Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 112/2017/0040/З |
Дугаар | 221/МА2018/0336 |
Огноо | 2018-06-13 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2018/0336
А.Э-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, хариуцагч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.М нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, А.Э-ын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 25 дугаар зүйлийн 25.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.5.2, 16.5.5 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэн А.Э-ын нэхэмжлэлтэй, Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Б-д холбогдох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаар тогтоолыг хянан үзэж хүчингүй болгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 108 дугаартай аймгийн төрийн албаны зөвлөлийн А.Э-ыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох тухай захиргааны актыг Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “... Хариуцагч Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь төрийн албан хаагч намайг анхнаасаа үндэслэлгүйгээр ажлаас халсан ба аймаг дахь төрийн албаны зөвлөлөөс үндэслэлгүй тухай нотлоход өөрийн санаагаа гүйцэлдүүлэхийн тулд хууль бус хурал хуралдуулж, намайг үл байлцуулан, сонсох үйл ажиллагаа явуулалгүй 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаар тогтоолоор хууль бусаар үндэслэлгүйгээр халсан.
Дээрх тогтоолд дурдсан зөрчлийг миний зүгээс гаргаагүй байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт хэргийн материалд байхгүй зөрчлийг хариуцагчийн амнаас гарсан нотлогдоогүй аман яриаг үндэслэж миний нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
А.Э миний бие улсад 28 жил, үүнээс төрийн албанд 23 жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж ирсэн, гэтэл нэг намын хэт туйлширсан үзэл баримтлалын дагуу ажлаас үндэслэлгүйгээр халсан нь ойлгомжгүй байгаа бөгөөд миний ард бүхэл бүтэн амин зуулга байгаа гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэмжилж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин магадлаж, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг маргааныг үнэн зөвийг олж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хууль бусаар хуралдсан 35 дугаар тогтоолд дурдагдсан зөрчил гэх үндэслэлүүд нь хэргийн материалд баримтаар тодорхойлогдож бэхжигдээгүй байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд дурдаагүй зөрчлийг шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдаж шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна.
Мөн Дэлгэр сумын иргэдийн Хурлын даргын зүгээс нэхэмжлэгчид ямар үүрэг даалгаврыг өгөөд биелүүлээгүй эсэхийг тогтоолгүй хийсвэр байдлаар дүгнэлт хийж нотлох баримтыг буруу үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх тул анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг дахин магадлаж А.Энхжаргалд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч А.Э-ыг “Аудитын актын төлбөрийг барагдуулах талаар удаа дараа өгсөн үүргийг биелүүлээгүй” гэж буруутган Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг үндэслэн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар захирамжаар түүнийг төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан “Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажил албан тушаалд эгүүлэн томилуулан, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шүүхэд гаргажээ.
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 235 дугаар захирамжаар А.Э-ын нэхэмжлэлээр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан захиргааны хэргийг үүсгэсэн байна.
Мөн А.Э нь дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасны дагуу аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12 дугаар хуралдаанаар “Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тушаалыг хүчингүй болгосон” тухай 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 108 дугаар албан бичгийг Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүргүүлсэн байна.
Улмаар хариуцагч Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 108 дугаар албан бичгийг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар захирамжаараа нэхэмжлэгч А.Э-ыг ажил, албан тушаалаас нь халсан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар захирамжаа хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь маргаан бүхий Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар захирамжаа өөрөө хүчингүй болгосон атлаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаар тогтоолоор А.Э-ыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажил, албан тушаалаас нь дахин халж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь “Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 108 дугаар албан бичгийг биелүүлэхийг Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга А.Э нь “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Б.Г-ний өөртөө захирамж гаргах урамшуулал цалин бодуулж авсан, ямар ч удирдамж шийдвэргүйгээр албан томилолтын мөнгө бодуулж авсан, ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжсэн “Иргэний танхимын тоног төхөөрөмж” төслийг илт ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулан хэрэгжүүлсэн зэрэг хууль зөрчсөн үйлдлүүдийг таслан зогсоох, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мөн өөрийн гэр бүлийн “Цонж” хоршооны дансаар дамжуулан удаа дараа гүйлгээ хийсэн, тавилга эд хогшил худалдаж авсан, хуурамч баримт бүрдүүлж мөн шилжүүлсэн...” гэх зөрчлүүдийг гаргасан гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 25 дугаар зүйлийн 25.1.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.5, 16.5.8 дахь заалтыг тус тус үндэслэн маргаан бүхий Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаар тогтоолыг хариуцагч гаргажээ.
Хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар захирамжаар байгуулсан Орон нутгийн төсвийн зарцуулалт, орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалд хяналт, шалгалт хийх комиссын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн арван хоёрдугаар хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч А.Э-ыг ажлаас халах үндэслэлгүй байна.
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.14-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн шууд захирагч болохын хувьд мөн хуулийн 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 16.5.8-д “санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардсан мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөх” гэсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй хэдий ч энэхүү үүргээ нэхэмжлэгч удаа дараа хэрэгжүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Б.Г-ний өөртөө захирамж гаргах урамшуулал цалин бодуулж авсан, ямар ч удирдамж шийдвэргүйгээр албан томилолтын мөн бодуулж авсан, ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжсэн “Иргэний танхимын тоног төхөөрөмж” төслийг илт ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулан хэрэгжүүлсэн зэрэг хууль зөрчсөн үйлдлүүдийг таслан зогсоох, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мөн өөрийн гэр бүлийн “Цонж” хоршооны дансаар дамжуулан удаа дараа гүйлгээ хийсэн, тавилга эд хогшил худалдаж авсан, хуурамч баримт бүрдүүлж мөн шилжүүлсэн” гэх зөрчлүүд нь А.Э-д шууд хамааралтай эсэхийг бүрэн тогтоогоогүй, нөгөөтэйгүүр А.Э-ын 2015-2016 онд гаргасан гэх эдгээр зөрчилд холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасантай нийцэхгүй байна.
Мөн хариуцагчийн “Сангийн яамны улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 21-02/02/05 дугаар акт, Үндэсний аудитын газрын харьяа Говь-Алтай аймгийн Аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02/94 дүгээр актын төлбөрийг төлүүлж барагдуулах үүрийг А.Э удаа дараа биелүүлээгүй” гэх үндэслэл нь нэхэмжлэгч А.Э-ын ажил, үүрэгт шууд хамааралгүй юм.
Тиймээс нэхэмжлэгчийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажил, албан тушаалаас халах Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасныг зөрчиж хариуцагч Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаар тогтоолыг гаргасан болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагчийн энэхүү үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дахин зөрчсөн, захиргааны албан тушаалтны хууль бус үйлдэл юм.
Дээрх дүгнэлтээр нэхэмжлэгч А.Э-ын “Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зөв байна.
Харин хариуцагч нь Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 108 дугаар албан бичгийг биелүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар захирамжаараа нэхэмжлэгч А.Э-ыг ажил, албан тушаалаас нь халсан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар захирамжийг хүчингүй болгосон байх тул нэхэмжлэгчийн “Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 108 дугаар албан бичгийг биелүүлэхийг Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.4, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Э-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Э-ыг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцон олгохыг, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад тус тус даалгаж, нэхэмжлэлийн үлдэх “2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 108 дугаартай аймгийн төрийн албаны зөвлөлийн А.Энхжаргалыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох захиргааны актыг Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Э-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргаж, түүнд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР