Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01400

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01400

 

 

 

М.К -ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00898 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.КХЗХ-ны хариуцагч Б.Оюунхүүд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 42 682 506 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөд 3 592 986 төгрөг, нотариатын зардалд 21 900 төгрөг нийт 46 297 392 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.КХЗХ нь Б.Оюунхүүгийн хүсэлтийн дагуу түүнийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Тэргүүлэгчдийн хурлын 03-36 дугаар тогтоолоор хоршооны гишүүнээр элсүүлсэн. Б.Оюунхүүтэй 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр №940 дугаар зээлийн гэрээг байгуулан 40 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлж мөн өдрөө барьцааны гэрээ байгуулж түүний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206042708 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж Туул гол гудамж, 61а байрны 28 тоот байршилтай, 57.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж зээлийг олгосон. Зээлдэгч Б.Оюунхүүтэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан боловч түүний хоршоонд хандан гаргасан хүсэлтийг үндэслэн, нөхцөл байдлыг нь хүндэтгэж 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр №940/02 дугаар зээлийн нэмэлт гэрээ байгуулж зээлийн гэрээг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сунгасан. Дээрх хугацаанд зээлдэгч Б.Оюунхүү нь үндсэн төлбөрөөс 4 070 134 төгрөгийг төлсөн. Харин зээлийн хүүгийн төлбөрт нийт 40 318 653 төгрөг төлөх ёстойгоос 34 691 453 төгрөгийг төлж, үлдэх 5 627 200 төгрөгийн хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. Түүнчлэн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №940 дугаар зээлийн гэрээний 12-т заасны дагуу зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй маргаан гарвал уг маргааныг шийдвэрлүүлэхтэй холбогдон хоршооноос гарах зардлыг зээлдэгч хариуцахаар заасан тул зээлдэгч Б.Оюунхүүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй маргаан шийдвэрлүүлэхтэй холбогдон гарсан зардал болох өмгөөлөгчийн хөлс 3 592 986 төгрөг, нотариатын зардал 21 900 төгрөгийг тус тус хариуцагчаас шаардах үндэслэлтэй байна. Иймд хариуцагч Б.Оюунхүүгээс зээлийн үндсэн төлбөрт 35 929 866 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5 627 200 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 125 440 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3 592 986, нотариатын зардал 21 900 төгрөг, нийт 46 297 392 төгрөгийг гаргуулж, хэрэв төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Од шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.КХЗХ-ны Б.Оюунхүүд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Оюунхүү нь 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тус хоршооноос 40 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлж авсан. Уг өдөр мөн №940/01 дугаартай барьцааны гэрээг байгуулж, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Улмаар уг зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон тул 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр №940/02 дугаар нэмэлт зээлийн гэрээг байгуулж зээлийн гэрээний хугацааг сунгасан. Б.Оюунхүү нь 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл зээлийн төлбөрт нийт 42 167 785 төгрөг төлсөн. Үүнээс 15 221 600 төгрөгийг зээлийн гэрээний хугацаанд төлсөн, 26 946 185 төгрөгийг зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн байдаг. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 26 946 185 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцон зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 12 888 335 төгрөг, хүүгийн төлбөр 16 288 603 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 251 772 төгрөг, нийт 32 428 710 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. М.КХЗХ-ны өмгөөлөгчийн зардалд 3 592 986 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэхүү зардал нь гэрээний зөрчлөөс үүссэн шууд зардал биш юм. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг өсгөх зорилгоор хариуцагчаас хэт үндэслэлгүй өндөр мөнгөн төлбөр, өмгөөлөгчийн зардал хэмээн нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Оюунхүүгээс 38 848 873 /гучин найман сая найман зуун дөчин найман мянга найман зуун далан гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.КХЗХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 448 519 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459 637 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оюунхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 352 194 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.КХЗХ-д олгон, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Оюунхүүгийн өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж Туул гол гудамж, 61а байрны 28 тоот хаягт байршилтай, 57.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Эрдэнэ, өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж хариуцагч Б.Оюунхүү нь зээлийн гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгэж чадаагүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогддог.

Түүнчлэн, талуудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 940/02 тоот Зээлийн нэмэлт гэрээ-ний 2-т ..Энэхүү нэмэлт гэрээ нь 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 940 тоот зээлийн гэрээ, 940/01 тоот барьцааны гэрээнүүдийн салшгүй хэсэг болно... гэж заасан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 940 тоот зээлийн гэрээний 4-т ..Зээлдэгч нь зээлийн хүүг сар бүрийн 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нөхцөлд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 1 дэх заалт, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь заалтуудын дагуу төлөгдөөгүй хүүний үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө... 9-т ...Зээлдэгчийн төлсөн мөнгө эсвэл барьцаа хөрөнгөөс зээлдүүлэгч нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар үл маргах журмаар авахаар тохиролцов... гэж тус тус заасан бөгөөд зээлдэгч нь дээрх заалтуудыг зөвшөөрч гарын үсэг зурсан байхад шүүх хэтэрсэн хугацааны хүү ямар хэмжээтэй байх талаар зохигчид тохиролцоогүй, энэ талаар зээлийн гэрээнд тусгагдаагүй байх тул хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 7 448 519 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд манай хуулийн фирм зээлийн өр төлбөр барагдуулах үндсэн гэрээгээр төлбөрийг 7%-иар тохирдог үүний дагуу бид өмгөөллийн хөлс 3 592 986 төгрөгийг зээлийн гэрээний төлбөр дээр нэмж нэхэмжилсэн гэж тайлбарласан. Эндээс харахад хуулийн этгээдийн нэрээр гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж хувь хүний дансаараа ашиг, орлого олдог хууль бус үйлдэл ажиглагдаж байна. Хавстаст хэрэгт М.КХЗХ болон Шударга ёсны дэнс ХХН нарын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ огт байгаагүй. Өмгөөлөгч хүн хувиараа бэлэн мөнгөний баримт үйлдэж бусдаас төлбөр авсан гэх нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийнхээ нэрийг ашиглан албан ёсны хэргийн оролцогч биш өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулсан байдаг.

М.КХЗХ болон өмгөөлөгч Д.Отгонбат нарын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээ бусдад шилжүүлж болох талаар нэг ч үг өгүүлбэр байхгүй.

Нэхэмжлэгч талаас тус хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу өмгөөлөгч Б.Энхбатыг оролцуулах хүсэлт өгөөгүй бөгөөд шүүгч ямар ч хамааралгүй, хэргийн оролцогч биш этгээдийг шүүх хуралдаанд оролцуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчиж байна.

Мөн шүүгч Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заасныг баримтлан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш төлсөн бүх төлбөрийг үндсэн төлөлтөөс хасаж тооцсон атлаа хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол хийхдээ алдаа гаргасан гэж үзэж байна. Учир нь гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш хэсэгчлэн төлсөн төлбөр үндсэн төлбөрөөс хасагдахад үүнийг дагаад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр мөн багасах учиртай юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрээс нэхэмжлэгчийн шаардсан өмгөөлөгчийн хөлс болох 3 592 986 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч М.КХЗХ нь хариуцагч Б.Оюунхүүд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42 682 506 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3 592 986 төгрөг, нотариатын зардал 21 900 төгрөг, нийт 46 297 392 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Энэ шаардлагаас 32 428 710 төгрөг /зээл 12 888 335 төгрөг, хүү 16 288 603 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 251 772 төгрөг/-ийн хэмжээнд хариуцагч хүлээн зөвшөөрч, үлдэх 13 868 682 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Б.Оюунхүү нь М.КХЗХ-ны гишүүний хувиар тус хоршоотой 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 940 дугаартай зээлийн гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдүүлсэн, гэрээг талууд 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гэрээгээр 1 жилийн хугацаатай сунгасан болох нь хоршооны гишүүнээр элсэх хүсэлт, анкет, хоршооны тэргүүлэгчдийн хурлын тогтоол, зээлийн болон зээлийн нэмэлт гэрээ, талуудын тайлбар зэргээр нотлогдсон байна. /хх-14-15,19/

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал, мөнгө шилжүүлсэн авсан үйл баримтад маргаангүй байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Хариуцагч Б.Оюунхүү нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргаж, зээлийн төлөлтийг суутган тооцохдоо Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн, өмгөөллийн хөлс, нотариатын зардлыг хохиролд тооцохгүй гэх үндэслэл заан нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын зээл төлсөн тооцооллыг буруу тооцсон учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэж үзнэ.

Талууд зээл эргүүлэн төлөх хуваарь батлахдаа хариуцагч Б.Оюунхүү нь сарын бүрийн 16-ны өдөр үндсэн зээлд 3 300 000 төгрөг, зээлийн хүүд тухайн зээлийн үлдэгдэлд ногдох хүүг төлөх үүрэг хүлээжээ. /хх-15/

Хэргийн 8-9, 24-48 дахь талд авагдсан зээлийн эргэн төлөлтийн тооцоолол, ХААН банкны депозит дансны хуулга зэрэг баримтуудаар хариуцагч Н.Оюунхүү дээрх хуваариар тохирсон дүнгийн хэмжээнээс багаар төлсөн болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгч тал хариуцагчийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн хүүд тооцон суутгасныг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзэхгүй.

Харин хариуцагч нь гэрээний хугацаанд зээлийн хүүд төлөх 28 800 000 /40 000 000х3 %= 1 200 000 төгрөг х 24 сар/ төгрөгөөс 26 328 233 төгрөг төлж, гэрээний хугацаа дууссанаас хойш 12 663 171 төгрөг төлсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдож байна. /хх24-48/ Иймд гэрээний хугацаа дууссанаас хойш хийсэн зээлийн төлөлтийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлээс хасч тооцно. /40 000 000-12 633 171=27 336 829 төгрөг/ Талуудын гэрээний хугацаа 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дууссан тул тухайн өдрөөс хойш төлсөн төлөлт бүрийг үндсэн зээлээс хасч, үлдэх хэсэгт нь хэтэрсэн хугацааны хүү тооцох нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт нийцнэ. Ингээд хариуцагч Н.Оюунхүүгийн гүйцэтгээгүй үүрэг нь үндсэн зээл 27 336 829 төгрөг, зээлийн үндсэн хүү 2 471 767 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүд 7 179 283 төгрөг байна. Зохигчид гэрээний 4-т нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг хүүгийн үнийн дүнгийн 20 хувиар тогтоосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх заалтад нийцэж байхад хэтэрсэн хугацааны хүүг ямар хэмжээтэй байх талаар тохиролцоогүй, гэрээнд тусгаагүй гэж шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Иймээс энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

Хариуцагч зээлийг заасан хугацаанд төлөөгүй тул түүнээс нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Харин нэмэгдүүлсэн хүүг зээлийн үндсэн хүүгээс тооцох журмыг зөрчин 1 125 440 төгрөгийн хүү шаардаж буй нь үндэслэлгүй.

Хариуцагч Н.Оюунхүү үндсэн зээлийн хүүд 2 471 767 төгрөг төлөх үүрэгтэй нь тогтоогдсон тул үүнээс нэмэгдүүлсэн хүү тооцвол 494 353 төгрөгийн хариуцлага ногдож байна.

Нэхэмжлэгчийн шаардаж буй өмгөөллийн хөлс болон нотариатын зардлыг түүнд учирсан бодит хохиролд тооцох боломжгүй учир энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

Эдгээрээс дүгнэвэл хариуцагч Н.Оюунхүү нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 38 848 873 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр ханган, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453.1 дэх хэсэгт нийцнэ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

Хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.Энхбатыг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт, өмгөөллийн Шударга ёсны дэнс ХНН-ийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 20/05 дугаартай тушаал авагдсан байх ба уг хүсэлт, тушаалаар М.КХЗХ-ны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах өмгөөлөгчөөр Б.Энхбат оролцох болсон байна. Иймээс түүнийг хэргийн оролцогч гэж үзэх учир хуулийн этгээдийнхээ нэрийг ашиглан албан ёсны хэргийн оролцогч биш этгээдийг шүүх хуралдаанд оролцуулсан гэх хариуцагчийн гомдлыг хуулийн үндэслэлгүй. /хх 64,68/

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч М.КХЗХ нь зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчтай барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Б.Оюунхүүгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж Туул гол гудамж, 61а байр, 28 тоот 57.9 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх17/ Уг гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаангүй учир Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Мөн хариуцагч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Оюунхүүгийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ.

Дээрх үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган, зарим хэсгийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00898 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад 38 848 873 /гучин найман сая найман зуун дөчин найман мянга найман зуун далан гурав/ гэснийг 37 482 232 /гучин долоон сая дөрвөн зуун наян хоёр мянга хоёр зуун гучин хоёр/ гэж, 7 448 519 гэснийг 8 815 160 гэж, 2 дахь заалтын 352 194 гэснийг 345 361 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134 130 төгрөг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74 500 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД