Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 193

 

 Ц.Цын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн

 үйлчилгээний тасгийн даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         М.Батсуурь,

            Шүүгчид:                        Д.Мөнхтуяа,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Я.Тын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 69 тоот Тэтгэвэр түр түдгэлзүүлэх тухай актыг хүчингүй болгох, аваагүй хугацааны тэтгэврээ нөхөн авах, учирсан хохирлыг барагдуулах тухай”

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 91 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л, Б.З нарыг оролцуулж,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр: Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, 8 дугаар зүйлийн 1-ийн 2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Я.Тын 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 69 тоот Тэтгэвэр түр түдгэлзүүлэх тухай актыг хүчингүй болгож, аваагүй хугацааны тэтгэвэр /5сарх856108/ 4.280.540 төгрөгийг Хөвсгөл аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэсээс гаргуулж Ц.Цд олгож, учирсан хохирлыг барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 91 дүгээр магадлалаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 2 дахь хэсгийн 3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Я.Тын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 69 дүгээр Тэтгэвэр түр түдгэлзүүлэх тухай актыг хүчингүй болгож, аваагүй хугацааны тэтгэвэр /5сарх856108/ 4.280.540 төгрөгийг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж Ц.Цд олгож, үлдэх ...учирсан хохирлыг барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Иргэн Ц.Ц нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр авч эхэлсэн ба 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ц.Цын хувийн хэрэгт хяналт хийхэд түүнийг ажлаас чөлөөлсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 6/502 тоот тушаалын үндэслэл нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заалтыг заасныг хангаагүй байна гэж үзээд 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Тэтгэвэр түр түдгэлзүүлэх тухай улсын байцаагчийн акт гаргасан. ШШГЕГ-ын даргын 2019.02.27-ны өдрийн 6/502 тоот тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэсэн үндэслэлийг баримталж гарсан ба энэ нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй. 1/ орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр, 2/ биеийн эрүүл мэндээр, 3/ цэргийн алба хаах нас хэтэрч гэсэн хуулийн заалттай нийцээгүй юм.

4. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна гэж заасан ба цэргийн алба хаагчийн насны дээд хязгаарыг хуульд өөрөөр заасан буюу Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Эмэгтэйчүүд офицерын албыг цэргийн цол харгалзахгүйгээр 47 нас хүртэл хаана гэж заасан байдаг. Иргэн Ц.Цын хувьд цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрээд ажлаас чөлөөлөгдөж байгаа учраас Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.3.төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн бол Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтад нийцэх байсан юм. Нөгөө талаас Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 1.Цэргийн албан хаагчийн тэтгэврийг тогтоох, олгох ажлыг тухайн тэтгэвэр авагчийн алба хааж байсан зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага буюу тэдгээрээс гэрээ байгуулсан этгээд эрхлэн гүйцэтгэнэ гэж заасан байдаг тул тухайн байгууллага нь албан хаагчаа тэтгэвэрт орохыг өөрсдөө шийдэж, ажлаас чөлөөлөхдөө өндөр насны тэтгэвэрт гаргасугай гэх буюу Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд нийцүүлэн тушаалаа гаргадаг.

5. Тиймээс Нийгмийн даатгалын байгууллага нь уг тушаалыг үндэслэж, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоодог. Иргэн Ц.Цын хувьд түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл нь дээр дурдсанчлан өөрийн хүсэлтээр гэж гарсан байсан. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн иргэн Ц.Цыг тэтгэвэр тогтоолгох эрхтэй, цэргийн тэтгэвэр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй, харин тэтгэврийг түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байгааг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Учир нь Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд иргэн Ц.Цд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тэтгэвэр олгохоор шийдвэрлэсэн нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2. Цэргийн алба хаасны тэтгэвэр авагч өөрөө хүсвэл цэргийн алба хаасан болон даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоож болно гэж заасантай нийцжээ гэж үзсэн байна. Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1. Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан. Иргэн Ц.Ц нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг баримтлан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангах ёстой буюу 55 нас хүрсэн байх шаардлагатай юм.

7. Иргэн Ц.Ц нь 1968 онд төрсөн бөгөөд 2019 оны 3 дугаар сарын байдлаар 49 настай байсан байна. Тиймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар тэтгэвэр тогтоох боломжгүй юм. Мөн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “албан хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэж заасан нь иргэн Ц.Цын цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрээд буюу 47 нас хүрээд тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэхийг илэрхийлж байгаа бол 8.2 дахь хэсгийн 3-т цэргийн алба хаах нас хэтэрсэн гэж заасан нь ажлаас чөлөөлөгдсөн шалтгааныг илэрхийлж байгаа гэж ойлгож байна. Тиймээс иргэн Ц.Цын ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь цэргийн алба хаах нас хэтэрсэн үндэслэлээр гарах ёстой байсан. Тэгтэл өөрийн хүсэлтээр гэх шалтгаанаар гарсан болох нь ШШГЕГ-ын даргын тушаал болон нэхэмжлэгчийн өөрийн гаргасан тайлбараар нотлогддог.

8. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу тус хуулиар зохицуулаагүй харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу зохицуулдаг. Манай байгууллагын зүгээс иргэн Ц.Цын цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн болон цэргийнээр ажилласан хугацаа нь гүйцсэн тал дээр огт маргаагүй. Түүний 47 нас хүрсэн, цэргийнээр 18 жил ажилласан болох нь нотлох баримтуудаар тогтоогддог, тэтгэвэр авах эрх нь үүссэн байгаа боловч тухайн иргэн тэтгэвэр, тэтгэмж тогтоолгохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны А/30 дугаар тушаалд заасан баримт бичгийн шаардлагыг хангасан баримтыг бүрдүүлэх ёстой. Ц.Цын ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь тус баримт бичгийн шаардлагыг хангахгүй буюу Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар ажлаас чөлөөлөгдсөн болохыг нотлохгүй байгаа учраас би Мөрөн сумын 8 дугаар багийн иргэн Ц.Цын №972930 дугаарын хувийн хэрэгтэй цэргийн өндөр насны тэтгэврийг баримтын бүрдэл хангагдах хүртэл түр түдгэлзүүлэх тухай улсын байцаагчийн акт гаргасан юм. Түүнээс биш бүр мөсөн зогсоосон үйлдэл биш бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг өөрчлүүлэхэд хуулийн шаардлага хангагдаж, тэтгэврийг үргэлжлүүлэн олгох боломжтой юм. 2 шатны шүүх дээр дурдсан хуулийн заалтуудыг ерөнхий байдлаар тайлбарлаж, нарийвчилсан зохицуулалтыг шалгалгүй, хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

9. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх намайг улсын байцаагчийн акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6 дугаар заалтууд, 13 дугаар зүйлийн 13.3.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж өндөр насны тэтгэврийн олголтыг түр зогсоосон гэж дүгнэсэн байсан. Мөн иргэн Ц.Цд 2019 оны 07 дугаар сарын тэтгэвэр олгохоос өмнө 94941833 дугаартай утсаар ярьж, зурвас бичиж, ажлаас чөлөөлөгдсөн тушаалын үндэслэл нь хуулийн шаардлага хангаагүй байгаа тул хуулийн шаардлага хангах хүртэл түүний тэтгэврийг түр түдгэлзүүлэх тухай болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалын үндэслэлийг өөрчилж авчирсан тохиолдолд тэтгэвэрийг үргэлжлүүлэн олгох боломжтой талаар мэдэгдсэн байдаг. Үүнээс хойш иргэн Ц.Цын зүгээс ажлаас чөлөөлөгдсөн тушаалын үндэслэлийг өөрчилсөн тушаал авч ирээгүй учраас 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр албан ёсоор захиргааны акт гаргаж тэтгэврийг нь түр түдгэлзүүлсэн. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 “Нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй байх нөхцөлийг хуулиар тогтоож болно”, 8 дугаар зүйлийн 8.1 “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана” заалтыг баримтлан тэтгэвэр авагч Цэрэнбадамд баримтаа бүрдүүлж ирэх боломж олгож, тодорхойгүй хугацаагаар хүлээсэн, нэхэмжлэгч Б.Цэрэнбадам 2019 оны 07 сарын 15-нд хэлтэст ирэхдээ тушаал өөрчлөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн учир тэтгэврийг албан ёсоор түдгэлзүүлэх акт шийдвэр 2019 оны 07 сарын 18-ны өдөр гаргаж, хэлтсийн даргын албан бичгээр актын 1 хувийг хүргүүлэхээр бичиг хэрэгт хүлээлгэн өгсөн. Бичиг хэрэг Мөрөн сумын 8 дугаар багт оршин суудаг гэрийн хаягаар хэд хэдэн удаа очсон боловч гэртээ байхгүй байсан гэдгийг бичиг хэрэг нотолдог. Үйлчилгээний тасгийн дарга Я.Т миний бие 2019 оны 07 сарын 22-ноос албан ёсоор ээлжийн амралтаа авсан. Нэхэмжлэгч Ц.Ц нь манай байгууллагаас түүнтэй утсаар ярьж, зурвас бичсэн тал дээр маргадаггүй хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл захиргааны акт гаргахаас өмнө Ц.Цд мэдэгдсэн, хуулийн шаардлага хангаагүй тушаалыг засч авч ирэх боломжийг олгосон, байхад анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” зарчим болон 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

10. Мөн Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулинд хуулийг хэрэгжүүлэхэд гарч болох “ кесс....         ”-ыг бүрэн тусгаагүйгээс хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл гардаг, нэгэнт үүссэн зөрчлийг хуулийн аль заалтаар шууд орлуулан шийдвэрлэхэд хүндрэлтэй, тухайлбал Үйлчилгээний тасгийн дарга Я.Т миний тогтоосон 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 69 тоот “Тэтгэвэр түр түдгэлзүүлэх тухай акт”-ын үндэслэсэн “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтоож олгохтой холбогдсон бусад харилцааг зохицуулах”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 “тэтгэвэр тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмыг нийгмийн даатгалын төв байгууллага тогтооно”, НДЕГ-ын даргын 2019 оны А/30 дугаар тушаалыг тус тус үндэслэж гэж шийдвэрлэсэн нь дараах шалтгаантай болохыг тайлбарлая.

11. НДЕГ-ын даргын 2019 оны А/30 дугаар тушаалаар баталсан Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмын Арав дугаарын 10.6. “Нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ цэргийн тэтгэвэр тогтоох цэргийн жинхэнэ алба хаасан нийт хугацааг тоолохдоо тухайн цэргийн алба хаагчийн хөдөлмөрийн дэвтэрт бичсэн тушаалд болон цэргийн байгууллагын архивын лавлагаа, шүүхийн шийдвэрт заасан ажилд томилсон он, сар, өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн он, сар, өдрийг хоорондох цэргийн жинхэнэ алба хааж, ажилласан нийт жил, сар, өдрийн хооронд нь нэмэх замаар тодорхойлно”, 10.7. “Цэргийн холбогдох хуульд заасан тохиолдлоор цэргийн алба хаасан хугацааг нэмэгдүүлэхдээ тухайн цэргийн байгууллагын албан ёсны тодорхойлолт, шийдвэрт заасан цэргийн байгууллага, албан тушаал дээр ажилласан хугацаа (он, сар) -г үндэслэн нэмэгдүүлэн тооцно”. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлж,...” Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” заалтуудыг хэрэглэх гэхээр нэхэмжлэгч Б.Цэрэнбадам хуурамч баримт бүрдүүлээгүй, түүний ирүүлсэн баримтыг нийгмийн даатгалын байцаагч нар дутуу хянасан.

12. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцана” гэж заасан тул Б.Цэрэнбадамд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 “Цэргийн алба хаасны нас хэтэрч шалтгаанаар халагдаагүй, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн учир цэргийн хувь тэнцсэн тэтгэврийн эрх үүсэхгүй байхад цэргийн хувь тэнцсэн тэтгэвэр тогтоож олгож байгаа нь буруутай үйлдэл, эрх үүсээгүй олгосон тэтгэврийг нийгмийн даатгалын байцаагч нар хариуцах учир түүний тэтгэврийг 2019 оны 03 сараас 06 сарыг дуустал 3 сар олгосон байхдаа зөрчлийг илрүүлж эрсдлээс сэргийлсэн.

13. Харин Б.Цэрэнбадам Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заалтаар 55 нас хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3. Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно заалтад хамаарч 55 нас хүрээд 2023 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох юм.

14. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6.2, 6.3 заалтын ялгааг гаргаж шүүхийн шийдвэртээ тусгаж Б.Цэрэнбадамын тэтгэврийн эрхийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсье. Б.Цэрэнбадамд анхан шат, хяналтын шатны шүүхийн шийдвэрийн дагуу /5 сар*856108/4280540 төгрөгийг олговол нийгмийн даатгалын ажилтнуудын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтын дагуу төлөх төлбөр, цаашид улсын төсөвт хохирол учрах юм. Тиймээс Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 91 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

15. Хяналтын шатны шүүхээс магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

16. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч цэргийн алба хаах нас хэтэрч халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй байна. Мөн түүнчлэн Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Эмэгтэйчүүд офицерын албыг цэргийн цол харгалзахгүйгээр 47 нас хүртэл хаана” гэж заасан.

17. Нэхэмжлэгч Ц.Ц нь улсад 23 жил 3 сар 30 хоног, үүнээс цэргийн байгууллага буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэгчээр 16 жил 11 сар 28 хоног ажилласан байх бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 50 насандаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

18. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 69 дугаартай актаар, Ц.Цын цэргийн бүрэн тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2019 оны төв архивын 2б/78 дугаар лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 6/302 дугаар тушаалын ажлаас чөлөөлөгдсөн үндэслэл нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан .../-тай/ нийцэхгүй зөрчил илэрсэн гэсэн үндэслэлээр, Ц.Цын цэргийн өндөр насны тэтгэврийг баримтын бүрдэл хангагдах хүртэл түр түдгэлзүүлэхийг хэлтсийн тэтгэврийн байцаагч Б.Мягмаржавт даалгаж шийдвэрлэжээ. 

19. Нэхэмжлэгч Ц.Цаас дээрх улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч, “миний бие ажлаас халагдаагүй, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул тэтгэвэр тогтоолгох эрхтэй” гэж марган, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 69 тоот “Тэтгэвэр түр түдгэлзүүлэх тухай” актыг хүчингүй болгох, аваагүй хугацааны тэтгэврээ нөхөн авах, учирсан хохирлыг барагдуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

20. Анхан болон давж заалдах шатны шүүхийн, маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн тэтгэврийг түр түдгэлзүүлсэн нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзлээ.

21. Хариуцагчаас гаргасан актынхаа үндэслэлийг “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны Б/302 дугаар тушаалд Ц.Цыг ажлаас чөлөөлсөн үндэслэл буюу “өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн” гэсэн нь Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байгаа. ...ажлаас чөлөөлөгдсөн тушаалын үндэслэлээ цэргийн алба хаах нас хэтэрсэн болгож өөрчлүүлсэн тохиолдолд тэтгэврийг үргэлжлүүлэн олгох боломжтой” гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчийн тэтгэврийг түдгэлзүүлэх болсон үндэслэл тодорхойгүй, өөрөөр хэлбэл захиргааны актад заасан үндэслэлээр тэтгэврийг түдгэлзүүлэх хуулийн зохицуулалт байхгүй, мөн актад Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн чөлөөлсөн тушаалд өөрчлөлт оруулахыг шаардаж, тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох шалтгаанаар тэтгэврийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актад түүнийг гаргах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, мөн зүйлийн 40.4-т захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заасан байх хуулийн шаардлагад нийцээгүй, энэ талаар болон хууль хэрэглээний өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна.

22. Харин анхан шатны шүүхийн “...Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд буюу цэргийн албан хаагч эмэгтэйн 47 нас хүрсэн үндэслэлээр холбогдох материалаа бүрдүүлж өгснөөр Ц.Ц улсад буюу цэргийнээр нийт 23 жил 03 сар 30 хоног ажилласнаар, ...цэргийн хэвийн нөхцөлөөр түүнд ...тэтгэвэр тогтоож өндөр настны тэтгэврийг олгохоор шийдвэрлэж баталгаажуулсан нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-д “Цэргийн алба хаасны тэтгэвэр авагч өөрөө хүсвэл цэргийн алба хаасан болон даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоож болно” гэж заасантай нийцсэн” гэсэн дүгнэлт учир дутагдалтай болжээ. 

23. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

24. Мөн, түүнчлэн хариуцагчаас хуульд заасан журмын дагуу, нэхэмжлэгчид анх тэтгэвэр тогтоосон актыг хүчингүй болгох, өөрчлөх талаар хуульд нийцүүлэн дахин шийдвэр гаргахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 91 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.БАТСУУРЬ

                                        ШҮҮГЧ                                                              Б.МӨНХТУЯА