Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 56

 

О.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                         Д.Буянжаргал

                                                       Б.Манлайбаатар                            

Прокурор                                       А.Оргилбаяр

Шүүгдэгч                                        О.Г-                

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Ж.Эрдэнэбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж шийдвэрлэсэн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 192 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, Ж.Эрдэнэбаатар нарын гаргасан давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-ын Г-д холбогдох эрүүгийн 1818000400081 тоот, 166/2018/0178/Э индекстэй 2 хавтас хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд:

-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-т зааснаар 1 жил, 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, О- овогт О-ын Г- /**********/.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч О.Г- нь согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 13-р баг, Үйлдвэрийн хотхон руу явах зам дээр ******* УБС улсын дугаартай Лексус 470 загварын авто тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.1 а, 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.С-г мөргөж амь нас хохирсон, Мөн өдөр Б.Б-тай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 192 дугаартай  шийтгэх тогтоолоор

- Шүүгдэгч О- овогт О-ын Г-ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт гэм буруутайд тус тус тооцож,

 - Шүүгдэгч О.Г-аас шүүхийн шийтгэх тогтоол гарах үед гаргуулах төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжпэгч нар нь “тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гаргуулах” нэхэмжлэл гаргаагүй ба энэ талаарх нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар О.Г-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгохоор шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 1 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар О.Г-д оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж... тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч О.Г-ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар гэм буруутайд тооцсоныг өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 гэсэн зүйлчлэлээр гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Зам тээврийн ослын гэмт хэрэг гарснаас 1 цаг 30 минутын дараа шүүгдэгчээс цусанд этилийн спиртийн агууламжийн шинжилгээ авсан ба анагаахын шинжлэх ухааны үүднээс спиртийн төрөл хүний цусанд 24-48 цаг хадгалагдан хэмжээ агууламж шинжилгээгээр илэрдэг байна. Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийг согтуурсан зэрэг тогтоогдоогүй гэсэн бөгөөд автын шинжээч нарын дүгнэлтээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж буруутгаагүй юм. Архи уух, амсах, согтуурах, үнэртүүлэх зэрэг нь бүгд өөр өөр ойлголт бөгөөд эрүүгийн хуулийн согтуурсан үедээ гэсэн хүндрүүлэх заалт нарийн мэргэжлийн тусгай мэдлэг бүхий шинжээч нарын дүгнэлтүүдээр тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн болон хохирогчийн санал хүсэлт Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих заалтуудыг үндэслэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 гэсэн зүйлчлэл болгон нийгмээс тусгаарлахгүйгээр шийдэж өгнө үү” гэжээ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо:

“...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд О.Г-ыг “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүгдэгч О.Г-ын хувьд 500 граммын “Алтан Чингис” архинаас эхний хундаганаас нэг амсаад өгсөн дахиж уугаагүй гэдэг бөгөөд энэ нь 2018.01.11-ний өдрийн №08 тоот шинжээчийн дүгнэлтээр нотлогддог юм. Уг дүгнэлтэнд О.Г-ын цусанд 0.4 промиль этилийн спирт илэрсэн байна. О.Г-ын цусанд илэрсэн 0.4 промиль этилийн спирт согтолтын зэрэгт хамаарахгүй гэсэн байна.

Мөн Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай “Журам батлах тухай” хамтарсан тушаалын хавсралтын 2 дугаар зүйлийн 2.5-д заасан “шалгаж, тогтоох ажилллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл илэрсэн гэж үзнэ” гэж заасан байх бөгөөд О.Г-ын цусанд 0.4 промиль этилийн спирт илэрсэн нь согтолтын зэрэгт хамаарахгүй гэсэн шинжээчийн дүгнэлтийг баталж байна.

Иймд түүний зам тээврийн осол гаргаж нэг хүний амь нас хохироосон хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №192 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэргийг шийдвэрлэнэ үү...” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна... Анхан шатны шүүх архийг амссан л бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар ял халдааж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгч О.Г- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:

            “Тайлбар байхгүй” гэв.

Прокурор А.Оргилбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч О.Г- нь согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 13-р баг, Үйлдвэрийн хотхон руу явах зам дээр ******* УБС улсын дугаартай Лексус 470 загварын авто тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.1 а, 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.С-г мөргөж амь нас хохирсон, Мөн өдөр Б.Б-тай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн 18000400081 дугаартай хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан эсэх, энэ  үедээ жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар эргэлзээгүй үнэлж зөв шалган тогтоох ёстой.

Мөрдөн шалгалтын явцад иргэн О.Г- 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 22 цаг 40 минутын орчим ******* УБС улсын дугаар бүхий Лексус 470 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ явган зорчигч Д.С-г мөргөж амь насыг нь хохироосон  болохыг тогтоосон байна. Иймд жолооч осол гаргах үедээ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай журмыг дагуу шалгана.

Дээрх журмыг 1.6 дахь хэсэгт ...“Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн түүнийг цусан дахь агууламжаар тогтооно” гэжээ.

Цусны шинжилгээ нь: Шинжлүүлэгч этгээдийн биеийн бодисын солилцооны алдагдал болон хордлогын байдлыг хамгийн үнэн бодитойгоор тогтоодог учраас гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтоох нь хүний эрх, эрх чөлөө шударга ёсыг хамгаалах зарчимд бүрэн нийцнэ. Өөрөөр хэлбэл: Шинжлүүлэгч этгээд тухайн эрүүгийн гэмт хэрэгт гэм буруутай эсэх цаашилбал эрүүгийн ял хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах асуудал яригдах тул согтуурлын зэргийг хүний амьсгал дахь хийгээр биш түүний цусанд нарийвчилсан шинжилгээ хийх, шаардлагатай бол шүүх шинжилгээний алба дүгнэлт гаргах замаар жолооч согтуу байсныг бүрэн тогтоох ёстой.

Яллагдагч О.Г-аас дээжлэн цусанд спиртийн зүйл агуулагдаж байгаа эсэхийг эмнэлгийн байгууллага 3 удаа шинжилсний үндсэн дээр “..түүний цусанд 0,4 промиль этилийн спирт илэрсэн” гэжээ. Энэ нь “хэвийн” буюу “согтууруулах ундаа хэрэглээгүй” гэсэн үзүүлэлт бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ...“ О.Г- согтолтын зэрэгт хамаарах хэмжээний архи хэрэглээгүй байна.” гэсэн агуулга бүхий 08 тоот дүгнэлт гаргасан байтал анхан шатны шүүх зөвхөн тандагч багажаар гарсан үзүүлэлтийг үндэслэл болгож дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай болжээ. Мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцогчид жолоочийн кабинаас гарсан “Алтан чингис” нэртэй архийг согтууруулах ундааны зүйлд хамаарахгүй гэж маргаагүй байхад шүүх “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-д зааснаар согтууруулах ундаанд хамаарах талаар дэлгэрэнгүй дүгнэлт хийх нь шаардлагагүй юм.

Харин тэрхүү архинаас гэмт хэрэгт холбогдогч этгээд хэрэглэснээр согтуурлын хэмжээнд хүрсэн эсэх, согтуурлыг шалгасан процесс хууль ёсны дагуу явагдсан эсэх зэрэг хэргийн нөхцөл байдалд ач холбогдол бүхий байдлуудад дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

Иймд дээрх  нөхцөл байдлуудыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч О.Г- нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 22 цаг 40 минутын орчим ******* УБС улсын дугаар бүхий Лексус 470 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, шүүгдэгч нь халтиргаа гулгаатай замаар  Б.Б-гаас зугтааж сандарсан, анхаарал сарнисан нөхцөл байдалд зам тээврийн осол гарсан байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, иргэн Б.Б-гийн биед халдаж хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт оногдуулсан торгуулийн ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4,  39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  1, 3, 6  дахь заалтыг:

“1. Шүүгдэгч О- овогт О-ын Г-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

 “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар О- овогтой О-ын Г-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгохоор шийтгэсүгэй” гэж, 

 “6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан өдрөөс буюу магадлал хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн эрх хасах ялыг тоолсугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын 4, 5 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан шүүгдэгч О.Г-д оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д заасныг журамлан шүүгдэгч О.Г-д оногдуулсан торгуулийн ялыг 6 сарын дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногооор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Шүүгдэгч О.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар О.Г-ыг нэгдсэн тоо бүртгэлд бүртгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                  ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                  ШҮҮГЧИД                                            Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                                               Б.МАНЛАЙБААТАР