Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/00749

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/00749

 

 

 

Содмонгол групп ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00454 дүгээр шийдвэртэй Содмонгол групп ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Алтандуулгад холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 104 097 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оролжмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Очир, Д.Очирваань, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оролжмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ... Содмонгол групп ХХК болон Б.Алтандуулга нар харилцан тохиролцон 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдах, худалдан авах 18-1969 тоот гэрээг барьцааны гэрээний хамт байгуулан хамтран ажилласан. Компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж Б.Алтандуулгад 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 16 330 литр буюу 30 537 100 төгрөгийн, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 40 050 литр буюу 74 893 500 төгрөгийн, нийт 105 430 600 төгрөгийн шатахууныг нийлүүлсэн. Энэхүү төлбөрийг Б.Алтандуулга нь 45 хоногт багтаан төлж байсан тул найдвартай харилцагч гэж үзэн дахин 2018 оны 7 сарын 17-ны өдөр 3 200 литр, 32 420 литр буюу 60 800 000 төгрөгийн, 61 598 000 төгрөгийн, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 3000 литр буюу 6 000 000 төгрөгийн шатахууныг тус тус бөөний үнээр зээлээр нийлүүлсэн. Гэтэл Б.Алтандуулга 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрүүдэд авсан шатахууны төлбөрийг тухай бүрт буюу гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу төлөх үүрэгтэй байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төлбөрийг өнөөдрийг хүртэл хугацаанд огт төлөөгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад шатахууны төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг Содмонгол групп ХХК-д төлөхөөр заасны дагуу Б.Алтандуулга 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 7 дугаар сард авсан хоёр шатахууны төлбөрт тус тус 101 хоног хэтрүүлсэн тул эхний авсан шатахууны алданги 30 704 000 төгрөг, хоёр дахь удаагийн авсан шатахууны төлбөр 31 106 990 төгрөг, харин 8 дугаар сарын 02-ны өдөр авсан шатахууны төлбөрийг 85 хоног хэтрүүлсэн тул 2 550 000 төгрөг, нийт 64 360 990 төгрөгийн алданги болсон боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасны дагуу 50 хувиар бодож нийт алданги 64 199 000 төгрөгийг нэхэмжилж байна. Анх шүүхэд гэрээний дагуу хариуцагчаас шатахууны үндсэн төлбөрийн үлдэгдэл 128 398 000 төгрөг, алданги 64 199 000 төгрөг, нийт 192 597 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 204 байр, 4 тоот, 91,5 м.кв, талбайтай 3 өрөө байр, Ү-2206047977 дугаартай иргэн Б.Алтандуулгын өмчлөлийн байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны өмнө хариуцагч тал 88 500 000 төгрөгийг шилжүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн төлбөр 39 898 000 төгрөг, алданги 64 199 000 төгрөг, нийт 104 097 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 02-ны хооронд нийт 128 000 000 төгрөгийн шатахуун Содмонгол групп ХХК-иас авсан. Төлбөрийн талаар харилцан тохиролцож, Багануур ТӨХК-с авах авлага 88 500 000 төгрөгийг суутгаж авахаар болсон. 2018 оны 11 дүгээр сард Содмонгол групп ХХК-ийн менежер гэх н.Сод-Эрдэнэтэй уулзаж, шүүх хуралдаанаас наана үндсэн төлбөрөө төлчихвөл алдангиас чөлөөлж болох талаар ярилцсан. Иймд бид үндсэн зээлийн төлбөрт маргахгүй, өгсөн 88 500 000 төгрөгийг хасаад үлдэх төлбөрийг төлнө, харин үндсэн төлбөрийн дийлэнх хэсгийг төлсөн тул алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Алтандуулгаас 67 873 759 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Содмонгол групп ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 36 223 241 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 204 байр, 4 тоот, улсын бүртгэлийн Ү-2206047977 дугаартай, 91.5 м.кв, талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 191 135 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 497 319 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оролжмаа давж заалдах гомдолдоо: Содмонгол групп ХХК болон Б.Алтандуулга нар харилцан тохиролцон 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр Худалдах, худалдан авах 18-1969 тоот гэрээ, барьцааны гэрээний хамт байгуулсан. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж Б.Алтандуулгад 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 16330 литр буюу 30 537 100 төгрөгийн, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 40050 литр буюу 74 893 500 төгрөгийн, нийт 105 430 600 төгрөгийн шатахууныг нийлүүлсэн. Энэхүү төлбөрийг Б.Алтандуулга нь 45 хоногт багтаан төлж байсан тул, найдвартай харилцагч гэж итгэн дахин 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 3200, 32420 литр буюу 60 800 000 төгрөгийн, 61 598 000 төгрөгийн, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 3000 литр буюу 6 000 000 төгрөгийн шатахууныг тус тус бөөний үнээр зээлээр нийлүүлсэн. Гэтэл Б.Алтандуулга 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрүүдэд авсан шатахууны төлбөрийг тухай бүрт буюу гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу 7 сард авсан шатахууны төлбөрийг 8 сард, 8 сард авсан шатахууны төлбөрийг 9 сард тус тус 45 хоногт багтаан төлөх үүрэгтэй байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төлбөрийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд төлөөгүй. Талуудын хооронд байгуулсан Шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээний 3.3 дахь заалтад шатахууны төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг Содмонгол групп ХХК-д төлөхөөр заасан. Тус заалтын дагуу иргэн Б.Алтандуулга 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 7 сард авсан 2 шатахууны төлбөрт тус тус 101 хоног хэтрүүлсэн тул эхний авсан шатахууны алданги төгрөг, хоёр дахь удаагийн авсан шатахууны төлбөр 31 106 990 төгрөг, 8 дугаар сарын 02-ны өдөр авсан шатахууны төлбөрийг 85 хоног хэтрүүлсэн тул төгрөг нийт 64 360 990 төгрөгийн алданги болсон боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 50 хувиар бодож нийт алданги 64 199 000 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах худалдан авах хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан болохыг. мөн худалдан авагчийн өмнө хүлээсэн үүргээ нэхэмжлэгч бүрэн биелүүлсэн болохыг дүгнэсэн.

Түүнчлэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзыг бичгээр хийнэ гэсэн хэлбэрийн шаардлагыг хангасан, мөн хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу бичгээр харилцан тохиролцож, гэрээний 3.3 дахь заалтад алданги тооцохоор тохиролцсон нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн шаардаж байгаа төгрөгийн алдангийг хууль бусаар багасгаж байгаад гомдолтой байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд алдангийн хэмжээг бууруулах талаар ямар нэгэн тохиролцоо хийгээгүй байхад шүүгч өөрөө дур мэдэн алдангийн хэмжээг бууруулах үндэслэлгүй. Хэдийгээр Б.Алтандуулга болон нэхэмжлэгч нарын хоорондын тохиролцоогоор шүүх хуралдааны өмнөх өдөр 88 500 000 төгрөгийг манай компанид шилжүүлсэн гэх боловч тийнхүү төлбөр тооцоо шилжүүлсэн баримт байхгүй, тухайн төлбөр нь Багануур ТӨХК-иас манай компанид шилжин орж ирсэн төлбөр тооцоо байдаг. Б.Алтандуулга нь гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж гэрээний төлбөрийг төлж байсан бол бид ийнхүү алданги тооцохгүй байсан. Гэтэл тэрээр гэрээгээр харилцан тохиролцсон үүргээ биелүүлэлгүй 3 cap гаруй болсон бөгөөд өөрийн ухамсраар төлбөрийг шилжүүлэлгүй бидний үйл ажиллагааг тасалдуулж, ноцтой хохироож байгааг шүүх зөвтгөж түүний хийсэн үйлдэлд тооцох хариуцлага буюу алдангиас нэхэмжлэгчийн байр суурийг сонсолгүй, үндэслэлгүйгээр багасгасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Очир, Л.Очирваань нар давж заалдах гомдолдоо: 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусахаар талууд гэрээгээр тохиролцсон. Гэрээний дагуу төлбөл зохих төлбөрөөс Баганнуур ТӨХК-иас хариуцагчийн авах 88 500 000 төгрөгийг өр төлбөртөө шилжүүлэн Содмонгол групп ХХК нь авахаар болж хариуцагчийн төлбөл зохих төлбөрийн үүргийг гүйцэтгэсэнд тооцсон. Улмаар ...үндсэн төлбөрийн үлдэгдэл 39 898 000 төгрөгийг гэрээний ерөнхий хугацаа дуусахаас өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор алданги төлөхгүйгээр төл гэх нэхэмжлэгчийн саналыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, мөн гэрээгээр хүлээсэн үндсэн төлбөрийг төлөх хугацаа дуусаагүй байхад 23 975 759 төгрөгийн алданги хариуцагчаас гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алдангид тооцсон 23 975 759 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Содмонгол групп ХХК нь хариуцагч Б.Алтандуулгад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 104 097 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч алданги төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Содмонгол групп ХХК болон Б.Алтандуулга нар харилцан тохиролцон 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шатахуун худалдан авах, дараа төлбөрт нөхцөлөөр үнийг нь төлөхөөр 18-1969 тоот гэрээ, Б.Алтандуулгын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 204 байр, 4 тоот, 91,5 м.кв талбайтай, 3 өрөө, Ү-2206047977 дугаарт бүртгэгдсэн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг тус тус байгуулсан үйл баримт хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 6-10, 18-24 дүгээр тал/

Талуудын хооронд худалдах, худалдан авах болон барьцааны гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт нийцсэн ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Худалдагч Содмонгол групп ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 17, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 67 420 литр буюу 128 398 000 төгрөгийн үнэ бүхий шатахуун нийлүүлсэн, худалдан авагч шатахууныг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан, авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, зохигчдын тайлбар зэрэг баримтаар нотлогдсон.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх ёстой.

Хариуцагч нь 128 398 000 төгрөгийн төлбөрөөс 88 500 000 төгрөгийг өөрийн шаардах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлснээр буюу Багануур ТӨХК-иас хариуцагчийн авах авлагыг шилжүүлэн авах замаар төлсөн гэж үзэхээр байна. Учир нь зохигчид 88 500 000 төгрөгийн төлбөр нь Багануур ТӨХК-иас шилжин төлөгдсөн талаар тайлбарлажээ. /хх-ийн 34-35, 45 дугаар тал/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт хэргийн зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэл болохоор заасан. Иймээс дээрх үүрэгт алданги тооцох үндэслэлгүй юм.

Харин үлдэгдэл төлбөр болох 39 898 000 төгрөгийг төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тул 19 949 000 төгрөгийн алданги тооцож, хариуцагчаас нийт 59 847 000 /39 898 000+19 949 000/ төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэг болон талуудын шатахуун худалдах худалдан авах гэрээний 3.3-т заасантай нийцнэ.

Хариуцагчийн шатахууны үнэ төлөх үүргээс 88 500 000 төгрөгийг нэхэмжлэгч нь Багануур ТӨХК-иас шилжин орж ирсэн төлбөр тооцоогоор хааж, хасч тооцсоноос үзэхэд нэхэмжлэгчийн ... нийт 64 199 000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй. Б.Алтандуулга болон нэхэмжлэгч нарын хоорондын тохиролцоогоор 88 500 000 төгрөгийг манай компанид шилжүүлсэн гэх боловч тийнхүү төлбөр тооцоо шилжүүлсэн баримт байхгүй, тухайн төлбөр нь Багануур ТӨХК-иас манай компанид шилжин орж ирсэн төлбөр тооцоо... гэх агуулга бүхий тайлбар, гомдол үгүйсгэгдэж байх бөгөөд түүний гомдлыг хангах боломжгүй болно.

Хэргийн оролцогч нарт эрх үүрэг тайлбарласан баримтад гарын үсэг зурагдаагүй байх ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эрх үүргээ бүрэн ойлгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, энэ талаар гомдол гаргаагүй, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй юм.

Анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангах шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хангаж шийдвэрлэсэн нь зөв бөгөөд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00454 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 67 873 759 гэснийг 59 847 000 гэж, 36 223 241 гэснийг 44 250 000 гэж, 3 дах заалтын 497 319 гэснийг 457,185 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 478 945 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 280 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Б.НАРМАНДАХ