Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00297

 

Б.Баярсайханы нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01105 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 116 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Б.Баярсайхан

Хариуцагч : Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд : Улаанбаатар хотын банк

Нэхэмжлэлийн шаардлага : Тогтоол  хүчингүй болгож тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 1963 дугаар захирамжаар /хх 24/ Анар Тулга ХХК-иас 125.487.343 төгрөг гаргуулах Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлийг хариуцагч зөвшөөрснийг баталсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулахдаа битүүмжлэх, хураах тогтоол үйлдсэн нь бодит байдал нийцэхгүй байна. Анар тулга ХХК-ийн барьцааны хөрөнгө нь төлбөрт төлөхөд хүрэлцэхүйц байхад гуравдагч этгээдийн хөрөнгийг битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54.1-г зөрчжээ. Түүнчлэн, битүүмжлэх явцад энэ тухай тэмдэглэлд тусгаагүйгээс гадна хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй. Иймд эд хөрөнгө битүүмжлэх тогтоол болон хураах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү /хх 1-2, 56/

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 1963 дугаар шийдвэрээр Анар тулга ХХК-иас 125.880 005 төгрөгийг гаргуулан Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 3-т хариуцагч төлбөрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 220 мянгат, 23 дугаар байр, 61 тоот, 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол,15 дугаар байр, 78 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар заасан, Шийдвэр гүйцэтгэгч Ц.Дэлгэрмөрөн төлбөр төлөгч Анар тулга ХХК-ийн захирал шүүхийн шийдвэртэй төлбөрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж 2014.02.10-ны өдрийн 184/256, 2014.02.27-ны өдрийн 154/256, 2014.3.05-ны өдрийн 154/256 тоот мэдэгдлүүдийг гардуулан өгсөн боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлд зааснаар барьцаа хөрөнгөөс төлбөр барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар дээрх барьцаа хөрөнгийг 2014.02.10-ны өдрийн 03/257 тоот битүүмжлэх тогтоолоор битүүмжилжээ.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3 1-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгоно гэж заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч 2014.02.14-ний өдрийн 02 тоот Улсын байцаагчийн актаар 2 өөр дүүрэгт байрлах барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг нэг тогтоолоор битүүмжилсэн тул дээрх 03/257 тоот эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгон, 2014.3.27-ны өдрийн 03/271 тоот эд хөрөнгө, битүүмжлэх тогтоолоор барьцаа хөрөнгийг дахин битүүмжилж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулсан. Төлбөр төлөгч Анар тулга ХХК нь үндэслэлгүй нэхэмжлэлийг шүүхэд удаа дараа гарган хугацаа хожиж, шүүхийн шийдвэртэй төлбөрийг 2013 оноос өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01105 дугаартай шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.9.06-ны өдрийн 184/06 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгатын 23 дугаар байр 61 тоот орон сууцыг хураан авах ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн дэвж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 116 дугаартай магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01105 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо 61 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гуравдагч этгээд бөгөөд нотлох баримтаар нотлогдсоор байтал өмчлөх эрхийн гэрчилгээ нотлох баримтаар авагдаагүй гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн, ШШГТХ-ийн 30.3-30.5 дахь заалтыг зөрчиж төлбөр төлөгчөөс санал авахгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулахгүй нь хууль зөрчиж байна. 2. Хариуцагч нь ШШГТХ-ийн 57, 36.2 заалтыг тус тус баримтлан битүүмжлэх акт үйлдсэн нь хууль зөрчиж байна. 3. Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Уранчимэгийн 2014.02.14-ний өдрийн 02 тоот улсын байцаагчийн актыг хүчингүй болгосон шийдвэрийг нотлох баримтын хүрээнд үнэлж буйг эс зөвшөөрч байна. Иймд магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Баярсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "...төлбөр төлөгчийн хөрөнгө нь төлбөр төлөхөд хүрэлцэж байхад гуравдагч этгээд миний эд хөрөнгийг эхэлж битүүмжилж хураасан нь хууль зөрчиж байна." гэсэн үндэслэлээр эд хөрөнгийг битүүмжлэх болон хураах тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Б.Баярсайханы нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анар тулга ХХК 125.487.343 төгрөгийг Улаанбаатар хотын банкид төлөхийг зөвшөөрснийг батлах тухай 1963 дугаартай захирамжийг Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргаж, төлбөр төлөгдөөгүйгээс 2013 оны 11 дугаар сарын 21-ний өдөр 778 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа /хх 8-9, 23, 27-29/ үүссэн байна.

Шүүгчийн 2013 оны 1963 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх явцдаа шийдвэр гүйцэтгэгч хоёр удаа тогтоол гаргаж /хх 38-39/ Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 23-р байрны 61 тоот орон сууцыг битүүмжлэн, уг эд хөрөнгийг хураах тухай 184/06 дугаар тогтоолыг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр /хх 6-7/ гаргасныг Б.Баярсайхан зөвшөөрөхгүй маргаж шүүхэд /хх1/ ханджээ.

Б.Баярсайхан хүчин төгөлдөр байгаа хоёр тогтоолыг зөвшөөрөөгүй тул нэхэмжлэгч нь "Эд хөрөнгө битүүмжлэх" тухай 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03/271 дугаар тогтоол, "Эд хөрөнгийг хураасан" 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 184/06 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох шаардлагыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан гэж үзнэ.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцээгүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 23-р байрны 61 тоот орон сууцны өмчлөгч нь Б.Баярсайхан биш гэж хариуцагч маргаагүй тул Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 1963 дугаар захирамжийг биелүүлэхдээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгчийн бус эд хөрөнгийг битүүмжилж хураасан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд зааснаас үзвэл Анар тулга ХХК нь Улаанбаатар хотын банкид төлөхийг зөвшөөрсөн 125.487.343 төгрөгийг сайн дураар төлөөгүй бол уг захирамжийг шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.

Харин, 2013 оны 1963 дугаар захирамжид барьцаа болон батлан даалтын гэрээг Анар тулга ХХК эсхүл Б.Баярсайхан нар зөвшөөрснийг шүүгч баталсан заалт байхгүй тул 125.487.343 төгрөгийг төлбөр төлөгч бус этгээдийн эд хөрөнгөөс барагдуулах ажиллагаа хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 11-р зүйлийг зөрчжээ. Төлбөрийг шууд барьцааны болон батлан даалтын гэрээнд заасан хөрөнгөөс гаргуулахад энэ талаар шүүх шийдвэр гаргасан эсхүл энэ талаарх зохигчдын эвлэрэл, хариуцагч зөвшөөрлийг баталсан захирамж байх шаардлагатай юм. Барьцааны болон батлан даалтын гэрээнд заасан хөрөнгөөс төлбөр гаргуулахыг Анар тулга ХХК зөвшөөрсөн заалт 2013 оны 1963 дугаар захирамжид байхгүй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу явуулах үндэслэл юм.

Анар тулга ХХК-иас 125.487.343 төгрөг гаргуулах тухай 2013 оны 1963 дугаар захирамж, болон гүйцэтгэх хуудаст Б.Баярсайханд холбогдох заалт байхгүй байхад хариуцагч нэхэмжлэгчийн хөрөнгийг битүүмжлэн, хураасан нь хуульд нийцээгүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, "Эд хөрөнгө битүүмжлэх" тухай 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03/271 дугаар тогтоол, "Эд хөрөнгийг хураасан" 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 184/06 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 116 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01105 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг "...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 23-р байрны 61 тоот орон сууцыг    битүүмжлэх тухай 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03/271 дугаар тогтоол, хураах тухай 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 184/06 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай..." гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай


                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ