Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2018/0357

 

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2018/0357

Улаанбаатар хот

 

 

Х.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ц.Сайхантуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 110/ШШ2018/0034 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд А.А-ийн давж заалдах гомдлоор, Х.М-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 110/ШШ2018/0034 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.М нь “Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/27 дугаартай тушаалыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, 17.4, 17.5, 17.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.М-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/25 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/25 дугаартай тушаалын А.А-г Өлгий сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилсон хэсгийг хүчингүй болгож, тус хэлтсийн Өлгий сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоог нийтэд мэдээлэхийг, уг сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлэхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд А.А давж заалдах гомдолдоо: Иргэн Х.М-н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдийн хувиар оролцож буй иргэн А.А би тус хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 110/ШШ2018/0034 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж, хүчингүй болгуулахаар дараах гомдлыг гаргаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх (теп1) зарчим үйлчлэхээр заасан. Тус зарчмыг буюу төрийн алба мэргэшсэн байх явдлыг хангаж, сонгуулийн үр дүнгээс хамаарч улс төрчид өөрсдийн танил, хүссэн хүнээр төрийн албыг бүрдүүлэх явдлыг хязгаарлах зорилгоор Төрийн жинхэнэ албанд анх орох иргэдээс мэргэшлийн шалгалт авч, хамгийн өндөр оноо авсан дарааллын дагуу төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх тухай Төрийн албаны тухай хуулийн 17.3, 17 4 дэх хэсгүүдэд заасан байна. Түүнчлэн, хуульд заасан журмын дагуу томилогдсон төрийн албан хаагчийг тогтвортой ажиллуулах явдлыг хангах үүднээс Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас халагдахгүй байх баталгаагаар хангагдах тухай Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох А.А миний бие зохих хууль журмын дагуу төрийн албаны мэргэжлийн шалгалт өгч тэнцэж, Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн тогтоолын дагуу Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч болно.

Хэрэгт цугларсан материалуудаас үзэхэд Өлгий сум болон сум хариуцсан байцаагчийн орон тоо нь төрийн жинхэнэ албанд хамаарч байна.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлийн 16.3, 17 дугаар зүйлийн 17.2, 17.4 дэх хэсэгт тус тус зааснаар тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан, төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн, төрийн албаны төв байгууллагаас /салбар зөвлөл/ тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн иргэнийг төрийн жинхэнэ албанд томилох журамтай.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4 дэх хэсэгт тус тус зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд нь эхлээд тухайн байгууллага болон төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөх эрхтэй, энэ журмаар тухайн сул орон тоог нөхөх боломжгүй тохиолдолд төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс тухайн албан тушаалд тавигдах онцлог шаардлагыг харгалзан сонгон шалгаруулж авах хүсэлтээ төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлд гаргах замаар нөхөх, ингэж нөхөх боломжгүй бол шаардлага хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалт авах журмаар тухайн орон тоог нөхөхөөр зохицуулсан.

Томилох эрх бүхий этгээдээс /хариуцагч/ Өлгий сум болон сум хариуцсан байцаагчийн сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар нөхөх боломжтой гэж үзэж тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч намайг уг Өлгий сум болон сум хариуцсан байцаагчийн орон тоонд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17 1 дэх заалтад нийцсэн гэж үзэж байна.

Миний бие Бугат сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчаар томилогдон ажиллаж байхад өмнө энэ орон тоонд ажиллаж байсан Н.Ж шүүхэд хандсанаар Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 198 дугаар магадлал. Улсын Дээд Шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 216 дугаар тогтоолоор түүнийг урьд эрхэлж байсан Бугат сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоосон байдаг.

Дээрх шүүхийн шийдвэрт гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байхад Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/131 тоот тушаалаар Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн; даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан юм.

Ингэснээр томилох эрх бүхий этгээд /хариуцагч/-ээс Н.Ж-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу Бугат сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчийн ажилд томилж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасны дагуу намайг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Бугат сум болон сум хариуцсан байцаагчийн ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхэлж Өлгий сум болон сум хариуцсан байцаагчаар томилсон юм.

Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өлгий сум болон сум хариуцсан байцаагчаар томилогдсоны дараа нэхэмжлэгч Х.М нь “би төрийн жинхэнэ албанд заавал ажиллах ёстой, Ховд аймагт очиж төрийн албаны шалгалт өгч ирээд ажиллах болно” гэж хэлээд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймаг руу явсан байсан. Энэ тухай хариуцагч байгууллагын зарим ажилтнууд тухайлбал хэлтсийн дарга гэх мэтийн хүмүүс сайн мэдэж байгаа болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Х.М нь Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан Чандмань сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны даргыг сонгон шалгаруулах шалгалтад орж. тэнцэж Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Нөөцөд бүртгэх тухай 34 тоот тогтоолоор төрийн албанд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байна.

Дээрхээс дүгнэхэд ажил олгогч /хариуцагч/ хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу намайг Өлгий сум болон сум хариуцсан байцаагчийн албан тушаалд томилсон нь холбогдох хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна.

Хуульд зааснаар төрийн захиргааны албан тушаалын сонгон шалгаруулалт гэдэг нь сул ажлын байрыг нөхөх зорилготой болохоос биш нөөц бүрдүүлэх зорилгогүй юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын аль ч засаг захиргааны нэгж байсан нь хамаагүй төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулах шалгалтад орж тэнцсэн л бол хүссэн газартаа очиж, тэндхийн төрийн жинхэнэ албыг хаах эрхтэй хэмээн маргах нь утгагүй бөгөөд хуульд нийцэхгүй юм.

Шүүх хууль ёсны эрх ашгийг хамгаалах ёстой гэж бодож байна. Түүнээс биш “бага насны хүүхэдтэй учир маргаан бүхий орон тоонд буюу төрийн жинхэнэ албанд заавал ажиллах ёстой” гэсэн агуулгатай нэхэмжлэгчийн хууль ёсны бус эрх ашиг хамгаалагдах учиргүй.

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-д төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын тухай зохицуулсан

Нэхэмжлэгч Х.М нь хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлага, болзолыг хангаагүй, мөн хуульд заасан журмын дагуу төрийн жинхэнэ албанд томилогдоогүй, төрийн жинхэнэ албаны тангараг өргөөгүй хүн тул төрийн албанд түр ажиллаж байсан гэсэн утгаараа төрийн жинхэнэ албанд шууд томилогдох эрх эдлэхгүй, тийм хууль эрх зүйн үндэслэл ч байхгүй юм.

Тэгээд ч хэрэгт цугларсан нотлох баримт болох Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн Б/10 дугаар, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/27 дугаартай тушаалуудаас үзэхэд нэхэмжлэгч Х.М нь хариуцагч байгууллагын Санхүү бүртгэл, орлого, хяналтад тасагт ажиллаж байжээ. Харин миний одоогийн ажиллаж байгаа орон тоо тухайн бүтцийн өөр нэгжид хамаарч байна. Тэгэхээр нэхэмжлэгч Х.М-ийн эрх зөрчигдөөгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь үндэслэлгүй байна

Хэдийгээр миний нэрийг дэвшүүлсэн тухай Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоол хүчингүй болсон боловч намайг төрийн жинхэнэ албанд анх орох иргэдийн нөөцийн тухай Төрийн албаны зөвлөлийн хүчинтэй хэвээр байгаа болно. Өөрөөр хэлбэл, миний бие нөөцөд байх хугацаанд төрийн жинхэнэ албанд томилогдсон ба одоо хүртэл тасралтгүй ажиллаж байгаа төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн албан хаагч болно. Энэ бүх байдлыг анхан шатны шүүх анхаараагүй явдалд гомдолтой байна

Иймд Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 110/ШШ2018/0034 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул дараах үндэслэлээр гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Х.М шүүхэд “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/25 дугаартай тушаалын А.Амангүлийг Өлгий сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилсон хэсгийг хүчингүй болгох, Өлгий сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоог нийтэд мэдээлэхийг, сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлэхийг хэлтсийн даргад даалгах тухай” шаардлага гарган нэмэгдүүлжээ.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Орон тоо, албан тушаалын жагсаалт шинэчлэн батлах тухай” А/131 дүгээр тушаалаар орлого, шимтгэлийн байцаагчийн орон тоо 1, сумын нийгмийн даатгалын байцаагчийн орон тоо 14 болж батлагдсан буюу орлого, шимтгэлийн байцаагчийн орон тоо өмнөхөөсөө нэгээр цөөрч, сумын нийгмийн даатгалын байцаагчийн орон тоо нэгээр нэмэгдсэн байна.

Шинэ бүтцээр нэгээр нэмэгдсэн сумын нийгмийн даатгалын байцаагчийн орон тоог Өлгий суманд ажиллуулахаар хуваарилж, уг орон тоонд тус хэргийн гуравдагч этгээд А.А-ийг томилжээ.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө. Мөн хуулийн 17.3-т “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэж заасан.

Захиргаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны “Орон тоо, албан тушаалын жагсаалт шинэчлэн батлах тухай” А/131 дүгээр тушаалтай холбогдон бий болсон, сул орон тоог дээрх хуультай нийцүүлэн сонгон шалгаруулалтын замаар нөхөн шийдвэрлэхээр байжээ.

Учир нь захиргаа Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэж заасан хуулийн шаардлагыг анхаараагүй нь буруу байна.

Дээрх байдлаас дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 110/ШШ2018/0034 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд А.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

    ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ