Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 192

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Хохирогч Ч.Байгалмаа,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, А.Мөнхбат,

Шүүгдэгч О.Галсаннамжил нарыг оролцуулан Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Очирбаатарын Галсаннамжилд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818000400081 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймаг, Есөн булаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ам бүл 3, аав, ээжийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, Их сургуулийн 5-р гудамж 01 тоотод оршин суух хаягтай, урьд:

 

-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор 20002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-т зааснаар 1 жил, 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

 

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 460 нэгж буюу 460,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд овогт Очирбаатарын Галсаннамжил /ДЮ86123019/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч О.Галсаннамжил нь согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 13-р баг, Үйлдвэрийн хотхон луу явах зам дээр 1551 УБС улсын дугаартай Лексус 470 загварын авто тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.1а, 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалтыг зөрчсөний  улмаас явган зорчигч Д.Санжсүрэнг мөргөж амь нас хохирсон, Мөн өдөр Б.Батнасантай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Галсаннамжил нь согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 22 цаг 40 минутын орчимд Дархан-Уул аймгийн Дархан сум 13-р баг, Үйлдвэрийн хотхон луу явах зам дээр 1551 УБС улсын дугаартай Лексус 470 загварын авто тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.1а, 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам дээр явж байсан явган зорчигч Д.Санжсүрэнг мөргөж, хүний амь нас хохироосон, явган зорчигч Ц.Батмөнхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

Гэрч Б.Батнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Намайг замаар уруудах үед Галсаннамжил нэлээн хол зайтай явж байгаад машины бөгсний гэрэл мурилзах шиг болоод зүгээр яваад өгсөн. “...Би машинаас буугаад очиход машиных нь жолооч талын 2 дугуй хагараад мөн хойд багаажны шил хагарсан байсан” гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 48/,

 

Гэрч Д.Алтанзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...уулнаас машинтайгаа уруудаад засмал замаар төв рүү орох гээд явж байтал тас түс гэх чимээ гарахад би юу мөргөчихвөө гээд эргээд харах үед Содоогийн машины хойд талын салхины шил хагарчихсан байсан. Тэр үед Содоо машинаа зогсоох үед Батнасан жолоочийн хаалганы хажуу талд ирээд Содоог заамдаж машинаас буулгаад тэр хоёр хоорондоо зодолдсон” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 53/,

 

Гэрч Ц.Баатарцогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... намайг замаар явж байхад машины эд анги зам дээр унасан байсан. Тэр бутархай эд ангийн ойролцоо замын хажууд хүн хэвтэж байсан. Би бодохдоо машин мөргөсөн байна гэж бодсон” гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 56/,

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “...талийгаач Д.Санжсүрэн нь гавал тархины гэмтлийн улмаас гэмтлийн шокт орж нас баржээ. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй” гэх 04 дугаартай дүгнэлт /1-р хавтаст хэргийн 145/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “...хар хөх богино хүрмэнд гарсан 13*5 см, 6*4 см хэмжээтэй уранхай нь хатуу гадаргуутай зүйлийн нэг удаагийн харилцан үйлчлэлээр гарсан шинэ уранхай байна, хар майканд гарсан 48 см, 9 см, хар өмдөнд гарсан 14 см, 12 см хэмжээтэй уранхай нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай байна” гэх 666 дугаартай дүгнэлт /1-р хавтаст хэргийн 138/,

 

Цогцосны гадна болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хавтаст хэргийн 153-163/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 7-19/,

 

Согтуурал шалгасан “Очирбаатар овогтой Галсаннамжилаас согтуурал шалгах драйгер багажаар үлээлгэн шалгахад 0,31 хувь гарсан байна” гэх тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 23/,

 

Эрүүжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 24/,

 

Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 25-32/,

 

2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн “... О.Галсаннамжил нь Лексус-470 макрийн 15-51 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад явган зорчигч Д.Санжсүрэнг мөргөж зам тээврийн осол гаргах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.1-а, 2.7-а, 9-р бүлгийн 9.1 гэсэн заалтуудыг зөрчсөн байна” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 65/,

 

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмчийн “... О.Галсанамжил нь авто осолд орсон. Архи ихээр үнэртэнэ.” гэх тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 93/

 

Шинжээч Б.Өнөрбатын мөрдөн байцаалтад өгсөн “...шүүх шинжилгээний албаны химийн шинжээч Д.Туяагийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаартай шинжилгээний дүгнэлтэд О.Галсаннамжилийн цусанд спирт илэрсэн. 0,4 промиль спирт нь согтолтын зэрэгт хамаарахгүй гэж тусгагдсан. Замын цагдаагийн одоо ашиглагдаж байгаа 75-10 маркийн согтолт хэмжих багажаар ослын дараа шалгахад 0,31 хувь гарсан. Энэ нь одоо бидний мөрдөж байгаагаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсонд тооцогддог. 0,20 хувийн согтолттой буюу түүнээс дээш тохиолдолд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсонд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасдаг” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 121/,

 

Шинжээч С.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Эрүүлжүүлэх, саатуулах байранд түүнийг хүргэж өгөхдөө согтолтын зэргийг согтуурал хэмжигч багаж болох драйгераар үлээлгэсэн байдаг. Уг драйгер үлээлгэсэн тэмдэглэлээр О.Галсаннамжил нь 0,31 хувийн согтолттой байсан учир үүнийг үндэслэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж тавьсан юм” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 68-69/,

 

Шүүгдэгч О.Галсаннамжилийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Алтанзул надтай ярилцмаар байна гэж хэлсэн учраас 2018 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Дархан сумын шинэ хорооллын 6 дугаар байрны гадаа Алтанзултай машин дотроо юм яриад сууж байсан. Тухайн үед Алтанзул нөхрөөсөө тусдаа амьдарч байсан юм. Бид машин дотор сууж байхад Алтанзул 0.5 литрийн архи авсан. Тэгээд түүнийгээ задалж надад нэг удаа хийж өгсөн. Би түүнийг нь амссан. Алтанзул бид хоёрыг хамт байхад Батнасан  нь Алтанзул руу хэд хэдэн удаа залгаж утсаар дарамталж байснаа “ална” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Батнасан машинтай ирж машиныхаа гэрлийг тусгасан. Тэгэхээр нь Алтанзул бид хоёр машинтай зугтааж “Ньюиорк” толгой руу гарсан. Гэтэл араас Батнасанг ирэхээр нь буцаж уруудсан. Гэтэл зам дагуу хүн явж байсан. Би тухайн үед түүнийг тойроод гарчихлаа гэж бодсон. Түүний дараа машиныхаа жолоог жалга руу дарж, машинаа зогсоосон. Тэр үед Батнасан миний машины жолоочийн хаалгыг онгойлгож намайг буулган миний нүүр рүү 2-3 удаа цохисон учраас би Батнасанг түлхэж бид ноцолдсон. Удалгүй цагдаа нар ирж эмнэлэгт очсон. Тэгээд цусны шинжилгээ өгсөн” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон үйл баримтын талаар маргаагүй, харин “согтуурсан үедээ” гэж зүйлчлэлийг хүндрүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Яллагдагч О.Галсаннамжилын согтуурлыг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр амьсгал дахь спиртийн агууламж хэмжих багажаар үлээлгэн шалгахад 0.31 хувь, /1 дүгээр хавтаст хэргийн 23, 24/ цусанд этилийн спирт илэрч байгаа эсэхийг шалгахад 0.4 промиль этилийн спирт илэрчээ.

Яллагдагч О.Галсаннамжил нь хэрэг учрал болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, “согтуурсан” байсан болох нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагч О.Галсаннамжилын өгсөн “...машинд байсан 0,5 литр архийг задлаад уусан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 173/, гэрч У.Алтанзулын өгсөн “...дэлгүүрээс 0,5 литрийн алтан чингис нэртэй архи аваад бид хоёр тал хүртэл нь уугаад байж байхад Батнасан залгаад хэрүүл хийсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54/, жолоочийн согтуурал шалгасан магадалгаа /1 дүгээр хавтаст хэргийн 23/, эрүүжлүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 24/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Хэдийгээр яллагдагч О.Галсаннамжилын цусанд 0,4 промиль этилийн спирт илэрч, энэ нь согтолтын зэрэгт хамаарахгүй гэж 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 8 дугаартай шинжээчийн дүгнэлтэд /1 дүгээр хавтаст хэргийн  109/ тусгагдсан боловч энэ нь түүнийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг үгүйсгэх үндэслэл биш юм.

“Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1-т “хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна” гэж хуульчилсан бөгөөд хэрэг учрал болох үед яллагдагч нь 38 хувийн этилийн спирт агуулсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь яллагдагч О.Галсаннамжил, гэрч У.Алтанзул нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай “Журам батлах тухай” хамтарсан тушаалын хавсралтын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт “шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан нь хэрэг учрал болох үед “согтуурсан” байсан эсэхийг тогтоох үндэслэл биш, шалгах тухайн цаг хугацаанд “согтуурсан” гэж үзэх эсэхийг тодорхойлох үндэслэл болно.

Шалгуулагчийн биеийн жин, физиологийн онцлог, согтууруулах ундаа хэрэглэснээс хойш хэдий хугацаа өнгөрсөн зэргээс хамаарч амьсгал болон цусан дахь спиртийн агууламж өөрөөр гарах ба шалгах үед цусанд 0,5 промилээс доош спиртийн агууламж илэрсэн гэх үндэслэлээр осол хэрэг болох үед эрүүл байсан гэж дүгнэх нь өрөөсгөл юм.

Хууль тогтоогч “согтуурсан үедээ” авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр хуульчилсан ба Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай “Журам батлах тухай” хамтарсан тушаалын заалтыг баримтлан хэргийг зүйлчлэх үндэслэлгүй байна.

Жолооч аюул учруулж болохуйц бүх эрсдэлийг тооцоолж, ослоос сэргийлэн ухамсартай жолоодсоноор тээврийн хэрэгсэл, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах учиртай.

 

Тархинд ирэх мэдээллийг хөрвүүлэх процессыг “Өвчтэй үедээ жолоо барих, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хэт ядарсан, стресстэй үед, шөнийн цагаар тээврийн хэрэгсэл жолоодох, анхаарал сарних гэх мэт нөхцөл байдал удаашруулж улмаар самбаачлах хугацааг богиносгодог.

 

Тийм ч учраас согтуурсан мансуурсан, хэт ядарсан үед тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог.

Цусан дахь спиртийн агууламж 0,5 хувьд хүрснээр жолоочийн самбаачлах хугацаа уртасч, аюулгүй жолоодлого алдагдана, түүнээс доош бол ямар нэгэн нөлөөгүй гэж үзэх нь өрөөсгөл ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлд “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” гэдэгт самбаачлах хугацаа, аюулгүй жолоодлогод нөлөөлөхүйц хэмжээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг ойлгоно.

О.Галсаннамжилын цусанд 0,4 промиль спиртийн агууламж илэрсэн боловч осол хэрэг гарснаас 2 цаг 20 минут орчмын дараа түүний амьсгал дахь спиртийн агууламж 0,31 хувь байсан болох нь хэрэгт авагдсан эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл /1-р хавтас хэргийн 24/-ээр тогтоогдож байна.

Мөн 2018 оны 1-р сарын 8-ны 00 цаг 30 минутад Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт О.Галсаннамжилын биед үзлэг хийсэн тодорхойлолтод “архи ихээр үнэртэнэ” гэжээ.

Энэ нь түүнийг “согтуурсан үедээ” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл ба осол гарснаас хойш 2 цаг гаруйн дараа шүүгдэгчийн амьсгал дахь спиртийн агууламж зөвшөөрөгдсөн доод хэмжээ 0,19 хувиас 0,12 хувиар илүү буюу 0.31 хувь байсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлд зааснаар гэмт хэргийг “согтуурсан үедээ үйлдсэн” гэх зүйлчлэл зөв байна.

Эрүүл  мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай тушаалын хавсралт “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 1.6 дахь хэсэгт “Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно” гэж заасан нь хэт өрөөсгөл байх ба Эрүүгийн хуулийг тайлбарлан хэрэглэх эрх зөвхөн шүүхэд олгогдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед дээрх журмын заалтыг баримталснаар илт согтуурсан болох нь тогтоогдсоор атал гэм буруутай этгээд ял завших, цусан дахь спиртийн агууламж арилсны дараа шалгуулах зорилгоор хэргийн газрыг орхих зэрэг сөрөг байдал бий болох эрсдэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч О.Галсаннамжил нь 2018 оны 1-р сарын 7-ны өдрийн 23 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сум, 13-р баг, Анагаах ухааны дээд сургуулийн замын эсрэг талд Б.Батнасантай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйхны шарх, баруун, зүүн хацар, баруун чих, доод эрүү, баруун зүүн шуу, бугалга, зүүн гарын 4-р хурууны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Батнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний ядам хурууг хазаад авахаар нь тавиулах гээд орилоход зүүн гарын шуун дотроос хазаж авсан. Машин дотроос цахилгаан бороохой гаргаж ирээд толгой руу цохиулсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 48/,

 

Гэрч Д.Алтанзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Батнасан жолоочийн хаалганы хажуу талд ирээд Содоог заамдаж машинаас татаж буулгаад тэр хоёр хоорондоо зодолдсон. Тэр үед нь би дундуур нь орж боль гээд салгахад Содоогийн цамцных нь зах урагдчихсан, баруун талын шанаа хамар хэсгээс нь цус гоожчихсон, харин Батнасангийн зүүн шанаа хэсгээс нь цус гоожчихсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53/,

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн “...Д.Батнасангийн биед тархи доргилт, зулайн хуйхны шарх, баруун, зүүн хацар, баруун чих, доод эрүү, баруун зүүн шуу, бугалга, зүүн гарын 4-р хурууны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 156 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 76/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч О.Галсаннамжилыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

 

  1. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Байгалмаа “...Оршуулгын зардалд 9,500,000 төгрөг авсан, шүүгдэгчид хандаж хэлэхэд дахин ийм хэрэг битгий гаргаарай. Миний хүүхэд нэгэнт эргэж босож ирэхгүй учраас гомдол санал гэх зүйл байхгүй. Талийгаачийн 1 ой, 7 сартай хүү байдаг. Ирээдүйд хүүхдэд нь тусалж дэмжих байх гэж бодоод энэ хэргийг шүүхэд даатгаж байна, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хэрэгт шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна. Мөн иргэний нэхэмжлэгч Ц.Баянмөнх нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо авсан гэжээ.

 

Хохирогч Ч.Байгалмаагийн өмгөөлөгч Д.Чинбаатар “тэжээгчээ алдагдсаны тэтгэмжийг зөрүү гаргуулах”-аар нэхэмжлэл гаргаагүй ч уг нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэжээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд уг гэм хорыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Энэ хэрэгт “тэжээгчээ алдагдсаны тэтгэмжийн зөрүү гаргуулах” нэхэмжлэл гаргаагүй, үүнтэй холбоотой ямар нэгэн баримт ирүүлээгүй тул тэжээгчээ алдагдсаны тэтгэмжийн зөрүү гаргуулах нэхэмжлэл гаргах эсэх нь нээлттэй ба шүүх энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргах шаардлагагүй байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Батнасан нь нэхэмжлэл, түүнтэй холбоотой баримт ирүүлээгүй боловч 400,000 төгрөг хүлээн авсан байна.

 

Иймд шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан”материаллаг” хохирлыг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

  1. Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч О.Галсаннамжилд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлд заасан “учруулсан ”материаллаг” хохирлыг нөхөн төлсөн, амь хохирогч Д.Санжсүрэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 3-р бүлэг 3.1 дэх хэсэгт заасан “явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн баруун хөвөөгөөр явна, өөрийгөө хянах чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно” гэснийг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Галсаннамжил нь гэм буруугийн талаар маргаагүй, осол, хэргийн талаар анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг  хөнгөрүүлж, хорих ялын доод хэмжээний хоёрны нэгтэй тэнцэх хэмжээний буюу 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7-р зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан тул О.Галсаннамжилын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа тоолохоор тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг хөнгөнийг хүндэд нь нэмж, торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ял дээр нэмж нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоов.

 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн 23-р байрны дээд талд байрлах камерын бичлэг бүхий 1 ширхэг си-ди, “Дарханнэхий” ХХК-ийн камерын бичлэг бүхий 1 ширхэг си-диг хэрэгт хавсаргаж, талийгаачийн өмсөж явсан хар шар алаг өнгийн ороолт, хар өнгийн ороолт, хар өнгийн хүрэм, шаргал өнгийн урд талдаа цахилгаантай цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн өмдний тэлээ, хар өнгийн ноосон өмд, саарал өнгийн дотоож, хар өнгийн ноосон 1 хос оймс, хар өнгийн мак, ногоон өнгийн 1 хос гутал, хэргийн газрын үзлэгээр хураан авсан авто тээврийн хэрэгслийн хойд талын гэрлийн 7 ширхэг хагархай, буферийн 1 ширхэг хагархай, салхины шилний хагархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, О.Галсаннамжилын өмчлөлийн 58-85 ДАА улсын дугаартай Ховосинотрак загварын авто тээврийн хэрэгсэл, Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 9-р хэсэг 1-р гудамж 55 тоот байрлалтай 572,0 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Олхонууд овогт Очирбаатарын Галсаннамжилыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Шүүгдэгч О.Галсаннамжилаас шүүхийн шийтгэх тогтоол гарах үед гаргуулах төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь “тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гаргуулах” нэхэмжлэл гаргаагүй ба энэ талаарх нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар О.Галсаннамжилд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Галсаннамжилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 1 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Галсаннамжилд оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн 23-р байрны дээд талд байрлах камерын бичлэг болох 1 ширхэг си-ди, “Дарханнэхий” ХХК-ийн камерын бичлэг болох 1 ширхэг си-диг хэрэгт хавсаргаж, талийгаачийн өмсөж явсан хар шар алаг өнгийн ороолт, хар өнгийн ороолт, хар өнгийн хүрэм, шаргал өнгийн урд талдаа цахилгаантай цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн өмдний тэлээ, хар өнгийн ноосон өмд, саарал өнгийн дотоож, хар өнгийн ноосон 1 хос оймс, хар өнгийн мак, ногоон өнгийн 1 хос гутал, хэргийн газрын үзлэгээр хураан авсан авто тээврийн хэрэгслийн хойд талын гэрлийн 7 ширхэг хагархай, буферийн 1 ширхэг хагархай, салхины шилний хагархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, О.Галсаннамжилын өмчлөлийн 58-85 ДАА улсын дугаартай Ховосинотрак загварын авто тээврийн хэрэгсэл, Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 9-р хэсэг 1-р гудамж 55 тоот байрлалтай 572,0 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Галсаннамжилд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД