Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00452

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00452

 

 

 

Ш.Цэрэндолгорын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/00007 дугаар шийдвэртэй Ш.Цэрэндолгорын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ш.Цэрэндолгор шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2413 дугаар захирамжаар хариуцагч Э.Энхтөр, Ш.Цэрэндолгор, Э.Гансүх нар нэхэмжлэлийн шаардлага болох 27 125 950 төгрөгийг Үйзэн-Ивээлт ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Ш.Цэрэндолгорын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 19 дүгээр байр 54 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204091828 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг Сэлэнгэ Эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэж 89 500 000 төгрөгөөр үнэлсэн. Миний бие 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр энэхүү мэдэгдлийг эс зөвшөөрч гомдол гаргахад гомдлыг хангахаас татгалзсан. 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шүүхийн шийдвэрийн хариуцагч нь 3 хүн байхад ганцхан миний үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийлгэж байгаа нь бусад хариуцагч нарт ашигтай, надад хохиролтой байна. Мөн Ш.Цэрэндолгор миний өмчлөлийн орон сууцны үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж миний өмчийг үнэгүйдүүлж байна. 2018 оны 9, 10 дугаар сар болон шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Э.Гансүх болон Ш.Цэрэндолгор нар 970 000 төгрөг төлсөн. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сэлэнгэ Эстимэйд ББСБ ХХК-иар хийлгэсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золбоо шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2413 дугаар захирамжаар Үйзэн Ивээлт ББСБ болон У.Энхтөр, Ш.Цэрэндолгор, Э.Гансүх нарын эвлэрлийг баталж, хариуцагч нараас 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 27 125 950 төгрөг төлөх, тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 19 дүгээр байр, 54 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталсан. 1290 дүгээр шийдвэрээр АТБХ ХХК-иас 534 112 311 төгрөгийг гаргуулж, Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу төлбөр төлөгч нарт удаа дараа мэдэгдэхэд үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 18261515/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дээрх үл эд хөрөнгийг хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар битүүмжлэн хураасан хөрөнгөнд үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч, авагч нар шинжээчээр үнэлүүлэх хүсэлтийг бичгээр гаргасан. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд шинжээч томилж, үнэлгээ тогтоолгоход 89 500 000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлгээний тайланг 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлбөр төлөгч Ш.Цэрэндолгорт танилцуулсан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээр зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Цэрэндолгорын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 19 дүгээр байр, 54 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204091828 дугаартай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Цэрэндолгорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Тогмид давж заалдах гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2413 дугаар захирамжаар хариуцагч Э.Энхтөр, Ш.Цэрэндолгор, Э.Гансүх нар нэхэмжлэлийн шаардлага болох 27 125 950 төгрөгийг Үйзэн-Ивээлт ББСБ ХХК-д төлж барагдлуулах, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 19 дүгээр байр, 54 тоот 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсний дагуу Ш.Цэрэндолгор нь 970 000 төгрөгийг төлсөн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилогдсон Сэлэнгэ Эстимэнт ХХК нь хөрөнгө үнэлгээний тайланг зах зээлийн үнээс хэт доогуур 89 500 000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ нь төлбөр төлөгч миний бие нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлж авах сонирхолтой байгаа нь иргэн миний эрхийг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож тухайн үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг дахин үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэх хүсэлтэй байх тул гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, харин хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөж өөрчлөх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ш.Цэрэндолгор нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 237 тоот Шинжээч томилох тухай тогтоол-ын дагуу хийгдсэн Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2413 дугаар захирамжаар У.Энхтөр, Ш.Цэрэндолгор, Э.Гансүх нар нь 27 125 950 төгрөгийг нэхэмжлэгч Үйзэн-Ивээлт ББСБ ХХК-д 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, хариуцагч нар сайн дураар дурдсан хугацаанд шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 19 дүгээр байр, 54 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204091828 дугаартай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч байгууллага нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 18261515 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн үйл баримт хэрэгт авагдсан анхан шатны шүүгчийн шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 20-22 дугаар тал/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ш.Цэрэндолгорын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 19 дүгээр байр, 54 тоот 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр, битүүмжилж, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хураан авсан ба энэ ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гараагүй, шийдвэр гүйцэтгэгчийн эдгээр ажиллагаа хүчинтэй байна. /хх-ийн 24-25, 28-29 дүгээр тал/

Төлбөр төлөгч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт нийцэх ба шийдвэр гүйцэтгэгч нь түүнээс үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Ш.Цэрэндолгор болон Үйзэн-Ивээлт ББСБ ХХК үнийн санал ирүүлээгүй, талуудын хэн аль нь хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгох хүсэлтийг гаргаснаас үзэхэд үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзэхээр байна. /хх-ийн 30, 33 дугаар тал/

Хариуцагч байгууллагаас 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 237 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Хариуцагчийн дээрх ажиллагаа нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. /хх-ийн 34 дүгээр тал/

Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн үнэлгээний тайлангаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 19 дүгээр байр, 54 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204091828 дугаартай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 89 500 000 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 58-69 дүгээр тал/

Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх боловч энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй буюу өөрийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний алдааг залруулбал зохино.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримталсан өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/00007 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 9 дүгээр зүйлийн 9.4.7 гэснийг 177 дугаар зүйлийн 177.1 гэж, 42 дугаар зүйлийн 42.1 гэснийг 55 дугаар зүйлийн 55.7 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Б.НАРМАНДАХ