Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 213/МА2018/00044

 

Д.*******гийн нэхэмжлэлтэй Ч.*******, М.*******,

Д.******* нарт холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2018/00799 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч Дашцэрэвийн *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Чойжилсүрэнгийн *******, Мягмарын *******, Дамжингийн ******* нарт холбогдох

 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 50.305.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч М.*******, Д.******* нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* /онлайн/, нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нар оролцов.

Нэхэмжлэгч Дашцэрэвийн *******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянхонгор аймгийн 1 дүгээр баг 17 дугаар байрын 28 тоотод оршин суугч Ч.******* нь 2013 оны 12 дугаар сард сарын хугацаатай 46.000.000 төгрөгийг зээлээд 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр буцааж өгөхдөө энэ мөнгөө манай дүү М.*******, Д.******* нарт зээлчих гэсэн тул дүү нарт нь 46.000.000 төгрөгийг бэлнээр тоолж өгөөд итгэлцлийн үүднээс бичгээр хэлэлцээр хийж зээлсэн.

Гэрээ хийсэн хугацаандаа мөнгөө төлж дуусаад мөнгөө авах гэтэл мал махны үнэ өсөхгүй байна дахин 1 жилийн хугацаатай зээлье гээд 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл сунгаж, нотариатаар баталгаажуулж гэрээ хийсэн. Гэрээ хийсэн нийт 27.950.000 төгрөгийг өгсөн үндсэн мөнгө 46.000.000 төгрөгийг төлөөгүй өдий хүрсэн. Одоо нийт 50.305.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ч.******* нь чи энэ мөнгөө манай дүү нарт зээлчих гэж хэлсэн. Ингээд анх Ч.*******, Д.*******, М.******* бид 4 хамт гэрээ хийсэн. Гэрээгээ бичгээр хийж миний дансанд зээлийн хүү болох 5 хувийн хүүг төлөхөөр тохиролцсон. Д.*******, М.******* нараас 2014 оны 5 дугаар сарын 27-нд 9.300.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 8-нд 2.350.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 27-нд 9.660.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 28-нд 4.300.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 4-нд 2.650.000 төгрөг, 10 сард эмчилгээнд явах болоод Ч.******* найзынхаа дансанд бэлнээр 10.000.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 7-нд 1.840.000 төгрөг, ноолуур, махаа нийтэд нь 6.500.000 төгрөгөөр тооцсон, 2017 оны 6 дугаар сарын 22-нд хамгийн сүүлд 4.500.000 төгрөг төлсөн өгсөн. Нийтдээ 51.100.000 төгрөг өгсөн. 2015 онд гэрээ баталснаас хойш нийт 29.790.000 төгрөг төлсөн. Мөнгө өгч авахад маргаан гардаггүй байсан. Одоо үндсэн төлбөр 46.000.000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд хандсан 30.000 төгрөг, нотариатаар батлуулсан 25.000 төгрөг, үндсэн мөнгөн дээрээ нэмж 4.250.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл өгсөн. Нийт 50.305.000 төгрөгийг нэхэмжлэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд гэрээг бичиг үсгийн алдаатай байгуулсан боловч амаар тохиролцож зээлийн хүүг төлж байсан. Миний бодлоор энэ гэрээг хүчин төгөлдөр гэж бодож байна. Би М.*******ы амьдралыг ойлгоод мал өсөхөөр мөнгөө төлье гэснийг ойлгож гэрээгээ сунгасан гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Д.*******гаас 46.000.000 төгрөгийг М.*******ы хамт 2015 оны 01 дүгээр сарын 13-нд 5 хувийн хүүтэй авсан нь үнэн. Нийт 46.000.000 төгрөг авснаас 51.100.000 төгрөг төлснөөр үндсэн мөнгийг төлсөн гэж үзэж байна.

Бид нарын төлсөн мөнгө гэвэл 2014 оны 05 дугаар сарын 27-нд 9.300.000, 2014 оны 07 дугаар сарын 08-нд 2.350.000, 2014 оны 10 дугаар сарын 27-нд 9.660.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 31-нд 4.300.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 04-нд 2.650.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 07-нд 1.840.000, 2017 онд 4500.000, мөн 6.500.000 төгрөгийн ноолуур өгсөн ба Бадамцэцэг эгчээр дамжуулан 10.000.000 төгрөг өгснөөр нийт 51.100.000 төгрөг өгсөн. Цаашид бидний хувьд нэхэмжлэлийг бүтнээр нь төлөх боломжгүй байна. Учир нь бид дээрх мөнгийг төлөхдөө махны үнэ унаж бид өөрсдөө шатсан учир авсан үнээрээ үхрүүдээ борлуулсан, хүмүүсээс мөнгө зээлсэн, айлаар зээл авахуулсан, банкны зээлээ нэмэгдүүлсэн. Ноолуурын орлого нийлүүлэх зэргээр аргалж төлсөн болно гэжээ.

Хариуагч Ч.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие М.*******, Д.*******, Д.******* нарыг холбож мөнгө зээлэх ба зээлдүүлэхэд зуучилсан нь үнэн. Би Д.*******тай өөрийн нэр дээр зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлээгүй учир энэ 50 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Д.*******, М.******* нараас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Д.******* нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр М.*******д 46.000.000 төгрөгийг 0.5 хувийн хүүтэй зээлдүүлж энэ хугацаанд нийтдээ 51.100.000 төгрөгийг Д.*******д бэлнээр болон дансаар ноолуур мал махаар төлбөрийг төлж барагдуулсан.

Харин 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр Д.*******гаас 46.000.000 төгрөгийг Д.*******, М.******* нарт зээлдээгүй бөгөөд Д.******* нь ч зээлдүүлээгүй нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх зээлдэгч нь шилжүүлсэн эд хөрөнгөтэй ижил төрөл тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн байгаа. Иймд 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болох талаар зохицуулсан байх бөгөөд Д.******* нь 46.000.000 төгрөгийг М.*******, Д.******* нарт бодитоор зээлдүүлээгүй байх тул 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг бүхэлд нь хүчингүйд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргалаа гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 6-д зааснаар эхлээд үндсэн өрөө төлөх ёстой. Ч.*******, Д.******* нар нь хариуцагч биш зээлийн гэрээнд оролцоогүй. Зээлийн гэрээг М.*******тай 2014 оны 1 дүгээр сарын 27-нд байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ гэрээнд 46.000.000 төгрөг 0.5 хувийн хүүтэй зээлсэн гэж бичсэн байгаа. Гэрээн дээр 0-ийн ард талд жижиг зураас байдаг үүнийг би дарсан гэж үзэхгүй байгаа яагаад гэвэл гэрээнд таслалтай 5 буюу хувь тавьсан байгаа нь 0,5 хувийн хүүтэй 9 сарын хугацаатай зээлсэн ойлголт гэж үзнэ.

Гэрээ хийсэн гэх 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ хийж 46.000.000 төгрөгийг шилжүүлж аваагүй. Тийм учраас 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг байгуулах шаардлагагүй. 46.000.000 төгрөгийн зээлийг 9 сарын хугацаатай, 0.5 хувийн хүүтэй нь төлөх байтал 9 сарын хугацаанд зээлийн хүү 2.300.000 төгрөгийг төлсөн байгаа. Харин бид бүр илүү төлсөн гэж үзэж байна. Зээлээ бүрэн барагдуулъя гээд 51.100.000 төгрөгийг хонь,ямааны мах, ноолуураа оролцуулаад төлж дуусгасан.

2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр талууд аль, аль нь мөнгө өгч аваагүй. Иргэний хуулийн 281-д төрлийн шинжээр тодорхойлогдох ямар нэгэн эд зүйл буюу мөнгө аваагүй. Харин өмнөх зээлийн гэрээний үүргийг хариуцагч нар нь биелүүлсэн. Гэтэл 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Д.*******гаас мөнгө аваагүй байхад нотариат яагаад гэрээг батлав. 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үндсэн мөнгө 5 сарын хүүгийн хамт гэж бичигдсэн байдаг. М.*******тай байгуулсан гэрээгээр зээлдүүлсэн 46.000.000 төгрөгийг М.******* нь аваагүй юм. Нийт төлсөн 51.100.000 төгрөгийн зээлийн гэрээн дээр талууд маргадаггүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 43.810.000 /дөчин гурван сая найман зуун арван мянга/ төгрөгийг хариуцагч М.*******, Д.******* нараас гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.495.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг хүчингүйд тооцуулахыг хүссэн хариуцагч М.*******, Д.******* нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Д.*******гийн нэхэмжлэлтэй Ч.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэг 50.305.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409.475 төгрөг, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409.475 төгрөгийг тус тус төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр 377.000 төгрөгийг хариуцагч М.*******, Д.******* нараас гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 131/ШЗ2017/02678 дугаар захирамж нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.*******, М.******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч Д.*******гаас нь хх-10 талд өгсөн байгаа Зээлийн гэрээ 2014 оны 1 сарын 27-ны өдөр байгуулахдаа М.*******тэй байгуулсан бөгөөд уг гэрээгээр Д.*******, М.******* нар нь 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 46.000.000 төгрөгийг 0,5% хүүтэйгээр зээлдсэн 9 сарын хугацаанд хариуцагч М.*******д мөнгө зээлдүүлнэ гээд хэзээ ч ямар нэгэн мөнгө төгрөг зээлдээгүй. Харин хэн нэгэн хүний төлөгдөөгүй өрийг зээлийн гэрээгээр шилжүүлж ирсэн болох нь шүүх хурал дээр харагдсан юм.

М.******* нь дээрхи өр төлбөр болох 46.000.000 төгрөгийн 51.100.000 төгрөг болгож төлсөн тухай нэхэмжлэгч Д.******* шүүхэд мэдүүлсэн, мөн хариуцагч нарын уг өр төлбөрийг төлсөн болохыг зохигчдын тайлбараар нотлогдож байгаа юм. Д.******* нь өөрийн авах өр төлбөрийг М.*******аар төлүүлж түүнийгээ зээл авсан мэтээр боловсрол нимгэн малчдад мөнгө зээлдүүлсэн мэтээр шүүхэд худал мэдүүлэг өгч ирсэн болохыг нь харуулж байгаа юм.

Нэхэмжлэгч Д.******* нь 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээг 5 хувийн хүүтэй зээлийн гэрээний мөнгө зээлдүүлэх үүргийг огт биелүүлээгүй байх бөгөөд М.*******, Д.******* нарт хэзээ ч төрлийн шинжээр тодорхойлогдох мөнгө төгрөг хүлээлгэн өгөөгүй, зээлийн гэрээ байгуулж байна гэсэн ч гэрээгээ биелүүлээгүй байхад шүүх нь нэхэмжлэгчийг зээлийн гэрээ байгуулсан мэтээр дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй болоод байгаа юм.

Нэхэмжлэгч Д.******* нь 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээгээр 46.000.000 дөчин зургаан сая төгрөгийг Баянхонгор аймгийн эмнэлгийн хяналтанд байдаг хөдөлмөрийн чадвар алдалтын 79% хувиар тогтоолгосон 8 хүний нэг болох хариуцагч Д.******* болон түүний нөхөр М.******* нарт бусдын өр төлбөрийг төлүүлэх гэж үүрэг болгосон байгаа нь Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үндсэн шинж болох зээлдүүлэгч нь зээлдүүлэгчид өмчлөлд төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцааж өгөх үүргийг тус тус хүлээхээр заасан заалтыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн юм. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д. *******, М.******* нарт ямар ч мөнгө зээлдээгүй, энэ талаар хариуцагч нарт дансаар болон бэлнээр ямар нэгэн мөнгөн тэмдэгтээр өгч зээлдүүлээгүй, нэхэмжлэгч энэ талаарх нотлох баримтаа нотлоогүй, тэр бүү хэл шүүхэд худал тайлбар гаргаж ирсэн гэдгийг нотлох зүйл юу вэ гэвэл хариуцагч нар гэх М.*******, Д.******* нарт бусдын өрийг даалгаж, түүнийгээ төлүүлөх гэсэн баримтыг шүүх зээлийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч мөнгө төгрөгөө өгсөнөө нотлоогүй байхад шүүх зээлийн гэрээ хэмээн дүгнэсэн нь бодит байдалд хэзээ нийцэхгүй байгаа юм.

Харин ч бусдын өрийг М.*******, Д.******* нар өөрсдийн хичээл зүтгэлээр төлж дуусгасан байгаагаар нэхэмжлэгч Д.*******д ямар ч өр төлбөргүй гэдгийг харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ч.*******, М.*******, Д.******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 50.305.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол хариуцагч М.*******, Д.******* нар нь 2015 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн зээлийн гэрээг хүчингүйд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх хариуцагч М.*******, Д.******* нараас 43.810.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.495.000 төгрөгийг болон хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч М.*******д 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 46.000.000 төгрөгийг 9 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлж, 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 4 сарын хүүг бөөнд нь өгөхөөр тохиролцож энэ тухай зээлийн гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байна. Энэ гэрээн дээр талууд гарын үсэг зурсанаа хүлээн зөвшөөрдөг болно.

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******, хариуцагч М.******* нарын хооронд зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгууллагджээ.

 Талуудын байгуулсан зээлийн гэрээний 9 сарын хугацаа 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дуусч байгаа тул хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр өмнө байгуулсан зээлийн гэрээг сунгаж, дахин 1 жилийн хугацаатай байгуулсан болох нь зээлийн гэрээ болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч талаас тайлбарлахдаа 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний хүүг 1.5 эсвэл 0.5 хувийн аль болох нь тодорхойгүй засварласан байгаагаас үзвэл зээлийн гэрээний хүүг 0.5 хувь байхаар талууд тохиролцсон байна гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбар зэргээр няцаагдаж байна.

Тухайлбал анх зээлийн гэрээг байгуулсан өдөр буюу 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээн дээр дурьдахдаа “..эхний хүүгээ 2014 оны 5 дугаар сарын 27-нд 4 сарын хүүг бөөнд нь төлөөд үлдэгдэл хүүгээ сар, сард нь төлнө..” гэж тохиролцсон байдаг бөгөөд 2014 оны 5 дугаар сарын 27-нд 4 сарын хүүг төлөхдөө М.*******аас Д.*******гийн дансанд 9.300.000 төгрөгийг төлсөн байдал /хх-ийн 64 дүгээр тал/ болон хариуцагч Д.*******ийн тайлбар, нэхэмжлэгч талын тайлбар зэргээс дүгнэлт хийж үзвэл 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр талууд зээлийн гэрээний хүүг сарын 5 хувь байхаар тохиролцсон болох нь тогтоогдож байна.

Хариуцагч М.*******, Д.******* нараас нэхэмжлэгч Д.*******д нийт 51.100.000 төгрөг төлсөн гэж тайлбарладаг бол нэхэмжлэгч талаас нийт төлсөн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрдөг бөгөөд нийт төлсөн 51.100.000 төгрөг дээр талууд маргаангүй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч М.*******, Д.******* нарт 46.000.000 төгрөгийг 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 9 сарын хугацаанд сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Дараа нь зээлийн гэрээгээ нэг жилээр ( 2014 оны 10 дугаар сарын 27-ноос 2015 оны 10 дугаар сарын 27 хүртэл) сунгаж 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээг байгуулжээ. Хэдийгээр нэхэмжлэгч талаас анх байгуулсан зээлийн гэрээний 9 сарын хугацаа дууссан өдрөө буюу 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээг сунгах үндэстэй байсан боловч 2 сар гаран хугацаа өнгөрсөний дараа зээлийн гэрээг сунгаж гэрээ хийж байгаа нь зөрчилтэй боловч нэгэнт талууд тохиролцсон байна гэж үзлээ.

Хариуцагч талаас гаргаж байгаа гомдолдоо 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр 46.000.000 төгрөгийг М.*******, Д.******* нарт биет байдлаар хүлээлгэн өгөөгүй, хөрөнгө шилжүүлээгүй байж зээлийн гэрээний үүрэг хүлээлгээд байгаа нь үндэслэлгүй тул гэрээг бүхэлд нь хүчингүйд тооцох үндэстэй гэж тайлбарлаж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа боловч 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр 46.000.000 төгрөг зээлдүүлсэн гэж байгаа гэрээ нь талуудын өмнө 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацааг сунгалт хийж гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар болон хариуцагч талын зээл төлж байгаа нөхцөл болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал нотариатч Д.Авидын нотариатын баталгаа хийсэн 2015 оны бүртгэлийн 82 дахь хэсэгт “…Д.******* нь М.*******, Д.******* нарт зээлсэн 46.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зээлсэн зээлийн гэрээг сунгав..” гэсэн бичвэрээр тогтоогдож байна.

 Анхан шатны шүүхээс М.*******, Д.******* нарын гаргасан гэрээг бүхэлд нь хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 6.495.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.*******, Д.******* нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Хариуцагч М.*******, Д.******* нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 409.475 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2018/00799 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Хүрэлчулуун, Д.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч М.Хүрэлчулуун, Д.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409.475 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

  ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 Г.УЛАМБАЯР