Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 87

 

 

 

 

 

   2019 оны 01 сарын 10 өдөр

      Дугаар 182/ШШ2019/00087

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Х.Дашдэчмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б. О

Хариуцагч: “П” ХХК

Хариуцагч: ТЕГ,

 

НӨАТ-ын буцаан олголтыг авч чадаагүйгээс учирсан хохиролд 2.073.763 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Аззаяа, хариуцагч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Долгорсүрэн, хариуцагч “П” ХХК-ийн өмгөөлөгч Б.Баяржаргал, хариуцагч Татварын ерөнхий газрын төлөөлөгч Б.Баттогтох, иргэдийн төлөөлөгч Д.Сүрэнхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

                                                                                                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Б.О миний бие 2016 оны 06 сарын 24-ний өдөр “П” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ хийж, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам гудамж, “Туул ривер кондоминиум” хотхоны 102 дугаар байрны 51 тоот болох 59.91 м.кв орон сууцыг Худалдаа хөгжлийн банкны ипотекийн зээлээр худалдан авсан. Урьдчилгаа төлбөр болох 34.148.700 төгрөгийг “П” ХХК-ийн дансанд 2016 оны 06 сарын 24-ний өдөр шилжүүлсэн. Мөн банкнаас хүссэн зээл болох 79.600.000 төгрөг маань 2016 оны 09 сарын 29-ний өдөр “П” ХХК-ийн дансанд шилжиж орсон ба зөрүү 80.300 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлэг хийн төлбөрийг барагдуулж дууссан.

“П” ХХК 2016 ондоо е-баримт хэвлэж өгөөгүй ба захирлын туслах, нарийн бичиг н.Оюунтунгалаг, нягтлан бодогч н.Долгорсүрэн зэрэг хүмүүстэй холбогдон е-баримтаа авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд манайх жилийн эцсийн тайлангаа тушаасан одоо нөхөж өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүнээс хойш дахин дахин нэхэж, компанийнх нь байран дээр очиж уулзсаны дүнд 2017 оны 12 сарын 06-ны өдөр и-мэйлээр Татварын цахим системээс 114.057.000 төгрөгийн буюу худалдан авсан дүнгээс зөрүүтэй баримт илгээн ба уг баримтыг бүртгүүлсэн боловч урамшуулал хэсэг дээр буцаан олголтын үнийн дүн нэмэгдээгүй. Үүнийг тодруулахаар ТЕГт очиж уулзахад Нийслэлийн татварын албатай уулзахыг зөвлөсөн. Үүний дагуу Нийслэлийн татварын албаны “П” ХХК-ийг хариуцсан татварын байцаагчтай уулзахад “П” ХХК нь 2016 оны тайландаа 96 айлыг бөөн дүнгээр шивж илгээсэн бөгөөд 2017-2018 онд тус тайландаа 3 удаа засвар оруулсан талаар мэдээлэл өгсөн. Ингээд Татварын ерөнхий газрын хуулийн хэлтэстэй уулзан тэдний зөвлөсний дагуу 2018 оны 01 сарын 19-ний өдөр ТЕГт албан хүсэлт гаргасан. Татварын ерөнхий газраас албан хүсэлтийн хариуг өгсөн ба тус е-баримт нь хүчингүй болохыг мэдэгдсэн бөгөөд хугацаа хэтэрсэн болохыг заасан байсан. Үүнд хэнийх нь буруутай үйл ажиллагаа байгаа нь мэдэгдэхгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу нэгдсэн системд хариуцагч гэж татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж заасан учраас ТЕГ ч мөн хариуцагч болно гэж үзэж байна.

Тиймээс урт хугацааны туршид намайг хохироож орон сууц худалдаж авсаны е-баримтыг өгөхгүй чирэгдэл учруулан олон дахин явуулсан түүгээр зогсохгүй тухайн оны тайлангаа бөөн дүнгээр илгээснээс үүдэн олгосон баримт нь хүчингүй байсан “П” ХХК болон Татварын ерөнхий газраас миний е-баримтын буцаан олголтын хохирол 2.073.763 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тооцоо алдаатай байсан ба 2.069.618,18 төгрөг нь зөв юм гэв.

Хариуцагч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П” ХХК нь Татварын ерөнхий хуулийн татвар төлөгчийн эрх үүргийн тухай 18-р зүйлийн 18.1.1-д заасан “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, мөн зүйлийн 18.1.2-т заасны дагуу “татвар ноогдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх” хуулийн хүрээнд тайлант хугацаанд 2016 оны тайлант хугацаанд борлуулалт, зардлаа тайлагнасан. 2016 оны 12 дугаар сарын 31-нд нийт 53 орон сууц худалдан авсан иргэдийг, хувь хүн тус бүрээр НӨАТ-ын тайланг шивж илгээсэн болно. Тухайн үед е-баримт авах гээд ирсэн хүн бүрт өгч байсан. Манай улс нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж 2017 оноос НӨАТ-ын 20 хувийн буцаалтыг иргэдэд олгож эхэлсэн. Манай компани нь иргэний худалдан авсан орон сууцны төлбөрийн баримтыг цахим төлбөрийн баримтын системд хуулийн хугацаанд бүртгэж, баталгаажуулах үүрэгтэй. Хуулийн хугацаа гэдгийг Сангийн сайдын 2017 оны 01-р сарын 30-ны өдрийн 37 тоот тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 4-р зүйлд ‘‘4.6 Албан татвар төлөгч нь энэ журмын 4.2.2-т заасныг үл харгалзан тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн эхний сарын 7-ны дотор бүртгүүлсэн байна” гэж заасан байдгийн дагуу бид жилийн эцсийн тайлангаа тушаасан. Б.О нь орон сууцны е-баримтаа хуулийн хугацаандаа ирж авч аваагүй. Манай байгууллага дээр биеэр ирэхэд нь 2016 онд тайлагнасан е-баримтыг (54346 тоот) хэвлэж өгсөн. Манайх худалдсан орон сууцыг тэр жилд бөөн дүнгээр шивээгүй.

НӨАТ-ын тухай хуулийн 4.1.1 зүйлд “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд төлбөртэйгөөр шилжүүлэх, ажил, үйлчилгээг төлбөртэйгээр гүйцэтгэхийг” гэж заасан байдаг. Мөн Татварын тухай хуулийн Нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах тухай 4.2.2 заалтанд “Барилга угсралтын үйл ажиллагаанд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварыг эцсийн борлуулалтанд тооцон ногдуулна” гэж заасны дагуу хуулийн хүрээнд тайлангаа илгээсэн. Иймд иргэн Б.Оийн 2016 онд худалдаж авсан орон сууцыг тухайн онд нь манайх татварт тайлагнасан тул татварын албанд дахин тайлагнаж е-баримт өгөх боломжгүй, дахин борлуулалт тооцох үндэслэл байхгүй тул иргэн Б.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг хангах, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр тодорхой үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлсний нэг нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр баталсан нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/ юм. Энэ хуулийн зорилго нь татварын хуулийн хэрэгжилтэд татвар төлөгчийн оролцоотойгоор хяналт тавих, татвар төлөгчийг урамшуулах, бүртгэл, хяналтын тогголцоог сайжруулах замаар бизнест ээлтэй, тэгш шударга өрсөлдөх орчныг бий болгох, далд эдийн засгийг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлснээрээ онцлогтой. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т "Албан татвар төлөгчид дараах хэлбэрээр урамшуулал олгож болно: 15 дугаар зүйлийн 15.2.1-д “энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох” зохицуулалт байдаг.

Төлбөрийн баримтыг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч нь худалдан авагчид хэвлэж өгөх үүрэгтэй. Сангийн сайдын 2017 оны 37 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар шинэчлэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журмын 4.6-д “Албан татвар төлөгч нь энэ журмын 4.2.2-т заасныг үл харгалзан тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн эхний сарын 8-ны дотор бүртгүүлсэн байна”, мөн журмын 7.1-д “Журмын 4.6-д заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй” гэж заасан.

Иргэн Б.Оийн нэхэмжлэлд дурдсанаар ТЕГ е-баримт нь хугацаа хэтэрсэн болохыг түүнд албан бичгээр мэдэгдсэн.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Түүнтэй холбоотой баримт бичиг гэдэгт төлбөрийн баримтыг ойлгож байгаа бөгөөд “П” ХХК худалдан авагч талд өгөх ёстой байсан. Төлбөрийн баримтыг хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу өгөөгүйгээс үүдэлтэй хохирлыг тус компани хариуцах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Шүүх нэхэмжлэл, орон сууц захиалгаар бариулах гэрээ, байр хүлээлцэх акт, ТЕГ, Нийслэлийн татварын газраас Б.Од болон “П” ХХК-д тус тус ирүүлсэн хариу албан бичиг, “П” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, санхүүгийн тайлан, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн татварын газарт ирүүлсэн “П” ХХК-ийн албан бичиг, ТЕГт гаргасан Б.О болон нэр бүхий иргэдийн хүсэлт, Б.Оийн гэх е-баримтын хуулга, Гааль татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс ирүүлсэн мэдээлэл болон бусад бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “П” ХХК болон ТЕГт холбогдуулан НӨАТ-ын буцаан олголтыг авч чадаагүйгээс учирсан хохиролд 2.073.763 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнг тооцоход алдаа гаргасан гэсэн үндэслэлээр 2.069.618,18 төгрөг болгосон байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ е-баримт нь хүчингүй, баримтыг хугацаанд нь шивж оруулаагүй нь нэхэмжлэгчийн буруу биш, “П” ХХК болон төрийн байгууллагын үүргээ биелүүлээгүй буруутай ажиллагааны улмаас гэм хор учирсан гэж үндэслэж байна.

            Хариуцагч “П” ХХК нь хуулийн хугацаанд тайлангаа илгээсэн, Б.О тухайн үедээ е-баримтаа авах үүрэгтэй байсан, түүнд баримтыг хэвлэж өгсөн, өөрөө цахим системд шивж оруулах ёстой байсан, өөрөө эрхээ эдэлж чадаагүй нь компанийн буруу биш, компани үндэслэлгүй хөрөнгөжөөгүй, хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хариуцагч ТЕГ нь төлбөрийн баримт буюу анхан шатны баримтыг “П” ХХК худалдан авагч талд тухайн үедээ өгөх ёстой байсан, төлбөрийн баримтыг хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу өгөөгүйгээс үүдэлтэй асуудал байна, төлбөрийн баримт цахим системд бүртгэгдээгүй байх ба энэ тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт шилжиж олгогдохгүй, үүргээ биелүүлээгүй зүйл байхгүй тул нэхэмжлэлийг хариуцахгүй гэж тус тус маргаж байна.

            Хариуцагч “П” ХХК 2016 онд худалдсан 53 ширхэг орон сууцны борлуулалтын тайланг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шивж татварын албанд илгээсэн байх ба нэхэмжлэгч Б.О эдгээр орон сууцын нэгийг 113.829.000 төгрөгөөр худалдан авч, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр үнийг бүрэн төлж дууссан нь талуудын тайлбар, гэрээ, мөнгө төлсөн баримт, компанийн тайлангаар тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч орон сууц худалдан авсны нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хувиар тооцон 2.069.618,18 төгрөгийг авахаар 2017, 2018 онуудад хөөцөлдсөн, буцаан олголтыг аваагүй болох нь тогтоогдож байна. Тэр “П” ХХК-ийн борлуулалтын ажилтан, нягтлан бодогч нартай уулзаж, НӨАТ-ын баримтыг олгох, буцаан олголтыг авах талаар холбогдох газарт хүсэлт өгч байсан, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “П” ХХК орон сууц худалдан авсан төлбөрийн баримтыг нэхэмжлэгчид хэвлэж өгсөн, нэхэмжлэгч өөрөө төлбөрийн баримтыг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэрэглэгчийн системд шивж оруулсан байдлууд тогтоогдож байна. Талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичгийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч орон сууц худалдан авсан төлбөрийн баримтыг авах, хэрэглэгчийн системд оруулах ажиллагааг 2016 онд хийсэн байдал харагдахгүй байна.

            Нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх, тайлагнах, урамшуулал буцаан олгох журмыг Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Сангийн сайдын 2017 оны 37 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-д заажээ.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйл дэх Татвар төлөгчийн үүргийн 18.1.2-т “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”, хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: 17.3.1.албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ, 17.3.2.бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно, 17.3.3.хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ, мөн хуулийн 17.5-т “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно” гэжээ.

Хариуцагч П ХХК нэхэмжлэгч Б.Од орон сууцыг худалдан авч, үнийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр үнийг бүрэн төлсөн үед төлбөрийн баримтыг олголгүй хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1, 17.3.2, 17.3.3-т заасан үүргээ, тайланг хугацаанд нь гаргалгүй Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасан үүргээ тус тус биелүүлээгүй, бараа худалдан авсан үнийн дүнгээс зөрүүтэй буюу орон сууцыг 113.829.000 төгрөгөөр биш, 114.057.000 төгрөгөөр худалдан авсан үнийн дүн бүхий төлбөрийн баримтыг худалдан авагчид өгч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-ыг тус тус зөрчжээ.

Хариуцагч П ХХК буюу албан татвар суутган төлөгчийн үүрэг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.3-заалт дахь Албан татвар төлөгчид буцаан олголт олгох нөхцөл, шаардлагын 15.3.2, 15.3.4-т “худалдан авалт татварын албанд болон бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх”, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 3.1-т заасан Албан татварыг буцаан олгох нөхцөлийн 3.1.3-т “татварын албанд бүртгэгдсэн худалдан авалтын мэдээлэл нь төлбөрийн баримтын агуулгаар бүртгэлийн хэрэгсэл, бүртгэлийн машин, хэрэглэгчийн системд бүртгэгдсэн байх”, хуулийн 4.6-д “Албан татвар төлөгч тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн эхний сарын 8-ны дотор бүртгүүлсэн байна”, хуулийн 5.1-т “Албан татвар суутган төлөгч хэрэглэгчийн системийг заавал ашиглах”, 5.2-т “албан татвар суутган төлөгч нь бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүрт албан татвар төлөгчид стандартын шаардлага хангасан төлбөрийн баримтыг заавал өгч, мэдээллийг тухай бүр нэгдсэн системд дамжуулна”, 5.3-т “техникийн нөхцөлөөс хамаарч мэдээллийг тухай бүр дамжуулах боломжгүй бол 3 хоног тутам дамжуулах үүрэгтэй” гэсэн заалтуудад бас тусгалаа олсон байна.

Хариуцагч П ХХК нэхэмжлэгчийг “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 4.2.1-т зааснаар “албан татвар төлөгч буцаан олголтонд хамрагдахын тулд албан татвар суутган төлөгчөөс бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай бүр худалдан авалтаа нотолсон төлбөрийн баримтыг цаасан, эсхүл цахим хэлбэрээр авсан байх” үүрэгтэй гэх боловч энэ нь худалдан авагчид үүрэгжүүлсэн заалт биш, албан татварыг буцаан авахад тавигдах нөхцөл шаардлага болсон заалт байна.

Татварын буцаан олголтын хэмжээг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-т “албан татвар төлөгчийн албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн буцаан авах ёстой мөнгө 2.069.618,18 төгрөг гэж тодорхойлсон нь зөв байна.

Албан татвар суутган төлөгч П ХХК дээрх байдлаар хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчид татварын буцаан олголтыг авч чадаагүй хохирол үүссэн гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй боловч худалдан авагч буюу нэхэмжлэгчийн хэт хайхрамжгүй ажиллагаа хохирол үүсэхэд нөлөөлсөн гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 50 хувийг П ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэв. Энэ нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх заалтад нийцэж байна. Нэхэмжлэгч худалдан авсан барааны төлбөрийн баримтыг олж авч, хугацаанд нь хэрэглэгчийн системд бүртгүүлээгүй буруутай гэж үзнэ.

            ТЕГт хуульд заасан үүргээ биелүүлээгүй байдал үгүй тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

            Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

            1. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-ийг баримтлан П ХХК-иас 1.034.809 төгрөгийг гаргуулж Б.Од олгож, нэхэмжлэгчийн 1.038.954 төгрөгийн болон ТЕГт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч П ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 25.690 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 51.380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С. БУД

                                        

                                          ШҮҮГЧИД                                   Ж.БАЙГАЛМАА

 

                                                                                              Х.ДАШДЭЧМАА