Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00900

 

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00900

 

 

Уын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/00808 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Уын нэхэмжлэлтэй,

Хариуцагч А-д холбогдох

 

Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцлах, Ниссан патрол маркийн автомашин болон хохиролд 1 500 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: У,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Баттулга,

Хариуцагч: А-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр А-тай тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, 2007 онд үйлдвэрлэгдсэн, 49-19 УБЦ улсын дугаартай, Волксваген Гольф маркийн суудлын автомашиныг 8 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, уг төлөх ёстой 8 000 000 төгрөгийн төлбөрт өөрийн эзэмшлийн 1996 онд үйлдвэрлэгдсэн, 41-54 УБЦ улсын дугаартай, Ниссан Патрол маркийн автомашиныг өгсөн.

Тухайн үед А-ы өгсөн автомашины кроп эвдрэлтэй байсан ба сэлбэгийг захиж авчраад солиход болно гэж хэлж байсан. Кропны сэлбэгийг 800 000 төгрөгөөр захиалан авч сольсон боловч эвдрэл арилаагүй.

Түүнчлэн автомашиныг миний нэр дээр шилжүүлж өгөөгүй, 1 жилийн хугацаанд автомашиныг засварлуулахад 1 500 000 төгрөгийн зардал гарсан боловч бүрэн ажиллагаатай болохгүй байна. Засварын газарт үзүүлэхэд мотор, кроп, рулийн аппарат зэрэг чухал эд ангиудад өөр автомашины сэлбэг тааруулан тавьсан байсан нь тогтоогдсон.

Иймд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 1996 онд үйлдвэрлэгдсэн, 41-54 УБЦ улсын дугаартай, Ниссан Патрол маркийн автомашинаа буцаан гаргуулж, засварын зардалд гарсан 1 500 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Уын хүсэлтийн дагуу 2007 онд үйлдвэрлэгдсэн, 49-19 УБЦ улсын дугаартай, Волксваген Гольф маркийн суудлын автомашиныг 1996 онд үйлдвэрлэгдсэн, 41-54 УБЦ улсын дугаартай, Ниссан Патрол маркийн автомашинаар харилцан солилцож, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр арилжааны гэрээ байгуулсан.

Автомашиныг солилцох үед У Волксваген Гольф маркийн автомашиныг 5-7 хоног унаж, шалгасны дараа гэрээ байгуулсан ба автомашин авцуулах холбооны гэмтэлтэй гэдгийг хэлж байсан. Харин машины мотор болон кроп, рулийн аппарат зэрэг нь хэвийн ажиллагаатай байсан.

Гэрээнд заагдсан хугацааны дотор Ниссан Патрол маркийн автомашины татвар, оношлогоо, торгууль зэргийг төлж, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Волксваген Гольф маркийн суудлын автомашины татвар төлөгдсөн, оношлогоо хийгдсэн, торгууль байхгүй байсан учраас У нь нэрээ шилжүүлэхэд саад болох зүйлгүй байсан.

Ниссан Патрол маркийн автомашины он хуучин, эвдрэл ихтэй байсан учраас 2 000 000 төгрөгийн засвар үйлчилгээгээ хийж, бусдад худалдсан тул буцааж өгөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А-тай байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцлах, Ниссан патрол маркийн автомашинаа буцаан авах, гэрээгээр солилцсон Волксваген Гольф маркийн автомашинд зарцуулсан зардал 1 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Уын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргаж шинжээч томилуулан уг автомашин нь зориулалтын бус гар аргаар угсрагдсан, өмнө нь осолд орж байсан гэдгийг тогтоолгосон, дээрх эвдрэл гэмтэл хэзээ, яаж үүссэнийг шинжээч тогтоох боломжгүй байсан тул гэрч Г.Билгүүнийг шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг авсан боловч шүүх шинжээчийн дүгнэлт болоод, гэрчийн мэдүүлгийг үнэлж дүгнээгүй.

Шүүх хуралдааны үеэр хариуцагч А- нь техникийн шинжээчийн дүгнэлт болон гэрч Г.Билгүүний мэдүүлэг зэрэгтэй маргаагүй бөгөөд автомашиныг гар аргаар угсарсан, сангийн труба хүртэл ашиглан монголчилж янзалсан зэргийг хүртэл хүлээн зөвшөөрч байсан.

Гэтэл шүүх хэт нэг талыг барьж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч У нь хариуцагч А-д холбогдуулан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 1996 онд үйлдвэрлэгдсэн, 41-54 УБЦ улсын дугаартай, Ниссан Патрол маркийн автомашиныг буцаан гаргуулах, хохиролд 1 500 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэлийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр А- нь өөрийн өмчлөлийн 49-19 УБЦ улсын дугаартай, Волксваген Гольф маркийн суудлын автомашиныг Ут шилжүүлэх, У нь гэрээний зүйлийн төлбөрт 8 000 000 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээг бичгээр байгуулсан боловч гэрээний төлбөрт худалдан авагч У нь өөрийн өмчлөлийн 41-54 УБЦ улсын дугаартай, Ниссан патрол маркийн автомашиныг худалдагч А-д шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Гэрээний зүйл болох Волксваген Гольф маркийн автомашиныг нэхэмжлэгч нь өөрийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэн аваагүй ч 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн өөрийн эзэмшилд бодитойгоор шилжүүлэн авсан, тухайн эд хөрөнгө нь тодорхой хэмжээгээр доголдолтой байсан талаар зохигч маргаагүй.

 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт зааснаар арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарах тул нэхэмжлэгч нь эд хөрөнгийн доголдолтой холбоотой гэрээг цуцлахад мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан журмыг баримтална.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 6 сарын дотор гомдлын шаардлагыг хариуцагчид гаргах байсан ба уг шаардлагыг гаргаагүй, гомдлын шаардлага гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлохоор шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан ба 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр техникийн шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтэд автомашины эвдрэл гэмтлийг нарийвчлан тодорхойлсон боловч уг гэмтлүүдийг цаг хугацааны хувьд талуудын гэрээ байгуулсан өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө эсхүл хойш үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй гэжээ.

 

Гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар автомашиныг хүлээн авснаас хойшхи хугацаанд үүссэн эвдрэл гэмтлийг нэхэмжлэгч хариуцахаар заасан.

 

Автомашинд гарсан гэмтлүүд нь талуудын худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө эсхүл хойно гарсан гэмтлүүд гэдгийг шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн гэрч Г.Билгүүн нь нэхэмжлэгч Уын багын найз байхаас гадна түүний мэдүүлгээс автомашинд ямар эвдрэл гарсан байсан нь тогтоогдохгүй тул дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Түүнээс гадна нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг шилжүүлэх авахад доголдлыг мэдэх боломжтой байсан, уг доголдол мэдэгдэх боломжгүйд тооцогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/00808 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Э.ЗОЛЗАЯА