нь тойруулан үнсэн блокоор хашаа татаж байсан бөгөөд уг хашааны хойд хэсэг нь одоо хүртэл Т.Еы хашааг тойрон татагдсан хэвээр байна. Хэрэв одоогийн Т.Еы эзэмшиж байсан хашаа тухайн үед Онцгой байдлын газрын хашаа биш байсан бол гаднын иргэний хашааг тойруулан хашаа татах ямар ч үндэслэлгүй. Т.Е нь албан тушаалаа урвуулан ашиглаж Онцгой байдлын газрын мэдлийн 12495 м.кв газраас 4000 м.кв газрыг хууль бус захирамж гаргуулан эзэмшиж байгааг Захиргааны хэргийн анхан, дунд, давж заалдах шатны шүүхээс нотолж шийдвэрлэсэн бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхээс Т.Е нь төрийн байгууллагын газрыг хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шүүхэд хандаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Т.Еы хууль бусаар илүү эзэмшиж байгаа 876 м.кв /шинжээчийн дүгнэлтээр 880 м.кв/ газрыг Онцгой байдлын газрын мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргахыг хүсэж гомдол гаргав. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтооход чухал ач холбогдолтой нөхцөл байдлын талаар буюу анх нэхэмжлэл гаргасан үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн эсэхийг нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулах замаар бодитой тогтоогоогүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав. Үүнд:

 

1. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар нь хариуцагч Т.Ед холбогдуулан 876 м.кв талбайтай газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргахдаа Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамж, уг захирамжийг үндэслэж 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн 0065604 дугаар гэрчилгээг[1] үндэслэсэн ба тус гэрчилгээгээр нэхэмжлэгчид нэгж талбарын 031304071 дугаар бүхий 7350 м.кв талбайтай газрыг 50 жилийн хугацаатай төрийн байгууллагын зориулалтаар эзэмшүүлжээ.

 

Хариуцагчийн татгалзлын үндэс болсон Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 677 дугаар захирамжаар Т.Еы нэгж талбарын 031304072 дугаар бүхий 4000 м.кв талбайтай эзэмшил газраас 416 м.кв талбайтай газрыг Ж.Дастанд шилжүүлж, Т.Ед гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000476574 дугаар гэрчилгээгээр нэгж талбарын 031304072 дугаар бүхий 3584 м.кв талбайтай газрыг эзэмшүүлсэн байна.

 

Зохигчийн эзэмшиж буй газар нь хөрш залгаа байрладаг ба тус тусын эзэмшил газраа хашаалсан бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн 7350 м.кв газраас 876 м.кв талбайтай газрыг хариуцагч Т.Е нь хашаалж, хууль бусаар /илүү/ эзэмшиж байгаа[2] гэж үзэн албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

 

Хамгийн сүүлд буюу 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2019/а1 дугаар шинжээчийн дүгнэлтээс[3] талуудын бодитой эзэмшиж буй хашаалсан талбайд хийсэн хэмжилтийг үзвэл, нэхэмжлэгч аймгийн Онцгой байдлын газрын хашаалсан талбай нь 6413 м.кв, Цамба-2 орон сууцны хашаалсан талбай нь 1502 м.кв бөгөөд өмнө нэхэмжлэгчийн бодитой эзэмшиж байсан талбайн хэмжээ /6413+1502/ 7915 м.кв, хариуцагч Т.Еы бодитой эзэмшиж буй хашаалсан талбайн хэмжээ нь 5174 м.кв болох нь тогтоогджээ.

 

Түүнчлэн уг дүгнэлтэд хариуцагч Т.Ед хууль ёсоор эзэмшүүлсэн 3584 м.кв газраас баруун талаараа шугам сүлжээ бүхий газар 770 м.кв талбайгаар, зүүн талаараа 880 м.кв талбайгаар кадастрын зурагт зааснаас тус тус илүү, харин урьд талаараа 60 м.кв талбайтай газар кадастрын зурагт зааснаас дутуу байрласан талаар тэмдэглэсэн байна.

 

Шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн эзэмшлийн 7350 м.кв талбайтай газраас /эсхүл зарим хэсгийг/ 1449 м.кв газрыг Цамбагарав констракшн ХХК-ийн Цамба-2 орон сууцны барилга, орчны газарт шилжүүлэн эзэмшүүлсэн ба Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны А/718 дугаар захирамжаар тус аймгийн Онцгой байдлын газарт 6454 м.кв газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, ингэхдээ нэхэмжлэгч байгууллагад 1246 м.кв газрыг шинээр нэмж эзэмшүүлсэн талаар дурджээ.

 

Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан дээрх мэдээллээс үзвэл, нэхэмжлэгчийн анх нэхэмжлэл гаргасан үеийн нэхэмжлэлийн үндэслэл болсон нөхцөл байдал болох эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрчилгээгээр нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 7350 м.кв талбайтай газрын хэмжээнд өөрчлөлт орсон эсэхийг анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулах замаар тогтоох байсан ба энэ нь маргааны үйл баримтыг бодитой тогтоож, үндэслэлтэй шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой юм.

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна. гэж хуульчилжээ. Шинжээчийн дүгнэлтэд дурдсанчлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны А/718 дугаар захирамжаар нэхэмжлэгч байгууллагын урьд нь эзэмшиж байсан газрын хэмжээнд өөрчлөлт оруулж, шинээр газар нэмж олгох шийдвэр гаргасан бол нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмшиж буй газрын хэмжээг хэрэгт авагдсан нотлох баримтаар бодитой тогтоох боломжгүй. Тодруулбал, талуудын бодитой эзэмшиж буй хашаалсан талбайн хэмжээг шинжээчийн дүгнэлт, шүүхийн үзлэгээр хэмжилт хийн тогтоосон боловч нэхэмжлэгчийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр олгосон эзэмшил газрын хэмжээ баримтаар тогтоогдоогүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаас нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас аймгийн Онцгой байдлын газарт 2017 онд шинээр газар эзэмшүүлсэн, эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан талаар тодруулсан ба нэхэмжлэгчид хууль ёсоор газар эзэмшүүлсэн эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрчилгээ, кадастрын зураглал зэргийг хэрэгт хавсаргаж, түүнийг хэрэгт авагдсан талуудын эзэмшиж буй хашаалсан талбайн хэмжилттэй харьцуулан, маргааны үйл баримтыг бодитой тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар талууд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэсэн үндэслэлдээ нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар дурджээ. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/01840 дүгээр тогтоолд анхан болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь буруу болсон талаар тэмдэглэж, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх хэрхэн үгүйсгэсэн нь тодорхой бус байгаа талаар тусгажээ. Гэтэл анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар нотлох баримтад үндэслэж хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.

Харин давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт бодитой тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул энэ талаар дүгнэлт хийх боломжгүй гэж үзэв.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.-т зааснаар шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэх бөгөөд мөн зүйлийн 52.2.-т зааснаар шүүхийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1.-т шинжээчийн ажлын хөлсийг зохигчоор нөхөн төлүүлэхээр заасан ба нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар талуудад хуваарилаар хуульчилсан.

Хэрэгт шинжээчийн ажлын хөлстэй холбоотой нэхэмжлэх, шинжээч нарын хүсэлт авагдсан ба уг зардлыг шүүхийн төсвөөс санхүүжүүлсэн эсэх нь тодорхойгүй, шинжээчдийн ажлын хөлсийг нөхөн төлүүлэх, түүнийг хуваарилах асуудлыг анхан шатны шүүх хуульд зааснаар шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгч байгууллагын маргааны үйл баримттай холбоотой болон нэхэмжлэлийг бүхэлд нь хангах талаар гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийх, хүлээж авах боломжгүй. Гомдол гаргасан төсвийн байгууллага хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 130/ШШ2019/00242 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД Д.МӨНХӨӨ

С.ӨМИРБЕК

 

 


[1] Хэргийн 1-р хавтасны 22-23 дугаар тал.

[2] Хэргийн 2-р хавтасны 95 дугаар тал.

[3] Хэргийн 3-р хавтасны 1-3 дугаар тал.