Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2018/0366

 

 

2018 оны 06 сарын 20 өдөр

 Дугаар 221/МА2018/0366

Улаанбаатар хот

 

 

Т.У-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0187 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Т.У-ийн нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0187 дугаар шийдвэрээр: Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1.2, Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 15 дугаар зүйлийн 15.2, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.У-ээс Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 82 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0187 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгч бол шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч тусгай субьект бөгөөд түүний бүрэн эрх, хараат бус байдлын баталгааг Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар онцгойлон зохицуулсан юм.

Шүүгчийн хараат бус байдлын баталгаа Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т заасан “Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.1-т заасан Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд тусгайлан зааснаас өөр үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хязгаарлахыг хориглоно”, 20.4.2-т заасан “шүүгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд зааснаас өөр үндэслэл, журмаар түдгэлзүүлэх, дуусгавар болгохыг хориглох”, 20.4.4-т заасан “хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны болон гуравдагч этгээдийн санаачилгаар чөлөөлөгдөхгүй байх” зэрэг заалтуудаар хангагдаг.

Гэтэл “өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн” гэсэн үндэслэл: нэхэмжлэгч Т.У-ийг шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлүүлэх санал гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус захиргааны 82 дугаар акт шүүх шийдвэрийнхээ “үндэслэх нь” хэсэгтээ зөвтгөхдөө: “...Төрийн албаны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалаас үзэхэд төрийн алба хаах хугацааг сунгах эсэх нь захиргааны байгууллага, албан тушаалтны эрх хэмжээний асуудал бөгөөд нэхэмжлэгчийг заавал ажиллуулах үүргийг захиргааны байгууллага, албан тушаалтан хүлээхгүй, зөвхөн ажлын зайлшгүй шаардлага, тухайн албан хаагчийн мэргэжлийн өндөр ур чадварыг харгалзан үзэж, хугацаа сунгах эсэхийг, захиргааны байгууллага өөрөө шийдвэрлэх эрхтэй...”, нэхэмжлэгчийн хүсэлтийг хариуцагч байгууллага, эрх бүхий албан тушаалтан зохих журмын дагуу шийдвэрлэх, үргэлжлүүлэн ажиллуулах эсэх нь захиргааны бүрэн эрхэд хамаарч байна...”, “Шүүхийн ерөнхий зөвлөл 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж “Улсын дээд шүүхийн шүүгч Т.У-ийг шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай 82 дугаар тогтоолыг баталж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 73 дугаар зарлигаар шүүгч Т.У-ийг “өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн” гэсэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн нь дээрх хуулийн заалтуудад нийцсэн байна” гэсэн дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийж хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлж хууль зөрчсөн гэж үзэж байна.

Хариуцагч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-ын “Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэснийг үндэслэл болгож Т.У-ийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр 82 дугаар тогтоол гаргасан. Дээрх хуулийн заалт нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн Т.У-т хамааралтай заалт бөгөөд тэрхүү эрхээ эдлэх эсэх нь зөвхөн түүний сонголт байхад түүний хүсэл зоригийн эсрэг сөргүүлэн тавьж өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн...” гэж сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж шүүгчийн эрх ашиг, хуулийг зөрчсөн байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалт нь 60 насанд хүрч шүүгч нарт өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсч байгаа, шүүгч нарт сонголт хийх эрх, боломжийг л олгож байгаа хуулийн зохицуулалт болохоос биш хариуцагч болон шүүхийн тайлбарлаж байгаа шиг Шүүхийн ерөнхий Зөвлөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн шүүгч бүрийг толгой дараалан тэтгэвэрт гаргах үүрэг болгосон заалт биш юм.

Шүүх шийдвэртээ Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн”...уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл гэргийг харгалзан үзсэний үндсэн дээр ... үргэжлүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргана...” гэснийг хоёр ч удаа иш татаж нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлүүлэх санал гаргасныг хариуцагчийн бүрэн эрх гэж дүгнэсэн.

Төрийн албаны тухай хууль (2002)-иар төрийн нийт албан хаагчдад тогтоосон нийтлэг баталгааг зохицуулсан бөгөөд дээрх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалт нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх хэмжээнд хамаарахгүй. Тэгээд ч маргаж байгаа 82 дугаар тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг хэрэглээгүй байхад энэ зүйлийг шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болгож хууль зөрчсөн.

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Т.У-ийн анх ажилд орсон 1981 оноос хойших хугацааны ээлжийн амралтын талаар дурдаад (7-8-р талд), “... Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар. 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн 2017 оны ээлжийн амралтыг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд эдлүүлэхээр заасан нь үндэслэлгүй... ” гэж дүгнээд ... нэхэмжлэгч Т.У-ийн 60 нас хүрэх өдрийн (2017 оны 11 дүгээр сарын 2) сарын сүүлийн өдөр болох 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, цаашилбал шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн өдөр болох 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд (7 сар 14 хоног) ногдох ажлын нийт ээлжийн амралтын өдрийг тооцвол 31 өдөр болохоор байна.

Гэтэл Т.У нь нийт ажлын 35 хоног ээлжийн амралт биеэр эдэлсэн, өөрөөр хэлбэл тухайн жилийн эдлэх ёстой байсан ээлжийн амралтын хугацаа 31 өдөр байтал 4 хоногоор хэтрүүлэн ээлжийн амралтаа эдэлсэн байх тул нэхэмжлэгчээс “...ээлжийн амралтын хугацаагаа дуусаагүй байхдаа ажилдаа орсон, ээлжийн амралттай байх хугацаандаа чөлөөлөгдсөн гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд байгууллагатайгаа тооцоо нийлээгүй болох нь тогтоогдож байна гэж буруутгажээ. Шийдвэрийн энэ хэсэгт олон тайлбар, няцаалтыг хэлж болох боловч дараах зүйлийг дурдъя.

Ажил амралттай холбоотой маргаан нь Захиргааны шүүхийн харьяалал биш бөгөөд ээлжийн амралтын хуваарь, ээлжийн амралтын хоногийн хугацааны талаар дүгнэлт хийж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” (106 дугаар зүйлийн 106.5 гэсэн заалтыг шууд зөрчсөн явдал юм.

Шүүх нэхэмжлэгч Т.У 2017 онд зөвхөн 31 хоног л амрах эрхтэй байсан гэж “тооцоо нийлэхдээ” Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-ыг иш татаж, нэхэмжлэгчийн 60 нас хүрэх өдрийн сарын сүүлчийн өдөр болох 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралтыг тооцох ёстой байсан гэж байгаа нь хуулийнхаа уг заалт хэнд хамааралтай болохыг огт ойлгоогүйн баримт болно.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйл нь дотроо гурван хугацааг агуулж байгаа бөгөөд 19.1.2 нь “шүүгчээр ажиллаж болох насны дээд хязгаарт хүрсэн бол уг насанд хүрэх сарын сүүлийн өдрөөр” шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгохоор байна. Шүүгчээр ажиллаж болох насны дээд хязгаар нь 65 нас байдаг.

Харин Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө (хугацаагүй; томилогддог) дуусгавар болгох бол 19 дүгээр зүйлийн 19.1.3-ыг баримтлах ёстой болно.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 82 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, шүүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 73 дугаар зарлигийг “Шүүгч Т.У-г өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн гэсэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн нь хуулийн заалтуудад нийцэж байна” гэж дүгнэсэн нь мөн л Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-ыг зөрчсөний баримт юм.

Маргаан бүхий актыг гаргахдаа сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй гэдгийг шүүх хүлээн зөвшөөрсөн боловч энэ нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 82 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзсэн захиргааны шийдвэр (акт) гаргахдаа захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу шийдвэр гаргах ажиллагааны оролцогчийг тодорхойлох (хуулийн 13 дугаар зүйл), оролцогчийн эрхийг хангах (хуулийн 15 дугаар зүйл), нөхцөл байдлыг тогтоох (хуулийн 24 дүгээр зүйл), оролцогчийг сонсох (хуулийн 26 дугаар зүйл), сонсох ажиллагаа явуулах (хуулийн 27 дугаар зүйл) үүргүүдийг хүлээдэг.

Гэтэл хариуцагч хуулийн дээрх шаардлагуудын нэгийг нь ч биелүүлээгүй.

Маргаж байгаа 82 дугаар тогтоол нь нэхэмжлэгчийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт тул сонсох ажиллагааг заавал явуулах байсан учраас зөвхөн сонсох ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр 82 дугаар тогтоол хүчингүй болох ёстой.

Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0187 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 82 дугаар тогтоолоор Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т.У-ийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх тогтоолыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...хариуцагч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэсэн заалт нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн Т.У-т хамааралтай заалт бөгөөд тэрхүү эрхээ эдлэх эсэх нь зөвхөн түүний сонголт байхад түүний хүсэл зоригийн эсрэг сөргүүлэн тавьж шүүгчийн эрх ашиг, хуулийг зөрчиж байна...” хэмээн тайлбарлан маргасан байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Шүүгчийн хөдөлмөрийн үйл ажиллагаатай холбогдсон энэ хуульд заагаагүй бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна”, 18 дугаар зүйлийн 18.2-т “Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох хугацааг дараах байдлаар тоолно”, 19.1.2-т “шүүгчээр ажиллаж болох насны дээд хязгаарт хүрсэн бол уг насанд хүрэх сарын сүүлийн өдрөөр”, 24 дүгээр зүйлийн 24.9-д “Шүүгчийн тэтгэвэртэй холбоотой бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 40.1.3-т “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Т.У нь маргаж буй Шүүхийн Ерөнхий зөвлөлийн тогтоол гарах үед шүүгчээр ажиллаж болох насны дээд хязгаарт хүрсэн буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүссэн байсан байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Ерөнхий шүүгч дараах тохиолдолд тухайн шүүхийн шүүгчийн сул орон тооны талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ”, 10.3.1-т “... өндөр насны тэтгэвэрт гарах бол уг орон тоо гарахаас нэг сарын өмнө” гэж заасны дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/2905 дугаар албан бичгээр “Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.У нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр холбогдох хууль тогтоомжид заасны дагуу өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрнэ...” гэж Шүүхийн Ерөнхий зөвлөлд мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгчийн хувьд шүүгчийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргасан байх бөгөөд Шүүхийн Ерөнхий зөвлөл 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж, хуралдаанаар нэхэмжлэгч Т.У-ийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гаргасан, уг саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 73 дугаар зарлигаар түүнийг Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнийн албан тушаалаас чөлөөлсөн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч Т.У нь тэтгэвэр тогтоолгох эрхээ эдлэх эрх нь түүний сонголт байхад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж, шүүгчийн эрх ашиг, хуулийг зөрчсөн...” гэх гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгчээс “Төрийн албаны тухай хуульд зааснаар 65 нас хүртэл ажиллах эрхтэй” хэмээн маргаж байгаа боловч Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц ...  төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж зааснаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагч 65 нас хүртэл төрийн албанд ажиллаж болох хэдий ч төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг ажил олгогч буюу захиргааны байгууллага албан тушаалтан шийдвэрлэхээр байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн акт нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т “шүүгчийг томилох, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх”-ээр заасны дагуу Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн тогтоол бөгөөд харин шүүгчийг чөлөөлөх шийдвэрийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “Ерөнхийлөгч шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх ... тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор уг асуудлыг шийдвэрлэнэ” гэж зааснаар зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч гаргахаар байна. Энэ тохиолдолд маргаан бүхий тогтоол нь нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн үр дагавар үүсгэсэн акт гэж үзэхээргүй бөгөөд уг захиргааны актын эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгоогүй, түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг шууд хязгаарласан шинжгүй байна.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч Т.Уранцэцэгийг тэтгэвэрт гарах насанд хүрсэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлөх санал хүргүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үед нэхэмжлэгч нь албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүнийг “ээлжийн амралттай байх хугацаанд чөлөөлсөн” гэх гомдол үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчээс Шүүхийн Ерөнхий зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байхад нэхэмжлэгч Т.У-ийг чөлөөлсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийсэн нь буруу, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй. Гэвч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох хэмжээний зөрчил биш гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0187 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ