Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2020/01129

 

2020 оны 4 сарын 30 өдөр                                    Дугаар 183/ШШ2020/01129                                      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Ж.Сэмжид, шүүгч Ц.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, , БНХАУлсын иргэн Юийн Ю /ЮД:/-ийн, нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, хаягт оршин суух, Т ын С/РД:СА/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 3 536 049 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Снь 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 12-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Ю.Ю тай маргалдаж, улмаар зодолдож түүний духанд шарх, зүүн дээд зовхи, баруун нүдний гадна булан баруун шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан эрүүгийн 1907003170120 дугаартай хэрэгт цугларсан иргэн Ю.Юд шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №8594 тоот дүгнэлт, хохирогч Ю.Юы мэдүүлэг, Т.Сын мэдүүлэг зэргээр иргэн Т.Снь БНХАУ-ын иргэн Ю.Юы эрүүл мэндэд гэм хор учруулсан болох нь тогтоогдож байна. Мөн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор давхар нотлогдож байгаа. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснар БНХАУ-ын иргэн Ю.Юд учруулсан гэм хорын хохирлыг арилгуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 07 сарын 11-ний өдөр тухайн үйл явдал болсон. Ю.Юий биед хөнгөн зэргийн хохирол учирсан. Хөнгөн зэргийн хохирол нь 14 хоногийн хугацаанд эдгэрдэг. Хавтаст хэрэгт авагдсан эмчилгээний баримтууд нь хаанаас  ямар авсан нь мэдэгдэхгүй, тамга тэмдэггүй канондсан баримт бичиг байдаг. Үүнийг орчуулсан орчуулгаас харахад ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн орчуулгууд байна. Хятадын орчуулгын баримттан дээр Ю нь гэрийн хаягаа Бээжин хотын Хувей муж гэсэн байгаа. тэнд амьдардаг байх. Орчуулгагүй англиар бичсэн баримт нь онгоцны баримт гэж ойлгож байгаа. Хариуцагчийн зүгээс орчуулгагүй нотлох баримтын шаардлага хангаагүй баримтаар нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ю.Ю нь гэрлүү явсан зардлаа нэхэж байгааг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Гэм хор  нэхэмжилж байгаа биед учирсан гэмтэл 2, 3 сарын дотор бүрэн эдгэрсэн байдаг. Ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй нотлох баримтын  хувьд хангалтгүй байгаа болохоор нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ю.Ю хариуцагч Т.Сод холбогдуулан гэм хорын хохиролд 3 536 049 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...2019 оны 07 сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө маргалдаж, улмаар Т.Снь Ю.Юы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...” гэжээ.

 

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэжээ. Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн хууль бус үйлдэл байх, гэм буруутай нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх буюу тухайн заалтанд тавигдах урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Т.Снь 2019 оны 07 сарын 11-ний өдрөөс 2019 оны 07 сарын 12-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Ю.Ютай маргалдаж, улмаар зодолдож түүний духанд шарх, зүүн дээд зовхи, баруун нүдний гадна булан, баруун шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгэсэн болох нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй бөгөөд шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хэрэв өөрөө олж авах боломжгүй тохиолдолд хүсэлт гарган шүүхээр бүрдүүлүүлэх эрхтэй болохыг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг шүүх тайлбарлан өгч, талууд өөрийн эрхээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг хангах үүргээ хэрэгжүүлсэн.

 

Иргэний хэргийг 2020 оны 01 сарын 30-ны өдөр үүсгэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л хугацаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтуудыг хуульд заасан шаардлага хангуулах, өөрөөр хэлбэл хятад хэл дээрх хуулбар хувь баримтын эх хувийг бусад этгээдээс гаргуулах болон тухайн баримтад тусгагдсан үйл баримт, мэдээллийн талаар лавлагаа авахуулах зэрэг хүсэлтийг шүүхэд гаргаагүй.

 

Хэрэгт авагдсан хятад хэл дээрх хуулбар хувь баримтаас Элит орчуулгын товчоогоор монгол хэл дээр орчуулсан баримтууд, мөн онгоцны тийзны баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эрхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн өгнө гэж заасан хэлбэрээр бэхжигдээгүй, мөн гадаад хэл дээрх баримт болох хавтаст хэргийн 22-32, 34 дүгээр талд авагдсан баримтыг шүүх бүрэлдэхүүн үнэлэх боломжгүй гэж үзэв.

 

Иймд нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу нотлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн     41.1.7-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ю.Юы гэм хорын хохиролд 3 536 049 төгрөг гаргуулах тухай       Т.Сод холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.МӨНХЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧИД                                        Ж.СЭМЖИД

 

                                                                                          Ц.ОЮУНБИЛЭГ