Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00936

 

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00936

 

 

У-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж, даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/00790 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: У-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И ХХК-д холбогдох,

 

Нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, албан ёсоор уучлалт гуйх, тухайн худал мэдээллийг залруулахыг даалгах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Отгондорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Батзоригт

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И ХХК-ийн ерөнхий менежер Б.Эрдэнэцогт компаниа төлөөлөн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр У-гийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд удаа дараа халдаж, үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээллийг тараасан хэвлэлийн бага хурлыг хийсэн.

Уг мэдэгдэлд 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр У-гийн төрсөн дүү Монгол Эм Импэкс ХХК-ийн захирал Б- нь И ХХК-тай байгуулсан барилга угсралтын гэрээний үүргийг гүйцэтгээгүйгээс тухайн компанид учруулсан хохирлыг барагдуулалгүй удааж байгаа агуулга бүхий мэдэгдэл хийхдээ У-тай холбон тайлбарлаж, барилгын ажил гүйцэтгүүлчихээд мөнгөө өгөхгүй, олон хүнд хохирол учруулаад, шүүхийн үйл ажиллагааг явуулахгүй байгаа мэтээр илтэд гүтгэсэн мэдээлэл хийсэн нь түүний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл болсон.

У- нь 2016 оны 7 дугаар сараас Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж эхлээд Бишрэлт групп ХХК-ийн хувьцааг бусдад шилжүүлж өгсөн, хувийн бизнесийн үйл ажиллагаанд оролцохоо больсон. Тус мэдээнд дурдсан үйл баримтуудад У- огт хамааралгүй юм.

Иймд нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, албан ёсоор уучлалт гуйх, худал мэдээллийг залруулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. И ХХК нь Бишрэлт групп ХХК-ийн үүсгэн байгуулагч А.Ариунболдоор дамжуулан эхнэр У-гийн төрсөн дүү Монгол Эм Импекс ХХК-ийн захирал Б-тай Баянгол дүүргийн Барс захын зүүн талд 10 давхар, үйлчилгээний зориулалттай, доороо гарааш, зоорьтой барилгыг бариулахаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан.

Манай компани уг гэрээний дагуу Б-гаас 1 467 453 275 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан байгаа.

Б-гийн ажлын хөлсний төлбөр Капитал банкнаас шилжин орж ирж байсан. Нийслэлийн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 85 дугаар албан тоотоор дээрх гэрээний дагуу баригдсан үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг өнөөдрийн байдлаар түдгэлзүүлээгүй байх бөгөөд одоогийн өмчлөгчөөр 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Капитал банк бүртгэгдсэн.

Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг үргэлжлэх явцад У- нь Бишрэлт групп ХХК-ийн 50 хувийн хувьцаа, Капитал банкны хувьцаа эзэмшигч байсан. У-, Б- нар нь хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой этгээдүүд юм. И ХХК-ийн ажилтан 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн У-гийн нэр, нэр хүнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдаж, үндэслэлгүй, гүтгэлэгийн шинжтэй мэдээ тараагаагүй. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг У-гийн төрсөн дүү Монгол эм импекс ХХК-ийн захирал Б-тай байгуулсан гэж хэлсэн нь түүний нэр, нэр хүнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан И ХХК холбогдох нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, нэр, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан хэлбэрээр нэхэмжлэгчээс албан ёсоор уучлалт гуйх, тухайн худал мэдээллийг залруулахыг хариуцагчид даалгах тухай Харчин овогт Батбаярын Ундармаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

И ХХК-ийн ерөнхий менежер Б.Эрдэнэцогт нь иргэн У-г өөрийн хувьцаа эзэмшигч байсан компани болон садан төрлийн хүмүүстэй холбон хууль бус үйлдэл хийж бусдад хохирол учруулсан мэтээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илтэд гүтгэн хэвлэлийн бага хурал хийсэн.

Гэвч шүүх тухайн хэвлэлийн бага хурлаар У-гийн нэр төрд халдаагүй, хамаарал бүхий этгээдийнх нь талаар мэдээлэл хүргэсэн, Капитал банкнаас санхүүжилт хийгдэж байсан гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт өгч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Анхан шатны шүүх хариуцагч нь иргэн У-гийн талаар гагцхүү иргэн Б-гийн төрсөн эгч мэтээр ярьсан хэмээн өнгөц дүгнэсэн. Тухайн хурлын ярианы бичлэгийг үзэхэд уг хэвлэлийн бага хурал нь зохион байгуулалттай бөгөөд тухайн хуралд оролцсон бусад этгээдийн хувьд мөн иргэн У-гийн талаар ярьсан, өөрөөр хэлбэл, У-гийн нэр төрд санаатай халдахаар төлөвлөн хийсэн хурал байсан.

Нөгөө талаар иргэний нэр, нэр төр, алдар хүндэд халдах үйлдлийг шууд утгатай үгээр У-гийн талаар ярих ёстой гэж дүгнэж буй нь алдаатай байна. Тухай хэвлэлийн бага хурал нь агуулгаараа бүхэлдээ иргэн У-гийн нэр төрд халдсан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч У- хариуцагч И ХХК-д холбогдуулан нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, албан ёсоор уучлалт гуйх, тухайн худал мэдээллийг залруулахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

И ХХК-ийн ерөнхий менежер Б.Эрдэнэцогт нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр ...тус компанийг У-гийн төрсөн дүү Монгол Эм Импэкс компанийн захирал Б-тай гэрээ хийж, Баянгол дүүргийн Барс захын зүүн талд 10 давхар үйлчилгээний доороо гарааш, зоорьтой 10 давхар үйлчилгээний барилгын карказ угсралтын ажлыг хийж энэ байгуулагатай анх удаа холбогдсон... гэх мэдээллийг цацсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, энэ талаар талууд маргаагүй.

 

Харин хариуцагч нь хэвлэлийн бага хурлаар бодитой, үнэнд нийцсэн үйл баримтыг дурдсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан.

 

Хариуцагч У- болон иргэн Б- нар нь төрсөн эгч дүүс гэдэг үйл баримтад талууд маргаагүй байна.

 

Хариуцагчийн хэвлэлийн бага хурлаар хийсэн мэдэгдлийн агуулга нь хэргийн баримттай нийцсэн, уг мэдэгдэлд дурдсан үйл баримтыг нэхэмжлэгч нь нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд удаа дараа халдсан, гүтгэлэгийн шинжтэй мэдээлэл тараасан гэх энэ тайлбараа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

Анхан шатны шүүхээс хариуцагч И ХХК-аас хэвлэлийн бага хурлын үеэр нэхэмжлэгч У-гийн хувь хүний болон ажил хэргийн чадвар, мэргэжлийн хувьд үнэлэмжийн талаарх мэдээллийг дурдаагүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо тухайн хурлын ярианы бичлэгийг үзэхэд уг хэвлэлийн бага хурал нь зохион байгуулалттай бөгөөд тухайн хуралд оролцсон бусад этгээдийн хувьд мөн иргэн У-гийн талаар ярьсан, өөрөөр хэлбэл, У-гийн нэр төрд санаатай халдахаар төлөвлөн хийсэн хурал байсан гэх боловч уг тайлбарыг анхан шатны шүүхэд гаргаагүй, энэ талаар талууд мэтгэлцээгүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/00790 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА