Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 23

 

Д.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                               Я.Туул

Шүүгчид                                            Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

Прокурор                                          О.Доржмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 57 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ын Д-д холбогдох эрүүгийн 1818000540045 тоот, 1 хавтастай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т- овогт Д-ын Д-, /РД:**********/, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Д.Д- нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Альфа“ хотхоны 4 дүгээр байрны 2 дугаар орцон дотор Д.С-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 57 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч      Т- овогт Д-ын Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Иргэний       хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Д.Д-гаас 249650 /хоёр зуун дөчин есөн мянга зургаан зуун тавин төгрөг/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д-ын С-т /РД:**********/ олгож, иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхиж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т- овогт Д-ын Д-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31- ний өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Д-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Д.Д-д анхааруулж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... тус тус заажээ.

Хохирогч Д.С- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“Миний бие Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Д-г гэм буруутайд тооцон 450.000 төгрөгөөр торгож шийдсэнд гомдолтой байна.

2017 оны 12 сарын 26-нд шүүгч Д.Д-д зодуулахад тархиндаа гэмтэл авч, эрүүл мэнд талаасаа чихний хэнгэрэг цоорч хагалгаагаар нөхүүлэх, гоо сайхан талаасаа баруун нүдний зовхинд сорвитой, сормуусны булчирхай гэмтсэнээс сормуус ахиж ургахааргүй сорвижож гэмтсэн. Сормуус нөхөх ажилбар Монголд хийгдэхгүй цаашид гоо сайханд ямар зардал гарах нь тодорхойгүй.

Мөн 13 дугаар багийн хэсгийн цагдаа Анхболдод 2017 оны 12 сарын 26-нд зодуулсан тухай гомдол гаргах хүсэлт тавихад 2018 оны 01 сарын 02-ны 19 цагт хүсэлтийг хүлээж авснаар шүүхийн шинжээчид 9 хоногийн дараа үзүүлж байгаа байдалд гомдолтой байна.

Шинжээч эмчийн тайлбарт “гэмтэл авсан гэх өдрөөс 3 хоногийн дараа ирсэн. Энэ хооронд тархи доргилтын клиник шинж үзлэгээр байхгүй болсон. Багажийн шинжилгээгээр тархи доргилт батлагдсан” гэсэн тайлбар нь 2017оны 12 сарын 26-ны өдрөөс хойш 9 дэх хоногийн үзлэгийг 3 хоногийн дараа ирсэн гэж бичсэн байх нь зөрүүтэй бичсэн байна.

Миний эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл санаанд учруулсан гэм хохиролд 450.000 төгрөгөөр торгох шийтгэвэр гаргаж байгааг дахин шалгаж үзнэ үү” гэжээ.

Шүүгдэгч Д.Д- давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“...2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Д.С-той үл ялих шалтгааны улмаас маргалдсан ба Д.С- нь эхэлж намайг цохисноор харилцан зодоон үүссэн. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр надад гэмтэл учраагүй бөгөөд Д.С-т хөнгөн гэмтэл учирсан гэж гарсан. Хохирогч Д.С- нь давж заалдах гомдолдоо чихний хэнгэрэг цоорч, сормуусны булчирхай гэмтсэн гэж бичсэн байна.

Уг гэмтлүүдийг би учруулаагүй бөгөөд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр С-ын тархи доргилттой гэж гарсан. Иймээс уг гэмтлүүдийг учруулаагүй байхад давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие урьд ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдэж, үйлдэлдээ гэмшиж байгаа бөгөөд анхан шатны шүүхээр оногдуулсан торгуулийн ялыг миний үйлдэлд тохирсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр нь үлдээж өгнө үу” гэжээ.

Прокурор О.Доржмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Д-г  2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Альфа” хотхоны 4 дүгээр байрны 2 дугаар орцон дотор Д.С-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд, шүүгдэгч Д.Д-г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Д-гаас 249.650 төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 10 дугаар хороолол 4-88 тоотод оршин суух Д.С-т олгож, иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Д-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.  

Хохирогч Д.С-ын “...миний эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл санаанд учруулсан гэм хохиролд 450.000 төгрөгөөр торгох шийтгэвэр гаргаж байгааг дахин шалгаж үзнэ үү” гэх давж заалдах гомдлыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь хянаж үзэхэд:

Шүүгдэгч Д.Д- нь хохирогч Д.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.С-ын мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/, шүүгдэгч Д.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 45-46 хуудас/, гэрч Х.Мөнхзаяагийн мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/, гэрч Н.Зүтгэлийн мэдүүлэг /хх-ийн 28-30 хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32 хуудас/, шинжээч эмч Д.Туяагийн мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/, Дархан-Уул аймгийн Саран Элит клиник эмнэлгийн дүрс оношлогооны тасгийн КТ оношилгоо /хх-ийн 19 хуудас/, эмчилгээ хийлгэсэн талаарх зардлын баримтууд /хх-ийн 20 хуудас/, амбулториор эмчлүүлэгсдийн картын хууулбар, гэрэл зураг /хх-ийн 21-25 хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Д-гийн үйлдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, оногдуулсан ял шийтгэл нь үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байх тул энэ үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүхээс оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэх хохирогчийн гомдлыг хүлээн авах боломжгүй, шинжээчийн 128 дугаартай дүгнэлтээр Д.С-ын биед тархи доргилт, дух болон 2 хөлийн шилбэний зөөлөн эдийн няцрал тогтоогдсон бөгөөд хохирогчийн давж заалдах гомдолдоо дурдсан ...чихний хэнгэрэг цоорсон, баруун нүдний зовхинд сорвитой, сормуусны булчирхай гэмтсэнээс сормуус ахиж ургахааргүй сорвижож гэмтсэн... гэх байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

  

 

                                                 ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                 ШҮҮГЧИД                                            Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                              Б.МАНЛАЙБААТАР