Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00538

 

“АИГ” СӨХны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02396 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 210/МА2017/02487 дугаар магадлалтай,

“АИГ” СӨХны нэхэмжлэлтэй

И.Дд холбогдох

Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болон цахилгаан, дулаан, усны төлбөрт нийт 17 647 946 төгрөг гаргуулах, подвал чөлөөлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Номин-Эрдэний гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “АИГ” СӨХны төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Манай “АИГ” СӨХ нь Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, 14/2и байрыг ашиглалтад орсон цагаас нь хариуцаж ажиллаж байна. И.Д нь тус байрны подвальд 216 м.кв талбайг өмчилдөг бөгөөд уг талбайгаа фитнес клуб /бодибилдинг/-ын зориулалтаар бусдад түрээслүүлж ашиг олдог. Тэрээр хэрэглэсэн гэрэл, цахилгаан, цэвэр, бохир, халуун ус, дулаан, хог, цэвэрлэгээ, дундын өмчлөлийн талбайн засвар үйлчилгээний зардал, орцны болон дундын өмчлөлийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, кабель, салхивч, СӨХ-ны зардлыг төлдөггүй бөгөөд уг төлбөрийг “АИГ” СӨХ төлдөг байсан. Уг подваль баталгаажсан тоолуургүй тул “АИГ” СӨХ тооцоог гаргах боломжгүй бөгөөд түүний төлбөрийг ялгаж салгахаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан боловч уг байгууллагууд тооцоог гаргаж өгөхгүй байна. Бид дулааны тооцоог Эрчим хүчний зохицуулах хороогоор хянуулж баталгаажуулан гаргасан бөгөөд дулааны төлбөр нь 2007 оны 09 сараас 2015 оны 05 сар хүртэл 11 383 800 төгрөг болсон. Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, 14/2 и байр нь 2007 оны 9 сард ашиглалтанд орсон бөгөөд 2015 оны 05 сард Тохь тух СӨХ байгуулагдаж, тусдаа гарсан. “АИГ” СӨХ нь гэрэл, цахилгаан усны тооцоог шинжээч, комисс томилж тооцоог гаргуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авч хангахгүй байгаа тул арга буюу хариуцсан байцаагчийн сарын жишиг, тарифыг үндэслэн 2011 оны 10 сараас 2015 оны 06 сар хүртэл хугацаанд цахилгааны төлбөрт сар бүр 70 000 төгрөг, халуун, хүйтэн, бохир усны төлбөрт сар бүр 50 000 төгрөг тооцсон болно. Мөн тухайн байрыг түрээсэлж байсан Б.Баатартай ярилцаж сар бүр 80 000 төгрөг авахаар тохирч байсан. Иймд “АИГ” СӨХ-ны санхүүгээс гаргасан хавсралт тооцоогоор гэрэл цахилгаан, усны төлбөрт 5 280 000 төг, өмнө нь нэхэмжилсэн 12 367 946 төгрөг, нийт 17 647 946 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Одоо уг байр манай СӨХ-д хамааралгүй болсон учраас подвалийг чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч И.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Ганболд нь “АИГ” СӨХ-г төлөөлөх эрхгүй этгээд юм. “АИГ” СӨХ нь Тохь тух СӨХ болж нэрээ өөрчилсөн байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т заасны дагуу СӨХ-г хууль ёсны дагуу шүүхэд төлөөлөх эрхтэй этгээд нь СӨХ-ны дарга /Гүйцэтгэх захирал/ байна. Гэтэл Г.Ганболд нь 2015 оноос тус СӨХ-ны даргын ажил үүргийг хүлээлгэн өгсөн. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл Г.Загарсүрэн гэх даргатай. Нэхэмжлэлд хавсаргасан материалд Г.Ганболд нь Тохь тух СӨХ /”АИГ” СӨХ/-ийг төлөөлөх эрх олгосон бичиг хавсаргаагүй байх тул тэрээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 14/2и байрны зоорийн давхрын үйлчилгээний зориулалттай 216 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчид хамаарахгүй болно. Дээрх объект нь иргэн И.Д миний өмчлөлийн Ү-2203016511 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн дугаартай хувийн өмч юм. Иймээс нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчид хамаарахгүй тул үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Ашиглалтын зардалд нийт 12 367 946 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие 2007 оноос хойш тогтмол СӨХ-ны төлбөрөө төлж ирсэн. 2011 оноос эхлэн тус үйлчилгээний зориулалттай подвалийг иргэн Б.Баатарт Түрээсийн гэрээ-ний үндсэн дээр ашиглуулж байгаа ба Б.Баатар нь СӨХ-ны төлбөрийг тогтмол төлсөн. Мөн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх тооцооны хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан гэрэл цахилгаан, усны төлбөр 5 280 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай бодибилдинг, бөхийн дэвжээ, фитнес клуб нь бий болсон цагаасаа Г.Ганболдод бэлнээр заримыг дансаар төлсөн. Бэлнээр төлж байсан баримт байхгүй ч данс руу хийж байсан баримтууд байгаа. Манай клубыг ороход л цахилгааны болон усны тоолуур байсан. Задгайгаар тооцох ёсгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02396 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар “АИГ” СӨХ-ны И.Дд холбогдуулан гаргасан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болон цахилгаан, дулаан, усны төлбөрт нийт 17 647 946 төгрөг гаргуулах, подвалыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч “АИГ” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 267 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 210/МА2017/02487 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02396 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И.Дгаас 4 018 771 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “АИГ” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 629 175 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтад хэвээр үлдээсүгэй гэснийг хэвээр үлдээж хариуцагчаас 79 250 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 189 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Номин-Эрдэнэ хяналтын гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1дэх хэсэгт зааснаар шүүх шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн доорх үндэслэлээр гомдол гаргаж байгаа болно. Үүнд: 1. Шүүх магадлалын хянавал хэсэгтээ “...хариуцагч И.Д нь 14/2и орон сууцны зоорийн давхрын өмчлөгч болох нь тогтоогдсон Иргэний хуулийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч И.Д нь 2007 оны 06 сарын 20-ны өдрөөс 2015 оны 05 сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны өөрийн өмчлөлийн фитнесс клубын зориулалттай зоорийн давхрын халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжлэгч “АИГ” СӨХ-д төлөх үүрэгтэй байна” гэж дүгнэчихээд бүх зардлыг И.Дгаас гаргуулсан нь үндэслэлгүй байна. 2. “АИГ” СӨХ нь 2015 оны 05 сард “Тохь тух” СӨХ болон өөрчлөгдсөн. Ингэхэд Г.Ганболд нь ажлаа хүлээлгэн өгч үүнээс хойш одоог хүртэл СӨХ-ийн даргын ажил үүргийг Г.Загарсүрэн гэх хүн гүйцэтгэж байгаа юм. Ингэхдээ “Тохь тух” СӨХ-ийн 2015 оны 05 сарын 29-ний өдрийн /хурлын протоколын 3-т, хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан/ “АИГ” СӨХ-ийн дарга Г.Ганболд, “Амт билдинг” ХХК-д холбогдох өр төлбөрийг барагдуулах үүргийг захирал Х.Ганзориг, УЗ-ийн дарга Д.Батдорж нарт үүрэг болгон шийдвэрлэсэн байдаг. Эндээс харахад Г.Ганболд нь шаардах эрхгүй байна. 3. Давж заалдах шатны шүүх “Шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн, уг маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэж дүгнэсэн атлаа ямар нотлох баримтыг үнэлээгүй, ямар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг тайлбарлаагүй байна. 4. И.Дгаас 4.018.771 төгрөг гаргуулахаас шийдвэрлэсэн боловч энэ мөнгийг “АИГ” СӨХ нь ямар байдлаар хэдэн төгрөг И.Дгийн өмнөөс төлсөн, үүнээс И.Дгийн өмчлөлийн фитнесс клубын зориулалттай зоорийн давхрын халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрт хэдийг төлсөн, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд хэдийг төлсөн гэдэг нь нотлох баримтаар нотлогдоогүй байхад гаргаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Иймд магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “АИГ” СӨХ нь хариуцагч И.Дгаас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болон цахилгаан, дулаан, усны төлбөрт нийт 17 647 946 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэгч нь подвалыг чөлөөлүүлэх шаардлагыг гаргасан боловч шүүх хуралдаан дээр уг шардлагаа дэмжихгүй гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан агуулгатай тул шүүх 17 674 946 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн хүрээнд шийдвэр гаргах үндэслэлтэй байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 4 083 771 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг дүгнэж, Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул “...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн“ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч “АИГ” СӨХ нь хариуцагч И.Д үүргээ биелүүлээгүйгээс орон сууцны бусад өмчлөгчдийн эрх ашиг хохирох эрсдэлтэй байсан тул түүний өмнөөс 2007 оны 09 дүгээр сараас 2015 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны дулааны төлбөрт 10 567 946 төгрөг, 2011 оны 10 дугаар сараас 2015 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны цахилгааны төлбөрт 3 080 000 төгрөг, цэвэр, бохир усны төлбөрт 2 200 000 төгрөг төлсөн тул уг мөнгийг гаргуулна гэж нэхэмжлэлээ тодорхойлжээ.

“АИГ” СӨХ нь 2007 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан, тус СӨХ-ны харьяалах байрнаас 14/2и байрны оршин суугчид 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шинээр Тохь тух СӨХ-г байгуулан тусдаа гарсан, хариуцагч И.Д нь 14/2и орон сууцны зоорийн давхрын өмчлөгч, “АИГ” СӨХ 2007 оны 6 дугаар сарын 20-ноос 2015 оны 5 сарын 15 хүртэл хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанаас гадна орон сууцны өмчлөгч нараас орон сууцны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан зэрэг ашиглалтын төлбөрийг авч, эрх бүхий байгууллагад дамжуулан төлж байсан, 2015 оны 6 дугаар сард ашиглалтын төлбөрийг хураах, төлүүлэх чиг үүргийг Хэрэглэгчдийн үйлчилгээний 5-р төвд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч И.Д нь 2007 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн өмчлөлийн фитнесс клубын зориулалттай зоорийн давхрын халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжлэгч “АИГ” СӨХнд төлөх үүрэгтэй.

“АИГ” СӨХ нь 2015 оны 6 дугаар сард Хэрэглэгчдийн үйлчилгээний 5-р төвд ус, дулааны борлуулалт, ашиглалт засвар үйлчилгээг шилжүүлэн өгөх үед сууц өмчлөгчтэй холбоотой төлбөр тооцоогүй болох нь баримтаар тогтоогджээ. /2 дугаар хавтас хх-1, 2, 62/ Хариуцагч И.Д өөрийн өмчлөлийн фитнесс клубын зориулалттай зоорийн давхрын ашиглалтын болон засвар үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэгч “АИГ” СӨХнд төлөх үүрэгтэй, тэрээр энэхүү үүргээ биелүүлсэн гэдгийг нотлоогүй байна.

Иймд хариуцагч И.Д төлөх ёстой төлбөрийг төлөөгүй байсан хэдий ч нэхэмжлэгч нь зохих байгууллагад цахилгаан, ус, дулааны борлуулалт, ашиглалт засвар үйлчилгээг өр төлбөргүй хүлээлгэн өгснөөс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс төлөх ёстой төлбөрийг төлсөн гэх байдал нотлогдсон гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т  заасны дагуу тоолж, хугацаа нь өнгөрөөгүй 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хүртэл хугацааны төлбөрийг шинжээчийн дүгнэлт, мэргэжлийн байгууллагын тариф, хэрэглэгчийн тооцоо зэрэг баримтыг үндэслэж  цахилгаан, халуун, хүйтэн, бохир усны болон дундын өмчлөлийн зүйлийн ашиглалтын төлбөрт сар бүр 120 000 төгрөг, нийт 1 800 000 төгрөг, дулааны төлбөр 2 283 771 төгрөг, үүнээс хариуцагчийн эд хөрөнгийг түрээсэлсэн этгээдээс 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дулааны төлбөрт төлсөн 65 000 төгрөгийг хасч, нийт 4 083 771 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 210/МА2017/02487 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

  ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА