Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 169

 

 “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын

сайдад холбогдох захиргааны хэргийн тухай

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                         Г.Банзрагч,

                                                    М.Батсуурь,

                                                    Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “А” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0845 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 125 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулж, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0845 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай А/76 дугаар тушаалын “А” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 125 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 845 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 125 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. “А” ХХК-ний илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.29-ний өдрийн 845 дугаар шийдвэрээр хуульд үндэслэж, нотлох баримтыг үнэлж, анх газар ашиглах эрх олгосон тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.11 дэх хэсгийг зөрчсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож хуулийг зөв хэрэглэж шийдвэрлэсэн.

4. Гэтэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн хүрээнээс хэтэрч, хэргийн оролцогчид маргаагүй асуудлаар, Төрийн захиргааны байгууллага буюу сайдын эрх мэдэл болох газар ашиглуулах эрхэд халдаж уг газрыг дуусгавар болгоод дээрх хуульд заасан үндэслэлээр ба 11.7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах;” гэж зааснаар өөр аж ахуйн нэгжид газар ашиглах эрх олгосныг шалган тодруулах шаардлагатай гэж үзэж анхан шатны шүүх руу буцаасан буруу юм.

5. Газрыг дуусгавар болгосон болон эрх олгосон хоёр тушаал бол хуулийн хоёр өөр үндэслэл бүхий өөр харилцаа тул 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 125 дугаар магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн 2019.11.29- ний өдрийн 845 дугаар шийдвэрийг хэвээр нь баталж өгнө үү.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч “А” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “А” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “...манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байхгүй байхад ...илт хууль бус захиргааны акт гаргасан” гэж маргажээ. 

7. Анхан шатны шүүхээс, маргаан бүхий А/76 дугаар тушаалын “А” ХХК-д холбогдох хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актад хамаарахгүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

8. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар, ...,Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, ...40 дүгээр зүйлийн 1-ийн 2,...-т заасныг үндэслэн “усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр “А” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.

9. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар, газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх үйл ажиллагаа явуулахыг хориглохоор, 40 дүгээр зүйлийн 1-ийн 2-т тусгай хамгаалалттай газар нутгийн горимыг зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор тус тус зохицуулсан.

10. Хэрэгт авагдсан шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16/05 дугаартай “Зураг төсөл боловсруулах гэрээ”, төслийн зураг зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “А” ХХК-д ашиглуулахаар олгосон 4 га газар нь уулын энгэр /уруу/ газарт байрлалтай болох нь тогтоогдсоны зэрэгцээ нэхэмжлэгчээс тус газарт Морин хуурын загвар бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга, байгууламж барихаар төлөвлөж байгаа тохиолдолд газрыг хагалах, ухах, уулыг нураах зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх, хамгаалалтын горимыг зөрчих эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээр, мөн дээрх хуулийн 12 дугаар зүйлийн 5-д заасан “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих”-ыг хориглосон заалтыг зөрчихөөр байна. 

11. Иймд хариуцагчаас А/76 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцсэн тул уг тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан илт хууль бус акт гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.   

12. Харин, анхан шатны шүүх маргаан бүхий газрыг өөр хуулийн этгээдэд ашиглуулах шийдвэр гаргасан эсэх талаар нотлох баримтыг цуглуулаагүй, тэгш эрхийн зарчим хөндсөн тухай дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн шийдэл буруу байна.

13. Учир нь, нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд маргаан бүхий газрыг өөр бусад этгээдэд ашиглуулах шийдвэр гаргасан талаар маргаагүй байхад давж заалдах гомдолд дурдсан “маргаан бүхий газрыг “Л” ТББ-д олгосон” гэх үндэслэлийг шалгуулж, холбогдох нотлох баримтыг цуглуулахаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасанд нийцэхгүй байна гэж үзэв.

14. Нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт өөр этгээдэд газар ашиглуулах талаар хүчин төгөлдөр шийдвэр байгаа тохиолдолд шүүхэд маргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй юм.

15. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 125 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0845 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ч.ТУНГАЛАГ          

                                  ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА