Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2019/0440/з |
Дугаар | 201 |
Огноо | 2020-05-27 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 201
Ч.М-ы нэхэмжлэлтэй,
Цагдаагийн ерөнхий газрын
даргад холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/368 дугаар бүхий “Ажлаас чөлөөлж томилох, цол олгох, хураах тухай” тушаалын Ч.М-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Дотоодын цэргийн 805 дугаар Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын ажилд эгүүлэн тогтоож, албан тушаал бууруулсан хугацаанд Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын албан тушаалд олгогдвол зохих цалингийн зөрүүг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст Хонхор дахь цагдаагийн хэсгийн даргаар “Цагдаагийн дэд хурандаа” цолтой ажилласнаар тооцон гаргуулах, төрд учруулсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0684 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 50 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Ч.М-н, түүний өмгөөлөгч Н.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н нарыг оролцуулж,
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0684 дүгээр шийдвэрээр: Цэргийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.М-аас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/368 дугаар бүхий “Ажлаас чөлөөлж томилох, цол олгох, хураах тухай” тушаалын Ч.М-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ч.М-ыг Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын ажилд эгүүлэн тогтоож, албан тушаал бууруулсан хугацаанд Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын албан тушаалд олгогдвол зохих цалингийн зөрүүг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст Хонхор дахь цагдаагийн хэсгийн даргаар “Цагдаагийн дэд хурандаа” цолтой ажилласны зөрүүгээр тооцон хариуцагчаас гаргуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.М-аас гаргасан “төрд учруулсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 50 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 684 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Цагдаагийн хурандаа Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. ...Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “Ч.М-ыг Цэргийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасан “Албан тушаалын үүрэгтээ тэнцэхгүй тухай харьяа анги, байгууллагын захирагч, даргын дүгнэлт гарсан” тул албан тушаалыг нь бууруулан томилсон гэж тайлбарласан боловч дээр дурдсан үндэслэлээ маргаан бүхий захиргааны актад тусгаагүйгээс уг захиргааны шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчимд нийцээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
4. Нэхэмжлэгч нь ажлын байр өөрчлөн томилсонтой холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд гомдол гаргаж, мөн зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны Б/368 дугаар тушаалын “Үндэслэх” хэсэгт “Дотоодын цэргийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Цэргийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь” заалтыг тус тус нэмэхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад үүрэг болгож шийдвэрлэсний дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/200 дугаар тушаалаар мөн даргын 2018 оны Б/368 дугаар тушаалын “Үндэслэх” хэсэгт дээрх заалтыг тус тус нэмсэн. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Дотоодын цэргийн тухай хуулиар дотоодын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг тухайн хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн нийтлэг дүрмээр зохицуулахаар заасан бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д дотоодын цэргийн алба хаагч Цэргийн албаны тухай хуульд заасан нийтлэг шалгуур үзүүлэлтийг хангасан байхаар хуульчилжээ.
5. Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “офицерын алба хаагч нь боловсрол, мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн зохих шалгуур үзүүлэлтийг хангасан байх”-аар заасан. Дотоодын цэргийн 805 дугаар ангийн албаны үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт явуулсан, уг шалгалтаар нэхэмжлэгч нь ангийн захирагчаас 2018 онд бичгээр хүргүүлсэн удаа дараагийн үүргийг биелүүлэх талаар тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулаагүй, шинээр томилогдсон алба хаагчдыг сурган дадлагажуулах төлөвлөгөөний дагуу ажил, арга хэмжээ зохион байгуулаагүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 379 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн 67 дугаар зүйлд заасан “Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын үүрэг” 1-ийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс тус ангийн алба хаагчдын дунд сахилга, дэг журам алдагдах эрсдэл үүсч алба хаагчдын дундаас албан үүрэг гүйцэтгэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэх сахилгын зөрчил гаргах, эрүүгийн хэрэгт холбогдох тохиолдлууд гарсан, албан шалгалтын хүрээнд тэрээр ажлын цаг ашиглалтын талаар 2018 оны 03 дугаар сараас хойш өглөө, оройны нэгдсэн арга хэмжээг 13 удаа тасалсан, ажлын 2 хоног тасалсан зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдож, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт”-ын ажлын байранд тавигдах шаардлага, зорилго, зорилтыг хангахгүй нь тогтоогдсон байдаг.
6. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх үйл баримтад эрх зүйн ямар нэг үнэлэлт өгөөгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн ажлын байрыг өөрчлөх үндэслэлийн нэг болох 2 хоног ажил тасалсан гэх асуудлыг “санхүүгийн албан ёсны баримтаар тогтоогдоогүй, цалин бүтэн орсноос үзэхэд дээрх зөрчил хангалттай тогтоогдохгүй байна.” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлэх чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Хариуцагчийн зүгээс шалгалтын хүрээнд тогтоогдсон ажлын цаг ашиглалтын талаарх бүртгэлийг шүүхэд нотлох баримтаар хүргүүлж, уг баримтыг үгүйсгэж буй ажил тасалсан гэх өдрүүдийн цалин хөлс яагаад бүрэн олгогдсон талаарх тайлбарыг шүүх хуралдааны үеэр холбогдох албан тушаалтнаас гаргуулсан. Түүнчлэн шүүх хариуцагчийг “анхнаасаа хариуцагч захиргааны байгууллага уг албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэж нэхэмжлэгчийг албан үүрэг гүйцэтгүүлж байсан тул “цэргийн команд” мэргэжилтэй байх шаардлагыг хангаагүй гэх хариуцагчийн тайлбарыг хүлээж авах хууль зүйн боломжгүй.” гэсэн нь үндэслэлгүй юм.
7. Учир нь, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Дотоодын цэргийн тухай хууль хэрэгжиж дотоодын цэрэг байгуулагдахаас өмнө дээрх анги нь “Хамгаалалтын 3 дугаар газар” гэх нэршилтэй байсан бөгөөд албаны үйл ажиллагаа, алба хаагчийн эрх зүйн байдал нь цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм болон Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулагдаж байснаас гадна нэхэмжлэгчийн эрхэлж байсан дэд бөгөөд харуул хамгаалалтын хэлтсийн даргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тавигдах шаардлагад “цэргийн команд” гэх мэргэжилтэй байхыг тусгайлан заагаагүй байсан. Дотоодын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал нь Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, цэргийн нийтлэг дүрмээр зохицуулагдах болсонтой холбогдуулан ангийн штабын дарга албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод эрх зүйчээс гадна цэргийн командын мэргэжилтэй байх шаардлага тавигдсан.
8. Дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалан нэхэмжлэгчийн ажлын байрыг өөрчилсөн шийдвэрийг хууль бус гэж шүүх үзэж буй нь үндэслэлгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын зарим хэсгийг өөрчилж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
10. Маргаан бүхий акт болох Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/368 дугаар тушаалаар нэхэмжлэгч дэд хурандаа Д.М-ыг Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.12, 78 дугаар зүйлийн 78.1, 78.2, Дотоодын цэргийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.10, 37 дугаар зүйлийн 37.2, Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1 дэх заалт зэрэг хууль, тогтоомжийг үндэслэн 805 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын ажлаас чөлөөлж, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст Хонхор дахь цагдаагийн хэсгийн даргаар томилж, “цагдаагийн дэд хурандаа” цолыг олгожээ.
11. Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс үүрэг болгосны дагуу хариуцагч 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/200 дугаар тушаалаар дээрх тушаалынхаа хууль зүйн үндэслэлд Дотоодын цэргийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1. “Дотоодын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, цэргийн нийтлэг дүрмээр зохицуулна”, Цэргийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 “албан тушаалын үүрэгтээ тэнцэхгүй тухай харьяа анги, байгууллагын захирагч, даргын дүгнэлт гарсан” гэсэн заалтыг тус тус нэмсэн байна.
12. Ийнхүү хариуцагчаас маргаан бүхий актын эрх зүйн үндэслэлийг нэмж тодруулсан байх боловч маргаан бүхий акт нь бодит нөхцөлд тохироогүй, үндэслэл бүхий болж чадаагүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
13. Тодруулбал, хариуцагчаас “Дотоодын цэргийн 805 дугаар ангийн албаны үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалтыг явуулсан шалгалтаар нэхэмжлэгч нь ангийн захирагчаас 2018 онд бичгээр хүргүүлсэн удаа дараагийн үүргийг биелүүлэх талаар тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулаагүй, шинээр томилогдсон алба хаагчдыг сурган дадлагажуулах төлөвлөгөөний дагуу ажил, арга хэмжээ зохион байгуулаагүй, ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын үүргийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс тус ангийн алба хаагчдын дунд сахилга, дэг журам алдагдах эрсдэл үүсч алба хаагчдын дундаас албан үүрэг гүйцэтгэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэх сахилгын зөрчил гаргах, эрүүгийн хэрэгт холбогдох тохиолдлууд гарсан, албан шалгалтын хүрээнд тэрээр ажлын цаг ашиглалтын талаар 2018 оны 03 дугаар сараас хойш өглөө, оройны нэгдсэн арга хэмжээг 13 удаа тасалсан, ажлын 2 хоног тасалсан зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон, иймд ажлын байранд тавигдах шаардлага, зорилго, зорилтыг хангахгүй нь тогтоогдсон...” гэж тайлбарлан маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй, мөн зарим дурдаж буй зөрчилд оногдуулсан хариуцлага давхардсан шинжтэй байна.
14. Түүнчлэн, нэхэмжлэгч Ч.М-нд Ангийн захирагчаас 3 сарын хугацаанд цэргийн алба хаагчийн биеийн зохистой харьцааны зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэн байхыг мэдэгдэж, заасан хугацаанд стандартад заасан биеийн жингийн индексийг хангаагүй тохиолдолд хариуцлага тооцохоор мэдэгдсэн байхад мэдэгдэл хүргүүлснээс хойш 1 сарын дараа албан тушаал бууруулахаар шийдвэрлэсэн нь мөн Дотоодын цэргийн тухай хууль хэрэгжсэнтэй холбогдуулан 2018 оны 1 сард батлагдсан ажлын байрны тодорхойлолтод “эрх зүйч, цэргийн команд” гэсэн шаардлага тавигдсан хэдий ч үүнээс өмнө байсан “эрх зүйч” шаардлагыг хангаж ажиллаж байсан нэхэмжлэгчийг шинээр нэмэгдсэн зэрэгцээ шаардлагыг аль алиныг нь хангах ёстой гэж үзэн ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй талаарх шүүхүүдийн дүгнэлтийг буруутгахааргүй байна.
15. Иймд, “ ...шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, Дотоодын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал нь Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн нийтлэг дүрмээр зохицуулагдах болсонтой холбогдуулан ангийн штабын дарга албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод эрх зүйчээс гадна цэргийн командын мэргэжилтэй байх шаардлага тавигдсан байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-7-д заасан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.
16. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0684 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 50 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ