Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2066

 

 

 

 

 

 

 

 

 

 “ХХХ” ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2016/00998 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ, ХХХХХ нарт холбогдох

 

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн болон батлан даалтын гэрээний үүрэгт ХХХХаас 37 663 461.59 төгрөг, ХХХХ гаас 31 065 691.08 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч ХХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч ХХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ

Хариуцагч ХХХХ-ийн өмгөөлөгч                          ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч "ХХХХ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХХХ 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 14/58 тоот эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээг ХХХХтай байгуулан 80 000 000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй олгосон. Мөн "ХХХХ ", Төрийн банк, зээлдэгч нар гурвалсан батлан даалтын БДГ 14/58 тоот гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр "ХХХХ" нь ХХХ-ны өмнө үндсэн зээлийн үлдэгдэл өрийн тавин хувийн төлбөрийн үүрэг хүлээсэн. Зээлдэгч ХХХХ нь "ХХХ" ХХК-ийн Өгөөмөр ТХТөвд 90 тоот павилонийг түрээсээр эзэмшиж автомашины сэлбэг худалдан борлуулдаг байсан. Гэтэл уг цэг нь татан буугдсанаар ажлын байргүй болсон. Зээлдэгч БНСУ-аас сэлбэг хэрэгсэл импортоор оруулж ирдэг байгаад Солонгос улсын хилээр гарах үедээ баривчлагдан хилс хэрэгт гүтгэгдэн удаан хугацаагаар хоригдон шалгагдсан. Улмаар зээл төлөгдөхгүй хугацаа хэтэрсээр 2015 оны 10 дугаар сард ХХХ-ны тусгай активын хэлтэст шилжин ирсэн. Зээлдэгч 2015 оны 7 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй, цаашид ч төлөх боломжгүй, Өгөөмөр зах татан буугдаж бизнесийн үйл ажиллагаа нь бүрэн зогссон тул зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргасан. Хариуцагч ХХХХ зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрдөг боловч түүний банкинд өгсөн амлалт, хугацаатай авсан үүргүүд нь биелэхгүй байна. Мөн хамтран хариуцагч "ХХХХ"-г гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар албан бичгээр мэдэгдсэн боловч гэрээний нөхцөл бүрэн биелээгүй гэсэн үндэслэлээр биелүүлэхээс татгалзсан. Иймд хариуцагч ХХХХ, батлан даагч "ХХХХ"-гаас ХХХХ-тай байгуулсан гэрээг цуцалж, тэдний гэрээгээр хүлээсэн үүрэг болох үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 72 711 000.48 төгрөг. Үүнээс хариуцагч ХХХХаас үндсэн зээлийн үлдэгдэл 31 065 006.30 төгрөг, үндсэн хүүний өр 10 241 356.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 339 631.47 төгрөг, бүгд нийт 41 645 994.18 төгрөг, "ХХХХ"-гаас үндсэн зээлийн үлдэгдэл   31 065 006.30 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. Хариуцагч ХХХХ ч энэ байдлаа хүлээн зөвшөөрдөг. Иймд нь хариуцагч нараас зээлийн-төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ХХХХ болон "ХХХ"-тай гурвалсан гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай авсан. Зээлийг авснаар 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Солонгос улс руу сэлбэг бараандаа явж байгаад Солонгос улсын хилээр гарахыг зөвшөөрөхгүй улмаар хилс хэрэгт шалгагдаж хоригдож цаг хугацаа маш ихээр алдсан юм. Өгөөмөр техникийн зах дээр үйл ажиллагаа явуулдаг байсан ажлын байр маань газарт орж улмаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Зээлийн эргэн төлөлт хийхэд маш хүнд нөхцөлд орсон. Зээлийн гэрээг цуцлах шаардлагыг зөвшөөрч байна. ХХХХ гаар гэрээгээр хүлээсэн үүрэг болох үлдэгдэл үндсэн зээлийн 50 хувийг төлүүлэх, зээлийн төлөлтийг хийх график гарган төлөлт хийх боломжоор хангуулах хүсэлтэй байна. Зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөрөө барагдуулна. Өөрөөр хэлбэл банкны нэхэмжилсэн 41 645 994.18 төгрөгийг 1-2 жилийн хугацаанд төлнө. "ХХХХ" миний эрсдэлийг хариуцах гэж гэрээ хийсэн гэж би ойлгож байсан. Би аль алиныг нь хохиролгүй болгоно. Иймд банкны зээлийн гэрээг цуцалж, зээлээ эргэн нэхэж байгаа шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Би өөрийн зүгээс барьцааны хөрөнгөө зарах арга хэмжээ авч зар тавьсан ч хүмүүс ирээгүй юм гэжээ.

Хариуцагч "ХХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХХ-ны 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 1025/184 тоот зээлийн батлан даалт гаргуулах тухай бичиг, холбогдох баримтыг үндэслэн Сангийн Зээлийн батлан даалтын хорооны 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 235 дугаар тогтоолоор иргэн ХХХХын эргэлтийн хөрөнгийн 80 000 000 төгрөгийн зээлийн 50 хувьд батлан даалт гаргахаар шийдвэрлэсэн. ХХХХ нэхэмжлэлдээ хариуцагч ХХХХаас нийт 41 645 994.18 төгрөг, "ХХХХ"-гаас 31 065 006.30 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Зээлдэгч нь батлан даагчтай эсэхээс үл хамааран зээлийг төлөх үүрэгтэй бөгөөд батлан даагчтай байснаараа зээл төлөх үүргээс хэсэгчлэн чөлөөлөгддөггүй. "ХХХХ" нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний дагуу нөхөх хариуцлага хүлээх үүрэг хүлээсэн болохоос зээлийн гэрээгээр үүрэг хүлээгээгүй. Зээлийн барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй тохиолдолд Сангийн нөхөх хариуцлагын хэмжээг тодорхойлох боломжгүй. Тус Сан нь нөхөх хариуцлагын хэмжээ тодорхой болсон буюу зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсан тохиолдолд ХХХХ-тай байгуулсан батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэх боломжтой байхад шүүхэд нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд “ХХХ”-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манайх ХХХ-ны нэхэмжлэлийг зөвшөөрч, татгалзаагүй, төлөх нь үнэн. Гэхдээ эхлээд үндсэн зээлдэгчийн бизнесийн орлогоор төлөх боломжгүй болсон тул барьцаа хөрөнгөөр төлүүлээд үлдэх хэсгийг манай сан Иргэний хуулийн 463 дугаар зүйлийн 463.1 дэх хэсэгт зааснаар нөхөх хариуцлага хүлээн төлөх хүсэлтэй байна. Барьцаа хөрөнгөө зараад зээлийн үүрэгт хүрээгүй нөхцөлд бид үлдэх төлбөрийг төлнө. Энэ нь Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч эхлээд үүргээ гүйцэтгэх ёстой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "ХХХ" ХХК болон хариуцагч ХХХХ нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч ХХХХаас зээлийн гэрээний үүрэгт 41 645 994.18 төгрөгийг, хариуцагч "ХХХХ"-гаас батлан даалтын гэрээний үүрэгт 31 065 006.30 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч "ХХХ" ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний эрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1  дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "ХХХ" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 521 505 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ХХХХаас 366 179 төгрөгийг хариуцагч "ХХХХ"-гаас 155 326 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч "ХХХ" ХХК-д олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах гомдолдоо:

…ХХХХ нь дээрх зорилгын хүрээнд Зээлдэгч Т ХХХ-ын “ХХХ” ХХК-иас авах 80 000 0000 төгрөгийн зээлийн 50 000 000 төгрөгийн хувьд батлан даалт гаргаж, ХХХХ болон ХХХХ-тай 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр БДГ1458 дугаартай Батлан даалтын гурван талт гэрээ байгуулсан. Батлан даалтын гэрээнд "Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан авсан тохиолдолд батлан даагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ" гэж заасан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуулийг дараах байдлаар буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Батлан даалтын гэрээний 1.1, 1.4, 1.6-д болон бусад зүйлд үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар заасан заалт байхгүй тул нотлох баримтыг дутуу үнэлсэн. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан "... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ", 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасан "Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ" заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Мөн Зээлдэгчийн барьцаа хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлийг хангахад бүрэн хүрэлцэхүйц байхад батлан даагчид шууд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2016/00998 дугаар шийдвэрт хуульд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

                                                ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь хариуцагч ХХХХад холбогдуулан 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 14/58 тоот зээлийн гэрээг цуцалж, ХХХХаас 41 645 994 төгрөг, хариуцагч “ХХХ”-д холбогдуулан 31 065 006 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ХХХХ хүлээн зөвшөөрч, хариуцагч ХХХХ эс зөвшөөрөн маргасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зээлдүүлэгч “ХХХ” ХХК болон зээлдэгч ХХХХ, хамтран зээлдэгч ХХХХ нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 14/58 тоот “Зээлийн гэрээ”, мөн өдөр ХХХХ , “ХХХ” ХХК, ХХХХ нарын хооронд “Батлан даалтын гэрээ” тус тус байгуулагдсан байх бөгөөд уг гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Зээлийн гэрээ нь 80 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй, үндсэн зээл, зээлийн хүүг хугацаа хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгөөр байгуулагджээ.

 

Нэхэмжлэгч байгууллага зээлийн гэрээг цуцлах үндэслэлээ “…зээлдэгч ХХХХ нь СОБУ ХХК-ийн “Өгөөмөр” ТХТөвд 90 тоот павилоныг түрээсээр эзэмшиж, автомашины сэлбэг худалдан борлуулдаг байсан боловч уг цэг нь татан буугдсан, хариуцагч Солонгос улсын хилээр гарах үедээ баривчлагдан хилс хэрэгт гүтгэгдэн удаан хугацаагаар хоригдон шалгагдсаны улмаас зээлээ хугацаандаа төлөх боломжгүй болсон” гэсэн тайлбарыг гаргасан байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гаргаагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан бөгөөд хариуцагч ХХХХ нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрчээ. 

 

Талуудын тайлбар нь өөрөө нотолгооны хэрэгсэл болдог бөгөөд нэхэмжлэгч ХХХХ нь 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөр шүүхэд хандсанаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, зээлийг буцаан бүхэлд нь төлүүлэхээр шаардаж, хариуцагч нар гэрээ цуцалж байгаа асуудал болон зээлийн төлбөрийн үлдэгдлийн үнийн дүнгийн асуудлаар маргаагүй.

 

Иймд ХХХХ нь хариуцагчаас ХХХХаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл, зээлийн хүү шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээлийн 31 065 006.30 төгрөг, үндсэн хүүгийн 10 241 356.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 339 631.47 төгрөг нийт 41 645 664.18 төгрөгийг хариуцагч ХХХХаас шаардах эрхтэй болно.

 

Харин хариуцагч “ХХХХ ” нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө “…нөхөх хариуцлагын хэмжээ тодорхой болсон буюу зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсан тохиолдолд нэхэмжлэгчтэй байгуулсан батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэх боломжтой” гэсэн тайлбарыг анхан шатны шүүхэд гаргаж, мөн энэ үндэслэлээрээ давж заалдах гомдол гаргажээ. 

 

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар батлан даагч нь үүргийг бүрэн буюу хэсэгчлэн гүйцэтгэж чадахыг баталж, гуравдагч этгээдийн нэрийн өмнөөс хэрвээ тухайн этгээд өөрийн хүлээсэн үүргийг биелүүлэхгүй тохиолдолд уг төлбөр тооцоог өөрөө хариуцан гүйцэтгэхээр үүрэг хүлээдэг бөгөөд хариуцагч ХХХХ нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдал бий болсон нь хэргийн баримтаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь хариуцагч “ХХХХ ”-гаас үүргээ гүйцэтгэхийг Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

 

Түүнчлэн “Батлан даалтын гэрээ”-ний 1.4-дэх заалтад “Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн 50 хувь байна” гэж тохиролцсон байна.

   

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагч ХХХХад зээлээ төлөх боломжгүй нөхцөл байдал бий болсон байх тул нэхэмжлэгч байгууллага батлан даалтад нөхөх хариуцлага хүлээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иймд нэхэмжлэгч “ХХХ” ХХК-ийн хариуцагч “ХХХХ ”-гаас үндсэн зээлийн төлбөрийн 50 хувь буюу 31 065 006.30 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “ХХХХ ”-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2016/00998 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “ХХХХ ”-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа “ХХХХ ”-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313 275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.БАТЗОРИГ

                       

                                          ШҮҮГЧ                                         Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                         

Ц.ИЧИНХОРЛОО