Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00902

 

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00902

 

 

Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00762 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 98 672 133 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н-

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Мөнхбаясгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б-т 50 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, алданги 0,5 хувиар төлөхөөр тохиролцож зээлсэн. Гэвч Б- нь сар бүр төлөх хүүгийн эргэн төлөлтийг хийгээгүй.

Иймд зээлийн гэрээний үндсэн төлбөрт 50 000 000 төгрөг, зээлийн хүү 23 672 133 төгрөг, алдангид 25 000 000 төгрөг, нийт 98 672 133 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбартаа: Зээлийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан. Миний тооцооллоор үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 42 000 000 төгрөг төлөх ёстойгоос зээлийн хүүд 24 196 360 төгрөг төлсөн тул зээлийн хүү үлдэгдэл төлбөрт 17 803 640 төгрөг, нийт 67 803 640 төгрөг төлөх үүрэгтэй байгаа. Гэрээний хугацаа дууссанаас хойшх алданги сарын 0.5 хувь буюу 250 000 төгрөг, үүнийг өдрөөр тооцвол 8064 төгрөг болох бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 3 сар 10 хоног буюу хуанлийн 92 хоногоор алдангийг тооцвол 741 888 төгрөг болж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 68 545 528 төгрөгийг төлөхөөр байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 68 809 660 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29 862 473 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгө болох Ү-2206006414 улсын бүртгэлийн дугаартай, 0000217558 тоот гэрчилгээний дугаартай, иргэн Б-ийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат 20-13 тоот орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 501 998 төгрөгийг гаргуулж Н-д олгож нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 722 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх "алданги 0,5 хувь" гэж зээлийн гэрээний 2.4-т заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийнэ гэсэн заалтад нийцсэн гэж үндэслэсэн боловч алдангийг үлэмж бууруулж тогтоосон.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ" гэж заасан байхад алдангийг хариуцагчийн тайлбарын дагуу сарын 0,5 хувь болгон тооцоолж шийдвэр гаргасан. Алдангийг гэрээний хугацаа дууссан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хуанлийн 102 хоногоор хоног тутмын 0,5 хувиар тооцон Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д заасны дагуу үндсэн зээлээс 50 хувийн алданги тооцох нь хууль болон гэрээнд нийцтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хэрэгсэхгүй болгосон 29 862 473 төгрөгийг 23 993 980 төгрөг болгон өөрчилж, 92 803 640 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн хангасан байна.

 

Нэхэмжлэгч Н- нь хариуцагч Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 98 672 133 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зээлдүүлэгч Н- нь 2016 оны 10 дугаар сарын 14ий өдөр 50 000 000 төгрөгийг, 2 жилийн хугацаатай, 1 сарын 3,5 хувийн хүүтэй, алданги 0,5 хувь гэж тохиролцон Б-тэй зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож Б- нь мөн өдөр өөрийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2206006414 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 20 дугаар байр, 13 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг Н-тай байгуулсан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Зээлийн гэрээг бичгээр байгуулж талууд зээлийн хүүгийн талаар тохиролцсон тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дахь хэсэгт зааснаар хүүг гэрээнд заасан хугацаагаар шаардах эрхтэй.

 

Зээлдэгч Б- нь зээлийн гэрээний үүрэгт 24 196 360 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй. Харин алдангийн тооцооллын талаар талууд маргажээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үндсэн үүрэг 50 000 000 төгрөг, зээлийн хүү 42 000 000 /50.000.0003.5 хувь24 сар/ төгрөг, нийт 92 000 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс түүний төлсөн 24 196 360 төгрөгийг хасч тооцвол тэрээр 67 803 640 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Талууд зээлийн гэрээний 2.4 дэх хэсэгт Алданги: 0.5 хувь гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцээгүй. Тодруулбал, талууд зээлийн хүүг сараар тохиролцсон байх бөгөөд алдангийг сараар эсхүл хоногоор тодорхойлж тохиролцоогүй тул хуульд заасан алдангийн тодорхойлолтой нийцэхгүй юм.

 

Гэвч анхан шатны шүүх хариуцагчийн төлөх үүрэг болох 67 803 640 төгрөгөөс 1 сард 0,5 хувийн алданги тооцон, гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 92 хоногийн хугацааны алдангид 1 006 020 төгрөг тооцсонд хариуцагч гомдол гаргаагүй тул талуудын мэтгэлцэх зарчмыг үндэслэн шийдлийг хэвээр үлдээв.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00762 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Э.ЗОЛЗАЯА