Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00372

 

“.............” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01159 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1399 дүгээр магадлалтай,

“.............” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ө.М, Э.С нарт холбогдох

Үндсэн нэхэмжлэл: 50,313,851 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,

Сөрөг нэхэмжлэл: Гэрээний заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа, хариуцагч Ө.М, түүний өмгөөлөгч С.Ялалт, хариуцагч Э.Сгийн өмгөөлөгч Д.Давааням, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “.............” ХХК нь хариуцагч Ө.М, Э.С нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 43,608,958 төгрөг, зээлийн хүү 6,380,050 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 324,843 төгрөг, нийт 50,313,851 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргаж 2017.05.11-ний өдрийн ОСЗГ/308-1 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний 2-р зүйлийн 2.1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан, үүнийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй байна.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01159 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотариатын төлбөр 12,200 төгрөг гаргуулах тухай шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ө.М, Э.С нараас 46,226,025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “.............” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,075,626 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-2205056081 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрийн төвийн бүс гудамж, 4 дүгээр байрны 171 тоот хаягт байршилтай, 84.46 м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №ОСЗГ/308-1 тоот “Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний 2.5-д заасныг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 574,226 төгрөг, хариуцагч нараас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 574,226 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1399 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01159 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, “2, 3, 4, 5, 6” гэснийг “1, 2, 3, 4, 5” гэж дугаарлан, 1 дэх заалтын “46,226,025” гэснийг “49,263,381” гэж, “4,075,626” гэснийг “1,050,470” гэж, 4 дэх заалтын “хариуцагч нараас 574,226” гэснийг “хариуцагч нараас 404,267” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,161 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Ө.М, Э.С нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагч талын зүгээс хүлээн авч танилцаад “нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангасан хэсгийг” нь эс зөвшөөрч дараах агуулга, үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Тодруулбал, магадлалын “тогтоох нь” хэсгийн 1-т “46,226,025” гэснийг “49,263,381” гэж, “4,075,626” гэснийг “1,050,470” гэж өөрчилсөн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнийхээ үндэслэлийг магадлалынхаа хянавал хэсэгт “Нэхэмжлэгч “.............” ХХК нь 2019.04.26, 5-р сарын 17, 30-ны өдрүүдэд хариуцагч нарт зээл төлөх хуваарь зөрчсөн талаар мэдэгдэж, тухайн хугацаанд төлөх үүргийг тооцон шаардахдаа гэрээ цуцалсан тухай дурдаагүй байхад шүүх 2019.05.03-ны өдрөөр зээлийн гэрээг цуцлагдсанд тооцон, уг өдрөөр зээлийн үүргийг тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна” гэж дүгнэсэн байгаа нь харин хуульд заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх эрх зүйн үндэслэлийг бүрдүүлсэн байна.

4.2. Удаа дараа мэдэгдэл өгч байсныг давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Мэдэгдэлд заасан өдөр зөрчлийг арилгаж чадаагүй. Энэ нөхцөлд хамгийн эхний мэдэгдэлд заасан хугацаа өнгөрмөгц гэрээний 8.2-т заасны дагуу зээл олгогч банк гэрээг цуцлахаар тохиролцсон. Гэрээнд “цуцалж болно”, “цуцлах эрхтэй” гэж заагаагүй гэрээнд “цуцална” гэж л заасан. Энэ нь талуудын хооронд байгуулсан гэрээний тохиролцоо юм. Гэтэл гэрээний тохиролцооны дагуу цуцлах ёстой байтал цуцлаагүйн хариуцлагыг зээлдэгч бид хүлээх учиргүй. Тохиролцоо бол тохиролцоо байх учиртай. Хавтаст хэрэгт авагдсан гэрээний заалтыг бидний зүгээс давж заалдах шатны шүүхэд хэлээд нэмэр болоогүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасны дагуу хийгдсэн талуудын тохиролцоог давж заалдах шатны шүүхээс харгалзан үзэж, энэхүү хуулийн зохицуулалтыг хэрэглэх ёстой байсан юм. Мөн цуцлах нөхцөл бүрдсэн үед цуцлах үүргээ хэрэгжүүлээгүй тал нь зээл олгогч банк учир тухайн цуцалсан байх ёстой өдрөөс хойших хүүгээ Иргэний хуулийн 223.2, 224.2.3-т заасны дагуу алдсан байгааг давж заалдах шатны шүүхээс анзаараагүй байна. Байгуулсан гэрээний загвар, нөхцөлийг нэхэмжлэгч банкны зүгээс журмын хавсралтаар баталж, мөрдүүлж байгаа учир гэрээний нөхцөл, түүний үр дагавартаа хариуцлага хүлээх ёстой юм. Иймээс давж заалдах шатны магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч нарын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

6. “.............” ХХК нь Ө.М, Э.С нарт холбогдуулан зохигчийн хооронд байгуулагдсан 2013.08.07-ны өдрийн зээлийн гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2017.05.11-ний өдрийн гэрээний үүргийн биелэлт болон нотариатын зардалд анх нийт 49,274,511 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлж зээлийн төлбөрт нийт 50,313,851 төгрөгийг шаардсан, анхан шатны шүүх хуралдаанд нотариатын зардал 12,200 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, “нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус, 2 хариуцагчийн гүйцэтгэх үүргийг тодорхойлоогүй, нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд гэрээний хугацаа багасгасныг зөвшөөрөхгүй” гэж маргаж, нэмэлт гэрээний 2.1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гарган, гэрээний хугацааг багасгаж тохиролцохдоо төөрөгдсөн гэсэн үндэслэл заасныг нэхэмжлэгч эс зөвшөөрчээ.

7. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

8. Хоёр шатны шүүх, зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагч нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх, нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлж үүргээ биелүүлсэн, хариуцагч нэмэлт гэрээ байгуулахдаа ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, тэд 2018.10.29-ний өдөр хүртэл зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 139,423,364 төгрөг төлсөн, уг хугацаанаас хойш төлбөр төлөөгүйгээс нэхэмжлэгч гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлт болон барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй талаар хэргийн баримтын хүрээнд хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

9. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь шүүхэд хандахаас өмнө буюу 2019.04.26-ны өдөр хариуцагчид албан бичгээр гэрээний үүргийг ноцтой зөрчиж байгааг дурдаж, 2019.05.03-ны өдрөөр гэрээний үүргээ биелүүлэхийг сануулж, энэ байдал засагдахгүй хэвээр үргэлжлэх тохиолдолд хуулийн байгууллагад хандах талаар дурдсан. Үүний дараа 2019.05.17, 2019.05.30-ны өдрүүдэд дээрх утгатай албан бичгийг хүргүүлж байсан. Хариуцагч нар үүргээ биелүүлээгүй, иймээс нэхэмжлэгч тал гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрх үүссэн, ...хууль болон гэрээнд зааснаар гэрээг цуцлах эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй, зээлдэгч нарыг илүү хүндрүүлсэн нөхцөлд оруулсан гэж үзнэ” гээд 2019.05.03-ны өдрөөр хариуцагч нарын гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргийг тодорхойлж, нийт 46,226,025 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд хандсан 2019.11.18-ны өдрөөр гэрээг цуцалсан гэж үзэж 49,263,381 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Дээрх байдлаар хоёр шатны шүүх гэрээг цуцалж буй хугацааны талаар өөр дүгнэлт хийжээ.

10. Хариуцагч нар гомдолдоо, “нэхэмжлэгч гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдсэн, нэхэмжлэгч хүү, нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдсаныг давж заалдах шатны шүүх анхаараагүй” магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү” гэжээ.

11.1. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээний үүргийг зөрчсөнтэй холбоотой гэрээ дуусгавар болох ерөнхий хугацаа болоогүй байхад шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахдаа тухайн цаг хугацаанд төлсөн байх ёстой гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс гадна цаашид хуваарийн дагуу төлөх байсан үндсэн зээлийн төлбөрийг бүхэлд нь буцаан шаардсан тул гэрээг үргэлжлүүлэхгүйгээр цуцалж үүргийг шаардсан гэж үзнэ, энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

11.2. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т зааснаар гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болох бөгөөд хуулийн энэ агуулга талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.1, 7.1.1 болон 8.2.1-д тусгагджээ.

Харин энэ нь гэрээ болон хуульд зааснаар зээлдүүлэгч банкинд олгогдсон эрх тул эрхээ нэн даруй хэрэгжүүлээгүй гэж түүнийг буруутгах үндэслэлгүй.

Нөгөө талаар, хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь урт хугацаатай, орон сууц худалдан авах зориулалттай гэрээ, энэ гэрээний дагуу хариуцагч нар орон сууц худалдан авч, тухайн хөрөнгийг барьцаалсан буюу гэрээг нэн даруй цуцлах нь хариуцагч нарын эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр байжээ.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчим нь гэрээний аль ч талд хамааралтай ба хариуцагч нар 2018.10.29-нөөс хойш үүргээ гүйцэтгээгүй, үүрэг зөрчигдсөн, 2019.04.26-ны өдрөөс төлбөрөө төлөхийг нэхэмжлэгч шаардаж, улмаар мөн оны 11 дүгээр сард шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзэх, үүнээс улбаалж гэрээгээр тохирсон хугацаанд буюу сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хариуцагч нарыг зээл, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нь хууль зөрчинө.

11.3. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасан “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх” үндэслэл нь гэрээний талуудын харилцан гүйцэтгэх үүрэгтэй холбоотойгоос бус гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхээ хэрэгжүүлэхтэй холбоогүй байна.

Тодруулбал, дээрх зохицуулалтын “Үүрэг гүйцэтгүүлэгч хугацааг хэтрүүлсэн” гэж үзэхийн тулд хоёр талын гэрээнд харилцан үүрэг хүлээсэн байхаас гадна гэрээгээр нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс шалтгаалсан, зайлшгүй шаардлагатай ямар нэгэн үйлдэл эхэлж хийсний дараа нөгөө тал үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдэх тохиолдлын тухай бөгөөд энэ нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасан” үүрэг гүйцэтгэхээс татгалзах” буюу нэг тал эхэлж үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө тал нь үүргээ гүйцэтгэхээс татгалзах утга юм.

Иймээс нэхэмжлэгч олгосон зээлээ хариуцагчаас шаардаагүйг “үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн” гэсэн агуулгаар тайлбарлах нь хуульд нийцээгүй тул хариуцагч нарыг 2019.05.03-наас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдсан гэж дүгнэх Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224.2.3-т заасан нөхцөл тогтоогдоогүй гэж үзнэ.

12. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын “...гэрээг нэн даруй цуцлаагүйгээс төлөх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр ихэссэн” агуулгатай гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1399 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ө.М, Э.С нар 2020.08.11-ний өдөр 64,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Д.ЦОЛМОН