Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/00690

 

 

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/00690

 

 

М.Янжиндуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/00016 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Янжиндулам,

Хариуцагч Сандэй ХХК-д холбогдох,

Худалдаа үйлчилгээний талбайн м.кв-ын зөрүүд илүү төлсөн 65 487 192 төгрөг гаргуулах, 403 тоот худалдаа, үйлчилгээний талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгахыг хүссэн иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Янжиндулам, өмгөөлөгч Р.Эрдэнэсүрэн,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие Сандэй ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Пийс Товер оффис үйлчилгээний зориулалттай барилгаас 58.47 м.кв талбайг 1 м.кв-ыг нь 3 150 ам.доллараар тооцон захиалж, Сандэй ХХК барилгыг 2012 оны 1 дүгээр улиралд багтаан хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгөх, миний бие гэрээнд заасан хуваарийн дагуу нийт 184 180.5 ам.долларыг төлөх нөхцөлтэйгөөр 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан бөгөөд үйлчилгээний талбайн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу Сандэй ХХК-д бүрэн төлсөн.

Хариуцагч нь уг барилгыг 2012 оны 1 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй бөгөөд гэрээнд заасан хугацаанаас 2 жилийн дараа буюу 2014 оны 2 дугаар улиралд хүлээлгэж өгсөн. Миний хувьд 4 дүгээр давхрын №3С буюу нийт 58.47 м.кв талбайг хүлээн авсан гэж бодож байсан боловч үйлчилгээний талбайн хэмжилт хийсэн Голден морган констракшн ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтээр үйлчилгээний нийт талбайн хэмжээ 48.87 м.кв болох нь тогтоогдсон. Голден морган констракшн ХХК-ийн хийсэн энэхүү хэмжилтээр би м.кв-ын зөрүүд 30 240 ам.долларыг Сандэй ХХК-д илүү төлсөн байна.

Ийм учраас Сандэй ХХК-иас м.кв-ын зөрүүд илүү төлсөн 65 487 192 төгрөгийг гаргуулж, Пийс тауэр оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 4 давхрын 403 тоот худалдаа, үйлчилгээний талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг 48.60 м.кв талбайтайгаар миний нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид гэрээний дагуу талбайгаа хүлээлгэн өгсөн. Монгол улсад үйлчилгээний талбай хэмжих стандарт байдаггүй. Орон сууцны талбай хэмждэг стандартаар үйлчилгээний талбайг хэмжсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Пийс товер худалдааны төвийн барилга 2012 онд бүрэн баригдаж дууссан бөгөөд 2013 онд Улсын комисс барилгыг хүлээн авсан.

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгчийн гэрээний доголдлын талаар шаардлага гаргах хугацаа дууссан учраас м.кв-ын зөрүүд илүү төлсөн гэх 65 487 192 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин 403 тоот худалдаа, үйлчилгээний талбайн төлбөрийг нэхэмжлэгч бүрэн төлсөн учраас гэрээнд заасны дагуу 58.47 м.кв талбайтайгаар гаргаж өгнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пийс товерын оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 4 дүгээр давхрын 3С тоот талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг 48.60 м.кв талбайн хэмжээтэйгээр нэхэмжлэгчид гаргуулж өгөхийг хариуцагчид даалгаж, хариуцагч Сандэй ХХК-иас талбайн м.кв-ийн зөрүүд илүү төлсөн 65 487 192 төгрөг гаргуулахыг хүссэн М.Янжиндуламын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57,2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 599 422 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сандэй ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрээний зүйл болох оффис, үйлчилгээний зориулалт бүхий талбай нь гэрээ байгуулагдах үед ийнхүү бий болсон, биет байдлын болон эрхийн тодорхой шинж тэмдэгтэй хөрөнгө байснаас үзэхэд зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг илүү агуулж байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан гэж талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг буруу тодорхойлсноос шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн. Шүүх юуг үндэслэж үйлчилгээний зориулалт бүхий талбай нь гэрээ байгуулагдах үед бий болсон гэж үзсэн, биет байдлын болон эрхийн тодорхой шинж тэмдэгтэй хөрөнгө гэж ямар хөрөнгө болох талаар ойлгомжгүй дүгнэлтийг хийжээ.

Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 65 487 192 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь заалтыг үндэслэл болгож нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх гомдлын шаардлага гаргах хугацаа, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа гэсэн эрх зүйн 2 өөр ойлголтыг зааглан ялгалгүй алдаатай дүгнэлт хийснээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 2554.6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг зөрчсөн. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Сандэй ХХК нь гэрээний зүйлийг хэзээ хүлээлгэж өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй. Гэтэл шүүх хэмжилт хийхгүйгээр оффис үйлчилгээний талбайг хүлээн авсан нь шаардлага гаргах эрхээ алдахаар заасан Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан үндэслэлд хамаарч байна гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийж, худалдах худалдан авах гэрээний зохицуулалтыг хэрэглэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй алдаа гаргасан. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар 3С талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой баримтыг хариуцагч гаргаж өгөөгүйгээс өнөөдрийг хүртэл өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа болох нь тогтоогдож байгаа бөгөөд шүүхэд 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан гэх буюу нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч М.Янжиндулам нь Сандэй ХХК-д холбогдуулан худалдаа, үйлчилгээний талбайн зөрүү 65 487 192 төгрөг гаргуулах, 403 тоот худалдаа, үйлчилгээний талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч м.кв-ын зөрүүд илүү төлсөн 65 487 192 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргажээ.

Талуудын хооронд 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу Сандэй ХХК нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пийс товер оффис үйлчилгээний зориулалттай барилгаас 4 давхрын 3С, нийт 58.47 м.кв талбайг хүлээлгэн өгөх, М.Янжиндуламын зүгээс нэг м.кв талбайг 2 863.6 ам.доллараар тооцож 167 434.7 ам.доллар, нэмэгдсэн өртгийн албан татвар 16 745.8 ам.доллар, нийт 184 180.5 ам.долларыг 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 6 000 ам.доллар, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 99 780 ам.доллар, мөн өдөр 16 745.8 ам.долларын НӨАТ-ыг тус тус хувааж төлөх үүргийг хүлээсэн нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв.

Иймд нэхэмжлэгч гэрээний зүйлийн доголдол буюу үйлчилгээний талбайн хэмжээ дутуу байсантай холбоотойгоор илүү төлсөн төлбөрийг буцаан шаардсан ба хариуцагч тал ийнхүү шаардах эрхтэй эсэхээр маргасныг худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад хамааруулан шийдвэрлэх үндэслэлтэй.

Шүүхээс томилогдсон Инженер геодези ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Д16/284 дугаартай Барилгын орон сууцны өрөө, тасалгааны талбайн хэмжээг тогтоосон акт-аар /хх43-44/ MNS 6058:2009 стандартыг баримталж талбайн хэмжээг 48.60 м.кв болохыг тодорхойлсон нь гэрээнд заасан хэмжээнээс 9.87 м.кв-аар дутуу болохыг тогтоосон бөгөөд төсөөтэй нөхцөл байдлыг журамласан стандартыг баримталж хийсэн шинжээчийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар ...худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх... үүрэгтэй ба хариуцагчийг тус гэрээний дагуу 58.47 м.кв оффис, үйлчилгээний талбайг хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн гэж үзэн нэхэмжлэгч М.Янжиндулам нь 9.87 м.кв-ын зөрүүд илүү төлсөн үнийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Гэвч эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар заасан Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан үндэслэл бүрдсэн байна. Учир нь нэхэмжлэгч оффис үйлчилгээний талбайг 2014 оны 2 дугаар улиралд хүлээн авсан талаар нэхэмжлэлдээ дурдсанаас гадна 2015 онд засвар хийх үед эргэлзээтэй байдал үүссэн гэсэн тайлбараас үзвэл худалдан авагч тухайн үед эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдож байх ба Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хүлээн авсанд тооцно.

Мөн үйлчилгээний талбайн хэмжээ нь барилгын ашиглалтын явцад илрэх далд доголдол биш тул 2015 онд засвар хийснээр талбай дутууг мэдсэн гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, 2014 оны 2 дугаар улиралд талбайг хүлээн авах үедээ хэмжиж авах боломжтой байхад хэмжээгүй нь шаардлага гаргах эрхээ алдах Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан үндэслэл болно.

Иймд хариуцагчаас эд хөрөнгийн доголдолтой холбоотой талбайн хэмжээ дутуугаас үнийн зөрүүд илүү төлсөн 65 487 192 төгрөг гаргуулахаар шаардсан М.Янжиндуламын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

Хариуцагч нь гэрээний төлбөрийг нэхэмжлэгчээс бүрэн төлснийг зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримтыг гаргаж өгөхөө зөвшөөрсөн тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмжээгээр баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгасан шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэх ба нэгэнт талбайн хэмжээг шинжээч тогтоосон байхад 58.47 м.кв-аар гэрчилгээ гарах ёстой гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/00016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 485 386 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

А.ОТГОНЦЭЦЭГ