Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2019/00790

 

2019 оны 04 сарын 03 өдөр

        Дугаар 183/ШШ2019/00790

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Харчин овогт Б  У , /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: ... , И ХХК /РД:.../-д холбогдох,

 

 Нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, нэр, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан хэлбэрээр нэхэмжлэгчээс албан ёсоор уучлалт гуйх, тухайн худал мэдээллийг залруулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Отгондорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батзоригт, иргэдийн төлөөлөгч Ч.Чулуун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: И ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Б.У гийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд удаа дараа халдаж, үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээллийг тараасан хэвлэлийн бага хурлыг хийсэн байна. Тухайн хэвлэлийн бага хурлыг И ХХК-ийн ерөнхий менежер Б.Э компаниа төлөөлөн хийсэн бөгөөд тус мэдэгдэлд дараах агуулга тусгагджээ. Үүнд: “2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Б  У гийн төрсөн дүү Б  Б   Монгол Эм Импэкс компанийн захирал Б гэрээ хийж Баянгол дүүргийн Барс захын зүүн талд 10 давхар үйлчилгээний доороо граштай, зоортой 10 давхар үйлчилгээний барилгын карказ угсралтын ажлыг хийж энэ байгуулагатай анх удаа холбогдсон байгаа юм. Бүтэн жил орчмын хугацаанд элдэв янзаар гуйж, албан бичиг бичиж, албан байгууллагын үүдийг сахиж янз бүрийн байдлаар нааш цаашаа хөөцөлдөж байсан боловч тэр маань үр дүнд хүрээгүй ингээд арга буюу 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд энэ мөнгийг нэхэмжилж тухайн үед шүүхэд хандаж байлаа. Тэр анхны нэхэмжлэл гаргаснаас хойш одоо 2 жил 5 сар өнгөрсөн байна. Гэтэл энэ хугацаанд энэ асуудлыг шийдэх шүүхийн байгууллага ч хойрго байна. Дээрээс нь ямар учир шалтгаан байгаад өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдээгүй байж, хурал цуглаан болдог, очдог янз бүрийн арга шалтгаан өмгөөлөгч ирээгүй, өвчтэй, солигдсон, эсвэл шүүгчээс татгалзах гэх мэт олон арга замаар хойшилсоор яваад өнөөдрийг хүрээд байна. Манай байгууллага бол 100 гаруй ажилтантай өөрсдийн үндсэн ажилтантай Монгол компани байгаа. Энэ олон хүмүүсийн ар гэр, аж амьдрал, цалин мөнгө үүнээс үүдээд мөн манай байгууллагын дотоод нийгмийн даатгал, татвар хураамж, мөн бусад байгууллагуудтай адилхан байдлаар өнөөдрийг хүртэл хохирчихоод байна. Би яагаад энэ н.У  гишүүнийг энэ н.Б  гэдэг иргэнтэй холбоод байнаа гэвэл энэ манай дээр урьдчилгаа болгон санхүүжилт болон дундын санхүүжилтэд орж ирсэн данс тооцоо над дээр байна. Капитал банкнаас санхүүжилт хийгдэж байсан. Тийм учраас энэ бол үндсэндээ яах уу нэр нь өөр боловч ямар ч бичиг цаас тайлагдсан хүн бол Капитал банкны захилга буюу Вэлмарт...” гэжээ.

 

Б.У гийн хувьд тухайн гэрээнд ямар нэг байдлаар холбогдоогүй. И ХХК-тайлбар ямар нэг эрх зүйн харилцаа үүсгээгүй. Тиймээс тухайн асуудал Б.У тай хамааралгүй асуудал байхад Б.У гийн нэр төр ажил хэргийг нэр хүндийг гутаасан үйлдэл болсон. Б.У  нь 2016 оны 7 дугаар сараас Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж эхлээд Бишрэлт группын өөрийн эзэмшлийн хувьцааг бусдад шилжүүлж өгсөн, хувийн бизнесийн үйл ажиллагаанд оролцохоо больсон болно. Энэ асуудал нь иргэн Б.Б д холбогдох маргаан. Энэ маргаанд Б.У гийн зүгээс нөлөөлсөн баримт байхгүй. Тус мэдээнд дурдсан үйл баримтуудад Б.У  нь огт хамааралгүй юм. Гэтэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Б.У г барилгын ажил гүйцэтгүүлчихээд мөнгөө өгөхгүй, олон хүнд хохирол учруулаад байна. Шүүхийн үйл ажиллагааг явуулахгүй байна гэж ор үндэсгүй бөгөөд илтэд гүтгэсэн мэдээлэл хийсэн нь УИХ-ын гишүүн, Б.У гийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдсан үйлдэл болоод байна. Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “хүний нэр төр, алдар хүнд, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нь иргэний үндсэн үүрэг” гэж заасны дагуу Б.У гийн хуулиар хамгаалагдсан нэр төрд үндэслэлгүйгээр халдсан И ХХК хариуцлага хүлээх үндэслэлтэй юм. Мөн иргэн бүр тусдаа субьект байдаг. Тэгэхээр нэг иргэний асуудлыг нөгөө иргэн рүү хольж хутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Б.У  нь төрийн алба хашиж байгаа ба Төрийн албаны тухай хуулийн 27 дүгээр зүйлийн 27.1.4-т албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл үйл ажиллагаанаас төрийн албан хаагч... хамгаалуулах баталгааг эдэлнэ” гэж заасан байдаг. Б.У  нь УИХ-ын гишүүний сонгуульт ажил буюу төрийн албан хаагчийн хувьд энэхүү үндэслэлгүй гүтгэлгээс хамгаалуулах эрхтэй юм. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу И ХХК нь энэхүү гүтгэлгийнхээ үнэн зөвийг нотолж чадахгүй тохиолдолд Б.У гийн шаардлагаар уг худал мэдээг гаргасан хэрэгслээрээ дамжуулж залруулга хийх үүрэгтэй учраас залруулга гаргах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.Б.У гийн нэр төрд халдаагүй. Зөвхөн Б.Б гийн төрсөн эгч гэх зүйл ярьсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Үзлэг хийж нотлох баримтаар бэхжүүлсэн бичлэгт Б.У гийн дүү Б.Б гэрээ байгуулсан, үүнээс болж бид хохирч байна гэж ярьсан нь агуулгаараа Б.У тай холбоотой, Б.У  хохирол учруулж байна гэж ойлголт төрүүлэхүйц байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Б.У гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “И ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. “Их Модун” ХХК нь “Бишрэлт Групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч А.Ариунболдоор дамжуулан эхнэр Б  У гийн төрсөн дүү “Монгол Эм Импекс” ХХК-ийн захирал Б  Б Баянгол дүүргийн Барс захын зүүн талд 10 давхар үйлчилгээний доороо граштай, зоорьтой Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан. 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.Б гаас гэрээний дагуу үндсэн ажлын төлбөр 978 302 183 төгрөг, Иргэний хуулийг үндэслэн гэрээний 10.2-т заасны дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги 489 151 092 төгрөг, нийт 1 467 453 275 төгрөгийг гаргуулахаар анх нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн магадлашгүй ажлын зардал болгон гаргасан төлбөрөө хариуцагчаас нэмж нийтдээ 1 549 904 110 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар 181/ШШ2018/02482 тоот шийдвэр,  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар 167 тоот магадлал гарсан. Ба хариуцагч Б.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн Хяналтын шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаад байна. Иргэн Б.Б гийн ажлын хөлсний төлбөр Капитал банкнаас шилжин орж ирж байсан. Нийслэлийн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №85 тоот албан тоотоор Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Нарны зам 36 тоот үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг өнөөдрийн байдлаар түдгэлзүүлээгүй байх бөгөөд одоогийн өмчлөгчөөр 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Капитал банк бүртгэгдсэн байна. Иргэн Б.Б гаас Бэлэглэлийн гэрээгээр Капитал банкруу шилжиж Капитал банкны өмч болсон байна. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг үргэлжлэх явцад Б.У  нь “Бишрэлт” групп ХХК-ийн 50 хувийн хувьцаа, Капитал банкны хувьцаа эзэмшигч байсан. Иргэн Б.У , Б.Б  нар нь хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой этгээдүүд юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд заасанхүн өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхийнхээ хүрээнд хариуцагч И ХХК өөрийн хохирч байгаа асуудалтай холбоотой үзэл бодлоо илэрхийлсэн. Түүнээс Б.У гаас болж хохирсон гэж яриагүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх гэж заасан. Бид ямар нэг байдлаар Улсын Их Хурлын гишүүн Б.У  гэх хүний ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл, үйл ажиллагаа явуулаагүй. эрхийг хүндэтгэсэн. Б.У гийн ажил хэргийн нэр хүндэд халдаагүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.16 дахь хэсэгт итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй гэж заасан. Энэ эрхээ хэрэгжүүлсэн болохоос Б.Ундармагийн нэр төр, алдар хүндэд халдсан, гутаасан зүйл байхгүй. Б.Б  нь Монгол Эм Импекс ХХК-ийн захирал. Гэрээ хийхдээ иргэний хувиар хийсэн. Б.У гийн Капитал банктай холбоотой асуудал яригдаж эрүүгийн хэрэг үүссэн байгаа. Тэгэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.У  гэх хүн огт хамааралгүй гэж байгаагаа өөрөө нотлох үүрэгтэй. Б.У гийн дүү нь Б.Б  мөн гэдгийг нотлоогүй гэж байна. Бишрэлт групп ХХК-ийн барилгыг манай байгууллага барьж гүйцэтгэх явцад Б.У  гэр бүлийн бизнесийн үйл ажиллагааг хариуцдаг байсан. Бишрэлт холдинг ХХК-ийн хувьцаа эзэмшдэггүй гэж байна. Гэтэл Бишрэлт групп ХХК нь охин компанийнхаа үйл ажиллагааг удирддаг. Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэхь хэсэгт дараах хамаарал бүхий этгээдийг энэ хуульд заасан нэгдмэл сонирхолтой этгээд гэж тооцно гээд 99.1.6 дахь хэсэгт нэг гэр бүлийн гишүүн, эцэг, эх, хүүхэд, ач, зээ нар ах дүү, бусад төрөл, садангийн хүн гэж заасан. Барилгын үйл ажиллагаатай холбоотой асуудалд ярихдаа Б.У гийн нэр хүндыг гутаах мэдээлэл цацаагүй. Тухайн гэрээтэй холбоотой маргааны талаар ярьсан. Капитал банкны дансны хуулгаас үзэхэд иргэн Б.Б гийн өмнөөс гэж Капитал банкнаас мөнгө орж байсан нь нотлогдож байна. Маргааны явцад манайд мэдэгдэхгүйгээр Капитал банк руу бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Тэгэхээр энэ нь одоо Капитал банкны өмч болсон. Үүнээс үзэхэд Капитал банкинд хэн хамааралтай вэ гэдэг асуудал гарч ирнэ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Б.У гийн нэр төр, алдар хүндэд хэрхэн халдаж, яаж доромжилсон талаар нотлох үүрэгтэй. Бид Б.У гийн нэр төр, алдар хүндэд халдаж, гутаан доромжилсон зүйл байхгүй. Хуулийн хүрээнд өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн. “Их Модун” ХХК-ийн ажилтан Б.Э 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.У гийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд удаа дараа халдаж, үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараагаагүй. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг иргэн Б  У гийн төрсөн дүү “Монгол Эм Импекс” ХХК-ийн захирал Б  Б байгуулсан гэж хэлсэн нь Монгол улсын үндсэн хуулийн 17.1.2, Төрийн албаны тухай хуулийн 27.1.4 заалтыг зөрчөөгүй бөгөөд Иргэний хуулийн 21 зүйлийн 21.2 заасныг Иргэний нэр, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан үйлдэл үйл ажиллагаа гэж үзэхгүй байна. Иймд Б.У гийн шаардлагаар уг мэдээг гаргасан хэрэгслээр дамжуулан залруулга хийх нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.У  хариуцагч И ХХК-д холбогдуулан нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, нэр, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан хэлбэрээр нэхэмжлэгчээс албан ёсоор уучлалт гуйх, тухайн худал мэдээллийг залруулахыг хариуцагчид даалгахаар шаардсан ба хариуцагч хэвлэлийн бага хурлаар агуулгын хувьд Б.У  гэрээний үүргийг биелүүлэхгүй тус компанийг хохироож байна гэх ойлголт төрүүлэхүйц мэдээлэл цацсан нь Б.У гийн нэр хүндийг гутааж, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд, хардах эрхийнхээ хүрээнд тухайн мэдээллийг цацсан төдийгүй, Б.У , Б.Б  нар нь төрсөн эгч дүүс гэдэг үйл баримтыг дурдсан нь бодит үнэнд нийцэх ба хамаарал бүхий этгээдүүд мөн, нөгөө талаас тухайн мэдээлэлээр Б.У гийн нэр хүндийг гутаагаагүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. 

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр И ХХК-ийн ерөнхий менежер Б.Э “2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Б  У гийн төрсөн дүү Б  Б   Монгол Эм Импэкс компанийн захирал Б гэрээ хийж, Баянгол дүүргийн Барс захын зүүн талд 10 давхар үйлчилгээний доороо граштай, зоортой 10 давхар үйлчилгээний барилгын карказ угсралтын ажлыг хийж энэ байгуулагатай анх удаа холбогдсон... ” гэх мэдээллийг цацсан болох нь хэрэгт авагдсан дүрс бичлэгт хийсэн үзлэг, талуудын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч дээр дурьдсан мэдээлэл нь агуулгын хувьд бусдад буруу ойлголт төрүүлснээр нэхэмжлэгч Б.У гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.” гэж, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.” гэж тус тус заасан байна. 

 

Нэр төр гэдэг нь тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг хэлэх бөгөөд нэр төрийг гутаасан мэдээ гэдэг нь иргэн, хуулийн этгээдийн талаар бодит үнэнд нийцэхгүй худал мэдээлэл тараах, хууль болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн шударга бус зүйл хийсэн гэж мэдээлэхийг ойлгоно.

 

            Гэтэл маргаан бүхий мэдээлэл буюу, хариуцагчийн “Б  У гийн төрсөн дүү Б  Б   Монгол Эм Импэкс компанийн захирал Б гэрээ хийж Баянгол дүүргийн Барс захын зүүн талд 10 давхар үйлчилгээний доороо граштай, зоортой 10 давхар үйлчилгээний барилгын карказ угсралтын ажлыг хийж энэ байгуулагатай анх удаа холбогдсон байгаа юм, Би яагаад энэ н.У  гишүүнийг энэ н.Б  гэдэг иргэнтэй холбоод байнаа гэвэл энэ манай дээр урьдчилгаа болгон санхүүжилт болон дундын санхүүжилтэд орж ирсэн данс тооцоо над дээр байна. Капитал банкнаас санхүүжилт хийгдэж байсан. Тийм учраас энэ бол үндсэндээ яах уу нэр нь өөр боловч ямар ч бичиг цаас тайлагдсан хүн бол Капитал банкны захилга буюу Вэлмарт...” гэсэн мэдээллээс үзэхэд нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, гүтгэсэн гэх хэмжээнд үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Б.У  гэрээний үүрэг гүйцэтгэхээс зайлсхийж, иргэн хуулийн этгээдийг хохироосон гэх агуулгатай гэж үзэхээргүй байна.

 

Иймд хариуцагч И ХХК дээрх мэдээллийг цацсанаар нэхэмжлэгч Б.У гийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаагдсан нь тогтоогдохгүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлтйг 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан И ХХК /РД:.../-д холбогдох  нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, нэр, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан хэлбэрээр нэхэмжлэгчээс албан ёсоор уучлалт гуйх, тухайн худал мэдээллийг залруулахыг хариуцагчид даалгах тухай Харчин овогт Б  У  /РД:.../-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.У гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                               Д.ЭНХЦЭЦЭГ

 

         ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР

 

       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ