Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/00762

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 01 өдөр                  Дугаар 183/ШШ2019/00762                              Улаанбаатар хот

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ......тоотод оршин суух,  Д.Н  /РД:...../

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ..... тоотод оршин суух, Г.Б /РД:..../-т холбогдох,

          зээлийн гэрээний үүрэг 98,672,133 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М ,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Т нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:  

 

            Нэхэмжлэгч Д.Н  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Бид хоёрыг дундын найз танилцуулж өгсөн. Би өөрөө бизнес эхлүүлэх гээд хөрөнгө оруулалт хайж байсан. Э.М  тухайн үед арай өндөр хувийн хүүтэй зээлүүдтэй байсан. Би хүүг нь багасгаад үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл өгөхөөр тохиролцсон. Үл хөдлөх хөрөнгө эгчийнх нь нэр дээр байсан, тус байрыг санал болгосон. Бид 2 хоёулаа зөвшөөрөөд зээлийн гэрээ, барьцааны гэрээг хамтад нь байгуулаад Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэрээний нөхцөл нь 50 сая төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, алданги тооцох, 2 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний нэмэлт нөхцөлөөр бид 2 ярилцаж байгаад 3.9 дэх заалтыг нэмж оруулсан. Зээлээ эргүүлэн төлөөгүй нөхцөлд гэрээний хугацаа дуусахад зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хүүг тооцохоор тохирсон. Зээлийн явцад хүүг сар сард нь төлөх, зээлийн хүүг үндсэн зээлийн 9 хувиас хэтрэхгүй байхаар тохиролцсон боловч эдгээр нөхцөлүүдээ биелүүлээгүй. Гэрээний хугацаанд сарын хүүгээ тодорхой хэмжээнд төлсөн. Төлсөн хэмжээг бид 2 хоёулаа санал нийлээд шүүхэд баримтаар өгсөн байгаа. Эхлээд зээлийн хүүг шүүхэд өргөдөл гаргасан өдөр буюу 2019.01.28-ны өдрийг хүртэл тооцсон. Анх зээл өгсөн өдрөөс хойш 2016.10.18-ны өдрөөс 2019.01.28-ны өдөр хүртэл 832 хоног болсон. 832 хоногийн хүүг нь бодохоор 47,868,493 төгрөг болж байгаа. Үүнээс төлсөн хүү нь 24,196,360 төгрөгийг хасахаар 23,672,133 төгрөг үлдэж байгаа. Алдангийн хувьд гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2018.10.18-ны өдрөөс хоногийн 0,5 хувиар алданги бодохоор нийт зээлийн дүнгийн 50 хувь буюу 25,000,000 төгрөг гэж тооцсон. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр гэхэд 100 хоног нь хэтэрчихсэн байсан. Тийм учраас алдангийг дээд талын хэмжээгээр буюу үндсэн зээлийн 50 хувь хүртэлх хэмжээгээр нэхэмжилсэн” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Зээлийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан. Миний тооцооллоор 3,5 хувийн хүү маань сарын 1,750,000 төгрөг болж байгаа. Нийт үндсэн зээлсэн 50 сая төгрөгийн хүү нь 42,000,000 төгрөг гэж бодогдож байгаа. Үүнээс зээлийн хүүнд нийт төлсөн дүн болох 24,196,360 төгрөгийг төлж барагдуулсан. Төлөх ёстой зээлийн хүүний үлдэгдэл нь 17,803,640 төгрөгийг төлөөгүй үлдсэн хүү гэж тооцсон. Үүнийг төлбөл зохих дүн гэж гаргаж ирсэн. Алдангийг үндсэн зээлийн дүнгийн 0,5 хувь гэж тооцсон. Хүүг сараар тооцож байгаа юм чинь алдангийг бас сараар тооцно. Тэгээд 0,5 хувь буюу сарын 250,000 төгрөгийн алданги гэж тооцсон. Сарыг 31 хоногоор тооцсон бөгөөд өдрийн 8,064 төгрөгийн алданги тооцохоор байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл тооцвол 92 хоног болсон, энэ  хоногийг 8,064 төгрөгөөр үржүүлбэл 741,888 төгрөгийн алданги төлөх ёстой дүн гэж гаргасан. Нийт төлбөл зохих 68,545,528 төгрөгийг төлж барагдуулъя гэсэн хүсэлтэй байна. Би тайлбар дээрээ зээлээ төлж барагдуулах хугацаагаа бичээгүй байна. Ер нь бол над руу шүүхэд нэхэмжлэл гаргалаа гэж хэлж байсан. Тэр үед би бэлтгэлээ хангаад одоогоор 30 сая төгрөгийг бэлдчихсэн байгаа. Тэгээд шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас хамаараад 30 сая төгрөгөө өгнө, үлдсэн мөнгийг 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор барагдуулчихна. Гэхдээ нэг дор биш наана нь боломжит хугацаагаар өгье гэсэн хүсэлтэй байна” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

           Нэхэмжлэгч Д.Н  зээлийн гэрээний үүрэгт 98,672,133 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019.01.28-нд шүүхэд ирүүлсэн бөгөөд зээлийн үндсэн төлбөр 50,000,000 төгрөг, зээлийн төлөгдөөгүй хүү 23,672,133 төгрөг, алданги 25,000,000 төгрөг нийтдээ 98,672,133 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаардсан байна.

 

          Шүүх хуралдааны явцад хариуцагч тал 50,000,000 төгрөгийг зээлж авсанаа хүлээн зөвшөөрч, зээлийн хүүний үлдэгдэл 17,803,640 төгрөг, алданги 741,888 төгрөг  нийтдээ 68,545,528 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг зөвшөөрсөн болно.

 

       Хэрэгт авагдсан 2016.10.14-ний өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч Г.Б нь 2 жилийн хугацаатай 50 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, мөнгийг зээлдэгч хүлээн авсан тул буцаан төлөх үүрэгтэй бөгөөд  “алданги 0.5 хувь” гэж зээлийн гэрээний 2.4-т заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын  гэрээг бичгээр хийнэ гэсэн заалтад нийцсэн гэж үзлээ.

         

        Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан байна.

 

  Дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүүд 42,000,000 төгрөг нийтдээ 92,000,000 төгрөгийг 2018.10.18-нд төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд 2016.12.27-ноос эхлэн 2018.12.05-ны өдрийн хооронд нийтдээ 24,196,360 төгрөгийг төлсөн, энэ мөнгийг зээлийн хүүд тооцохоор тохиролцсон талаар талууд маргаагүй тул үндсэн зээл 50, 000,000 төгрөг, зээлийн үлдэгдэл 17,803,640 төгрөг, алданги 1,006,020 төгрөг нийтдээ 68,809,660 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

 Зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүд 42,000,000 төгрөг төлөхийг, өнгөрсөн хугацаанд төлсөн 24,196,360 төгрөгийг зээлийн хүүнээс хасч тооцохыг хариуцагч тус тус зөвшөөрсөн тул 42,000,000 төгрөгнөөс төлсөн 24,196,360 төгрөгийг хасч, үлдэх 17,803,000 төгрөгийг зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр, /50,000,000+17,803,000/ 67,803,640 төгрөгийн 0.5 хувийн алданги 339,015 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл 92 хоногийн алданги хоногийн 10,935 төгрөгийг 92 хоногоор тооцож алдангийн хэмжээг 1,006,020 төгрөгөөр тогтоов.

 

Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулах, 156.2 дахь хэсэгт заасан “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэсэн шаардлагыг хангасан тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахыг хүссэн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

   

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас хангасан хэмжээгээр тооцож улсын тэмдэгтийн хураамжид 501,998 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 722,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдэв.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт “хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасан боловч зээлдэгч энэ талаар шүүхэд хүсэлт гаргаагүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Бадамцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 68,809,660 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Д.Н ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,862,473 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

            2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгө болох ....... улсын бүртгэлийн дугаартай, ....... тоот гэрчилгээний дугаартай, иргэн Г.Б гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ......... тоот орон сууцыг  худалдан борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 501,998 төгрөгийг гаргуулж Д.Н д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2019.01.28-ны өдөр төлсөн 722,000 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

  

                          

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ