Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 57

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгч Д.Дэлгэрмаа /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тогруутан овогт Давагжамцын Дэлгэрмаад холбогдох 1818000540045 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Тогруутан овогт Давагжамцын Дэлгэрмаа, /РД:РЭ88031509/;

1988 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний эрүүл ахуйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 4-70 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Дэлгэрмаа нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын  13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Альфа“ хотхоны 4 дүгээр байрны 2 дугаар орцон дотор Д.Сонорын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Дэлгэрмаа нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын  13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Альфа“ хотхоны 4 дүгээр байрны 2 дугаар орцон дотор Д.Сонорын эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

D:\2018 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Delgerma 11.6.docx

-Шүүгдэгч Д.Дэлгэрмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би охинтойгоо явж байгаад Сонортой таарсан. Тэр үед Сонор дэлгүүр рүү явж байгаад буцаж ирээд надад “мөнгөө өг” гэж хэлсэн. Би тухайн үед “сууц өмчлөгчдийн холбооны мөнгө өгөхгүй” гэж хэлчихээд цахилгаан шатанд суусан боловч Сонор ямар нэгэн шалтгаангүйгээр миний зүүн талын мөр рүү цохисон. Тухайн үед намайг “болиоч” гэж хэлэхэд намайг хэл амаар доромжилж “ чи  гэр бүлээсээ гадуур харилцаа үүсгэдэг, чамтай уулздаг залуучууд надад өөрсдөө ирж хэлдэг, энэ талаар танайд орж нөхөрт чинь хэлнэ” гэж хэлсэн. Тэгээд бид цахилгаан шатнаас буухдаа давхар андуурч 7 давхрын айлын хаалгыг тогшиход нэг охин гарч ирэхэд Сонор тэр охинд “энэ хүн намайг зодчихлоо, чи харсан уу?” гэж асуугаад байсан. Сонор эгч над руу дайраад байхаар нь би Сонорыг өөрөөсөө холдуулж түлхэхэд Сонор газарт унасан. Гэхдээ биедээ ямар нэгэн гэмтэл авахаар унаагүй.” гэх мэдүүлэг,

-Хохирогч Д.Сонорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 16 цаг 30 минутын орчим цэцэрлэгээс гараад гэрийнхээ орц руу орж явсан. Тэгэхэд манай байгууллагад няраваар ажиллаж байсан Дэлгэрмаатай байрныхаа орцны үүдэн дээр таарч, Дэлгэрмаагаас өрөө өгөөч гэж нэхэхэд Дэлгэрмаа манай нөхөр Болдхүү өрийг чинь өгөхгүй гэсэн гэж хэлсэн. Тухайн үед Дэлгэрмаа 5 орчим насны охиноо дагуулаад хоёулаа явж байсан. Тэгээд цахилгаан шатан дотор ороод хамт явж байхдаа миний уур хүрээд Дэлгэрмаатай хэрэлдэж байгаад түлхсэн. Тэгэхэд Дэлгэрмаа намайг эргүүлээд түлхээд мөнгийг чинь өгөхгүй гээд хэрэлдээд байсан.

... тэгээд цахилгаан шат зогсоод 7 давхарт Дэлгэрмаа түрүүлээд буухад араас нь буухад намайг гараараа цохиод түлхээд унгаасан. Намайг газарт унаад орилж байхад 65 тоотоос 1 махлаг хүүхэн гарч ирээд харсан. Харин цаана нь 2 хүүхэд харагдаж байсан.

…миний толгойн баруун хэсэг өвчтэй, миний хоёр хөл рүү өшиглөөд хөхрүүлсэн байсан. Мөн баруун нүд рүү гараараа цохиж зовхины арьсанд гэмтэл өгсөн байсан. Би шүүх эмнэлэгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би Дэлгэрмаагаас эмчилгээний зардал болох ойролцоогоор 380000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 15-16/,

 

-Дархан-Уул аймгийн “Саран-Элит” клиник эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн КТ оношилгоо /хэргийн 19/,

-Эмчилгээ хийлгэсэн талаарх зардлын баримтууд /хэргийн 20/,

-Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, гэрэл зураг /хэргийн 21-25/,

 

-Гэрч Х.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би өрөөнд нь яваад ороход Сонор захирал уйлаад “толгой өвдөөд байна, Дэлгэрмаа гэдэг хүүхнээс өрөө нэхсэн чинь намайг зодсон” гэж хэлсэн. Би Сонор захирлын толгойг харахад толгойны баруун хэсэг нь гурван газарт хавдсан байсан, мөн баруун нүд нь улайгаад хавдсан байсан. Миний хөл өвдөөд байна гэхээр нь харахад хоёр хөлний шилбэ болон арын булчин нь хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 26/,

 

-Гэрч Н.Зүтгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…манай байгууллагаас байр худалдаж авсан хүн гэрээгээрээ зээлээ төлдөггүй, мөн дээрээс нь надаас мөнгө зээлсэн тэрийгээ өгөхгүй юм уу? гэж хэлэхэд нөгөө хүн уурлаад зуурч зулгаагаад намайг унасны дараагаар толгой дээр дэвссэн гэж хэлж байсан. Тухайн үед Сонор орж ирэхэд хүнтэй зууралдсан гэхээр үс нь өрвийсөн байсан.

...маргааш нь ажлаа дуусгах гээд Сонортой уулзахад Сонор шил зүүсэн, баруун нүдний дээд зовхи хавдсан, улайсан, мөн толгой өвдөж байна, нүд өвдөөд байх юм.” гэж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 28-30/,

 

-“…Д.Сонорын биед тархи доргилт, дух болон 2 хөлийн шилбэний зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Сонорт учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 128 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 32/,

-Шинжээч Д.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Сонор гэгч нь 2018 оны 1 дүгээр сарын 3-нд өөрийн биеэр үзүүлсэн юмаа. Үзлэгээр мэдрэлийн талын үзлэгт чичирхийлсэн хөдөлгөөнгүй, дагзны булчингийн хөшингө үгүй, хэсэг газрын үзлэгт баруун духны орчимд бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай байсан. Энэ хүн 2017 оны 12 дугаар сарын 26-нд бусдад зодуулсан гэсэн өгүүлэмжтэй, 2017 оны 12 дугаар сарын 27-28-нд рентгенд, КТГ-д харуулж гэмтэл нүд, мэдрэлийн эмчид үзүүлсэн тодорхойлолттой ирсэн. КТГ-д Сотрясение головного мозга. Внутричерепная гипертензия. Сосудистая энцефалопатия гэсэн онош гарсан байсан. Гэмтэл авсан гэх өдрөөс хойш 3 хоногийн дараа ирсэн. Энэ хооронд тархи доргилтын клиник шинж үзлэгээр байхгүй болсон байна. Багажийн шинжилгээгээр тархи доргилт батлагдсан байх тул дүгнэлт тийм гарсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 35/,

 -“… Д.Дэлгэрмаагийн биед духанд цус хуралт тогтоогдлоо. Дээрх цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх цус хуралт 2017.12.26-нд үүссэн байх боломжтой 2017.12.27-ны амбулаторийн картан дахь гэмтлийн эмчийн үзлэгийн бичиг, рентгений бичигтэй ирсэн. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 127 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 37/,

 

-Шинжээч Э.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би 2018 оны 1 дүгээр сарын 3-нд иргэн  Давагжамц овогтой Дэлгэрмаагийн биед үзлэг хийсэн, тухайн үедээ зүүн нүдний дээд хэсэгт хавдсан байсан гэнэ, одоогоор зовиур гайгүй байна гэсэн зовиуртай, үзлэгт: биеийн ерөнхий байдал хөнгөн, асуусан асуултанд хариулна, байрлал идэвхтэй, хүүхэн хараа 2 талд ижил, дугираг, нүдний алимд чичирхийлэлтгүй, булчингийн хөшингөгүй, хамар уруулын нугалаас 2 талд ижил, хэл голын шугамаар, мөчдөд саа саажилтгүй, өнгөц ба гүний мэдэрхүй хэвийн, шөрмөсний рефлекс хэвийн, тархины 12 хос мэдрэл голомтот өөрчлөлтгүй. Ромбергийн сорилд бага зэрэг тэнцвэртэй. см Пастернацкий 2 талд /-/,см Манна /-/. Хэсэг газрын үзлэгт: биед ил шархгүй байсан. Мөн тухайн үед үзүүлсэн гэх амбулаторийн картанд 2017.12.27-нд Рентгенд: гавал ба нүүр яс дайврууд ердийн. Даралт /-/. ...Бусдад зодуулан гэмтсэн, толгой өвдөнө хүзүү хөшинө духны зүүн хэсэгт хөхөрсөн биед ил шарх үгүй. Регидность /- /, нистагм /-/. Онош: Тархи доргилт, духны хэсгийн зөөлөн эдийн няцрал гэсэн эмчийн бичиглэлтэй ирсэн. Д.Дэлгэрмаагийн амбулаторийн картанд бичигдсэн тархи доргилт гэсэн онош нь тухайн эмчийн үзлэг болон багажийн шинжилгээгээр нотлогдоогүй тул гэмтлийн зэрэгт хамааруулж үзэхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 40/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Дэлгэрмаагийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байх тул  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Д.Дэлгэрмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Сонорын биед тархи доргилт, дух болон 2 хөлийн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан бөгөөд хохирогч Д.Сонорын мөрдөн байцаалтын шатанд: “…Би Дэлгэрмаагаас эмчилгээний зардал болох ойролцоогоор 380000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хэргийн15-16/ өгчээ.

Хохирогч Д.Сонорын эмчилгээ хийлгэсэн талаарх нотлох баримтуудыг судалж үзээд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Д.Дэлгэрмаагаас 249650 төгрөг гаргуулж, хохирогч Д.Сонорт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин хохирогч Д.Сонорын анх Цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо дурдсан байрны үнийн зөрүү, дэлгүүрээс авсан барааны үнэ, СӨХ-ний төлбөр гэх мэт зардал нь гэмт хэрэгтэй холбоотой гарсан зардал биш байх тул хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Д.Дэлгэрмаа нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын  13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Альфа“ хотхоны 4 дүгээр байрны 2 дугаар орцон дотор Д.Сонорын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Дэлгэрмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…намайг Сонорыг өөрөөсөө холдуулж түлхэхэд Сонор газарт унасан.” гэх мэдүүлэг, хохирогч Д.Сонорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...цахилгаан шат зогсоод 7 давхарт Дэлгэрмаа түрүүлээд буухад нь араас буухад намайг гараараа цохиод түлхээд унгаасан. Намайг газарт унаад орилож байхад 65 тоотоос 1 махлаг хүүхэн гарч ирээд харсан. …миний толгойн баруун хэсэг өвчтэй, миний хоёр хөл рүү өшиглөөд хөхрүүлсэн байсан. Мөн баруун нүд рүү гараараа цохиж зовхины арьсанд гэмтэл өгсөн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15-16/, Дархан-Уул аймгийн Саран-Элит клиник эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн КТ оношилгоо /хэргийн 19/, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, гэрэл зураг /хэргийн 21-25/, гэрч Х.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Сонор захирлын толгойг харахад толгойны баруун хэсэг нь гурван газарт хавдсан байсан. Мөн баруун нүд нь улаагаад хавдсан байсан. Миний хөл өвдөөд байна гэхээр нь харахад хоёр хөлний шилбэ болон арын булчин нь хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 26/, гэрч Н.Зүтгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…маргааш нь ажлаа дуусгах гээд Сонортой уулзахад Сонор шил зүүсэн, баруун нүдний дээд зовхи хавдсан, улайсан, мөн толгой өвдөж байна, нүд өвдөөд байх юм.” гэж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 28-30/, “Д.Сонорын биед тархи доргилт, дух болон 2 хөлийн шилбэний зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.” гэх 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 128 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 32/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Дэлгэрмааг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Дэлгэрмаа нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Д.Дэлгэрмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Дэлгэрмаа нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан торгуулийн ялын 450000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Дэлгэрмаад үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Тогруутан овогт Давагжамцын Дэлгэрмааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Д.Дэлгэрмаагаас 249650 /хоёр зуун дөчин есөн мянга зургаан зуун тавин төгрөг/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 10 дугаар хороолол 4-88 тоотод оршин суух Дагвын Сонорт /РД:ФЕ72080404/-т олгож, иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг  хэлэлцэхгүй орхисугай.

 

 3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Тогруутан овогт Давагжамцын Дэлгэрмаад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Дэлгэрмаад үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Д.Дэлгэрмаад анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэлгэрмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Я.ТУУЛ