Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2019/00808

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.У

Хариуцагч: Б.А,

Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцлах, Ниссан патрол маркийн автомашинаа буцаан авах, гэрээгээр солилцсон Волксваген Гольф маркийн автомашинд зарцуулсан зардал 1,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, хариуцагч Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга нэхэмжлэгч Э.Уыг төлөөлөн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Э.У 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б.Атай тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Уг гэрээгээр худалдан авагч Э.У нь худалдагч Б.Ааас 2007 онд үйлдвэрлэгдсэн 49-19 УБЦ улсын дугаартай Волксваген Гольф маркийн суудлын автомашиныг 8,000,000 төгрөгөөр худалдан авах нөхцөлтэй байгуулж, уг төлөх ёстой 8,000,000 төгрөгийн оронд өөрийн эзэмшлийн 1996 онд үйлдвэрлэгдсэн Ниссан Патрол маркийн жийп маркийн автомашиныг өгсөн нь автомашиныг автомашинаар солилцох арилжааны гэрээ хийгдсэн. Тухайн үед Б.Аы өгсөн Волксваген Гольф маркийн автомашины кроп эвдрэлтэй байсан ба, уг эвдрэлийг БНХАУ-аас кропны сэлбэгийг захиж авчраад солиод л болно гэж байсан боловч өөрийнх нь хэлсэн сэлбэгийг 800,000 төгрөгөөр захиалж авчирсан боловч кропны эвдрэл арилаагүй бөгөөд, тухайн автомашиныг нэр дээр шилжүүлж өгөөгүй өнөөг хүртэл утсаа авахгүй, зугтаасаар байна. Энэ хугацаанд уг автомашиныг засаж янзлахаар 1,500,000 төгрөгийн зардал гарган 1 жилийн туршид энд тэнд засварын газруудаар очиж янзлуулсан боловч бүрэн бүтэн ажиллагаатай болохгүй байна. Учир нь засварын газарт үзүүлэхээр мотор, кроп, рулийн аппарат зэрэг чухал эд ангиудад өөр автомашины сэлбэг тааруулан тавьж аргацаасан байсан нь тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасны дагуу гэрээг хүчингүй болгож, 41-54 УБЦ улсын дугаартай 1996 онд үйлдвэрлэгдсэн Ниссан Патрол маркийн автомашинаа буцаан авах, засварын зардалд гарсан 1,500,000 төгрөгийг Б.Ааас гаргуулахаар нэхэмжилж байна. Волксваген Гольф маркийн автомашин нь анхны байдлаараа байгаа бөгөөд, буцаан өгөхөд бэлэн. ... гэв.

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Э.Уын өөрийнх нь хүсэлтээр миний бие өөрийн эзэмшлийн 2007 онд үйлдвэрлэгдсэн 49-19 УБЦ улсын дугаартай Волксваген Гольф маркийн суудлын автомашинаа Э.Уын эзэмшлийн 1996 онд үйлдвэрлэгдсэн 41-54 УБЦ улсын дугаартай Ниссан Патрол маркийн жийп автомашинаар харилцан солилцон арилжааны гэрээ байгуулсан. Автомашиныг солилцох үед миний автомашин хэвийн явж байсан бөгөөд, Э.У миний автомашиныг 5-7 хоног унаж, шалгасны дараа гэрээгээ байгуулсан. Би түүнд анхнаасаа автомашин авцуулах холбооны гэмтэлтэй гэдгийг хэлж байсан. Харин машины мотор болон кроп, рулийн аппарат зэрэг нь хэвийн ажиллагаатай байсан. Гэрээ байгуулснаас хойш би гэрээнд заагдсан хугацааны дотор Э.Уын эзэмшлийн 41-54 УБЦ дугаартай Ниссан Патрол маркийн автомашины татвар, оношлогоо, торгууль зэргийг төлж, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Миний эзэмшлийн 49-19 УБЦ улсын дугаартай Волксваген Гольф маркийн суудлын автомашины татвар төлөгдсөн, онологоо хийгдсэн, торгууль байхгүй байсан учраас Э.У нь гэрээний дагуу нэрээ шилжүүлэхэд саад болох зүйлгүй байсан.

Э.Уаас авсан машин нь он хуучин, эвдрэл ихтэй байсан бөгөөд, тухайн үед эхнэр Б.Үүрцайхаар 2,000,000 төгрөгийн цалингийн зээл авахуулан уг машинд өөрөө засвар үйлчилгээгээ хийж, буцаагаад зарсан. Зарах болсон шалтгаан нь өвлийн хүйтэнд өглөө асахгүй, түлш зарцуулалт маш их байсан. 2018 оны 5 дугаар сарын үед Э.У таны машины нэрийг шилжүүлж авч чадаагүй, нэр дээр минь шилжүүлж өгөөч гэхэд нь зөвшөөрөөд болзсон цагт ажлын шаардлагаар очиж амжаагүй. Үүний дараа 2018 оны 7 дугаар сарын үед үл таних нэг хүн залгаж Э.Уаас таны машиныг худалдан авч байгаа юм. Маргааш уулзаж өөрийн нэр дээрээ шилжүүлье гэж ярьсан боловч маргааш нь ярихгүй алга болсон. Үүнээс хойш дахин надтай холбогдоогүй. Бидний дунд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар арилжааны гэрээ байгуулагдсан. Гэрээ байгуулах саналыг Э.У гаргасан бөгөөд, өөрийн он хуучин машиныг миний он залуу, барууны орны машинаар солих хүсэл зоригийг илэрхийлж, унаж шалгаж үзсэний үндсэн дээр гэрээ байгуулсан учир автомашины тухайн үед байсан шинж чанар, нөхцөл байдлыг мэдэж, хүлээн зөвшөөрч авсан. Учир нь уг машин шинэ биш, хуучин учраас ашиглагдах явцад элэгдэж, хорогдож муудсан эд ангиудыг засах, солих шаардлага үүсч байгааг Э.У шалгаж авсан учраас мэдсэн гэж үзэх тул Иргэний хуулийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан. Би машинд авцуулах холбооны гэмтэл байгааг өөрөө мэдсэн учраас үүнийгээ шударгаар хэлсэн. Өөр гэмтэл байгаагүй. Доголдолтой эд хөрөнгийг нуун дарагдуулж шилжүүлсэн зүйл байхгүй. Э.У машиныг шилжүүлэх үед хэвийн ажиллагаатай, унаж явах бүрэн боломжтой байсан. Бид гэрээгээр машины чанарын талаар тохиролцоогүй. Тохиролцох ч боломжгүй юм. Учир нь хуучин машин учраас шинэ машин шиг чанартай байх боломжгүй тул машинуудаа үзэж харж, унаж үзээд эвдрэл гэмтэл, элэгдэл хорогдлыг нь шалгаад солилцсон. Машины кроп эвдрэлтэй байгаагүй. Кроп нь эвдэрсэн машиныг унаж явах боломжгүй байдаг. Э.Ут машиныг шилжүүлэн өгөх үед хэвийн ажиллагаатай, унаж ашиглах боломжтой байсан учраас чанарын доголдолгүй байсан. Би Э.Уаас авсан машиныг бусдад худалдсан учраас буцааж өгөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Б.Ад холбогдуулан Тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн Ниссан Патрол маркийн автомашиныг буцаан авах, гэрээгээр солилцсон Волксваген Гольф маркийн автомашинд зарцуулсан зардал 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...гэрээ байгуулах үед чанарын доголдолтой автомашин шилжүүлээгүй, харилцан солилцсон автомашинууд аль аль нь хуучин автомашин байсан учир чанарын шаардлагын талаар тохиролцоогүй, кроп эвдрэлгүй байсан, ... шилжүүлэн авсан Ниссан Патрол маркийн автомашиныг бусдад худалдсан учир буцаан өгөх боломжгүй... гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

Шүүх дараахь үндэслэлээр Э.Уын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу худалдагч Б.А нь худалдан авагч Э.Ут өөрийн өмчлөлийн 49-19 УБЦ улсын дугаартай, Япон улсаас оруулж ирсэн Волксваген Гольф /Volkswagen Golf/ маркийн 2007 онд үйлдвэрлэгдсэн суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг шилжүүлэх, худалдан авагч нь 8,000,000 төгрөг төлж машинаа хүлээн авах үүргийг тус тус хүлээж, төлбөр төлөх нөхцөлд тооцоо дуусгасан хэмээн тусгасан байна. /хх 4/

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан бөгөөд, гэрээний талууд уг гэрээгээ нотариатаар гэрчлүүлсэн боловч худалдан авагч Э.У шилжүүлэн авсан автомашины үнэ 8,000,000 төгрөгт тооцон өөрийн өмчлөлийн 41-54 УБЦ улсын дугаартай 1996 онд үйлдвэрлэгдсэн Ниссан Патрол /Nissan Patrol/ маркийн автомашиныг худалдагч Б.Ад шилжүүлэн, харилцан солилцсон байх тул тэдний хооронд арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 274.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх ба, энэ төрлийн гэрээнд худалдах-худалан авах гэрээний талаархи Иргэний хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.

Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Б.Аы гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгө болох Волксваген Гольф маркийн автомашин нь чанарын доголдолтой, тодруулбал: кроп эвдрэлтэйгээс шилжүүлэн авснаас хойш 10 орчим хоногийн дараагаас араандаа орохгүй, хөдлөхгүй байсны улмаас авто засварын газруудад үзүүлэхэд гар аргаар угсарсан, засвар авахгүй хэмээн оношлогдсоноор биет байдлын доголдолтой гэдгийг мэдсэн учир гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн өөрийн өмчлөлийн Ниссан Патрол маркийн автомашиныг буцаан авах, Волксваген Гольф маркийн автомашинд 1,500,000 төгрөгийн зардал гарсан гэж тайлбарлана.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан зориулалтаар буюу ердийн байдлаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй хөрөнгө гэнэ.

Гэтэл гэрээний дагуу шилжүүлсэн Волксваген Гольф маркийн автомашин нь өөрийн шинж чанараараа ердийн хэрэглээний шаардлага хангаж буюу зориулалтын дагуу ашиглагдах боломжгүй болж, араанд орохгүй буюу кроп ажиллагаагүй болсноор автомашин хөдлөх боломжгүй болсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг гэрч Г.Билгүүн нотлон шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн бөгөөд, хариуцагч Б.Ад энэ талаар 2018 оны 1 дүгээр сард мэдэгдсэн тухай хариуцагч тайлбарлаж байх тул худалдан авагч Э.У Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар худалдагч талд гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл: Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заагдсан ямар гомдлын шаардлага гаргасан нь тодорхой бус, энэ нь нэхэмжлэгчийн гаргасан ...доголдлын талаар Б.Ад мэдэгдэхэд БНХАУ-аас кроп захиж солих талаар зөвлөсний дагуу сольсон нь нэмэр болоогүй... гэх тайлбараар тогтоогдох бөгөөд, шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий Волксваген Гольф маркийн автомашиныг шууд ашиглах боломжгүй гэж дүгнэсэн боловч, ...гэрээ байгуулснаас хойш 2 жил орчим өнгөрсөн байх учир техникийн шинжээч ...машины эвдрэл гэрээ байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө, эсвэл хойш үүссэн эсэхийг тогтоолгох асуултанд хариулах боломжгүй гэжээ. /хх 24, 25/

Хэдийгээр гэрээ байгуулагдсанаас хойш 10 орчим хоногийн дараа гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийн биет байдлын доголдол илэрсэн, үүнээс хойш огт хөдөлгөөгүй, олон засварын газарт оношлуулсан талаар нэхэмжлэгч тал тайлбарлах боловч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, автомашины эвдрэл хэзээ, ямар шалтгаанаар үүссэн болох нь тодорхойгүй байх бөгөөд, гэрээний 3.3 дахь хэсэгт ...Худалдан авагч машиныг хүлээн авснаас хойш хугацаанд үүссэн эвдрэл гэмтлийг хариуцна гэж заасан байх тул нэхэмжлэгч Э.У гэрээнээс татгалзах эрхгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Э.У нь маргаан бүхий Волксваген Гольф маркийн автомашины ашиглалт, засварт зарцуулагдсан гэх 1,500,000 төгрөгийг харуицагчаас шаардсан боловч уг шаардлагаа мөн баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байх тул дээрх үндэслэлээр түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Жаргалмаагаас 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Чанцалдуламд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,350 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Ш.Жаргалмаагаас 262,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Чанцалдуламд олгосугай.

3.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА