Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/00270

 

Д.Дашгомбын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05596 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Д.Дашгомбо,

Хариуцагч : Х.Үржинчимэг,

Хариуцагч : Ж.Дүүрэнжаргал

Нэхэмжлэлийн шаардлага : 225.000.000 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр гүйцэтгүүлэх тухай

Хариуцагч нарын төлөөлөгч Б.Батболдын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Дашгомбо, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013.8.07-ны өдөр  Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нартай харилцан тохиролцож, 150 сая  төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацааг зээлдэгч нарын хүсэлтээр 2015.5.08-ны өдрийг хүртэл сунгасан. Гэрээний хугацаанд зээлийн хүүд  94.500.000 төгрөг, алдангид 7.200.000 төгрөг  хариуцагч нар төлсөн. Бусад үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагч нараас зээлд 150 сая  төгрөг, алдангид 75 сая  төгрөгийг гаргуулж өгнө үү. Барьцаалсан хөрөнгөөр үүргийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05596 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,  186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг баримтлан Х.Үржинчимэгээс 217.800.000  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 7.200.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Үржинчимэг дээрх үүргийг эс биелүүлбэл  Баянгол дүүрэг, 1-рхороо, Хос өргөө 2 хотхон /16030/ Энгельсийн гудамж, 21-р байрны 100 тоот дахь, хариуцагч нар хамтран өмчлөх эрх бүхий, 112.7 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 1-р хороо, Хос өргөө 2 хотхон /16030/ Энгельийн гудамж, 22-р байрны зоорийн давхарт, 91 тоот, улсын бүртгэлийн Ү-2205049142 дугаарт бүртгэгдсэн,  хариуцагч Х.Үржинчимэг дангаар өмчлөх эрх бүхий, 18 м.кв талбайтай, автомашины зогсоолыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүнээс үүргийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60  дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 641.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээр  641.950 төгрөгийг улсын орлогод төлүүлэх, хариуцагч Х.Үржинчимэгээс  1.246.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128 дугаартай магадлал гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05596 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч нарын төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хариуцагч нарыг шүүх хуралдаанд оролцуулаагүй, өмгөөлөгчөөр эрх ашгаа хамгаалуулах, мэтгэлцэх эрхийг хангаагүй. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээ болон нэхэмжлэгч талын тайлбарыг нотолгоо болгож, шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нөхцөл байдалтай танилцах, нотлох баримт бүрдүүлэх зэрэг эрхийг эдлүүлэлгүй, хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан. Зээлийн гэрээтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөхөөр бэлтгэж байсан. Шүүх үндсэн зээл, хүүгийн хэмжээг тооцоогүй,зөвхөн хариуцагч ирээгүй шалтгаанаар  хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гарч чадаагүй. Хариуцагч тал төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрөөгүй бол нэхэмжлэлийн дүнг шударгаар тооцоолох боломжийг хуулиар олгосон байхад шүүх шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 150.000.000 төгрөгийг төлөх боломжтой гэж үзэж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг дахин хянаж шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

                                                                     ХЯНАВАЛ:

 Д.Дашгомбо нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нараас үндсэн зээл 150 сая төгрөг, алданги 75 сая төгрөг, нийт 225 сая төгрөг гаргуулах үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах шаардлага гаргажээ. /хх 1-2/

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1-т заасныг баримтлан Х.Үржинчимэгээс 217.800.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 7.2 сая төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Д.Дашгомбо нь хоёр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад шүүх  Ж.Дүүрэнжаргалд холбогдох шаардлагыг  шийдвэрлээгүй  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т, нэг хариуцагчаас төлбөр гаргуулсан үндэслэлээ шийдвэрт заагаагүй нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т тус тус нийцээгүй байна.

2. Шүүх хариуцагч нарын  эзгүйд  хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу биш боловч  хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нийцэх юм.

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн боловч ийнхүү дүгнэх болсон үндэслэлээ шийдвэрт заагаагүй Иргэний хуулийн 56-р зүйл,   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-г зөрчжээ.   

Хэрэгт буй, 2013.8.07, 2014.8.12, 2014.11.28-ны өдрийн гэрээг иргэд хооронд байгуулагдсан гэж үзэхээр байгаа боловч нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагаа явуулдаг байж болохоор баримт хэргийн 21-32 дугаар талд авагдсаныг шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй нь  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т нийцээгүй байна.   

Хэрэгт байгаа баримтаар зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хуулийн хүчин төгөлдөр эсэх талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх  боломжгүй тул шийдвэр болон магадлалыг хүчингүй болгоно.

3. Шүүх Д.Дашгомбын нэхэмжлэлийг хүлээн авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Д.Дашгомбо нь 2016 оны 8 дугаар сард шүүхэд хандан хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан боловч уг нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.8.16-ны өдрийн 102/ШЗ2016/22354 дугаар захирамжаар /хх 33/ хүлээн авахаас татгалзаж, улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 641.500 төгрөгийг /хх 3/ нэхэмжлэгчид буцааж олгохоор заасан ба уг захирамжийг хүчингүй болгосон тухай баримт хэрэгт байхгүй байна. 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны  102/ШЗ2016/22354 дугаар захирамжийг хүчингүй болгосон, өөрчилсөн баримт хэрэгт байхгүй байхад шүүх буцааж олгохоор заасан улсын тэмдэгтийн хураамжийг /хх 3, 4/ 2016.8.25-ны өдөр иргэний хэрэг үүсэхдээ Нийслэлийн Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2016.8.18-ны өдрийн 2/2128 дугаар албан бичгийг /хх 4/-г үндэслэн улсын  орлогод төлөгдсөн гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх бөгөөд өөрт нь олгохоор заасан мөнгийг нэхэмжлэгч аваагүй нь мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-г өөрөөр тайлбарлан хэрэглэх үндэслэл болохгүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05596 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 497.000 төгрөгийг Х.Үржинчимэгт захирамжаар буцаан олгосугай.

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ