Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02487

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 08 өдөр

210/МА2017/02487

 

 

 

Алтад их говь СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02396 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Алтад их говь СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч И.Доржсамбууд холбогдох

 

Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болон цахилгаан, дулаан, усны төлбөрт нийт 17 647 946 төгрөг гаргуулах, подвал чөлөөлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Алтад их говь сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Манай Алтад их говь СӨХ нь Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, 14/2и байрыг ашиглалтад орсон цагаас нь хариуцаж ажиллаж байна. И.Доржсамбуу нь тус байрны подвальд 216 м.кв талбайг өмчилдөг бөгөөд уг талбайгаа фитнес клуб /бодибилдинг/-ын зориулалтаар бусдад түрээслүүлж ашиг олдог. Тэрээр хэрэглэсэн гэрэл, цахилгаан, цэвэр, бохир, халуун ус, дулаан, хог, цэвэрлэгээ, дундын өмчлөлийн талбайн засвар үйлчилгээний зардал, орцны болон дундын өмчлөлийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, кабель, салхивч, СӨХ-ны зардлыг төлдөггүй бөгөөд уг төлбөрийг Алтад их говь СӨХ төлдөг байсан. Уг подваль баталгаажсан тоолуургүй тул Алтад их говь СӨХ тооцоог гаргах боломжгүй бөгөөд түүний төлбөрийг ялгаж салгахаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан боловч уг байгууллагууд тооцоог гаргаж өгөхгүй байна. Бид дулааны тооцоог Эрчим хүчний зохицуулах хороогоор хянуулж баталгаажуулан гаргасан бөгөөд дулааны төлбөр нь 2007 оны 09 сараас 2015 оны 05 сар хүртэл 11 383 800 төгрөг болсон. Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, 14/2 и байр нь 2007 оны 9 сард ашиглалтанд орсон бөгөөд 2015 оны 05 сард Тохь тух СӨХ байгуулагдаж, тусдаа гарсан. Алтад их говь СӨХ нь гэрэл, цахилгаан усны тооцоог шинжээч, комисс томилж тооцоог гаргуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авч хангахгүй байгаа тул арга буюу хариуцсан байцаагчийн сарын жишиг, тарифыг үндэслэн 2011 оны 10 сараас 2015 оны 06 сар хүртэл хугацаанд цахилгааны төлбөрт сар бүр 70 000 төгрөг, халуун, хүйтэн, бохир усны төлбөрт сар бүр 50 000 төгрөг тооцсон болно. Мөн тухайн байрыг түрээсэлж байсан Б.Баатартай ярилцаж сар бүр 80 000 төгрөг авахаар тохирч байсан.

 Иймд Алтад их говь СӨХ-ны санхүүгээс гаргасан хавсралт тооцоогоор гэрэл цахилган, усны төлбөрт 5 280 000 төг, өмнө нь нэхэмжилсэн 12 367 946 төгрөг, нийт 17 647 946 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Одоо уг байр манай СӨХ-д хамааралгүй болсон учраас подвалийг чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч И.Доржсамбуугийн гаргасан тайлбарт: Г.Ганболд нь Алтад их говь СӨХ-г төлөөлөх эрхгүй этгээд юм. Алтад их говь СӨХ нь Тохь тух СӨХ болж нэрээ өөрчилсөн байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т заасны дагуу СӨХ-г хууль ёсны дагуу шүүхэд төлөөлөх эрхтэй этгээд нь СӨХ-ны дарга /Гүйцэтгэх захирал/ байна. Гэтэл Г.Ганболд нь 2015 оноос тус СӨХ-ны даргын ажил үүргийг хүлээлгэн өгсөн. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл Г.Загарсүрэн гэх даргатай. Нэхэмжлэлд хавсаргасан материалд Г.Ганболд нь Тохь тух СӨХ /Алтад Их Говь СӨХ/-ийг төлөөлөх эрх олгосон бичиг хавсаргаагүй байх тул тэрээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм.

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 14/2и байрны зоорийн давхрын үйлчилгээний зориулалттай 216 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчид хамаарахгүй болно. Дээрх объект нь иргэн И.Доржсамбуу миний өмчлөлийи Ү-2203016511 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн дугаартай хувийн өмч юм. Иймээс нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчид хамаарахгүй тул үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй.

Ашиглалтын зардалд нийт 12 367 946 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие 2007 оноос хойш тогтмол СӨХ-ны төлбөрөө төлж ирсэн. 2011 оноос эхлэн тус үйлчилгээний зориулалттай подвалийг иргэн Б.Баатарт Түрээсийн гэрээ-ний үндсэн дээр ашиглуулж байгаа ба Б.Баатар нь СӨХ-ны төлбөрийг тогтмол төлсөн. Мөн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх тооцооны хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан гэрэл цахилгаан, усны төлбөр 5 280 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай бодибилдинг, бөхийн дэвжээ, фитнес клуб нь бий болсон цагаасаа Г.Ганболдод бэлнээр заримыг дансаар төлсөн. Бэлнээр төлж байсан баримт байхгүй ч данс руу хийж байсан баримтууд байгаа. Манай клубыг ороход л цахилгааны болон усны тоолуур байсан. Задгайгаар тооцох ёсгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар Алтад их говь СӨХ-ны И.Доржсамбууд холбогдуулан гаргасан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болон цахилгаан, дулаан, усны төлбөрт нийт 17 647 946 төгрөг гаргуулах, подвалыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Алтад их говь СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 267 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Ганболд давж заалдах гомдолдоо: Манай Алтад их говь" СӨХ нь Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо,14/2и байрыг анх ашиглалтад орсон цагаас нь оршин суугчийн хүсэлт, бүх гишүүдийн хурлын шийдвэрээр үүсгэн байгууллагдан ажиллаж байна. Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн И.Доржсамбууг хууль ёсны дагуу стандартын шаардлага хангасан баталгаат тоолуур тавихыг шаарддаг байсан. Тэрээр фитнес клуб, боди билдинг ажиллуулж хэдэн арван сая төгрөгийн ашиг олдог. Тус клубын дасгалжуулагч багшаар Б.Баатар гэгч ажиллаж байсан бөгөөд тэрээр хэзээ ч түрээслэж байгаагүй, гэтэл нотлох баримтын шаардлага хангахгүй канондсан түрээсийн гэрээг баримтаар өгсөн байна. Уг подвальд бөхийн "Авзага" дэвжээ ажиллаж, гарьд И.Доржсамбуугийн удирдлагад байнга бэлтгэл хийдэг. Дундын өмчийг хариуцсан хууль ёсны байгууллага СӨХ-д мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй, гурвалсан гэрээ байгуулаагүй, дамжуулан хууль бусаар түрээслэсэн түрээсийн гэрээ гэгчийг хүчин төгөлдөр, хууль ёсны гэрээ гэж үзэхгүй. Б.Баатар нь 2012 онд фитнес клубын бохирын шугам засвар үйлчилгээнд мөнгө зарцуулаад нэг ч төгрөг өгч чадахгүй, 2011-2015 онуудын цахилгаан, ус, дулаан болон СӨХ-ны төлбөрөө И.Доржсамбуугаас нэхэмжилж аваарай гэж хэлж байсан.

Иймд тус байрны дундын өмчийг хууль бусаар өмчилж авсан иргэн И.Доржсамбуугийн өмчлөлийн Ү-2203016511 тоот үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, түрээсийн гэрээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсч байна. Баталгаажсан тоолуур тавих, хэрэглэсэн дулаан, цахилгаан, усны болон СӨХ-ны төлбөр тооцоог төлөх нь өмчлөгчийн Иргэний хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд тэрээр бидний болон мэргэжлийн байгууллага, НМХГ-аас өгсөн шаардлагыг үл тоомсорлон ирсэн.

"Алтад их говь СӨХ нь 2013 оноос эхлэн удаа дараа шүүхэд хандаж байсан ба олон жил хөөцөлдсөний эцэст Эрчим Хүчний Зохицуулах Хороо тухайн онуудад мөрдөгдөж байсан үнэ тариф, тушаал, шийдвэр, тогтоолыг нэг бүрчлэн хуулбарлан баталгаажуулж өгсөн тул түүнийг үндэслэн дулаан, СӨХ-ны төлбөр тооцоог нарийвчлан гаргаж 12 367 946 төгрөгийг нэхэмжилсэн.

Бид бүх айл, ААНБ-аас цугларах ёстой, цугларсан дулааны мөнгийг "УБДС ХК-ийн нэхэмжилсэн мөнгөн дүнтэй тулгаж тооцож үзэхэд хаана нь ч хүрэхгүй, дутаж байсан. Ингээд бид нарийн шалгаж, хянаж үзвэл Фитнес клуб, боди билдинг, бөхийн дэвжээний дулааны төлбөрийг /493.79 м.куб/ манай тооцоонд оруулан тооцож, нэмж авдаг болох нь тогтооогдсон. Ийнхүү УБДС" ХК нь И.Доржсамбуутай фитнес клуб, боди билдинг, бөхийн дэвжээний дулааны төлбөр тооцоог дахин нарийвчлан шалгаж 493.79 м.куб болохыг тогтоож "УБДС ХК-ийн 2014 оны 07 сарын 31-ний өдрийн 2/1170 тоотоор нотлон, баталгаажуулж өгсөн.

"Алтад их говь" СӨХ одоо ч хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бидний хариуцан ажиллаж байсан үеийн фитнес клуб, бодибилдинг, бөхийн дэвжээний эзэн И.Доржсамбуугийн өмнөөс төлчихсөн, зарцуулчихсан мөнгөө нэхэмжилж авах эрхийг хэн нэг этгээд шилжүүлэн авах эрх зүйн үндэсгүй. Өөрөөр хэлбэл 2007 оны 09 сарын 15-ны өдрөөс 2015 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд байгуулагдаагүй байсан "Тохь тух" СӨХ үе залгамжлан авах эрхгүй гэж үзэж байна. Тиймээс бид өмнөөс нь төлсөн мөнгөө эзэн И.Доржсамбуугаас нэхэмжлэн авах нь шударга ёс, хууль зүйд нийцнэ гэж үзэж байна.

Тус байрны 2015 оны 04 сарын 11-ний өдөр хуралдсан оршин суугчдын бүх гишүүдийн хурлаас өр төлбөрийг "Алтад их говь" СӨХ-д үлдээж, төлөөгүй айл өрх, ААН-ээс нэхэмжилж өр төлбөрөө барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэсэн. Бид бүх гишүүдийн хурлаас гаргасан шийдвэрийн дагуу гурван сарын дотор барагдуулах үүрэг авч одоо болтол шүүхийн ажиллагаа үргэлжилсээр байна.

"Алтад их говь" СӨХ-ны нэр дээр Нийгмийн даатгал, татвар, хувь хүн, "Клаймакс

Интернэшнл" ХХК-д тус бүр нэлээд өр байгаа бөгөөд уг өрнөөс салахыг хүсч байна. Өөрөөр хэлбэл "Клаймакс Интернэшил" ХХК-аас 2011 оны 12 сарын 01-ний өдөр 3 500 000 төгрөг, 2012 оны 05 сарын 15-ны өдөр 4 500 000 төгрөг, 2014 оны 10 сарын __-ны өдөр 8 000 000 төгрөг болон хувь хүнээс зээлж авсан мөнгөөрөө И.Доржсамбуугийн төлбөрийг төлж барагдуулсан.

Бид шүүхэд цахилгаан, усны тооцоог гаргуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан. Энэ асуудлаар шүүх хуралдаанд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр хуульд заасан нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжийг хаан боогдуулж, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, шүүх хуралдааныг мэтгэлцэх зарчим дээр явуулах хуулийн зарчмуудыг зөрчсөн.

"Алтад их говь" СӨХ-оос шилжүүлж байсан төлбөр тооцооны баримтууд, бэлнээр "УБЦТС"ХК, "УСУГ", УБДС" ХК-д төлж байсан санхүүгийн баримтуудад "Алтад их говь" СӨХ болон Амт билдинг ХХК гэсэн нэрээр тушаасан санхүүгийн баримтны мөнгө тушаагч гэсэн хэсэгт Г.Ганболд гэж гарын үсэг зурж, төлбөр тооцоог төлж байсан нь нотлогдож байгаа болно. И.Доржсамбуу нь УСУГ-т усны төлбөр гэж 65 000 төгрөг, "УБДС ХК-д дулааны төлбөр гэж 160 000 төгрөг төлсөн баримт гаргаж өгсөн.

УСУГ-ын шүүхэд ирүүлсэн 2017 оны 06 сарын 09-ний өдрийн 3/1046 тоот албан тоотод бидний тушаасан баримтуудыг огт хавсаргаагүй байна. Шүүх цахилгаан эрчим хүч болон усны төлбөрийг Амт билдинг ХХК-ийг төлсөн гээд байгаа бэлэн мөнгөний орлогын баримтад тушаагч нь Г.Ганболд гэж зурагдсан. Тухайн байгууллагын санхүүгийн прогармм нь анхнаасаа Амт билдинг ХХК гээд оруулчихсан учраас өөрчилж болохгүй байна. Мөн Ус сувгийн удирдах газраас Амт билдинг ХХК төлсөн гэж тодорхойлж явуулаагүй, санхүүгийн программаас Амт билдинг ХХК гэсэн нэрээр төлөгдөж байсан жагсаалтыг хавсаргаж явуулсан байсан. Шүүхээс гаргасан захирамж нь цахилгаан болон усны төлбөрийг хэн, ямар байгууллага төлж байсан талаар тодруулсан захирамж биш, зөвхөн сарын цахилгаан, усны тарифийг тооцуулах тухай захирамж байсан тул усны төлбөрийн жагсаалтыг зөвхөн Амт билдинг ХХК гэсэн нэрээр төлж байсан хэсгийг нь гаргаад явуулсан байна. Үүнийг шүүгч буруу үнэлж, сайн нягтлаж үзэхгүйгээр хариуцагч талд ашигтайгаар хууль бусаар шийдвэрлэсэн.

Тус байр нь зохион байгуулалттайгаар "Алтад их говь" СӨХ нэгтгэлээс гарсан бөгөөд СӨХ-ны төлбөрөө төлдөггүй айл, фитнес клуб, боди билдинг, Авзага бөхийн дэвжээ, ААН -үүд үгсэн хуйвалдаж, ул мөрөө баллах, төлбөрөө төлөхгүй бултах зорилготойгоор, санаатайгаар зохион байгуулалттайгаар, нийт оршин суугчдын 51% хүрээгүй байхад тус хуралд оролцоогүй хүмүүсийг оролцсон мэтээр бүрдүүлж, хууль бусаар шинээр Тохь тух" гэгч СӨХ-ны бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж, гэрчилгээ, тамга тэмдэг авч данс нээлгэсэн болно. Мөн "Тохь тух" СӨХ-г хууль бусаар байгуулж, Х.Ганзориг гэгч нь Сүхбаатар дүүргийн Тамгын газарт гаргасан албан тоотод Алтад их говь" СӨХ нэгтгэлээс гарч шинээр байгуулагдаж байгаа гэж хүсэлт гаргасан байна. Тийм учраас "Тохь тух СӨХ нь "Алтад их говь" СӨХ-ны үе залгамжлагч биш өөр байгууллага, хуулийн этгээд болох нь нотлогдож байна.

Хэргийн баримтаас "Тохь тух" СӨХ 2015 оны 05 сарын 15-нд шинээр байгуулагдсан, харин "Алтад их говь" СӨХ нь 2007 оны 06 сарын 20-нд 14/2и байрны оршин суугчдын хүсэлт, хурлын шийдвэрээр байгууллагдаж, улсын комисс бүрэн хүлээж аваагүй, комиссоос өгсөн үүрэг даалгавар биелэгдээгүй, стандартын шаардлага хангасан дулааны системгүй, бохирын шугам, гаднах өндөр хүчдлийн шугамыг УСУГ, УБЦТС ХК хүлээлгэн өгч, код аваагүй гэх мэтчлэн стандартын шаардлага бүрэн хангаагүй байсан тул орон сууцны контор хүлээн авах боломжгүй, авахгүй, орон сууцандаа айлууд нүүж орсон, гэрэл, цахилгаан, ус, дулаан авах зайлшгүй шаардлагатай болсон, асуудлууд ар араас ундарч яаралтай СӨХ байгуулах шаардлагатай болсон. Захиалагч компани нь удахгүй орон сууцны конторт хүлээлгэн өгнө гэж худал хэлчихээд зугтсан, дутуу хийгдсэн ажлаа, үүрэг, далгавраа хийж гүйцэтгэхгүй байсан тул оршин суугчдын хүсэлт, шийдвэрээр "Алтад их говь" СӨХ гэрэл, цахилгаан, ус, дулааны гэрээг мэргэжлийн байгууллагатай хийж, ус, гэрэл, цахилгаан, дулааны төлбөр тооцоог бүрэн хариуцаж, барагдуулах чиглэл үүрэг, даалгавар авсан болно. И.Доржсамбуу, дасгалжуулагч багш н.Мөнхбат, Б.Баатар, "Алтад их говь" СӨХ-г төлөөлж, дарга Г.Ганболд нар мэргэжлийн инженер, байцаагч нарын зөвлөсний дагуу, жишиг тогтоож, cap бүр цахилгаан 70 000 төгрөг, халуун, хүйтэн, бохир ус, суурь хураамж оролцуулан 50 000 төгрөг, нийт 120 000 төгрөг авч байхаар харилцан тохиролцож, аман хэлцэл хийсэн болно. Түүний дагуу 2007 оны 07 сараас 2011 оны 09 cap хүртэл дасгалжуулагч багш н.Мөнхбат төлбөрөөө төлсөн тул бид гэрэл, цахилгаан, усны төлбөрийг хасч тооцож нэхэмжилж байгаа болно. Түүнээс хойш ажилласан дасгалжуулагч багш Б.Баатар 2011 оны 10 сараас гэрэл, цахилгаан, усны төлбөр төлөөгүй бөгөөд тэрээр санаатайгаар cap бүрийн 120 000 төгрөгөөр тогтоосон аман хэлцлийг өөрөө буулгаж 80 000 төгрөг өгдөг байсан гэж гэрчээр мэдүүлсэн.

И.Доржсамбуу нь "Алтад их говь" СӨХ -ны нэхэмжлэлтэй огт хамааралгүй буюу 2007 оноос 2015 оны 05 дугаар сард багтахгүй ОСНААУГазарт төлсөн баримтууд байна. Шүүхийн Амт билдинг ХХК-аас цахилгаан, эрчим хүч болон, усны төлбөрийг төлж байсан гэсэн дүгнэлт нь шүүх хэрэгт авагдсан бусад санхүүгийн баримтад бодитой дүгнэлт өгөөгүйг харуулж байна. Мөн И.Доржсамбуу, Б.Баатар нарын төлбөрийн баримтуудын төлбөр төлсөн цаг хугацаа, нэхэмжлэгч Алтад их говь СӨХ-ны төлбөр төлсөн цаг хугацаа зэрэг нь илт зөрүүтэй байгаад анхан шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Шүүх тодорхой хугацаанд гүйцэтгэвэл зохих үүргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, мөн хариуцагч И.Доржсамбуу нь Алтад их говь СӨХ-ны өмнөх төлбөрийг төлөх үүрэг үүссэн болохыг зөвшөөрсөн дүгнэлтийг шүүх гаргасан тул Алтад их говь СӨХ нь өөрийн харъяалж байсан хугацааны төлбөрийг нэхэмжлэх эрхтэй юм. Иймд "Алтад их говь" СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн, уг маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг өөрчлөн зөвтгөх боломжтой.

 

Нэхэмжлэгч Алтад их говь СӨХ нь хариуцагч И.Доржсамбууд холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болон цахилгаан, дулаан, усны төлбөрт нийт 17 647 946 төгрөг гаргуулах, подвал чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийг хариуцагчийн өмчлөлийн объектын ашиглалтын зардалд хэдэн төгрөг төлсөн гэдгээ баримтаар нотлоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу.

 

Хэргийн баримтаас үзэхэд Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, оюутны гудамж 14/2и, ХААИС-47, 10, 13, 20, 25, 55, 66 дугаар байрны оршин суугчид 2007 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Алтад их говь СӨХ-г байгуулж, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 14/2и байрны оршин суугчид шинээр Тохь тух СӨХ-г байгуулан тусдаа гарсан байх ба хариуцагч И.Доржсамбуу нь 14/2и орон сууцны зоорийн давхрын өмчлөгч болох нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч И.Доржсамбуу нь 2007 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн өмчлөлийн фитнесс клубын зориулалттай зоорийн давхрын халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжлэгч Алтад их говь СӨХ-д төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч Алтад их говь СӨХ хариуцагч И.Доржсамбууг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс орон сууцны бусад өмчлөгчдийн эрх ашиг хохирох эрсдэлтэй байсан тул түүний өмнөөс 2007 оны 09 дүгээр сараас 2015 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны дулааны төлбөрт 10 567 946 төгрөг, 2011 оны 10 дугаар сараас 2015 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны цахилгааны төлбөрт 3 080 000 төгрөг, цэвэр, бохир усны төлбөрт 2 200 000 төгрөг төлсөн тул буцаан гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгч Алтад их говь СӨХ нь хариуцагч И.Доржсамбуугаас өөрийн өмчлөлд байсан 14/2и орон сууны дундын өмчлөлийн зүйлийг хариуцан ажиллаж байсан хугацааны ашиглалтын болон дундын өмчлөлийн зардлыг шаардах эрхтэй хэдий ч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хугацаа 3 жил гэж заасан тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнөх 3 жилийн хугацааны төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй, харин нэхэмжлэгчийн 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнөх төлбөрийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

 

Иймд хариуцагч нь 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хүртэл хугацаанд өөрийн өмчлөлийн фитнесс клубын зориулалттай зоорийн давхрын ашиглалтын болон засвар үйлчилгээтэй холбоотой гарсан төлбөрийг нэхэмжлэгч Алтад их говь СӨХ-д төлөх үүрэгтэй.

 

Хэрэгт тухайн орон сууцны ашиглалтын болон дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбоотой төлбөрийн баримт авагдаагүй боловч хариуцагчийн өмчлөлийн объектын түрээслэгч Б.Баатарын СӨХ болон ус, дулааны төлбөр төлж байсан баримт, хариуцагчийн өмчлөлийн фитнесс клубын зориулалттай зоорийн давхарт хамаарах 2007 оноос 2015 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг тооцсон шинжээчийн дүгнэлт авагдсан байна. Уг баримтуудыг хариуцагч баримтаар няцааж чадаагүй, төлбөл зохих зардлын хэмжээг тодорхойлоход үндэслэл болгох боломжтой.

 

Нэхэмжлэгчийн 2011 оны 11 сараас 2015 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд цахилгааны төлбөрийг сар бүр 70 000 төгрөг, халуун, хүйтэн, бохир усны төлбөрийг сар бүр 50 000 төгрөгөөр тооцсон гэх тайлбарыг үгүйсгэсэн баримтгүй байхын зэрэгцээ СӨХ-ны төлбөр төлж байсныг нотолсон баримтаа хариуцагч шүүхэд ирүүлээгүй тул 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 15 сарын хугацаанд цахилгаан, халуун, хүйтэн, бохир усны болон дундын өмчлөлийн зүйлийн ашиглалтын төлбөрт сар бүр 120 000 төгрөг, нийт 1 800 000 төгрөг гаргуулах нь зүйтэй.

 

Дулааны төлбөрийн хувьд шинжээч нь хариуцагчийн өмчлөлийн фитнесс клубын зориулалттай зоорийн давхрын хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 2 283 771 төгрөг болохыг тогтоосон тул хариуцагч И.Доржсамбуу нь нэхэмжлэгч Алтад их говь СӨХ-д орон сууцны ашиглалт болон дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбоотой зардалд нийт 4 083 771 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагчийн өмчлөлийн объектын түрээслэгч Б.Баатар нь 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дулааны төлбөрт 65 000 төгрөг төлсөн байх тул дээрх төлбөрөөс уг мөнгөн дүнг хасч хариуцагчаас 14/2и орон сууцны зоорийн давхрын халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд нийт 4 018 771 төгрөг гаруулж, нэхэмжлэгчид олгоно.

 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02396 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И.Доржсамбуугаас 4 018 771 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Алтад их говь СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 629 175 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтад хэвээр үлдээсүгэй гэснийг хэвээр үлдээж хариуцагчаас 79 250 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 189 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

А.МӨНХЗУЛ