Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 454

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2019/00454

Улаанбаатар хот

          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Соёлын төв Өргөө, В корпусад оршин байрлах, СМГ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, Маршал кинг товер, 122 байр, 108 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, Б.А-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 104 097 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч СМГ ХХК шүүхэд гаргасан  нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралд гаргасан тайлбартаа: “...СМГ ХХК болон иргэн Б.А нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдах, худалдан авах 18-1969 тоот гэрээ, барьцааны гэрээний хамт байгуулан хамтран ажилласан. Манай компаний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж Б.А-д 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 16 330 литр буюу 30 537 100 төгрөгийн шатахуун, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 40 050 литр буюу 74 893 500 төгрөгийн шатахуун, нийт 105 430 600 төгрөгийн шатахууныг нийлүүлсэн. Энэхүү төлбөрийг Б.А нь 45 хоногт багтаан төлж байсан тул найдвартай харилцагч гэж үзэн дахин 2018 оны 7 сарын 17-ны өдөр 3 200 литр, 32 420 литр буюу 60 800 000 төгрөгийн шатахуун, 61 598 000 төгрөгийн шатахуун, 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 3000 литр буюу 6 000 000 төгрөгийн шатахууныг тус тус бөөний үнээр зээлээр нийлүүлж ирсэн. Гэтэл иргэн Б.А 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрүүдэд авсан шатахууны төлбөрийг тухай бүрт буюу гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу 7 сард авсан шатахууны төлбөрийг 8 сард, 8 сард авсан шатахууны төлбөрийг 9 сард тус тус 45 хоногт багтаан төлөх үүрэгтэй байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төлбөрийг онөөдрийг хүртэл хугацаанд огт төлөөгүй. Талуудын хооронд байгуулсан Шатахуун дараа төлбөрт нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад шатахууны төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг СМГ ХХК-д төлөхөөр заасны дагуу Б.А 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 7 сард авсан хоёр шатахууны төлбөрт тус тус 101 хоног хэтрүүлсэн тул эхний авсан шатахууны алданги 30 704 000 төгрөг, хоёр дахь удаагийн авсан шатахууны төлбөр 31 106 990 төгрөг, харин 8 дугаар сарын 2-ны өдөр авсан шатахууны төлбөрийг 85 хоног хэтрүүлсэн тул 2 550 000 төгрөг, нийт 64 360 990 төгрөгийн алданги болсон боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 132 4 дэх хэсэгт заасны дагуу 50%-иар бодож нийт алданги 64 199 000 төгрөгийг нэхэмжилж байна. Анх шүүхэд гэрээний дагуу хариуцагчаас шатахууны үндсэн төлбөрийн үлдэгдэл 128 398 000 төгрөг, алданги 64 199 000 төгрөг, нийт 192 597 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 204 байр, 4 тоот, 91,5 м.кв, талбайтай 3 өрөө байр, Ү-2206047977 дугаартай иргэн Б.А-ын өмчлөлийн байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны өмнө хариуцагч тал 88 500 000 төгрөгийг шилжүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн төлбөр 39 898 000 төгрөг, алданги 64 199 000 төгрөг нийт 104 097 000 төгрөгийг гаргуулна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СМГ ХХК-тай удаа дараа хамтран ажиллаж байсан найдвартай түнш нь байсан. 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны хооронд нийт 128 000 000 төгрөгний шатахуун СМГ ХХК-аас авсан байдаг. Төлбөрийн талаар харилцан тохиролцож, Б ТӨХК-с авах авлага 88 500 000 төгрөгийг суутгаж авахаар болсон. 2018 оны 11 дүгээр сард  СМГ ХХК-ийн менежер гэх н.С-Э-тэй уулзаж, шүүх хуралдаанаас наана үндсэн төлбөрөө төлчихвөл алдангиас чөлөөлж болох талаар ярилцсан. Иймд бид үндсэн зээлийн төлбөрт маргахгүй, өгсөн 88 500 000 төгрөгийг хасаад үлдэх төлбөрийг төлнө, харин үндсэн төлбөрийн дийлэнх хэсгийг төлсөн тул алдангиас чөлөөлж өгнө үү гэв. 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч СМГ ХХК нь хариуцагч Б.А-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 128 398 000 төгрөг, алданги 64 199 000 төгрөг нийт 192 597 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг үндсэн төлбөрт 88 500 000 төгрөгийг төлсөнтэй холбогдуулан үндсэн төлбөрт 39 898 000 төгрөг, нийт 104 097 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...үндсэн төлбөрийн талаар маргахгүй үлдэх 39 898 000 төгрөгийг төлнө, харин талууд ярилцаж тохиролцсоны дагуу алдангийн хэмжээг багасгаж өгнө үү” гэж тайлбарласан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.  

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч нь чанар стандартын шаардлага хангасан, цаг уурын нөхцөл, чанарт нөлөөлөхөөргүй, эрхийн зөрчилгүй дизель түлшийг худалдан авагчийн өмчлөлд нийлүүлэх, худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд тохирсон төлбөр төлөх, шатахууныг хүлээн авах үүргийг тус тус  хүлээсэн байна.

 

Улмаар хариуцагчийн хүсэлтийн дагуу 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 3 200 литр, 32 420 литр буюу 60 800 000 төгрөгийн шатахуун, 61 598 000 төгрөгийн шатахуун, 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 3000 литр буюу 6 000 000 төгрөгийн шатахууныг тус тус нийлүүлсэн, уг барааг худалдан авагч тал хүлээн авсан үйл баримтад талууд маргаагүй.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч Б.А нь нийлүүлсэн шатахууныг хүлээн авснаар, нэхэмжлэгч СМГ ХХК нь гэрээний үүргээ биелүүлсэн байна.

 

Харин худалдсан шатахууны үнэ 128 398 000 төгрөгийг төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй,

 

Зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар “Шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ”-ний  зээлийн гэрээг бичгээр хийж, гэрээний 3.3 дахь заалтад алданги тооцохоор тохиролцсон нь хуульд нийцжээ.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас үндсэн төлбөрийн үлдэгдэлд 39 898 000 төгрөг гаргуулах нь зүйтэй бөгөөд харин хэргийн нөхцөл байдал, зохигчдын шүүх хуралдаанд “...хуралдаанаас наана үндсэн төлбөрийг төлсөн тохиолдолд алданги нэхэмжлэхээс татгалзахаар ярилцаж, тохиролцсон байсан” гэх тайлбар зэргээс үзэхэд хариуцагч нь шүүх хуралдааны өмнө нийт төлөх ёстой үндсэн төлбөрийн 70 орчим хувийг төлж барагдуулсан үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг баримтлан 27 975 759 төгрөгийн алданги гаргуулж, үлдэх 36 223 241 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагчтай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд талууд 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.2.1-д худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.А-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 204 байр, 4 тоот, улсын бүртгэлийн Ү-2206047977 дугаартай, 91,5 м.кв, талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт маргаагүй, гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч нь үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 191 135 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 497 319 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан хариуцагч Б.А-аас 67 873 759 төгрөг гаргуулан нэхэмжлэгч СМГ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 36 223 241 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 204 байр, 4 тоот, улсын бүртгэлийн Ү-2206047977 дугаартай, 91,5 м.кв, талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 191 135 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 497 319 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

  

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ