Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 116

 
     

Б.Баярсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01105 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Баярсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 184/06 тоо  эд хөрөнгө хураасан тогтоол, 2014 оны 2 дугаар сарын 10-ний өдрийн 03/257 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах  нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Б.Баярсайханы давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.Баярсайханаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1963 тоот шүүгчийн захирамжаар Анар Тулга ХХК-иас 125 487 343 төгрөг гаргуулж Улаанбаатар банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 184 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Золбоо нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 184/06 тоот "Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол үйлдэх явцад:

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан дээр тогтоол үйлдсэн атал Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо 220 мянгат 23-6 тоотод үйлдэж буй мэтээр үйлдэж буй нь бодит байдалд нийцээгүй. Төлбөр төлөгч Анар Тулга ХХК-ийн өөрийн өмч болох Харуул-үйлдвэрийн барилга дэд өртөө, үйлдвэрлэлийн зориулалттай газар, хавтангийн тоног төхөөрөмж гэх мэтчилэн төлбөрийн үнийн дүнд хангалттай хүрэлцэхүйц хэмжээний барьцаа хөрөнгө байсаар атал хуулийн этгээдийн өмч биш гуравдагч этгээд болох иргэн Б.Баярсайханы Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 220 мянгат 23 дугаар байр, 61 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжилж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол үйлдэх явцад 184 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч И.Дэлгэрмөрөн нь хуулийн этгээдийн өмчийг битүүмжлэх хүсэлт, иргэдийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэхгүй байх санал гаргасаар атал, тогтоолын хавсралтад энэ тухай тэмдэглээгүй болно.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох заалтыг зөрчин хөндлөнгийн гэрчийн оролцуулах эсэх талаар төлбөр төлөгчөөс санал аваагүй, хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй атал Б.Амгаланбаатар Э.Энхбаяр нарыг оролцуулсан мэт гарын үсэг зуруулж буй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3, 30.4, 30.5 заалтуудыг зөрчжээ.  Иймд 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03/257 тоот Сүхбаатар дүүргийн 184 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч И.Дэлгэрмөрөнгийн Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2016 оны 09 дүгээр сарын 6-ний өдрийн 184/6 тоот тогтоолыг  хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбоогоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1963 дугаар шийдвэрээр Анар тулга ХХК-иас 125 880 005 төгрөгийг гаргуулан Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 3-т хариуцагч төлбөрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 220 мянгат, 23 дугаар байр, 61 тоот, 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол,15 дугаар байр, 78 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг апбадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар заасан. Шийдвэр гүйцэтгэгч Ц.Дэлгэрмөрөн төлбөр төлөгч Анар тулга ХХК-ийн захирал Б.Бадрахад шүүхийн шийдвэртэй төлбөрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 184/256, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 154/256, 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 154/256 тоот мэдэгдлүүдийг гардуулан өгсөн боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлд зааснаар барьцаа хөрөнгөөс төлбөр барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар дээрх барьцаа хөрөнгийг 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03/257 тоот битүүмжпэх тогтоолоор битүүмжилжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3.1-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Ахлах шийдвэр гүйцэтгэгч Н. Уранчимэг нь 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 тоот Улсын байцаагчийн актаар 2 өөр дүүрэгт байрлах барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг нэг тогтоолоор битүүмжилсэн тул дээрх 03/257 тоот эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгон, 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03/271 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор барьцаа хөрөнгийг дахин битүүмжилж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулсан. Төлбөр төлөгч “Анар тулга" ХХК нь үндэслэлгүй нэхэмжлэлийг шүүхэд удаа дараа гарган хугацаа хожиж, шүүхийн шийдвэртэй төлбөрийг 2013 оноос өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ орон сууц нь зээлийн барьцааны хөрөнгө байгаа юм. Анар тулга ХХК нь шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс төлбөрийг гаргуулна гэж захирамжлах хэсэгт заасан байгаа. Өмнөх шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг анх алдаатай явагдаж байсныг ахлах шийдвэр гүйцэтгэгч залруулаад цааш нь хуулийн дагуу хэвийн явуулсан. Энэ талаарх баримтуудыг хавтаст хэрэгт өгсөн. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж 2013 оноос өдийг хүртэл хэргийг удаашруулж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажлбаны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 184/06 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгатын 23 дугаар байр 61 тоот орон сууцыг хураан авах ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Баярсайхан нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Б.Баярсайханы өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 220 мянгат, 23 дугаар байр, 61 тоот 2 өрөө орон сууцны битүүмжлэх актыг 2016 оны 09 сарын 06-ны өдөр НШГА-ны өрөөнд үйлдсэн атал СБД-ийн 220 мянгат 23-р байрны 61 тоотод үйлдсэн мэтээр акт үйлдэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч нь албан өрөөндөө акт үйлдэж буй нь тухайн хөрөнгийн нөхцөл байдал үнийн талаар санал авахгүй байгаа нь Иргэний хууль, ШШГТХуулийн агуулгад нийцэхгүй байна. ШШГТХ-ийн 57-р зүйлийг баримтлаагүй, ШШГТХ-ийн 36 дугаар  зүйлийн 36.2 дахь заалтаар шийдвэрлэсэн нь  хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн.  ШШГТХ-ийн  36 дугаар зүйлд төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураах, ШШГТХ-ийн 57 дугаар зүйлд төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулахаар заасан байтал гуравдагч этгээд Б.Баярсайханыг төлбөр төлөгч мэтээр ойлгож албаны өрөөнд битүүмжлэх актыг үйлдсэн нотлох баримтыг шүүх үнэлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Иймд  шүүхийн  шийдвэрийг  хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч Б.Баярсайхан нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 184/06 тоот эд хөрөнгө хураах, 2014 оны 2 дугаар сарын 10-ний өдрийн 03/257 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоол зэргийг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэж маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1963 дугаар захирамжаар Анар тулга ХХК-иас 125 487 343 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгож, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд ...зээлийн барьцааны гэрээнд заасан Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 220 мянгат 23 дугаар байрны  61 тоот 2 өрөө орон сууц  зэрэг эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгажээ. /х.х-ийн 8-9, 24-26 дугаар хуудас/

 

Төлбөр төлөгч Анар тулга ХХК нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй байх тул төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

 

 Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгат 23 дугаар байрны 61 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03/257 тоот тогтоолыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах гүйцэтгэгч Н.Уранчимэгийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн актаар хүчингүй болгосон. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн актад заасан алдааг шийдвэр гүйцэтгэгч залруулж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгат 23 дугаар байрны  61 тоот 2 өрөө орон сууцыг дахин 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03/271 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 9 дүгээр сарын 06-ний өдрийн 184/06 тоот тогтоолоор хураасан үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 6-7, 31-35, 38-41 дугаар тал/

 

Б.Баярсайхан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан төлбөр төлөгч, төлбөр авагч биш, харин өөрийнх нь тайлбарласнаар  өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үүрэг хүлээсэн барьцаалуулагч байна. Хэрэв Б.Баярсайхан нь барьцаалуулагч бөгөөд түүний эрх, ашиг сонирхол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөндөгдсөн гэж үзэж байгаа бол барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй, өөрөөр хэлвэл эрх нь зөрчигдсөн гэдгээ нотлох үүрэгтэй юм. Гэтэл хавтаст хэргээс үзэхэд барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн  1 дүгээр хороо, 220 мянгат 23 дугаар байрны  61 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, Б.Баярсайханы эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэх боломжгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Уранчимэгийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 тоот актаар хүчингүй болгосон 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03/257 тоот тогтоолыг дахин хүчингүй болгуулахаар шаардсан нь үндэслэлгүй. 

 

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилсэн 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03/271 тоот тогтоол, эд хөрөнгө хураасан 2016 оны 9 дүгээр сарын 06-ний өдрийн 184/06 тоот тогтоолыг хууль зөрчсөн гэж маргасан боловч дээрх тогтоолыг үгүйсгэх үндэслэл бүхий баримтыг шүүхэд гаргаагүй, шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Иймд анхан шатны шүүхийн барьцааны зүйлийг битүүмжлэх, хураах ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01105 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Баярсайханы давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                  ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

                                                                          Ш.ОЮУНХАНД