Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/00269

 

                                                   Төрийн банкны нэхэмжлэлтэй,

                                                        иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2016/00998 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2066 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Төрийн банк,

Хариуцагч : Т.Эрдэнэбадрах,

Хариуцагч : Зээлийн батлан даалтын сан,

Нэхэмжлэлийн шаардлага : Зээлийн гэрээг цуцлах, Т.Эрдэнэбадрахаас 37.663.461,59 төгрөг,  Зээлийн батлан даалтын сангаас 31.065.691,08 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажавын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар, Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Төрийн банк 2014.6.12-ны өдөр 14/58 тоот эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээг Т.Эрдэнэбадрахтай байгуулан 80 сая  төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй олгосон. Мөн "Зээлийн батлан даалтын сан", Төрийн банк, зээлдэгч нар батлан даалтын гурвалсан БДГ 14/58 тоот гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр "Зээлийн батлан даалтын сан" нь Төрийн банкны өмнө үндсэн зээлийн үлдэгдэл өрийн тавин хувийн төлбөрийн үүрэг хүлээсэн. Зээлдэгч Т.Эрдэнэбадрах нь "СОБУ" ХХК-ийн Өгөөмөр ТХТөвд 90 тоот павилонийг түрээсээр эзэмшиж автомашины сэлбэг худалдан борлуулдаг байсан. Гэтэл уг цэг нь татан буугдсанаар ажлын байргүй болсон. Зээлдэгч БНСУ-аас сэлбэг хэрэгсэл импортоор оруулж ирдэг байгаад Солонгос улсын хилээр гарах үедээ саатуулагдан  удаан хугацаагаар хоригдон шалгагдсан. Улмаар зээл төлөгдөхгүй хугацаа хэтэрсээр 2015 оны 10 дугаар сард Төрийн банкны тусгай активын хэлтэст шилжин ирсэн. Зээлдэгч 2015 оны 7 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй, цаашид ч төлөх боломжгүй тул зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргасан. Хариуцагч Т.Эрдэнэбадрах зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрдөг боловч түүний банкинд өгсөн амлалт, хугацаатай авсан үүргүүд нь биелэхгүй байна. Мөн хамтран хариуцагч "Зээлийн батлан даалтын сан"-г гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар албан бичгээр мэдэгдсэн боловч гэрээний нөхцөл бүрэн биелээгүй гэсэн үндэслэлээр биелүүлэхээс татгалзсан. Иймд хариуцагч Т.Эрдэнэбадрах, батлан даагч "Зээлийн батлан даалтын сан"-гаас Төрийн банктай байгуулсан гэрээг цуцалж, тэдний гэрээгээр хүлээсэн үүрэг болох үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 72.711.000,48 төгрөг, үүнээс хариуцагч Т.Эрдэнэбадрахаас үндсэн зээлийн үлдэгдэл 31.065.006,30 төгрөг, үндсэн хүү 10.241.356,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 339.631,47 төгрөг, бүгд нийт 41.645.994,18 төгрөг, "Зээлийн батлан даалтын сан"-гаас үндсэн зээлийн үлдэгдэл 31.065.006,30 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч Т.Эрдэнэбадрах ч энэ байдлаа хүлээн зөвшөөрдөг. Иймд, хариуцагч нараас зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Т.Эрдэнэбадрах шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: Би 2014.6.12-ны өдөр Төрийн банк болон Зээлийн батлан даалтын сантай гурвалсан гэрээ байгуулан 80 сая төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай авсан. Зээлийг авснаар 2014.6.23-ны өдөр Солонгос улс руу сэлбэг бараандаа явж байгаад Солонгос улсын хилээр гарахыг зөвшөөрөхгүй улмаар хилс хэрэгт шалгагдаж хоригдож цаг хугацаа маш ихээр алдсан. Өгөөмөр техникийн зах дээр үйл ажиллагаа явуулдаг байсан ажлын байр маань газарт орж улмаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Зээлийн эргэн төлөлт хийхэд маш хүнд нөхцөлд орсон. Зээлийн гэрээг цуцлах шаардлагыг зөвшөөрч байна. Зээлийн батлан даалтын сангаар гэрээгээр хүлээсэн үүрэг болох үлдэгдэл үндсэн зээлийн 50 хувийг төлүүлэх, зээлийн төлөлтийг хийх график гарган төлөлт хийх боломжоор хангуулах хүсэлтэй байна. Зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөрөө барагдуулна.  Банкны нэхэмжилсэн 41.645.994 төгрөгийг 1-2 жилийн хугацаанд төлнө. "Зээлийн батлан даалтын сан" миний эрсдэлийг хариуцах гэж гэрээ хийсэн гэж би ойлгож байсан. Би аль алиныг нь хохиролгүй болгоно. Иймд банкны зээлийн гэрээг цуцалж, зээлээ эргэн нэхэж байгаа шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Би өөрийн зүгээс барьцааны хөрөнгөө зарах арга хэмжээ авч зар тавьсан ч хүмүүс ирээгүй.

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн банкны 2014.6.04-ний өдрийн 1025/184 тоот зээлийн батлан даалт гаргахаар шийдвэрлэсэн. Төрийн банк нэхэмжлэлдээ Т.Эрдэнэбадрахаас нийт 41.645 994 төгрөг, Зээлийн батлан даалтын сангаас 31.065.006 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Зээлдэгч нь батлан даагчтай эсэхээс үл хамааран зээлийг төлөх үүрэгтэй бөгөөд батлан даагчтай байснаараа зээл төлөх үүргээс хэсэгчлэн чөлөөлөгддөггүй.  Зээлийн батлан даалтын сан нь Иргэний хуулийн 460.1-р нөхөх хариуцлага хүлээх үүрэг хүлээсэн болохоос зээлийн гэрээгээр үүрэг хүлээгээгүй. Зээлийн барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй тохиолдолд Сангийн нөхөх хариуцлагын хэмжээг тодорхойлох боломжгүй. Тус сан нь нөхөх хариуцлагын хэмжээ тодорхой болсон буюу зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсан тохиолдолд Төрийн банктай байгуулсан батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэх боломжтой байна. Иймд Зээлийн батлан даалтын санд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манайх Төрийн банкны нэхэмжлэлийг зөвшөөрч,татгалзаагүй, төлөх нь үнэн. Гэхдээ эхлээд үндсэн зээлдэгчийн бизнесийн орлогоор төлөх боломжгүй болсон тул барьцаа хөрөнгөөр төлүүлээд үлдэх хэсгийг манай сан Иргэний хуулийн 463 дугаар зүйлийн 463.1 дэх хэсэгт зааснаар нөхөх хариуцлага хүлээн төлөх хүсэлтэй байна. Барьцаа хөрөнгөө зараад зээлийн үүрэгт хүрээгүй нөхцөлд бид үлдэх төлбөрийг төлнө. Энэ нь Иргэний хуулийн 461.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч эхлээд үүргээ гүйцэтгэх ёстой гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын26-ны өдрийн 184/ШШ2016/00998 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2014.6.12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж,  Т.Эрдэнэбадрахаас  41.645.994 төгрөг, "Зээлийн батлан даалтын сан"-с 31.065.006 төгрөгийг тус тус гаргуулан  "Төрийн банк" ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний эрэг шүүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төрийн банк ХХК-иас төлсөн 521.505 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  Т.Эрдэнэбадрахаас 366.179 төгрөг, "Зээлийн батлан даалтын сан"-с 155.326 төгрөг тус тус гаргуулан Төрийн банк ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2066 дугаартай магадлал гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2016/00998 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 1. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд талуудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн БДГ-14/58 дугаартай гэрээнд заасан үндэслэл журмын дагуу зээлдүүлэгч Төрийн банкинд батлан даагч Зээлийн батлан даалтын сангаас зээлдэгчийн өмнөөс нөхөх үүрэг хүлээхийг шаардах эрх үүссэн эсэхийг нягталж тодорхойлоогүй. Талуудын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээнд зээлдэгч тодорхой нөхцөл байдлыг нотолж, батлан даагчид мэдэгдсэний үндсэн дээр батлан даагчаас шаардах эрхтэй байхаар эаасан. Гэрээний дараах нөхцлүүдийг хэрэгжүүлснээр зээлдүүлэгчийн батлан даагчаас шаардах эрх үүсэхээр талууд тохиролцсон. Үүнд: 1.6, 3.2.3, 3.2.4, 3.2.6, 3.4.1. Зээлдүүлэгч Батлан даалтын гэрээний дээрх нөхцлүүдийг хэрэгжүүлсэн эсэх нь тогтоогдоогүй байхад түүний шаардах эрхийг үндэслэлтэй гэж шүух дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон болохыг нотолж байна.Шүүх зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийхдээ нэг талын баримтыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Учир нь хэдийгээр зээлдүүлэгч болон зээлдэг нар нь зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн гэж шүүхийн өмнө тайлбарлаж байгаа ч батлан даагчийн өмнө энэ нөхцөл байдал нотлогоогүй. Зээлдүүлэгч зээлдэгч нар нь 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 80 сая төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэйгээр 36 сар хугацаатайгаар зээлэхээр харилцсан тохиролцсон тухай "Зээлийн гэрээ" хэргимн хавтасны 52-53 дугаар хуудсанд авагдсан байна. Харин зээлийн эргэн төлөлтийн хуваарь нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна. Иймээс зээлдэгч зээлийг хэрхэн, ямар хуваарийн дагуу төлөх нь тодорхойгүй байна. Үүнтэй холбоотойгоор зээлдэгч зээл төлөх үүргээ хэрхэн зөрчсөн нь нотлогдохгүй байхад шүүх зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн гэсэн үндэслэлээр зээлдүүлэгч гэрээг цуцалж, батлан даагчаар нөхөх үүрэг хүлээлгэх үндэслэлтэй гэж нэг талын баримтад тулгуурлан дүгнэлт хийсэн нь хууль бус байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Төрийн банк шүүхэд нэхэмжлэл гаргаж, Т.Эрдэнэбадрахаас үндсэн зээлийн үлдэгдэл 31.065.006 төгрөг, үндсэн хүү 10.241.356  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 339.631 төгрөг нийт 41.645.994 төгрөг, "Зээлийн батлан даалтын сан"-с 31.065.006 төгрөг шаардсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Төрийн банк нь хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс гаргуулах шаардлагыг шүүх хуралдаан дээр  /хх 73, ар тал/ тавьсан  байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 115 дугаар зүйлийн 115.2 нийцээгүйгээс гадна шүүх мөн хуулийн 105 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.  Шүүх  үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс гаргуулах шаардлагыг шийдвэрлээгүй орхисон талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй хэдий ч энэ нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарна. Түүнчлэн, барьцааны  гэрээтэй холбоотой Зээлийн батлан даалтын сангийн тайлбарыг /хх 19/ шүүх анхаарч үзээгүйгээс батлан даагчийн Иргэний хуулийн 465 дугаар зүйлд заасан эрх хөндөгдөх магадлалтай байна. 

Барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, барьцааны гэрээний нэг тал болох Л.Болортуяа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.  

2. Хариуцагч нар нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй хэдий ч зээлдэгчээс гаргаж өгсөн баримт нь хоорондоо зөрүүтэйгээс гадна нотлох баримтын шаардлага хангаагүй /хх 6, 46-48/ байх тул эдгээрийг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4, 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгийг зөрчжээ.    

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сонгино-хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2016/00998 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2066 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн  313.275 төгрөгийг Зээлийн батлан даалтын санд захирамжаар  буцааж  олгосугай.

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ