Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01399

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01399

 

 

 

 

Х.Б -ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01159 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Б ХХК-ийн хариуцагч Ө.М Э.С нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 50 313 851 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд, хариуцагч Ө.М түүний өмгөөлөгч С.Ялалт, хариуцагч Э.С гийн өмгөөлөгч Д.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ө.М Э.С нар нь Х.Б ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №ОСЗГ/308 тоот ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ, №БГҮ/308 тоот барьцааны гэрээ байгуулж 122 000 000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №ОСЗГ/308 тоот ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ болон 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №ОСЗГ/308-1 тоот ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 78 391 042 төгрөг, хүүгийн төлбөрт 61 012 975 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 19 347 төгрөг, нийт 139 423 364 төгрөгийг тус тус төлсөн байна.

Ө.М Э.С нартай 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №БГҮ/308-1 тоот барьцааны гэрээг байгуулж барьцааны зүйлийг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж, 4 дүгээр байр, 171 тоот 84,46 мкв талбайтай 3 өрөө орон сууц болгон өөрчилсөн.

Зээлдэгчид зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралт дахь Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчидтэй уулзах, утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч мэдэгдсэн боловч зээлдэгчид өнөөдрийг хүртэл өр, төлбөрөө төлөөгүй байна.

Иймд 2013 оны 8 дугаар сарын 07, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл 43 608 958 төгрөг, зээлийн хүү 6 380 050 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 324 843 төгрөг, нийт 50 313 851 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

Нотариатын зардал 12 200 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Ө.М Э.С нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлээс шаардлагаас үзэхэд хариуцагч тус бүрээс ямар хэмжээгээр төлбөр гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхой бус байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зээл төлөх мэдэгдэл гэх 61/01/4040 гэсэн дугаартай албан бичгийг ирүүлж, зээлийн төлбөрийг шаардсан. Мөн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дахин мэдэгдэл ирүүлж гэрээг цуцалсан. Гэтэл гэрээ цуцалснаас хойш буюу 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ө.М Э.С нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ө.Мөнхзаяа нь нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халсан 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 27/1726 тоот тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар талууд эвлэрэн хэлэлцэхээр тохирч ажлаас халсан тушаалын үндэслэлийг ажилтны санаачлагаар чөлөөлсөн болгох, мөн ажилтны орон сууцны зээлийн гэрээний нөхцлийг өөрчилсөн. Эвлэрлийн гэрээнд зээлийн үлдэгдэл болох 109 048 888 төгрөгөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 50 000 000 төгрөг төлөх, хүүний нөхцлийн хувьд 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл жилийн 12 хувийн хөнгөлөлттэй нөхцлийг хэвээр хадгалахаар болсон. Уг нөхцлийн дагуу гэрээний үүргээс 7 жилийн үүргийг урьдчилан төлж барагдуулсан юм. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын сүүлээр, 5 дугаар сарын эхээр Х.Б ХХК-аас эвлэрлийн гэрээнд зөвхөн Ө.Мөнхзаяа гарын үсэг зурсан учраас дахин нэмэлт гэрээ байгуулах шаардлагатай гэж хэлээд бэлдсэн гэрээнд гарын үсэг зуруулсан. Бидний зүгээс гэрээг үзтэл Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ" гэсэн гарчиг бүхий нэртэй доор нь Хугацаа сунгах, зээлийн эргэн төлөлт өөрчлөх" гэж тодотгосон ОСЗГ/308-01 дугаартай гэрээ байсан бөгөөд бүх зүйл шүүх дээр эвлэрсэн нөхцлөөр байгаа талаар хэлсэн тул гэрээг баталгаажуулсан. Тухайн үед бидний хэн нь ч гэрээний хугацааг наашлуулах заалт байсныг анзаараагүй, энэ талаар огт төсөөлөөгүй байсан. Гэрээний хугацааг наашлуулах асуудлыг огт ярилцаагүй учир анх байгуулахад тохиролцсон 180 сар хэвээрээ гэж ойлгож ирсэн бөгөөд гэрээнд энэ талаар зохицуулалт байхгүй. Х.Б ХХК зүгээс дээрх гэрээний заалтыг хүүний хөнгөлөлттэй нөхцөл хэрэгжих хугацаа биш, зээлийн гэрээний хугацаа гэж тайлбарласан. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймээс 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн гэрээний 2.1.5-д 3.1.7 дахь заалтыг зээлийн гэрээний хугацаа 51 сар буюу 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл гэснийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1-т заасны дагуу хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нар нь Х.Б ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээний нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураад, гэрээний хувийг аваад явсан. Бид гэрээний зөвхөн 1 заалтыг өөрчлөөд орхисон биш бүхэл бүтэн зээл эргэн төлөхийг шинэчлэн, үүндээ зээл эргэн төлж дуусах хугацаа болон сар бүр төлөх дүнг тусгасан. Хариуцагч нарын ...зээлийн гэрээний үүргээ зөрчсөөр байхад шүүхэд хандаагүй удсан гэх тайлбарыг зөвшөөрөхгүй. Х.Б ХХК зүгээс хариуцагч нарт ашигтай байгуулагдсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, орон сууцаа алдахгүй байх бүхий л нөхцөл бололцоог олгож байсан. Ийм учраас хариуцагч нарын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөр гэрээг цуцалсанд тооцно гэх тайлбар үндэслэлгүй. 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар хариуцагч нарын зээлийн гэрээгээр төлөх ёстой төлбөрт нь үндсэн зээл 43 608 958 төгрөг, хүү 2 566 358 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50 709 төгрөг, нийт 46 226 025 төгрөг байсан. Гэхдээ бидний зүгээс гэрээ цуцлах шаардлага гаргах хүртэл хугацаагаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ хуулийн дагуу шаардаж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотариатын төлбөр 12,200 төгрөг гаргуулах тухай шаардлагаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ө.М Э.С нараас 46 226 025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 075 626 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-2205056081 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрийн төвийн бүс гудамж, 4 дүгээр байрны 171 тоот хаягт байршилтай, 84.46 м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №ОСЗГ/308-1 тоот Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-ний 2.5-д заасныг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 574 226 төгрөг, хариуцагч нараас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 574 226 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд давж заалдах гомдолдоо: Хариуцагч нар нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 222 дугаар зүйлийн 222.4, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцож хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх нь хууль зүйн үндэслэлтэй юм. Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, арга хэмжээ аваагүйгээс болж хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж зээлдүүлэгчийг буруутган, зээлдэгч нарыг хуулиар хүлээсэн үүргээс нь чөлөөлж болохгүй. Зээлдэгч болон зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8.2, 8.2.1-т зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах заалт нь зээлдүүлэгчид олгогдсон эрх, боломж бөгөөд заавал биелүүлэх үүргийн шинж чанартай биш болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.С гийн өмгөөлөгч Д.Давааням давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан байна. Хавтаст хэрэгт талуудын 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг эвлэрлийн гэрээ болон түүний нөхцлүүдийг 2017 оны 5 дугаар сарын 11-ны өдөр байгуулсан гэрээгээр илт мушгин хариуцагч талд хохиролтой гэрээ хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүх 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан гэрээний 2.1.5-д Гэрээний 3.1.5 дахь заалтыг зээлийн гэрээний хугацаа 51 сар буюу 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл гэж өөрчлөх гэснийг төөрөгдөх нөхцөл биш гэж үзсэн. Гэтэл 51 сар гэж тусгасан нь уг гэрээний заалтыг өөрчлөн уншвал анх байгуулагдсан он буюу 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс эхлүүлэн тооцохоор ойлгогдож байгаа нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл гэж заасан болж байгааг анхан шатны шүүх үгүйсгэн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулан хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Х.Б ХХК нь хариуцагч Ө.М Э.С нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн үүрэгт 50 313 851 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2.1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Талууд 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ОСЗГ/308 дугаартай ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ байгуулж, Х.Б ХХК нь 122 000 000 төгрөгийг, жилийн 12 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдүүлэх, Ө.М Э.С нар гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн, зээлдүүлэгч гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх11-14/ Гэрээнд Э.С хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувиар оролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул Х.Б ХХК, Ө.М Э.С нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрнө гэх тайлбар, мөн хэргийн 35-37 дахь талд авагдсан Х.Б ХХК-ийн зээл төлөх мэдэгдэл зэрэг баримтуудаар хариуцагч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй учир хэнээс нь ямар хэмжээгээр шаардаж буй нь тодорхойгүй гэх хариуцагч талын татгалзал үндэслэлгүй.

Зохигчид зээлийн эргэн төлөлтийн тооцооллын хувьд маргаагүй, зээлийн гэрээ цуцалсан хугацаа, цуцалснаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрхийн талаар маргажээ.

Нэхэмжлэгч Х.Б ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 26, 5 дугаар сарын 17, 30-ны өдрүүдэд хариуцагч нарт зээл төлөх хуваарь зөрчсөн талаар мэдэгдэж, тухайн хугацаанд төлөх үүргийг тооцон шаардахдаа гэрээ цуцалсан тухай дурдаагүй байхад шүүх 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөр зээлийн гэрээг цуцлагдсанд тооцон, уг өдрөөр зээлийн үүргийг тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна. /хх35-37/

Хэргийн баримтаас үзвэл зохигчид гэрээний 8.2.1-т зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн /7.1.1/, 8.2.3-т энэ гэрээний 8.2.1-т гарсан зөрчлийг арилгахыг банк зээлдэгчээс шаардсан өдрөөс хойш заасан хугацаанд арилгаагүй бол гэрээг хугацаанаас өмнө цуцлах-аар тохиролцсон байна. /хх-12/ Хариуцагч нар 2018 оны 10 дугаар сараас хойш эргэн төлөлт хийгээгүй, мэдэгдэлд дурдсан зөрчлийг арилгаагүй болох нь хэрэгт авагдсан Х.Б ХХК-ийн зээл төлөх мэдэгдэл, зээлийн бүртгэлийн карт, хариуцагч нарын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх-25-37/

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч тал гэрээг хугацаанаас өмнө цуцлах нөхцөл бүрдсэн байхад цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй нь дээрх хуульд заасан зарчимд нийцээгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг тайлбарлан хэрэглэсэн нь оновчгүй хэдий ч агуулгын хувьд зөв тул нэхэмжлэгч Х.Б ХХК-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Харин зээлдэгч нь зээлдүүлэгч нараас зээлийн гэрээний үүрэг шаардан 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тэдгээрийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэх тул энэ хугацааны үүргийг тооцон хариуцагч Ө.М Э.С нараас гаргуулах нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч нар 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2.1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ эвлэрлийн гэрээнд зөвхөн Ө.Мөнхзаяа гарын үсэг зурсан, хамтран зээлдэгч зурах шаардлагатай учир дахин нэмэлт гэрээ байгуулна, эвлэрсэн нөхцлөөр байгаа талаар тайлбарласан учир гэрээг баталгаажуулсан, ноцтой төөрөгдсөн гэж тайлбарлажээ. /хх87/ Хэрэгт хариуцагч нарыг ноцтой төөрөгдөн гэрээний 2.1.5 дахь заалтаар үндсэн зээлийн гэрээний 3.1.7-д заасан хугацааг 51 сар болгон өөрчилсөн гэх үйл баримтыг нотолсон баримт авагдаагүй байна. Түүнчлэн хариуцагч тал үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахдаа зээл төлөх тухай мэдэгдэл өгч гэрээг цуцалсан атлаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээсээ зөрүүтэй тайлбар гаргажээ. /хх213/

Хариуцагч Ө.М Э.С нарыг Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд гэж үзэх тул талуудын хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон байгуулсан гэрээний 2.1.5-д заасныг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хуулийн үндэслэлгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Х.Б ХХК нь хариуцагч Ө.М Э.Энхзаяа нартай зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр барьцааны гэрээгээр барьцааны зүйлийг өөрчлөн тэдгээрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороонд байрлах 4 дүгээр байрны 171 тоот 84.46 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан барьцааны гэрээ, талуудын тайлбараар нотлогдсон байна. /хх13-15/ Гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаангүй учир тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Анхан шатны шүүх хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд тэдгээрийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд 49 274 511 төгрөг гаргуулах шаардлагын хэмжээгээ 50 313 851 төгрөг болгон нэмэгдүүлж, нотариатын зардал 12 600 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзан, бусад хэсгийг дэмжин оролцсон байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэж үзнэ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийг 12 600 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай байна. Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хасч, тогтоох хэсгийн дугаарт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт харшлахгүй болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01159 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, 2, 3, 4, 5, 6 гэснийг 1, 2, 3, 4, 5 гэж дугаарлан, 1 дэх заалтын 46 226 025 гэснийг 49 263 381 гэж, 4 075 626 гэснийг 1 050 470 гэж, 4 дэх заалтын хариуцагч нараас 574 226 гэснийг хариуцагч нараас 404 267 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80 161 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД