Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 00033

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: иргэн Ц.Ц-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Я.Т-д холбогдох, 

 Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Я.Т-ын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 69 тоот “Тэтгэвэр түр түдгэлзүүлэх тухай” актыг хүчингүй болгох, аваагүй хугацааны тэтгэврээ нөхөн авах, учирсан хохирлыг барагдуулах тухай”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагч Я.Т,  гэрч П.Д, Н.Х, П.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.У  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ц-ын Ц нь цэргийн болон энгийнээр нийт 30 жил ажиллаж, нийгмийн даатгал төлж иржээ. Би цэргийнээр 17 жил 11 сар 28 хоног ажилласан, мөн цэргийнээр ажиллах эмэгтэй албан хаагчийн 47 нас хангалттай хүрсэн учраас материалаа бүрдүүлэн өгч сайн дураар тэтгэвэрт гарсан юм. Тухайн үед нийгмийн даатгалаас шаардсан холбогдох бүх материал лавлагааг бүрдүүлэн өгсөн. Гэтэл энэ оны 6 сарын сүүлээр надад тэтгэвэр олгохгүй талаар мессеж ирүүлсэн ба хууль зүйн үндэслэлгүй шаардлага буюу тушаалд “цэргийн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэсэн нэмэлт үг оруул гэж нэхсэн байна. Би 7 сарын 16-ны өдөр өөрийн биеэр очиж уулзаж нийгмийн даатгалын хэлтсийн даргад гомдол гаргасан бөгөөд тус гомдлын хариу нь миний гаргасан гомдлын шаардлагыг шийдвэрлээгүй ба албан ёсоор түдгэлзүүлсэн тус актыг хэлтсийн даргын хариутай цуг 2019 оны 08 сарын 16-нд хүлээж авсан. Албан ёсны улсын байцаагчийн акт тавигдаагүй байхад тэтгэвэр олголтыг 2019 оны 06  дугаар сарын 28-ны өдөр зогсоосон. Гэтэл тэтгэврийг түр түдгэлзүүлэх тухай улсын байцаагчийн акт нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гарсан байна. Тухайн акт дээрх үндэслэл нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг байсан. Тус заалт нь орон тооны өөрчлөлт, биеийн эрүүл мэнд болон цэргийн нас хэтэрсэн 3-н шалтгаанаар ажлаас халагдсан албан хаагчийг хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгох заалт байсан. Миний бие ажлаас халагдаагүй өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул дээрх заалтад хамаарахгүй юм. Үүнийг тайлбарласан боловч гомдлыг минь шийдвэрлэлгүй нас хэтэрсэнээр ажлаас халагдсан тушаалаа авчрахгүй бол тэтгэврийг минь цуцална гэсэн. Би хууль ёсны дагуу тэтгэвэртээ суусан ба 2019 оны 5 сарын 28-ны өдөр тэтгэврийн зээл авсан байсан. Тэтгэврийг минь түдгэлзүүлсэн ч тэтгэврийн зээл минь зогсоогүй, би зээл төлөлт, хүүгийн мөнгөөрөө давхар хохирсон. Иймд тус хууль бус актыг хүчингүй болгож, аваагүй хугацааны тэтгэврийг нөхөн олгож учирсан хохирлыг барагдуулж өгнө үү. ... Миний бие тэтгэвэрт суух хуулийн шаардлага хангагдсан гэж үзэж байна. Тийм учраас би тэтгэвэрт суух эрхтэй гэж үзэж байгаа. Харин энэ тэтгэвэр түдгэлзүүлсэн акт нь хууль зүйн үндэслэлгүй шалтгаанаар хянаж шалгасан, заавал ажлаас халагдсан тушаал авчир гэж хясан боогдуулсан, эрх нь үүсээд тэтгэвэрт суусан хүнийг, бид нар буруу ажилласан байна, та тэтгэвэрт суух эрхгүй байна, та мөнгөө төлнө үү гэж намайг гэм буруутай болгож байгаа нь онц ноцтойгоор эрхийг маань зөрчсөн хууль бус үйл ажиллагаа юм. Тэтгэвэр түдгэлзүүлнэ гэдэг нь юу гэсэн үг юм. Хуульд заасан шаардлагаа хангасан байхад ажлаас халагдсан тушаал авчир гэдэг нь ч гэсэн юу юм бэ? халагдсан тушаал авчирахгүй бол тэтгэвэрт суухгүй гэсэн нь ямар учиртай юм. Хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүн ямар тушаалаар тэтгэвэрт суудаг юм бэ?, шоронд ял эдэлж байгаа хүмүүс ямар тушаалаар тэтгэвэрт суудаг юм бэ? Би 30 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, цэргийн байгууллагад 17 жил ажилласан, цэргийн насанд хүрсэн, энгийнд ажилласан жилээ цэргийн жилд шилжүүлээд цэргийнээр 23 жил 3 сар 30 хоног ажиллаж цэргийн бүрэн тэтгэвэрт суусан. Иймд хууль бус актыг хүчингүй болгож, олгогдоогүй байсан тэтгэвэрийн мөнгийг олгож өгнө үү гэж хичээнгүйлэн хүсэж байна. Дээр нь нэмж хэлэхэд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгдээгүй, надад боломж олгож тайлбар хэлэх боломж олгоогүй. Мөн хуульд заасны дагуу маргаан бүхий актыг гардуулж өгөөгүй, акт нь хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Я.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын албан бичиг болон тогтоол гүйцэтгэгчийн цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоолыг хэрэгжүүлэх явцад Ц.Ц-ын 972930 дугаарын хувийн хэрэгт бүрдүүлсэн баримт бичгийг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дахин хянасан. Ц.Ц-ыг ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь тус хуулийн заалтад нийцэхгүй байгаа тул хуулийн заалтыг хангах хүртэл тэтгэврийг түр түдгэлзүүлэх тухай 2019 оны 07 дугаар сарын тэтгэвэр олгохоос өмнө 94941833 дугаартай утас руу ярьж зурвас илгээж мэдэгдсэн. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль зөрчиж тэтгэвэр олгосонтой холбоотой хэд хэдэн хуулийн зүйл заалтыг нэмж хэлмээр байна. Хамгийн түрүүнд хүн хүсэлтээрээ тэтгэвэрт суух ёстой, ямар тушаал шаардаж байгаа юм бэ гэж нэхэмжлэгч нь надаас асууж байна. Энэ нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар бол цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтоож олгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулна гэж байна. Тэр нь Нийгмийн даатгалын тухай хуулиар тэтгэвэр тогтоолгох эрх олгох асуудал нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн болон Иргэний хуулийн 343 дугаар зүйл, 359 дүгээр зүйлд заасны дагуу иргэнтэй байгуулсан гэрээгээр ажиллагч уг гэрээгээр дуусгавар болгосон нөхцөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэсэн зүйлийг хэлдэг. Тэтгэвэрт гаргахад нь ажлаас гарсан тушаалыг шаардах эрхтэй юм. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөр санхүүжүүлнэ. Санхүүжилтийг нийгмийн даатгалын санд шилжүүлэх журмыг Засгийн газар тогтооно. Цэргийн тэтгэвэр нь нийгмийн даатгалаас олгож байгаа тэтгэвэр биш юм. Улсын төсвөөр санхүүждаг. Цэргийн байгууллага нь цэргийн тэтгэвэрт гарах асуудлаа өөрсдөө шийддэг. Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээгээр гүйцэтгэдэг ажил. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам гэж байгаа. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд цэргийн алба хаагчийн тэтгэврийг тогтоох, олгох ажлыг тухайн тэтгэвэр авагчийн алба хааж байсан зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага буюу тэдгээрээс гэрээ байгуулсан этгээд эрхлэн гүйцэтгэнэ гэсэн байна. Тэгэхээр тухайн байгууллага нь албан хаагчаа тэтгэвэрт орохыгоо өөрсдөө шийдвэрлэнэ. Ингээд албан хаагчийг ажлаас чөлөөлөхдөө өндөр насны тэтгэвэрт гаргасуй гэж тушаал гаргасан бол манай байгууллага нь гэрээгээр тэтгэвэрт тогтоох үйл ажиллагааг хийгээд улсын төсвөөс тэтгэвэрийн санхүүжилт нь манай санд орж ирдэг юм. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно гэж байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч доор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй гэж заасан. Цэргийн байгууллага нь нэг удаагийн тэтгэмжийг олгоод энэ хүнийг нас хэтэрсэн байна гэж тэтгэвэрт гаргах шийдвэр гарсан эсэхийг нэхэмжлэгчээс асуугаагүй байна. Нэхэмжлэгч нь улсад нийт 30 жил, үүнээс цэргийн байгууллагад 18 жил ажилласан гэж хэлж байна. Бид нар нэхэмжлэгчийг 30 жил ажилласан тал дээр үгүйсгээгүй. Ц.Ц нь энгийн байгууллагад 13 жил ажилласан байгаа юм. Энгийнээр тэтгэвэрийг тогтоолгох гэвэл 20 жилээс дээш жил ажиллаж 55 нас хүрсэн байх юм бол тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тэтгэвэрт орох эрх нь үүсэх юм. Ц.Ц-ын хувьд цэргийн байгууллагад 1 жил ажилласан хугацаа нь 6 сараар нэмэгдээд 40 гаруй жилтэйгээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоох эрх нь үүсэх юм” гэв.

Гэрч П.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Ц нь 2019 оны 3 дугаар сард надаас зөвлөгөө авч бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Би Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтаар цэргийн эмэгтэй алба хаагч 47 нас хүрсэн байна гээд өөрийнх тушаал дээр ингэж байсан. 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгож ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлсүгэй гэсэн тушаал байсан. Нэхэмжлэгч нь 1968 оны 8 дугаар сард төрсөн хүн байсан. Тэр ажлаас чөлөөлсөн тушаал нь нөхөж гаргасан тушаал байсан. Тэгэхээр нь би Ц.Ц-ыг 2016 онд 48 нас хүрсэн байсан учраас эмэгтэй цэргийн алба хаагч нь 47 нас буюу насны дээд хязгаар нь хүрсэн байна гээд бичиг баримтуудыг нь хүлээж авсан юм. Би өргөдлийг нь хүлээн авч холбогдох баримтуудыг нь өөрөөс нь шаардан авч тэтгэвэр тогтоолтын байцаагч Н.Х-д шилжүүлж өгсөн. Би ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг анзаараагүй байсан. Цэргийн алба хаагчийн нас хэтэрсэн тул ажлаас чөлөөлөв гэж байсан бол ямар нэгэн асуудалгүй байсан. Тэгтэл өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэдгийг нь анзаараагүй юм” гэв.

Гэрч Н.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Ц.Ц-ын материалыг хүлээж аваад тэтгэвэрт орох нас нь хүрсэн, ажилласан жил нь хувь тэнцүүлэх тэтгэвэрт орох болзол нь хангагдсан байна гэж үзээд тэтгэвэрийг тогтоосон. Энгийн жилүүдийг нь ажилласан жилрүү нь шилжүүлж 23 жил болсон. Ингээд тэтгэврийн хэмжээ 800.000 гаруй төгрөгөөр тогтоосон. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын архиваас гарч ирсэн тушаалаар ажилласан жилийг нь тогтоосон юм. Ажилласан жилийг нээлттэй хорих байгууллагад ажилласан бол нэг жилийг 1 жил 2 сараар энгийнээр ажилласан бол тухайн жилд нь агшааж бодсон байгаа. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх заалтаар ажилласан жил нь эмэгтэй хүн 20 жилээс дээш жил ажилласан байх юм бол нас харгалзахгүй тэтгэвэрт гарна. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хувь тэнцүүлсэн тэтгэвэр буюу эрүүл мэндийн шалтгаанаар, ажлын байр цомотгосон, насны хязгаарт хүрсэн гэсэн ийм гурван шалтгаанаар хувь тэнцүүлсэн эрх үүснэ гэсэн тэр заалтыг хараад насны хязгаарт хүрсэн гэдэг үндэслэлээр тэтгэвэрийг нь тогтоосон юм. Ингээд материалыг хяналтын байцаагч М-т шилжүүлж өгсөн байгаа. Нэхэмжлэгчийн хувьд насны хязгаарт хүрсэн байсан учраас тэтгэврийг нь тогтоосон байгаа. Харин ажлаас гарсан тушаал нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байсан гэдгийг анзаарч хараагүй. Би уг нь хуулийн дагуу ажиллагаа хийгдсэн гэж үзэж байсан. Би тушаалын лавлагаан дээр өөрийн хүсэлтээр гэдгийг хараагүй” гэв.

Гэрч П.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Ц.Ц-ын материалыг хянаж үзээд тэтгэвэр тогтоосон. Энэ өдөр миний бие хянаж дуусаж үйлчилгээний тасгийн дарга Я.Т-д шилжүүлсэн. Я.Т нь хянаж үзээд ахлах нягтлан бодогч Эрдэнэчимэг гарын үсэг зурсан байдаг. Тэтгэвэр, тэтгэмжийг шийдвэрлэх асуудал нь 30 хоногийн дотор байдаг. Харин Ц.Ц-ын хувьд яаралтай тэтгэвэрийн дэвтрээ авмаар байна гэсэн хүсэлтэй байсан учраас бид нар нэг өдрийн дотор хяналт шалгалт хийж тэтгэвэрийг тогтоосон байдаг. Тэгэхээр ийм давчуу цаг хугацаанд тэтгэвэр тогтоолтыг хийсэн учраас тэтгэврийн материалын бүрдэл үндэслэлийг сайн шалгах хугацаа байгаагүй гэж хэлмээр байна. Тэр үедээ тогтоолтын байцаагч нь энэ хүн яаралтай дэвтрээ авах шаардлагатай байна. Бид нар иргэдэд хурдан шуурхай үйлчлэх ёстой гэсэн зүйлийг хэлж байсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Я.Т-д холбогдуулан “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Я.Т-ын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 69 тоот “Тэтгэвэр түр түдгэлзүүлэх тухай” актыг хүчингүй болгох, аваагүй хугацааны тэтгэвэрээ нөхөн авах, учирсан хохирлыг барагдуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчаас “ажлаас чөлөөлөгдсөн тушаалын үндэслэлээ цэргийн алба хаах нас хэтэрсэн болгож өөрчлүүлсэн тохиолдолд тэтгэврийг үргэлжлүүлэн олгох боломжтой” гэж, нэхэмжлэгчээс “миний бие ажлаас халагдаагүй, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул тэтгэвэр тогтоолгох эрхтэй” гэж тус тус маргажээ.

 Ц.Ц Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс түүнийг албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, улмаар 2019 оны 02дугаар сарын 27-ны өдрийн Б/302 дугаар тушаалаар Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар 443 дугаар нээлттэй хорих ангийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас нь 2016 оны 08 сарын 10-ны өдрөөр тасалбар болгон өөрийн нь хүсэлтээр чөлөөлж, офицерын бүрэлдэхүүнээс гаргасан байна.

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд буюу цэргийн албан хаагч эмэгтэйн 47 нас хүрсэн үндэслэлээр  холбогдох материалаа бүрдүүлж өгснөөр  “Ц.Ц улсад буюу цэргийнээр нийт 23 жил 03 сар 30 хоног   ажилласнаар,  сарын дундаж цалинг 1.008.671 төгрөгөөр  тооцон, цэргийн хэвийн нөхцлөөр түүнд сард олгох өндөр настны тэтгэвэр 856 108  төгрөгийг  олгож байхаар  2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тэтгэвэр тогтоож өндөр настны тэтгэврийг олгохоор шийдвэрлэж баталгаажуулсан нь  Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  2-д “Цэргийн алба хаасны тэтгэвэр авагч өөрөө хүсвэл цэргийн алба хаасан болон даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоож болно” гэж заасантай нийцжээ.   /хх-37 дугаар хуудас/

Ийнхүү  эрх бүхий байгууллагаас тогтоосон өндөр настны  тэтгэврийн мөнгийг олгохгүй болсон талаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Я.Т 2019 оны 06 сард  Ц.Ц-д  утсаар мэдэгдсэн, улмаар Ц.Ц-ын өндөр настны тэтгэврийн №972930 дугаар хувийн хэрэгт дахин хяналт явуулж,  2019 оны 07 сарын 18-ны өдрийн 69 тоот “Тэтгэвэр түр түдгэлзүүлэх тухай” актаар: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2019 оны 6/302 дугаар тушаалын ажлаас чөлөөлөгдсөн үндэслэл нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугааар зүйлийн 8.2 “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй: 1/ Орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр; 2/ биеийн эрүүл мэндээр;  3/ цэргийн алба хаах нас хэтэрч” гэсэн заалттай нийцэхгүй зөрчил илрэснийг үндэслээд: өндөр настан Ц.Ц-ын №972930 дугаарын хувийн хэрэгтэй цэргийн өндөр насны тэтгэврийн баримтын бүрдэл хангагдах хүртэл түр түдгэлзүүлэхийг хэлтсийн тэтгэврийн байцаагч Б.М-т даалгаж, тэтгэвэр авагчид мэдэгдэхийг үүрэг болгосон нь өндөр настан Ц.Ц-ын эрх , хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт  гаргажээ. /хх-6 дугаар хуудас/

Ц.Ц нь  энэхүү байцаагчийн актыг эс зөвшөөрч  гомдлоо дээд шатны албан тушаалтан буюу нийгмийн даатгалын хэлтсийн даргад 2019 оны 07 дугаар сарын  26-ны өдөр гаргасан ба  гомдлын хариуг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн огноотой 256 дугаар албан тоотыг 2019 оны 08 сарын 16-ны өдөр хүлээн авснаар нэхэмжлэгч нь Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгдсэн байна.

Анх өндөр настны тэтгэвэр тогтоосон хяналтын хуудаснаас үзэхэд: Тэтгэвэр тогтоолтыг болон холбогдох баримт материалуудыг эрх бүхий албан тушаалтнууд буюу хянасан,  үйлчилгээний тасгийн дарга Я.Т, гарын үсэг бүхий 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр  өөр бусад байцаагч нарын гарын үсэг, хэлтсийн даргын гарын үсэг нь тэтгэвэр тогтоосон тухай, хяналт, шийдвэрлэлт, шалтгаан заагаагүй байгаагаас дүгнэхэд: тухайн үед ямар нэг зөрчилгүй хууль, журмын дагуу хянагдаж,  тэтгэвэр тогтоогдсон болох нь тогтоогдож байна. /хх-38 дугаар хуудас/

Мөн түүнчлэн хариуцагчаас гаргасан Маргаан бүхий захиргааы акт буюу Ц.Ц-д тогтоосон тэтгэврийн олголтыг түр зогсоосон тухай шийдвэр гаргахдаа  Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д  заасан “захиргааны акт гаргахдаа тухайн нөхцөл байдлыг судлах, шалгаж тогтоох, дүгнэлтийг үндэслэх гэх зэрэг шаардлагад нийцэхгүй, Уг хуулийн 27 дугаар зүйлд: Захиргааны акт гаргахдаа ямар үндэслэлээр өөрчлөх болсон тухайгаа, хэрхэн яаж тогтоосноо мэдэгдэж сонсгох ажиллагаа заавал хийгдсэн байхыг шаардахаар зохицуулсан байна.

Дээрх байдлаар  аймгийн Нийгмийн даатгалын байцаагч   шийдвэр гаргах  үйл ажиллагаандаа Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим  үйлчлэх бөгөөд түүнчлэн  Захиргааны  Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “ хуульд үндэслэх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” зарчмуудыг баримтлаагүй ;

Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчим, Захиргааны Ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны   байгууллага өөрийн санаачлагаар, ... шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна” гэсэн заалтыг зөрчиж өндөр настны тэтгэврийн олголтыг түр зогсоосон /захиргааны акт гаргасан/  нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Я.Т-ын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 69 тоот “Тэтгэвэр түр түдгэлзүүлэх тухай” актыг хүчингүй болгох, аваагүй хугацааны тэтгэвэр /5 сарх 856108/ 4.280.540 төгрөгийг олгохыг даалгахаар шийдвэрлэж, үлдсэн шаардлага болох “...учирсан хохирлыг барагдуулах тухай”  шаардлагын тухайд энэ талаар нотлох баримтаар нотлогдохгүй, банкинд төлөх ёстой гэх зээл төлөлтийг иргэн хуулийн этгээдийн хооронд гэрээ хийгдсэн, гэрээнийхээ үүргийг зээл авагч тал хариуцахаар гэрээнд тусгагдсан байх учраас хариуцагчид хамааралгүй тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь  үндэслэлтэй  гэж шүүхээс үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.7, 106.3.13 дах заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, 8 дугаар зүйлийн 1-ийн 2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Я.Т-ын 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 69 тоот “Тэтгэвэр түр түдгэлзүүлэх тухай” актыг хүчингүй болгож, аваагүй хугацааны тэтгэвэр /5сарх856108/ 4.280.540 төгрөгийг  Хөвсгөл аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэсээс  гаргуулж Ц.Ц-д олгож, “...учирсан хохирлыг барагдуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болно.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ЭНХТАЙВАН