Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 117

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2018/00117

 

 

*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

*******

ТӨХК-д холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00681 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ТӨХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 6.078.886 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын олговор 2.000.000 төгрөг нийт 8.078.886 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруулын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-нд 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/93 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Би уг шийдвэрийг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд хандсан бөгөөд Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаар магадлалаар намайг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, уг магадлалыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 00676 дугаар тогтоолоор хэвээр баталсан. Уг шийдвэрийн дагуу Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-ийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 21- ний өдрийн Б/173 дугаар тушаалаар намайг өмнө эрхэлж байсан ажил болох Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд томилсон. Иймд миний 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговорт 6 078 886 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын олговор 2 000 000 төгрөг нийт 8 078 886 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-нд далгаж өгнө үү. Уг асуудлаар Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан боловч маргаан таслах комиссын шийдвэр одоог хүртэл хэрэгжихгүй байгаа тул шүүхэд хандаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтын дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гурван сарын дотор гомдлоо гаргах эрхтэй. Энэхүү асуудлаар ******* нь хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх эрх бүхий байгууллагад хандаж байгаагүй учраас уг асуудлаар маргаан үүсгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. *******нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/2017/00679 дугаартай Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор ажилдаа тогтоогдсон. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хэрэгжүүлээгүй гэх өргөдөл. Цалин хөлс, цаг бүртгэлийн журамд заасан удаан жилийн нэмэгдэл олгох хувь 4-7 жил ажилласан хэвийн нөхцөлд 20 хувь олгоно гэж заасан үүнийг олгохгүй байна. ЗХНХ-н даргад хууль ёсны ээлжийн амралтаа эдлэх хүсэлт тавьсан хүсэлтийг шийдвэрлээгүй. 2017 оны 10 дугаар сарын үр дүнгийн цалин болох 370 000 төгрөгийг сургалтын инженер дур мэдэн хассан үүнийг гаргуулж авах тухай өргөдөл гаргасныг 2017 оны 11 дүгээр сарын 28- ны өдөр ЭДЦС ТӨХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст шийдвэрлэж, дээрх 4 асуудлыг хангаж шийдвэрлэсэн. Энэхүү дүгнэлтийн дагуу байгууллага өргөдлийг шийдвэрлэсэн. ******* нь дээрх 4 асуудлаас өөр асуудлаар ЭДЦС ТӨХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисс болон бусад хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандаж байгаагүй болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00681 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 55 дугаар зүйлийн 55.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т заасныг баримтлан хариуцагч Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-иас 2017 оны ээлжийн амралтын олговорт 973 962.9 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 7 104 923.1 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-иас 27 925 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруул давж заалдсан гомдолдоо:

******* нь ******* ТӨХК-нд холбогдуулан 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 6,078,886 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын олговорт 2,000,000 төгрөг гаргуулж, дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаас *******ийн 2017 оны ээлжийн амралтын олговорт 973,962 төгрөгийг ******* ТӨХК-иас гаргуулж, дээрх хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгэхийг даалган шийдвэрлэж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэжээ.

******* шүүхэд ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэх болсон үндэслэл нь түүнийг өмнө эрхэлж байсан ******* ТӨХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаар магадлал, уг магадлалыг хэвээр үлдээсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 00676 дугаар тогтоол юм. Өөрөөр хэлбэл дээрх хугацааны цалин нэхэмжлэх үндэслэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр бий болсон дагавар шаардлага юм.

Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 -д тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаас харахад хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн өдрөөс хойш 3 сарын дотор гомдлоо гаргах эрхтэй гэж хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон боловч *******ийн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх эрх нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр бий болсон дагавар шаардлага-учраас уг шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д зааснаар 10 жил байхаар байна. Анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг анхаарч үзэхгүй, *******ийн шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэлийг судлахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн нийтлэг заалтад хамааруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00681 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, ******* ТӨХК-иас 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 6,078,886 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх хуулийн зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ТӨХК-д холбогдуулан ажилгүй байсан буюу 2017 оны 03 дугаар сарын 07-ноос 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 6078000 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын олговор 2 сая төгрөг нийт 8.078.886 төгрөг гаргуулах Эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны ээлжийн амралтын олговор олгох, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгохоос татгалзаж маргасан байна.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07ны өдийн 53 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 676 дугаар тогтоолд тус тус үндэслэн тодорхойлжээ.

Нэхэмжлэгч ******* нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуулийн зөвлөхийн ажилд эгүүлж тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулан шийдвэрлэснийг Хяналтын шатны шүүх магадлалыг хэвээр үлдээж 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагч ЭДЦС ТӨХК-ийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тушаалаар урьд эрхэлж байсан ажилдаа томилогдсон ба хяналтын шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолыг 2 сарын дараа биелүүлж, 2 сар 21 хоногийн хугацаанд ажилгүй байлгажээ.

Нэхэмжлэгч ******* нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэж урьд эрхэлж байсан ажилдаа томилогдсон учраас ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан ажилтанд жил бүр ээлжийн амралтыг биеэр эдлүүлнэ гэсэн зохицуулалтын дагуу 2017 онд эдэлбэл зохих ээлжийн амралтын олговорт 973.962,9 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч ажилгүй байсан хугацаатай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 6.078.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д нийцээгүй байна.

Нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан гомдолтой холбоотойгоор үүссэн ажилд эргүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин олговор нэхэмжилсэн маргаан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч ******* нь байгууллагын захиргаа болон байгууллагын үйлдвэрчний эвлэлийн холбоонд бичгээр хүсэлтээ гаргаагүй ч амаар хэд хэдэн удаа хандсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Жамьянжав нь шүүхэд зөрүүтэй мэдүүлэг өгч байсан /үйлдвэрчний эвлэлд ******* хэд хэдэн удаа хандаж байсан гэсэн атлаа 1 удаа хандаж байсан гэсэн мэдүүлэг өгсөн байдаг/

Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байхад байгууллагын захиргаа нь ажилтнаар шаардуулаад байхгүйгээр ажилд эгүүлэн авч ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгох үүрэгтэй болно.

Иймд нэхэмжлэгч *******ийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 21 хүртэл ажилгүй байсан хугацааны цалинд 6.078.000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00681 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтанд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр үйлийн 79.1, 79.2-т зааснаар гэсний дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 6.078.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 7.104.923,1 төгрөг гэснийг 1.026.923 төгрөг гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд ******* ТӨХК-иас 27.925 төгрөг гэснийг 127.781,3 төгрөг гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН

 

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ