Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01444

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01444

 

 

 

Б УТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2020/01334 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б УТҮГ-ын хариуцагч " Х.К" ХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд 65 125 975 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амартүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Б.Азжаргал, А.Очбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хянгарконстракшн ХХК-тай Туршилт шинжилгээний лабораторийн жижиг амьтны тэжээлд олгох хорголжин тэжээл худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу нийт 42 626 000 төгрөгийг Хянгарконстракшн ХХК-д шилжүүлсэн боловч худалдан авсан хорголжин тэжээл чанарын шаардлага хангаагүй, мөөгөнцөртэй байснаас үйлдвэрийн туршилт явуулдаг усан гахай тэжээлийн хордлогод орж одоогийн байдлаар нийт 397 ширхэг усан гахай үхэж тодорхой хэмжээний хохирол учирсан. Мөн тус компанийн нийлүүлсэн хорголжин тэжээл болон хорогдсон туршилтын амьтдыг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд 2 төрлийн мөөгөнцөр илэрсэн, чанарын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан тул тэжээлийг зогсоон битүүмжлэн хураасан.

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 15.2.1-т зааснаар аливаа лаборатори нь хуулиар эсхүл итгэмжлэлээр эрх олгосон тохиолдолд шинжилгээ хийнэ. Амьтны шинжилгээг хүнсний лаборатори хийхгүй. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн Мэргэжлийн хяналтын газрын харьяа хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа, лабораторийн 191520 гэсэн дугаартай дээжийн тодорхойлолтоор ямар тэжээлийг шинжилсэн нь тодорхойгүй. Энэ шинжилсэн тэжээлээр Хянгарконстракшн ХХК, Б УТҮГ-ын тендерт оролцсон эсэх нь тодорхойгүй. Итгэмжлэл хуулиар олгогдоогүй шинжилгээг хийсэн гэж үзэж байна. Хэрэгт шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дугаартай албан тоотоор ирүүлсэн 2 шинжилгээний хуудас нь Хянгарконстракшн ХХК-ийн Б УТҮГ-т нийлүүлсэн усан гахайн тэжээлд шинжилгээ хийсэн эсэх нь тодорхойгүй. Зөвхөн бодис илрүүлэх шинжилгээ юм. Манайх 6 сард гэрээ хийгээд тэжээл хүлээж авсан. Хариуцагч тал гэрээ байгуулаад тэжээлийг хүлээлгэж өгсөн байхад 2019 оны 10 дугаар сард хийсэн шинжилгээний хариу, Гачуурт гэх хувийн компанийн хөрсний шинжилгээ хийдэг лабораторид 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ямар төрлийн тэжээл гэдэг нь мэдэгдэхгүй, тэжээл шинжлүүлээд мөөгөнцрийг бид шинжлэхгүй гэх тайлбартай. Энэ баримтуудын үзүүлэлтүүдээр манай тэжээл хоргүй, шаардлага хангасан гээд байгаа нь үндэслэлгүй. Баялаг фийд ХХК-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн гэдэг байгууллагад 01 дүгээр сарын 14-ний өдөр хийлгэсэн шинжилгээний бичиг байгаа. Тэжээлүүд дотор усан гахайн тэжээл байгаа эсэх нь мэдэгдэхгүй. Хянгарконстракшн ХХК нь Баялаг фийд ХХК-ийн хийсэн тэжээлээр тендерт оролцсон. Энэ тэжээлээ шинжлүүлсэн. Шинжилгээний дүгнэлтийн эцсийн хариунд мөөгөнцөртэй гэдэг хариу гарахад тэр хэсгийг нь хасаад гэрээ байгуулсан. Иймд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагчаас гэрээний төлбөрт төлсөн 42 626 000 төгрөг, нэг туршилтын усан гахайн худалдан авах үнийг 56 675 төгрөгөөр тооцон үхсэн 397 усан гахайн үнэд 22 499 975 төгрөг нийт 65 125 975 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хянгарконстракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амартүвшин шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Туршилт шинжилгээний лабораторийн жижиг амьтны тэжээлд олгоx хорголжин тэжээл худалдах- худалдан авах гэрээг байгуулан, нэхэмжлэгчийн шаардлагын дагуу 3 төрлийн тэжээлийг Баялаг фийд тэжээлийн үйлдвэрт захиалж шинээр үйлдвэрлүүлэн 2019 оын 6 дугаар сарын 15-ны өдрөөс нийлүүлж эхэлсэн. Дээрх гэрээг анх тендерт оролцож шалгарсны дагуу байгуулсан бөгөөд тэжээл нь чанар, стандартын шаардлага хангасан болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 19-1520 дугаартай, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19-1520 дугаартай шинжилгээний хариунууд болон Хөдөө аж ахуйн нэгдсэн лаборатори хөрсний шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариунуудаар тус тус тогтоогдсон. Мөн гэрээнд 10 хоног туршиж, шалгаж тэжээлийг авна гэж заасны дагуу 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 20 гаруй хоног амьтдаа тэжээгээд зүгээр байсан учир төлбөр тооцоог шилжүүлсэн. Манай компани ганцхан усан гахайн тэжээл нийлүүлээгүй бөгөөд цагаан хулгана, туулай зэрэг амьтдын тэжээлийг Б УТҮГ-т нийлүүлсэн. Хэрвээ тэжээл чанар стандартын шаардлага хангаагүй тэжээл байсан бол бусад амьтад бас хордож хорогдох байсан. Мөн манай хорголжин тэжээлээр усан гахай, цагаан хулгана, туулай зэргийг тэжээхэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлж байгаагүй талаар Б УТҮГ-ын амьтан тэжээгч цехийн ажилтны тодорхойлолт зэрэг байдаг. Б УТҮГ-ын цехийн хүмүүстэй уулзаж ярилцахад туулайг 2 000 төгрөг, усан гахайг 12 000 төгрөг, хулганыг 8 000 төгрөгөөр авч байсан гэж хэлсэн. Гэтэл нэхэмжлэгч тал усан гахайг 56 675 төгрөг гэдэг өндөр үнэ хэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Баялаг фийд ХХК-ийн эрх бүхий этгээдээс гэрчийн мэдүүлэг авахад Б УТҮГ-т нийлүүлсэн тэжээл биш, хамааралгүй гэж хэлсэн байгаа. Нэхэмжлэгч тал 7 дугаар сард тэжээлээ зогсоосон гэж яриад байгаа. 10 дугаар сард очиж уулзахад бид тэжээж байгаад 9 дүгээр сарын дундуур тэжээл өгөхөө больсон гэж хэлж байсан. 3 төрлийн амьтнаас яагаад усан гахай үхээд байна вэ гэхээр усан гахай нь задгай байдаг. Туулай хулгана нар нь торонд байдаг. Усан гахайг бор хулганатай ойртдог гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд Хянгарконстракшн ХХК-иас 65 125 975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ҮТҮГ-т олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 642 080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хянгарконстракшн ХХК-иас 642 080 төгрөгийг гаргуулан Б ҮТҮГ-т олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Азжаргал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тодорхойлж огт шаардаагүй цуцлах асуудлыг өөрөө тодорхойлж шүүхийн шийдвэрийн үндэслэлдээ бичсэн байна. Шүүх буюу шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн санаачлагаар өөрчилж нэмэгдүүлэн шийдвэрлэсэн явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүх Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлт хууль ёсны дүгнэлт гэж үнэлсэн. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн дүгнэлтийг хууль ёсны дүгнэлт гэж үзнэ гэж дүгнэсэн байна. Хэрэгт нийт 7 ширхэг шинжилгээний дүгнэлт байгаа бөгөөд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2 ширхэг шинжилгээний дүгнэлтийг шүүх үнэлсэн. Харин хариуцагчийн гаргаж өгсөн бүх шинжилгээний дүгнэлтийг үнэлээгүй. Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн дүгнэлтийг л үнэлнэ гэсэн атлаа нэхэмжлэгчийн нуун дарагдуулсан хариуцагчийн хүсэлтээр Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораториос гаргуулан авсан, нотлох баримтын шаардлага хангасан 19-2337, 19-2322 тоот бүртгэлийн дугаартай 2 ширхэг Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтүүдийг Хянгар констракш ХХК-ийн нийлүүлсэн тэжээлд хийсэн шинжилгээ гэдэг нь тогтоогдохгүй байна гэж дүгнэж байгаа нь үнэнээс хол, үндэслэлгүй байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 19-2337, 19-2322 тоот бүртгэлийн дугаартай шинжилгээг хийсэн газраас нь шүүхийн журмаар гаргуулан авч өгсөн, уг шинжилгээг Хянгарконстракшн ХХК хийлгээгүй харин Б УТҮГ-ийн жижиг амьтан хариуцсан цехийн эрхлэгч хийлгэсэн, Хянгарконстракшн" ХХК-ийн тэжээлийг шинжилгээнд өгсөн гэдгийг шинжилгээнд өгсөн хүнээр нь гэрчийн мэдүүлэг авуулж нотолсон билээ. Мөн шүүхээс үлдсэн тэжээлд шинжилгээ хийлгэж мэтгэлцэх эрхтэй байсан ч эрхээ эдлээгүй гэж дүгнэсэн.

Х.К " ХХК-ийн нийлүүлсэн бараа хөгц мөөгөнцөргүй байсан гэдэг нь гэрчийн мэдүүлэг, шинжилгээний дүгнэлтүүдээр тогтоогдсон, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 314 дугаартай Шинжилгээний дүн хүргүүлэх тухай дүгнэлт нь тэжээлд шинжилгээ хийгээгүй зөвхөн амьтанд шинжилгээ хийсэн шинжилгээний дүгнэлт бөгөөд илт үндэслэлгүй дүгнэлтийг гаргасан байсан. Ийм учраас нэхэмжлэгч тал доголдолтой бараа нийлүүлсэн гэдгийг батлахын тул манай нийлүүлсэн 3 төрлийн тэжээлд шинжилгээ хийлгүүлж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ батлах үүрэгтэй байсан. Гэтэл шүүх энэхүү үүргийг манай хамаатуулж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэгт дараах 7 ширхэг шинжээчийн дүгнэлт авагдсан бүгд нотлох баримтын шаардлага хангасан.

Хэргийн талаар үнэн бодит байдлыг мэддэг 2 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд шүүх гэрч Э.Наранбаатарын мэдүүлгийг огт үнэлээгүй харин Н.Уранчимэгийн мэдүүлгээс зөвхөн нэхэмжлэгчид ашигтай гэсэн хэсгийг шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан байсан ба бусад хэсгийг үнэлээгүй орхисон байна. Гэрч Э.Наранбаатарын мэдүүлгээр 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 30-ны өдрүүдэд 3 хувааж Хянгарконстракшн ХХК-ийн өгсөн орц найрлагаар нь шинээр үйлдвэрлэж өгсөн. Шинээр үйлдвэрлэсэн тэжээл 120 градусын уураар шахаж жигнэж үйлдвэрлэдэг учраас хөгц мөөгөнцөртэй байх үндэслэлгүй гэдгийг нотолсон.

Гэрч Н.Уранчимэгийн мэдүүлгээр 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр усан гахайн тэжээл дуусаж туулайн тэжээл өгч байсан. Уураг тэжээлийн дутагдалд орсон усан гахайнууд уураг ихтэй зориулалтын тэжээл их хэмжээгээр идсэн учир уургын бөөгнөрөл үүсэн үхсэн. Тухайн үед цехийн эрхлэгч өвчтэй ажиллахгүй байсан учраас усан гахайнд 7 хоногийн 3 өдөр давстай ус, витамин С өгөх ёстой байтал өгөөгүйгээс үхэлдсэн, тэжээл хадгалдаг агуулах байхгүй тухайн байр нь агааржуулалтгүй, бор хулганатай хамт байдаг, тендерийн хороо тэжээлийг хүлээн авахдаа шинжилгээ хийсэн үүгээр хөгц мөөгөнцөр илрээгүй, үхсэн усан гахай болон Х.К ХХК-ийн тэжээлийг өөрийн биеэр шинжилгээнд өгсөн гэдэг хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг өгсөн боловч үнэлээгүй.

Хэрэгт Авилгатай тэмцэх газрын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хариу өгөх тухай" албан бичигт дээрх дүгнэлтүүдээс үзэхэд Баялаг фийд" ХХК-ийн өөрийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний дээжээс мөөгөнцөр илэрсэн харин Хянгарконстракшн" ХХК-ийн захиалгаар үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний дээжээс хөгц, мөөгөнцөр, хорио цээртэй хөнөөлт шавьж, хачиг илрээгүй тул ... гэж мэргэжлийн байгууллага шалган тогтоож дүгнэсэн байхад шүүхээс үнэлээгүй. 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Илтгэх хуудас, Гэрээ дүгнэсэн тэмдэглэл-ийг шүүх үнэлэхдээ Хянгарконстракшн ХХК-ийн туршилтаар нийлүүлсэн барааг дүгнэсэн болохоос үлдсэн барааг дүгнэсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй байна. Х.К ХХК үйлдвэрлэгчид бараагаа захиалж нэг л удаа хийлгэсэн. Мөн бүх барааг хүлээлгэж өгсний дараа дээрхи Илтгэх хуудас, Гэрээ дүгнэсэн тэмдэглэл-ийг гаргасан учраас шүүх үндэслэлгүйгээр дүгнэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б УТҮГазар нь хариуцагч Х.К ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзан, гэрээгээр шилжүүлсэн 42 626 000 төгрөгийг буцаан гаргуулж, хохирол 22 499 975 төгрөг, нийт 65 125 975 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Туршилт шинжилгээний лаборторийн жижиг амьтны тэжээлд олгох хорголжин тэжээл худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу Х.К ХХК нь 12 000 килограм жижиг амьтны хорголжин тэжээл нийлүүлсэн, Б УТҮГазар гэрээний үнэ 42 626 000 төгрөг шилжүүлсэн үйл баримтад маргаангүй. Уг нийлүүлсэн тэжээл чанарын доголдолтой байсан эсэх, доголдлын улмаас 397 ширхэг усан гахай үхсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болсон байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчийн нийлүүлсэн тэжээл чанарын шаардлага хангаагүй, мөөнгөнцөр илэрч, хордож үхсэн гэх дүгнэлт гарсан учир худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн мөнгөө буцааж авна, мөн 397 ширхэг усан гахай хордлогод орж үхсэн, усан гахайны үнэ 22 499 975 төгрөгийг хохиролд тооцон гаргуулна гэж тайлбарлажээ. /1хх45/

Хэрэгт авагдсан Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборторийн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 314 дугаартай шинжилгээний дүн, нэхэмжлэгч байгууллагын устгал хийсэн акт зэрэг баримтуудаас үзвэл нян судлалын шинжилгээгээр усан гахайн дээжинд Pseudomonas.aeruginosa R хэлбэрийн бактери эмгэгтөрөгчүүд, Fusarium, Rhzopus mucor төрлийн мөөгөнцөрүүд, туулайн тэжээлд Rhzopus mucor, усан гахайн болон цагаан хулганы тэжээлд Penicillium мөөгөнцөрүүд илэрсэн байх боловч эдгээр нь усан гахайн эрхтэнд өөрчлөлт оруулж улмаар үхэлд хүргэсэн үйл баримтыг эргэлзээгүй нотлохгүй байна. /1хх-19-23, 47-76/ Талуудын маргааны зүйл болох хариуцагчийн нийлүүлсэн хорголжин тэжээлүүд нь чанарын шаардлага хангаагүй, уг тэжээлийг усан гахайд өгсний улмаас хордлогод орж, үхсэн эсэх шалтгааныг тогтооход тусгай мэдлэг шаардлагатай байхад шүүх уг асуудлыг хэргийн оролцогчдоос тодруулж, мэтгэлцүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

Хариуцагч компани туулайн тэжээл 2 500 кг, хулганы тэжээл 3 500 кг, усан гахайн тэжээл 6 000 кг-ыг тус тус нийлүүлсэн болох нь хэргийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон байна. /1хх-153/ Гэтэл нэхэмжлэгч тал усан гахайн тэжээл доголдолтой гэх үндэслэлээр гэрээнээс татгалзан, гэрээний үнийг бүхэлд нь буцаан шаарджээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээнээс бүхэлд эсвэл доголдолтой хэсгээс татгалзаж буй эсэх, бусад амьтны тэжээл чанарын доголдолтой эсэх, тэрээр биет байдлаар шилжүүлсэн зүйлийг буцааж өгөх боломжтой эсэхийг тодруулах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үр дагаврыг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

Эдгээр үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2020/01334 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 483 580 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД