Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2018/0365

 

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2018/0365

      Улаанбаатар хот

 

 

Х.Т-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Х.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Э нарын давж заалдах гомдлоор, Х.Т-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 тоот захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Т-ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 3109854 төгрөгийг Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох 1531000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Учир нь:

Нэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар уг хуулийн үйлчлэл хамаарах төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болох Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан нахамжпзгч X.Түмэндэлгэр нь захиргааны шийдвэр гаргах, гэрээ байгуулахын өмнө мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.8-д заасан журмын дагуу ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг гаргах үүрэгтэй.

Энэ нь Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Х.Т-ийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан Авлигатай тэмцэх газрын 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/3766 дугаар албан бичигт “...нэр дэвшигч Х.Т-ийн эгч Х.Т нь сургуулийн дотуур байрны жижүүр тул тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд дээрх хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргаж ажиллах шаардлагатай...” гэснээр батлагдана.

Үүнийг давхар батлах Авлигатай тэмцэх газрын 2015 оны 10 дугаар сарын 22, Авлигатай тэмцэх газрын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зөвлөмжүүд хэрэгт авагдсан болно.

Иймдээ ч нэхэмжлэгч Х.Т нь 2015 оны 12 дугаар сард хамаарал бүхий этгээд Х.Т-тэй холбогдох захиргааны шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг томилох эрх бүхий этгээд Ховд аймгийн Засаг даргад гаргаж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-т зааснаар албан үүргээ гүйцэтгэх зөвшөөрөл авсан байдаг

Нийтийн албан тушаалтан хамаарал бүхий этгээддээ цалин хөлс, мөнгөн урамшил олгоход ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй тул мэдэгдэл, тайлбар гаргах үүрэггүй гэсэн заалт хуульд огтхон ч алга.

Харин ч тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүс ч болзошгүй нөхцөл байдалд мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргаж ажиллах үүрэгтэй талаар заалт тусгагдсан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт.... нэхэмжлэгч Х.Т нь хамаарал бүхий этгээд Х.Тб, Х.Тн нартай холбоотой шийдвэр гаргахдаа захиргааны шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй буруутай байна...гэж дүгнэсэн байдаг.

Ингэсэн атлаа хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндөж, тэдгээр хууль, журмын зөрчин давуу эрх олгосон шийдвэр гаргасан нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актыг буруутгасан нь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үүссэн тохиолдолд урьдчилан сэргийлэх гэсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөж байна.

Хоёрт. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Нэхэмжлэгч Х.Т нь Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар хамаарал бүхий этгээд болох Х.Тн-г үйлчлэгчээр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, улмаар 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/43 дугаар тушаалаар Х.Тн-д холбогдох үр дүнгийн мөнгөн урамшил олгосон.

Энэ нь хуулийн дээрх заалтад дурдсан хориглолтыг зөрчсөн тул хариуцагчаас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасан зөрчил тул нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны акт гаргасан

Үүнийг анхан шатны шүүх урьд гаргасан шийдвэртээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан хориглолтыг зөрчсөн сахилгын зөрчил гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Ингэсэн атлаа; анхан шатны шүүх дараагийн шийдвэртээ нэхэмжлэгч Х.Түмэндэлгэр нь хамаарал бүхий этгээд Х.Тн-г үйлчлэгчээр томилж, үр дүнгийн мөнгөн урамшил олгохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн гэж хариуцагчийн сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актыг мушгин гуйвуулж, уг захиргааны актыг гаргах болсон хүсэл зоригоос гадуур дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Гуравт. Анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:...нэхэмжлэгч Х.Т-т Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан гэж үзээд мөн хуулийн 29.2.3-т зааснаар албан тушаал бууруулах ёстой байсан...гэж илтэд хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т “энэ хуулийн 8.1, 8.2, 8.3, 9.1, 19.1, 21.3, 21.4-т заасан үүргээ биелүүлээгүй, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг энэ хуулийн 23.3-т заасан хугацаанаас удаа дараа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах”, 23.2.3-т “энэ хуулийн 29.2.2-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг нь бууруулах”, 29.2.3-т “энэ хуулийн 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, ... энэ хуулийн 2.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах” гэжээ

Хуулийн дээрх заалтуудыг харьцуулж үзвэл албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүс ч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүргээ 4 буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй сахилгын зөрчилд нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар байна. Нэхэмжлэгч Х.Т-ийн тухайд хуулийн дээрх зохицуулалтад дурдсан сахилгын зөрчил гаргасан нь баримтаар хөдөлбөргүй нотлогдсон тул нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно.

Дөрөвт. Нэхэмжлэгч Х.Т нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас хүргүүлсэн сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээн аваад гарсан тайлбар, шүүхэд хандсан нэхэмжлэлийн өргөдөл, анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбар зэрэгтээ гаргасан сахилгын зөрчлөө хүлээн зөвшөөрч, маргаагүй байдаг.

Ийм байхад анхан шатны шүүх сахилгын зөрчил гаргаж, түүндээ тохирсон сахилгын шийтгэл хүлээсэн нэхэмжлэгч Х.Т-ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасантай нийцэхгүй байна.

Сахилгын зөрчил гаргасан бол хариуцлага хүлээх нь зарчим тул Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Т-н Ховд аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Э давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Х.Т нь хариуцагч Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 сарын 19-ний өдрийн Б/43 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 12 сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн106.2-т зааснаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 16-ны өдрийн 29 дугаартай Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсонгүй.

Нэг. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 16-ны өдрийн 29 дугаартай Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 сарын 19-ны өдрийн Б/43 дугаартай захирамжаар “нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтуудыг үндэслэн уг хуулиар тогтоосон хориглолт хязгаарлалтыг зөрчиж, хамаарал бүхий этгээд Х.Т, Х.Тн нартай холбогдох удаа дараагийн шийдвэр гаргах, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүс ч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх үүргээ удаа дараа биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Х.Т-ийг буруутгаж, нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан Тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй, мөн хуулийн 23.6-т Авилгатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй.... гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч нь анх 2013 онд Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдож, 4 жилийн хугацаанд ажиллахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу мэдэгдэл, тайлбарыг 1 удаа гаргаж мэдэгдсэн байдаг. Гэтэл тус сургуульд Х.Т-тэй хамаарал бүхий 2 этгээд буюу түүний төрсөн эгч нар болох Х.Тб, Х.Тн нар нь ажилладаг. Эдгээр хүмүүстээ холбоотой шийдвэр гаргахдаа ямар ажиллагаа хийх ёстойг дээрх хуульд тодорхой заасан байдаг. Хамаарал бүхий этгээдүүдтэй холбогдуулан гаргасан шийдвэрүүд хавтаст хэрэгт авагдсан байгаа ба нэхэмжлэгч нь хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон нь нотлогдон тогтоогдсон.

Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 Мөнгөн шагнал олгох, мөн хуулийн 31.2-т төрийн албан хаагчид энэ хуулийн 31.1.1-д зааснаас гадна улирлын ажлын үр дүнгээр болон онцгой чухал буюу онц төвөгтэй албан даалгавар биелүүлсний төлөө мөнгөн, урамшил олгоно... гэжээ.

Нэхэмжлэгч Х.Т нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн З дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, мөн Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох, мөнгөн урамшуулал олгох журмуудыг зөрчсөн.

Хоёр. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 16-ны өдрийн 29 дугаартай Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагч маргаан бүхий акт гаргахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан үндэслэлээр биш, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т зааснаар удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг нийтийн албанаас халсан нь буруу байна. Нэгэнт хариуцагч нь маргаан бүхий актын үндэслэлээ зөв гаргаж чадаагүй болох нь тогтоогдож байхад шүүх түүнийг зөвтгөх боломжгүй байна. Хариуцагч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т ...энэ хуулийн 29.2 2-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг бууруулах...хариуцлага хүлээлгэхээр байхад хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэжээ. гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч X.Т нь 2014 оны 09 сарын 22-ны өдрийн А/52, 2015 оны 05 сарын 03-ны өдөр А/06, 2015 оны 03 сарын 03-ны өдөр А/09, 2015 оны 03 сарын 19-ны өдөр А/13, 2015 оны 05 сарын 20-ны А/18, 2015 оны 09 сарын 21-ний өдөр А/29, 2015 оны 10 сарын 12-ны өдөр А/37, 2016 оны 05 сарын 03-ны өдрийн Б/09, 2016 оны 3 сарын 18-ны өдөр А/07 , 2016 оны 05 сарын 17-ны өдөр А/24, 2016 оны 06 сарын 16-ны өдөр А/28, А/29, 2016 оны 09 сарын 20-ны өдөр А/43, 2018 оны 09 сарын 29-ны өдөр А/43, 2016 оны 12 сарын 12-ны өдөр А/55, 2015 оны 12 сарын 23-ны өдөр А/59 дүгээр тушаал шдвэрүүдийг гаргахаас өмнө ашиг сонирхлын зөрчлөө мэдэгдэж тайлбарлаагүй.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээд болох Х.Тб нь дээрх тушаалуудын дагуу олгосон урамшуулал, нэмэгдлүүдийг авах болзол шаардлагыг хангасан байсан эсэхийг тодруулаагүй, энэ талаарх баримтуудыг цуглуулалгүйгээр шууд холбогдох хууль тогтоомжийн дагуу нийт багш, ажилчдад олгож байсан тул өөрт хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгосон/ гэж үзэхгүй, мэдэгдэл гаргахыг шаардахааргүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.24-т “Энэ хуулийн 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах....” гэж заасны дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгч нь өөрт хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Х.Тб-д ямар үндэслэлээр дээрх урамшуулал, нэмэгдлүүдийг удаа дараа олгож байсныг, түүнд ийнхүү урамшуулал, нэмэгдлүүдийг олгох үндэслэл бүрдсэн байсан эсэхийг тодруулсны эцэст нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар дүгнэх боломжтой юм.

Нэхэмжлэгч Х.Т нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан үүргээ удаа биелүүлээгүй, мөн Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох, мөнгөн урамшуулал олгох тухай хуулийн заалтуудыг зөрчсөн байх тул Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 сарын 19-ний өдрийн Б/43 дугаартай Захирамж нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Мөн нэхэмжлэгч нь удаа дараа тушаал гаргахдаа Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан сайдын 2013 оны 08 сарын 14-ний өдрийн А/299 дугаартай тушаал, 2013 оны 08 сарын 13-ны өдрийн А/293 дугаартай тушаалыг үндэслэн тушаал гаргасан байдаг. 2013 оны 08 сарын 14-ний өдрийн А/299 дугаартай тушаалыг баримталж ажилтанд цалин, хөлс, ур чадварын нэмэгдэл, урамшуулал олгосон.

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан сайдын 2013 оны 08 сарын 14- ны өдрийн А/299 дугаартай тушаалын 1-т Ерөнхий боловсролын сургуулийн ажилтны ажлыг үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэлийг 1 дүгээр...хавсралтаар баталсугай. Уг тушаалын 1 дүгээр хавсралтын 1.1-т Ерөнхий боловсролын сургуулийн заах аргыг нэгдлийн ахлагч, сургалтын менежер, нийгмийн ажилтан, дотуур байрны багш, номын санч, эмч, захирлын ажлыг үнэлэхэд энэхүү чиглэлийг баримтална...гэжээ.

Нэхэмжлэгчийн төрсөн эгч Х.Тб тус сургуульд жижүүр ажилтай

байхад, багш нарын урамшуулал олгох асуудал нэхэмжлэгч төрсөн эгч Х.Тб-д огт хамааралгүй байхад, нэхэмжлэгч Х.Т нь албан тушаалаа ашиглан төрсөн эгчдээ мөнгөн, урамшуулал олгосон нь хууль зүйн үндэслэлгүй, мөн Сайдын тушаалыг зөрчсөн тушаал удаа дараа гаргаж байсан нь нотлогдож байна.

Мөн дээрх Сайдын тушаалд хэнд мөнгөн урамшуулал олгох талаар тодорхой заасан бөгөөд боловсролын салбарын ТҮБД-ээр цалинждаг албан тушаалтнууд хамаарч байдаг. Гэтэл нэхэмжлэгчтэй хамаарал бүхий этгээд төрсөн эгч нар нь ТҮ-ээр цалинждаг албан хаагчид байхад дээрх тушаалыг баримтлан шийдвэр гарган мөнгөн урамшуулал олгосон байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүй хэтэрхий нэг талыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн Х.Т нь 2016 оны 09 сарын 01-ний өдөр Б/21 дүгээр тушаалаар хамаарал бүхий этгээд болох Х.Тн-г үйлчлэгчээр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Нийтийн албан тушаалтан Х.Т нь Х.Тн-г холбогдох үр дүнгийн урамшил олгосон 2016 оны 09 сарын 20-ны өдөр А/43 дугаар тушаалыг гаргах зэрэг ашиг сонирхлын зөрчлөө мэдэгдээгүй тайлбарлаагүй.

Нийтийн албан тушаалтан Х.Тб нь албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай томилох эрх бүхий этгээдэд бичгээр мэдэгдээгүй, зохих шийдвэр гаргаагүй атлаа хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхол хөндсөн шийдвэр гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан үүргээ гүйцэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 16-ны өдрийн 29 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянахад шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 дугаар захирамжаар нэхэмжлэгч Х.Т-г Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Нэхэмжлэгч Х.Тд-ээс “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 дугаар захирамжийг хүчингүй болгох, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн хүртэлх цалин, олговор, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах” гэж тодруулж, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “...ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх...”-ээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгч Х.Т-ийг хамаарал бүхий этгээд Х.Т, Х.Тн нартай холбогдох удаа дараагийн шийдвэр гаргасан, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх үүргээ удаа дараа биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан хэмээн нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Ховд аймгийн Засаг даргын Б/43 дугаар захирамж хуульд нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд ерөнхий боловсролын сургуулийн захирлын нийтлэг эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 20.1.1-д “холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх”, 20.1.2-т “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх” эрхтэй байхаар, 20.2.7-д “Захирал нь багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох үүрэгтэй” гэж, мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам батлах тухай” А/239 дүгээр тушаал, 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн ажилтны ажлыг үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл батлах тухай” А/299 дүгээр тушаалуудаар сургуулийн багшийн ажлыг хэрхэн үнэлэх талаар журамласан байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг буруутгаж буй ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн 2015 оны А/06, А/09, А/13, А/18, А/22, А/29, А/37, 2016 оны А/07, А/24, А/28, А/29, Б/21, А/43, А/46, А/55, А/59 тушаалууд нь дээрх хууль болон журамд нийцсэн байх бөгөөд эдгээр нь ерөнхий боловсролын сургуулийн нийт багш ажилчдад цалин, мөнгөн урамшуулал олгосон тушаалууд байх ба  нэхэмжлэгч Х.Т-эй хамаарал бүхий этгээд гэж үзсэн Х.Тд, Х.Тн нарт тусгайлан шийдвэр гаргаагүй болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд болон бусад баримтуудаар тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Х.Т нь 2002 онд тус сургуульд математикийн багшаар ажилд ороод 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс сургуулийн захирлаар томилогдон ажилласан байх бөгөөд хамаарал бүхий этгээдүүд болох нэхэмжлэгчийн төрсөн эгч Х.Тб нь нэхэмжлэгчийг тус сургуульд ажилд орохоос өмнө буюу 1983 оноос тус сургуулийн дотуур байрны жижүүрээр одоог хүртэл ажиллаж байгаа, мөн түүний төрсөн эгч Х.Тн нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилд ороод өөрийн хүсэлтээр 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч Х.Т нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн учир хариуцагч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т “энэ хуулийн 29.2.2-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг нь бууруулах...” хариуцлага хүлээлгэхээр байхад хуулийг буруу хэрэглэж нийтийн албанаас халах шийдвэр гаргасан нь буруу гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээс үзэхэд зөвхөн Х.Тд, Х.Тн нарт хамааралтай тушаал гаргаагүй, түүнчлэн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь буруу хэдий ч энэ нь түүнийг ажлаас халах хэмжээний зөрчил болохооргүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Э нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧЭ.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧЦ.САЙХАНТУЯА

ШҮҮГЧД.БААТАРХҮҮ