Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/00736

 

“Б” УТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2020/01334 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1444 дүгээр магадлалтай,

“Б” УТҮГ-ын нэхэмжлэлтэй,

“Х” ХХК-д холбогдох,

Худалдах, худалдах авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд 65,125,975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Азжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” УТҮГ нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан худалдах, худалдах авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд 65,125,975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2020/01334 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд “Х” ХХК-иас 65,125,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ҮТҮГ-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 642,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас 642,080 төгрөгийг гаргуулан “Б” ҮТҮГ-т олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1444 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2020/01334 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 483,580 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.01-ний өдрийн 1444 дугаартай магадлалд бүхэлд нь дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гарсан байхад давж заалдах шатны шүүх зөвхөн хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбараар хэргийг дүгнэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаад гомдолтой байна.

4.2. Давж заалдах шатны шүүх хурлын тэмдэглэлээс харахад хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хурал дээр гэрчүүд ирж мэдүүлэг өгсөн, ийм учраас шинжээч томилуулах шаардлагагүй гэж үзсэн талаар дэлгэрэнгүй тодорхой тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралд гаргасан байна. Гэтэл яагаад шүүхийн магадлалд тус хэрэгт тусгай мэдлэг шаардлагатай байсан гэж дүгнэсэн нь тодорхой биш байна.

4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэлээд урт хугацаанд үргэлжилсэн бөгөөд энэхүү хугацаанд хариуцагч тал шинжээч томилуулах, нэхэмжлэлийн шаардлага тодруулах боломжтой байсан. Энэ эрхээ өөрсдөө эдлэх шаардлагагүй гэж үзсэн. Үүнд нэхэмжлэгч тал буруугүй, шүүх буруугүй юм.

4.4. Нэхэмжлэлийн шаардлагаа манай тал шүүхэд зөв тодорхой ойлгомжтой тодорхойлсон, анхан шатны шүүх хурлын тэмдэглэлээс харахад шүүгч яг хэдэн төрлийн тэжээлийг нийлүүлсэн, үүнээс хэдээс нь татгалзаж байгаа талаар, нийт хэдэн төгрөгийн хэдэн төрлийн тэжээлийн үнийг нэхэмжилж байгаа талаар хангалттай асууж тодруулсан байна.

4.5. Нийт 3 төрлийн тэжээлийг хариуцагч тал манай талд нийлүүлсэн бөгөөд үүнээс бүхэлд нь татгалзаж чанарын доголдолтой гэж үзэж байгаа юм. Учир нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний бичиг бол дээрх 3 төрлийн тэжээлд бүхэлд нь хамааралтай бөгөөд 2 төрлийн мөөгөнцрийн төрлийн хортой бодис илэрсэн болох нь тодорхой байна.

4.6. Дээрх 2 төрлийн бодис нь манай үйлдвэрийн үхсэн усан гахайнаас илэрсэн болох нь мөн л шинжилгээгээр тодорхойлогдсон байна.

4.7. Монгол Улсад одоогийн байдлаар хуулиар болон олгосон итгэмжлэлээрээ Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори гэдэг ганц байгууллага мал, амьтны хорголжин тэжээлийг шинжилж хордлого мөөгөнцрийг таних шинжилгээг хийдэг. Гэтэл Хүнсний төв лаборатори, эсхүл итгэмжлэл олгогдоогүй газраар хийлгэсэн шинжилгээг үнэлэх ёстой байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй анхан шатны шүүх нотлох баримтуудыг эргэлзээгүй зөв талаас нь үнэлсэн гэж үзэж байна.

4.8. Нэгэнт мөөгөнцөр илэрсэн тэжээлийг бусад амьтдад үргэлжлүүлж өгч болохгүй бөгөөд манай үйлдвэрт бүтэн хэмжээгээр хадгалагдаж байна. Энэ талаар байгууллагын хөрөнгөд бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

4.9. Шүүхийн магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож байгаа боловч 168.1 дэх хэсэгт заасан 7 үндэслэлийн аль үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь тодорхой биш байна.

4.10. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.5 дахь заалт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тохиолдол хамаарах бөгөөд зохигч нарын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг зөрчсөн талаар үндэслэлтэй дүгнэлт алга байна. Анхан шатны шүүхийн шүүгч нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа тодорхой тодруулж, зохигч нарын хуульд заасан эрхийг бүрэн эдлүүлсэн гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч “Б” УТҮГ нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан худалдах, худалдах авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд 65,125,975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлийг “...хариуцагчийн нийлүүлсэн хорголжин тэжээл чанарын шаардлага хангаагүй, мөөгөнцөртэй байснаас манай үйлдвэрийн туршилт явуулдаг усан гахай тэжээлийн хордлогод орж, одоогийн байдлаар нийт 397 ширхэг усан гахай үхэж компанид хохирол учирсан...” гэжээ.

7. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ... бидний нийлүүлсэн тэжээл нь чанар, стандартын шаардлага хангасан болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн болон Хөдөө аж ахуйн нэгдсэн лабораторийн Хөрсний шинжилгээний лабораторийн шинжилгээний хариугаар тус тус тогтоогдсон. ...манай компани ганцхан усан гахайн тэжээл нийлүүлээгүй, мөн цагаан хулгана, туулай зэрэг амьтдын тэжээлийг нийлүүлсэн. Хэрвээ манай тэжээл чанар стандартын шаардлага хангахгүй байсан бол мөн бусад амьтад бас хордож хорогдох байсан...” гэж маргасан байна.

8. Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

9. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нь ...“Х” ХХК-ийн нийлүүлсэн хорголжин тэжээлийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд мөөгөнцөр илэрсэн, чанарын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан тул уг тэжээлийг зогсоож, битүүмжлэн хураасан гэж маргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл болсон Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2019.12.03-ны өдрийн 314 дугаартай шинжилгээний дүгнэлтээр, ...нян судлалын шинжилгээгээр усан гахайн дээжинд Pseudomonas.aeruginosa R хэлбэрийн бактери эмгэг төрөгчүүд, мөөгөнцөр судлалын шинжилгээгээр Fusarium, Rhizopus mucor төрлийн мөөгөнцрүүд, мөн мөөгөнцөр судлалын шинжилгээгээр туулайн тэжээлд Rhizopus mucor, усан гахайн болон цагаан хулганы тэжээлд Penicillium мөөгөнцрүүд илэрсэн гэж дүгнэсэн байна.

 

Мөн, хариуцагч “Х” ХХК-ийн хүсэлтээр туулай, хулгана болон усан гахайн 3 дээжинд хийгдсэн, 2019.04.24-ний өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эрүүл ахуй нян судлалын хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтэд MNS 5132:2002 стандартаар 19-1520 дугаартай хөгц мөөгөнцөр илрээгүй гэж, MNS 2782-01-14, 2782-02-14 стандартаар хөнөөлт шавьж, хачиг илрээгүй гэж, 2019.09.24-ний өдөр ирүүлсэн хорголжин тэжээлийн дээжид хийгдсэн Хөдөө аж ахуйн нэгдсэн лабораторийн Хөрсний шинжилгээний лабораторийн итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгийн хуудсанд MNS 5132:2002 стандартаар усан гахай, цагаан хулганад мөөгөнцөр илрээгүй гэж дүгнэсэн, эдгээрээс үзэхэд хэрэгт зөрүүтэй шинжилгээний дүгнэлтүүд авагджээ.

 

10. Давж заалдах шатны шүүхийн ...Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2019.12.03-ны өдрийн 314 дугаартай шинжилгээний дүн, устгалын акт зэрэг баримтуудаар ...илэрсэн мөөгөнцөр, бактери эмгэгтөрөгчүүд нь усан гахайн эрхтэнд өөрчлөлт оруулж, улмаар үхэлд хүргэсэн үйл баримтыг эргэлзээгүй нотлохгүй, ...хариуцагчийн нийлүүлсэн хорголжин тэжээлүүд нь чанарын шаардлага хангаагүй, уг тэжээлийг усан гахайд өгсний улмаас хордлогод орж, үхсэн эсэх шалтгааныг тогтооход тусгай мэдлэг шаардлагатай байхад шүүх уг асуудлыг хэргийн оролцогчдоос тодруулж, мэтгэлцүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай болсон, мөн нэхэмжлэгч нь гэрээнээс бүхэлд эсвэл доголдолтой хэсгээс татгалзаж буй эсэх, бусад амьтны тэжээл чанарын доголдолтой эсэх, бусдыг биет байдлаар шилжүүлсэн зүйлийг буцааж өгөх боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай, эдгээр алдааг залруулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг зөрчөөгүй байна. 

11. Иймд анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулан, талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах нь зүйтэй юм.  

12. Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүссэн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1444 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.08.03-ны өдөр төлсөн 484,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА