Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00241

 

З.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00681 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 117 дугаар магадлалтай,

З.Ч-ийн нэхэмжлэлтэй

ЭДЦС ТӨХК-д холбогдох, 

Ажилгүй байсан хугацааны олговор 6.078.886 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын олговор 2.000.000 төгрөг, нийт 8.078.886 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, өмгөөлөгч Р.Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, өмгөөлөгч Р.Ц, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч З.Ч-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие ЭДЦС ТӨХК-д 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/93 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Би уг шийдвэрийг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд хандсан бөгөөд Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаар магадлалаар намайг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, уг магадлалыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 00676 дугаар тогтоолоор хэвээр баталсан. Уг шийдвэрийн дагуу ЭДЦС ТӨХК-ийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/173 дугаар тушаалаар намайг өмнө эрхэлж байсан ажил болох ЭДЦС ТӨХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд томилсон. Иймд миний 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговорт 6.078.886 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын олговор 2.000.000 төгрөг нийт 8.078.886 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг ЭДЦС ТӨХК-нд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оын шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтын дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гурван сарын дотор гомдлоо гаргах эрхтэй. Энэхүү асуудлаар З.Ч- нь хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх эрх бүхий байгууллагад хандаж байгаагүй учраас уг асуудлаар маргаан үүсгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. З.Ч- нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 001/2017/00679 дугаартай Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор ажилдаа тогтоогдсон. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хэрэгжүүлээгүй гэх өргөдөл, цалин хөлс, цаг бүртгэлийн журамд заасан удаан жилийн нэмэгдэл олгох хувь 4-7 жил ажилласан хэвийн нөхцөлд 20 хувь олгоно гэж заасан үүнийг олгохгүй байна. ЗХНХ-н даргад хууль ёсны ээлжийн амралтаа эдлэх хүсэлт тавьсан хүсэлтийг шийдвэрлээгүй. 2017 оны 10 дугаар сарын үр дүнгийн цалин болох 370.000 төгрөгийг сургалтын инженер дур мэдэн хассан үүнийг гаргуулж авах тухай өргөдөл гаргасныг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ЭДЦС ТӨХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст шийдвэрлэж, дээрх 4 асуудлыг хангаж шийдвэрлэсэн. Энэхүү дүгнэлтийн дагуу байгууллага өргөдлийг шийдвэрлэсэн. З.Ч- нь дээрх 4 асуудлаас өөр асуудлаар ЭДЦС ТӨХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисс болон бусад хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандаж байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00681 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 55 дугаар зүйлийн 55.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т заасныг баримтлан хариуцагч ЭДЦС ТӨХК-иас 2017 оны ээлжийн амралтын олговорт 973.962.9 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Ч-т олгож, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 7.104.923.1 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч З.Ч- нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ЭДЦС ТӨХК-иас 27.925 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 117 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00681 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр үйлийн 79.1, 79.2-т зааснаар гэсний дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ЭДЦС ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 6.078.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Ч-т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 7.104.923,1 төгрөг гэснийг 1.026.923 төгрөг гэж, шийдвэрийн 2 дахь заалтанд ЭДЦС ТӨХК-иас 27.925 төгрөг гэснийг 127.781,3 төгрөг гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, өмгөөлөгч Р.Ц нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговороо хуульд заасан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацааг өнгөрүүлсэн. Мөн давж заалдах шатны шүүх магадлалд дурьдаж үндэслэлээ болгосон ...нэхэмжлэгч нь байгууллагын захиргаа болон үйлдвэрчний эвлэлийн хороонд хэд хэдэн удаа хандсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговор авах асуудлаар зохих газарт нь буюу хөдөлмөрийн маргаан таслах комисс, байгууллагын захиргаа болон шүүхэд хандаагүй, мөн хандаж байсан гэсэн гэрчүүд нь зөрүүтэй мэдүүлэг өгсөн, мөн хариуцагч талтай ашиг сонирхлын зөрчилтэй. Нөгөөтэйгүүр дээрх гэрчүүд нь тухайн үед нэхэмжлэгчийн гаргаж байгаа асуудлыг бүрэн шийдэх эрх бүхий албан тушаалтанууд биш байсан бөгөөд нэг ч удаа бичгээр хүсэлт гаргаж байгаагүй. Гэрч Жамьянжавын мэдүүлэгт “...мөнгөний асуудлаар манай хороонд хүсэлт гаргах бол заавал бичгээр гаргах ёстой...” гэсэн байгаа. Гэтэл ийнхүү бичгээр гаргасан хүсэлт байхгүй. Мөн гэрч Жамьянжав нь шүүхэд нэхэмжлэгчийг ҮЭ-ийн хороонд хэд хэдэн удаа хандаж байсан гэсэн тодорхойлолт гаргасан учир үзлэг хийхэд тийнхүү бичгээр гаргасан хүсэлт байхгүй байсан бөгөөд гэрч нь “...амаар нэг удаа гаргасан би хөдөлмөрийн маргаан таслах комисст ханд гэсэн зөвөлгөө өгсөний дагуу ХМТК-т гомдол гаргасан...” хэмээн мэдүүлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь ХМТК-т маргаж байгаа хугацааны ажилгүй байсан хугацааны нөхөн олговор бус харин өөр асуудлаар хандсан байна. Хөдөлмөрийн маргаан таслах комисст ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах талаар хүсэлт, гомдол, маргаан огт гаргаж байгаагүй. Иймд Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүй магадлал гаргасан тул магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00681 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

З.Ч- нь ЭДЦС ТӨХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6.078.886 төгрөг, ээлжийн амралтын олговор 2.000.000 төгрөг, нийт 8.078.886 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч “...урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс ээлжийн амралтын олговорт 973.962 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, ажилгүй байсан хугацаанд дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6.078.000 төгрөг нэмж гаргуулж шийдвэрлэсэн байна.

З.Ч- ЭДЦС ТӨХК-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад ажлаас халагдсан ба түүнийг ажилд эгүүлэн тогтоосон Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр байна.

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг тухайн ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэйг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан байна. ЭДЦС ТӨХК-ийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Б/173 тоот тушаалаар З.Ч-ийг ажилд нь эгүүлэн томилжээ.

Ажилтан ажлаас халагдсан үеэс цалин хөлс авах эрх нь нэгэн адил зөрчигдөж эхлэх боловч ажлаас халсан ажил олгогчийн тушаалыг хууль зөрчснийг шүүх дүгнэж, ажилтанг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бол шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл уг эрх зөрчигдсөн хэвээр үргэлжлэх тул энэ хугацааны цалинг нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар шаардах эрхтэй.

Иймд З.Ч-ийг ажилд эгүүлэн тогтоосон давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцсэн байна. 

Ажилгүй байсан үеийн цалин хөлс гаргуулахтай холбоотой маргааныг шүүх харъяалан шийдвэрлэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д журамласан бөгөөд шүүхэд хандах 3 сарын хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг буруутгах боломжгүй. Учир нь нэхэмжлэгч нь дээрх цалин, хөлсөө авах талаар байгууллагын маргаан таслах комисст болон санхүү хариуцсан захиралд хандаж байсан нь гэрч Г.Ургацбаяр, С.Жамъяанжав нарын мэдүүлгээр тогтоогджээ.

Харин давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлалын тогтоох хэсэг найруулгын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-т заасантай нийцээгүй байх тул энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Хэргийн баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлийг хянаад хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 117 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00681 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хариуцагч ЭДЦС ТӨХК-с 7.052.848 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.Ч-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.026.038 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтад “27.925 төгрөг” гэснийг “127.796 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 128.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ