Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/ма2020/01386

 

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/01386

 

БНХАУ-ын иргэн ю-ИЙН

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01129 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Юань овогтой Юаннэхэмжлэлтэй хариуцагч Т.С-од холбогдох

Гэм хорын хохиролд 3 536 049 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т.С- нь 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 12-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутагт БНХАУ-ын иргэн Ю.Юаньтай зодолдож түүний духанд шарх, зүүн дээд зовхи, баруун нүдний гадна булан баруун шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 11.6.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан эрүүгийн 1907003170120 дугаартай хэрэгт цугларсан иргэн Ю.Юаньд шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №8594 тоот дүгнэлт, хохирогч Ю.Юаны мэдүүлэг, Т.С-ын мэдүүлэг зэргээр иргэн Т.С- нь БНХАУ-ын иргэн Ю.Юаны эрүүл мэндэд гэм хор учруулсан болох нь тогтоогдсон. Мөн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор давхар нотлогдно. Учруулсан гэм хорын хохирлыг арилгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр тухайн үйл явдал болсон. Ю.Юаний биед хөнгөн зэргийн хохирол учирсан. Хөнгөн зэргийн хохирол нь 14 хоногийн хугацаанд эдгэрдэг. Хавтаст хэрэгт авагдсан эмчилгээний баримтууд нь хаанаас авсан нь мэдэгдэхгүй, тамга тэмдэггүй канондсан баримт бичиг байдаг. Үүнийг орчуулсан орчуулгаас харахад ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн орчуулгууд байна. Орчуулгагүй англиар бичсэн баримт нь онгоцны баримт гэж ойлгож байгаа. Хариуцагчийн зүгээс орчуулгагүй нотлох баримтын шаардлага хангаагүй баримтаар нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ю.Юань нь гэрлүүгээ явсан зардлаа нэхэж байгааг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Гэм хор нэхэмжилж байгаа биед учирсан гэх гэмтэл 2, 3 сарын дотор бүрэн эдгэрсэн байдаг. Ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй нотлох баримтын хувьд хангалтгүй байгаа болохоор нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ю.Юаны гэм хорын хохиролд 3 536 049 төгрөг гаргуулах тухай Т.С-од холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо Ө.Амарбаясгалан миний бие 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ар гэрийн гачигдал гарч улмаар тус шүүхэд хүсэлт гарган 2020 оны 04 сарын 30-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Миний хүсэлтийг тус шүүх нь хүлээн авалгүйгээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш дээрх шүүх хуралдаан нь 3 удаа хойшлогдсон байдаг бөгөөд бүгд хариуцагчийн талаас шалтаг шалтагаан гаргаж шүүх уралдааныг хойшлуулсан байдаг.

Хэрэгт цугларсан нотлох баримтын хувьд нэхэмжпэгч Ю.Юаны эмчлүүлсэн эмчилгээний карт нь албан ёсных бөгөөд иргэн Т.С-ын учруулсан гэмтлийн гаралтай шарханд эмчилгээ хийлгэсэн баримт нь албан ёсны орчуулгын төвөөр орчуулуулсан баримтыг хэрэгт хавсаргасан байдаг юм.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ю.Юань нь хариуцагч Т.С-од холбогдуулан гэм хорын хохиролд 3 536 049 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1, 50/

Т.С- нь 2019 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутагт БНХАУ-ын иргэн Ю.Юаньтай зодолдож түүний духанд шарх, зүүн дээд зовхи, баруун нүдний гадна булан, баруун шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн тул гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгэсэн болох нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна. /хх 9/

Хэргийн 21-25 дугаар талд авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, 26-32 дугаар талд авагдсан хятад хэлнээс орчуулсан баримтууд нь орчуулсан эх сурвалж нь тодорхойгүй, 33-34 дүгээр талд нэхэмжлэгчийн БНХАУ-ын Бээжин хотруу 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нисч, 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр буцаж ирсэн нислэгийн тийз авагдсан байх боловч ямар ажлаар явсан нь баримтаар тогтоогдохгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эрхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлж өгнө гэж заасан хэлбэрийн шаардлагыг зөрчсөн, үнэлэх боломжгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хэрэв өөрөө олж авах боломжгүй тохиолдолд хүсэлт гарган шүүхээр бүрдүүлүүлэх эрхтэй болохыг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг шүүх тайлбарлан өгч, талууд өөрийн эрхээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг хангах үүргээ хэрэгжүүлсэн.

Иргэний хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр үүсгэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтуудыг хуульд заасан шаардлага хангуулах, өөрөөр хэлбэл хятад хэл дээрх хуулбар хувь баримтын эх хувийг бусад этгээдээс гаргуулах болон тухайн баримтад тусгагдсан үйл баримт, мэдээллийн талаар лавлагаа авахуулах зэрэг хүсэлтийг шүүхэд гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу нотлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг хойшуулах хүсэлт гаргасан боловч тухайн хүсэлтийг анхан шатны шүүх баримтаар нотлоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим зөрчигдөөгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01129 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хурмаажаас чөлөөлөгдснийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ш.ОЮУНХАНД