Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00483

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00483

 

 

 

Б.Очгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/00087 дугаар шийдвэртэй Б.Очгэрэлийн нэхэмжлэлтэй Пума ХХК болон Татварын ерөнхий газарт холбогдох, НӨАТ-ын буцаан олголтыг авч чадаагүйгээс учирсан хохиролд 2 073 763 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Очгэрэл, түүний өмгөөлөгч О.Аззаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Долгорсүрэн, түүний өмгөөлөгч Б.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Очгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Пума ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ хийж, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам гудамж, Туул ривер кондоминиум хотхоны 102 дугаар байрны 51 тоот болох 59.91 м.кв орон сууцыг Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн ипотекийн зээлээр худалдан авсан. Урьдчилгаа төлбөр болох 34 148 700 төгрөгийг Пума ХХК-ийн дансанд 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн. Худалдаа хөгжлийн банк ХХК-аас хүссэн зээл болох 79 600 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Пума ХХК-ийн дансанд шилжиж орсон ба зөрүү 80 300 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлэг хийн төлбөрийг барагдуулж дууссан. Пума ХХК 2016 ондоо е-баримт хэвлэж өгөөгүй ба захирлын туслах, нарийн бичиг н.Оюунтунгалаг, нягтлан бодогч Г.Долгорсүрэн зэрэг хүмүүстэй холбогдон е-баримтаа авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд манайх жилийн эцсийн тайлангаа тушаасан одоо нөхөж өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүнээс хойш дахин дахин нэхэж, компанийнх нь байран дээр очиж уулзсаны дүнд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр и-мэйлээр Татварын цахим системээс 114 057 000 төгрөгийн буюу худалдан авсан дүнгээс зөрүүтэй баримт илгээн ба уг баримтыг бүртгүүлсэн боловч урамшуулал хэсэг дээр буцаан олголтын үнийн дүн нэмэгдээгүй. Үүнийг тодруулахаар Татварын ерөнхий газарт очиж уулзахад Нийслэлийн татварын албатай уулзахыг зөвлөсөн. Үүний дагуу Нийслэлийн татварын албаны Пума ХХК-ийг хариуцсан татварын байцаагчтай уулзахад тус компани нь 2016 оны тайландаа 96 айлыг бөөн дүнгээр шивж илгээсэн бөгөөд 2017-2018 онд тус тайландаа 3 удаа засвар оруулсан талаар мэдээлэл өгсөн. Татварын ерөнхий газрын хуулийн хэлтэстэй уулзан тэдний зөвлөсний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Татварын ерөнхий газарт албан хүсэлт гаргасан. Татварын ерөнхий газраас албан хүсэлтийн хариуг өгсөн ба тус е-баримт нь хүчингүй болохыг мэдэгдсэн бөгөөд хугацаа хэтэрсэн болохыг заасан байсан. Үүнд хэнийх нь буруутай үйл ажиллагаа байгаа нь мэдэгдэхгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу нэгдсэн системд хариуцагч гэж татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж заасан учраас Татварын ерөнхий газар ч мөн хариуцагч болно гэж үзэж байна. Урт хугацааны туршид намайг хохироож орон сууц худалдаж авсны е-баримтыг өгөхгүй чирэгдэл учруулан олон дахин явуулсан түүгээр зогсохгүй тухайн оны тайлангаа бөөн дүнгээр илгээснээс үүдэн олгосон баримт нь хүчингүй байсан Пума ХХК болон Татварын ерөнхий газраас миний е-баримтын буцаан олголтын хохирол 2 073 763 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тооцоо алдаатай байсан ба 2 069 618.18 төгрөг нь зөв юм гэжээ.

Хариуцагч Пума ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Долгорсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Пума ХХК нь Татварын ерөнхий хуулийн татвар төлөгчийн эрх үүргийн тухай 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, мөн зүйлийн 18.1.2-т заасны дагуу татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх хуулийн хүрээнд тайлант хугацаанд 2016 оны тайлант хугацаанд борлуулалт, зардлаа тайлагнасан. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нийт 53 орон сууц худалдан авсан иргэдийг, хувь хүн тус бүрээр НӨАТ-ын тайланг шивж илгээсэн болно. Тухайн үед е-баримт авах гээд ирсэн хүн бүрт өгч байсан. Манай улс нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж 2017 оноос НӨАТ-ын 20 хувийн буцаалтыг иргэдэд олгож эхэлсэн. Манай компани нь иргэний худалдан авсан орон сууцны төлбөрийн баримтыг цахим төлбөрийн баримтын системд хуулийн хугацаанд бүртгэж, баталгаажуулах үүрэгтэй. Хуулийн хугацаа гэдгийг Сангийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 37 тоот тушаалаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам-ын 4 дүгээр зүйлд 4.6 Албан татвар төлөгч нь энэ журмын 4.2.2-т заасныг үл харгалзан тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн эхний сарын 7-ны дотор бүртгүүлсэн байна гэж заасан байдгийн дагуу бид жилийн эцсийн тайлангаа тушаасан. Б.Очгэрэл нь орон сууцны е-баримтаа хуулийн хугацаандаа ирж авч аваагүй. Манай байгууллага дээр биеэр ирэхэд нь 2016 онд тайлагнасан е-баримтыг (54346 тоот) хэвлэж өгсөн. Худалдан борлуулсан орон сууцыг тэр жилд бөөн дүнгээр шивээгүй. НӨАТ-ын тухай хуулийн 4.1.1 зүйлд борлуулалт гэж барааг бусдын өмчлөлд төлбөртэйгөөр шилжүүлэх, ажил, үйлчилгээг төлбөртэйгээр гүйцэтгэхийг гэж заасан байдаг. Мөн Татварын тухай хуулийн Нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах тухай 4.2.2 заалтад Барилга угсралтын үйл ажиллагаанд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварыг эцсийн борлуулалтад тооцон ногдуулна гэж заасны дагуу хуулийн хүрээнд тайлангаа илгээсэн. Иймд Б.Очгэрэлийн 2016 онд худалдаж авсан орон сууцыг тухайн онд нь манайх татварт тайлагнасан тул татварын албанд дахин тайлагнаж е-баримт өгөх боломжгүй, дахин борлуулалт тооцох үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг хангах, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр тодорхой үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлсний нэг нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр баталсан нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/ юм. Энэ хуулийн зорилго нь татварын хуулийн хэрэгжилтэд татвар төлөгчийн оролцоотойгоор хяналт тавих, татвар төлөгчийг урамшуулах, бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах замаар бизнест ээлтэй, тэгш шударга өрсөлдөх орчныг бий болгох, далд эдийн засгийг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлснээрээ онцлогтой. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т Албан татвар төлөгчид дараах хэлбэрээр урамшуулал олгож болно: 15 дугаар зүйлийн 15.2.1-д энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох зохицуулалт байдаг. Төлбөрийн баримтыг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч нь худалдан авагчид хэвлэж өгөх үүрэгтэй.

Сангийн сайдын 2017 оны 37 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар шинэчлэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журмын 4.6-д Албан татвар төлөгч нь энэ журмын 4.2.2-т заасныг үл харгалзан тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн эхний сарын 8-ны дотор бүртгүүлсэн байна, мөн журмын 7.1-д Журмын 4.6-д заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг баримтлан Пума ХХК-аас 1 034 809 төгрөгийг гаргуулж Б.Очгэрэлд олгож, нэхэмжлэгчийн 1 038 954 төгрөгийн болон Татварын ерөнхий газарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Пума ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 25 690 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 51 380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Долгорсүрэн давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг буруу хэрэглэж алдаа гаргасан. Түүнчлэн, дээрх хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг үндэслэн хариуцагч компанийг гэм буруутай гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн. Хуулийн энэ зохицуулалтаар хариуцагчийн үйлдэл хууль бус байх, гэм буруутай талаар эрх бүхий этгээдийн шийдвэр болон гэм хор учруулсан, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх буюу тухайн заалтад тавигдах урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана. Б.Очгэрэл нь НӨАТ-ын е-баримтаа хуулийн хугацаа өнгөрсний дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойших цаг хугацаанд хүлээн авахаар суутган төлөгчид буюу манай компанид удаа дараа хандсан ба энэ байдлаа нэхэмжлэлдээ дурддаг. Тус компани нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2-т заасан үүргээ биелүүлж, хуулийн хугацаанд 2016 оны борлуулалт, зардлаа татварын байгууллагад тайлагнасан. Сангийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 37 тоот тушаалаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам-ын 4 дүгээр зүйлийн 4.6-д Албан татвар төлөгч нь энэ журмын 4.2.2-т заасныг үл харгалзан тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн эхний сарын 07-ны дотор бүртгүүлсэн байна гэж заасны дагуу жилийн эцсийн тайлангаа тушаасан.

Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэл хэсэгтээ Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн холбогдох хэсгийг тус тус биелүүлээгүй, зөрчсөн гэж дүгнэж шийдвэрлэсэн. Гэтэл тус компани хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн, эс биелүүлсэн талаарх үйл байдлыг тогтоосон энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Хариуцагчийг хууль зөрчсөн гэм буруутай мэтээр дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэгч Б.Очгэрэлийн 2016 онд худалдаж авсан орон сууцад ногдох НӨАТ-ыг тухайн онд нь тус компани хуулийн шаардлага, хугацаанд нь татварт тайлагнаж улсын төсөвт төвлөрүүлсэн тул нэхэмжлэгчид гэм хор учруулсан, гэм буруугын шалтгаант холбоо байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Очгэрэл нь хариуцагч Пума ХХК болон Татварын ерөнхий газарт холбогдуулан НӨАТ-ын буцаан олголтыг авч чадаагүйгээс учирсан хохиролд 2 069 618.18 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ е-баримт нь хүчингүй, баримтыг хугацаанд нь шивж оруулаагүй нь нэхэмжлэгчийн буруу биш, Пума ХХК болон төрийн байгууллагын үүргээ биелүүлээгүй буруутай ажиллагааны улмаас гэм хор учирсан гэж тайлбарласан.

Б.Очгэрэл болон Пума ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 102-11-51 тоот Орон сууц захиалгын гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдах Туул ривер кондоминиумс орон сууцны хорооллын 102 дугаар блокны 11 давхрын 51 тоот 59.91 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 900 000 төгрөгөөр нийт 113 829 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна. /хх-ийн 6-7 дугаар тал/

Дээрх орон сууны үнийн урьдчилгаа 30 хувь буюу 34 148 700 төгрөгийг захиалагч нь 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр, үлдэх 70 хувь болох 79 600 000 төгрөгийг арилжааны банкнаас хүссэн зээлийн дагуу 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гүйцэтгэгч байгууллага болох Пума ХХК-ийн харилцах дансанд шилжүүлж үнийг бүрэн төлж дууссан, хариуцагч Пума ХХК 2016 онд худалдсан 53 ширхэг орон сууцны борлуулалтын тайланг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шивж татварын албанд илгээсэн нөхцөл байдал талуудын тайлбар, гэрээ, мөнгө төлсөн баримт, компанийн тайлангаар тогтоогдсон. /хх-ийн 4-5, 20-33 дугаар тал/

Хариуцагч нар тухайлбал, Пума ХХК ...Татварын тухай хуульд заасан үүргээ биелүүлсэн, компани үндэслэлгүй хөрөнгөжөөгүй, хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч өөрөө эрхээ эдэлж чадаагүй нь компанийн буруу биш, гэж, Татварын ерөнхий газар нь ...төлбөрийн баримт буюу анхан шатны баримтыг Пума ХХК худалдан авагч талд тухайн үедээ өгөх ёстой байсан, төлбөрийн баримтыг хуульд заасан хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу өгөөгүйгээс үүдэлтэй, нэхэмжлэгчийн төлбөрийн баримт цахим системд бүртгэгдээгүй байх тул нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт шилжиж олгогдохгүй, татварын байгууллага үүргээ биелүүлээгүй гэх зүйлгүй гэж тус тус татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэжээ.

Худалдагч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-т албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ, 17.3.2-т бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно, 17.3.3-т хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ гэж тус тус заасныг биелүүлээгүй.

Пума ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр орон сууц худалдан авсан төлбөрийн баримтыг нэхэмжлэгчид хэвлэж өгсөн, нэхэмжлэгч болон Пума ХХК нь төлбөрийн баримтыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус тус хэрэглэгчийн системд шивж оруулсан нь хэргийн 33, 128 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдсон.

Эдгээрээс үэхэд Пума ХХК орон сууцын үнийг төлсөн тухай бүр төлбөрийн баримтыг нэхэмжлэгчид олголгүй, бараа худалдан авсан үнийн дүнгээс зөрүүтэй буюу орон сууцыг 113 829 000 төгрөгөөр биш, 114 057 000 төгрөгөөр худалдан авсан үнийн дүн бүхий төлбөрийн баримтыг худалдан авагчид өгөх зэргээр дээрх хуулийн зохицуулалтыг зөрчснөөс нэхэмжлэгчид хохирол учруулсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэл бүхий байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/00087 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Б.НАРМАНДАХ